Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2019/00231

 

 

 

2019 оны 01 сарын 16 өдөр Дугаар 181/ШШ2019/00231 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Б.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Т ХХК -д холбогдох,

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 17,264,520 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Жадыра нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний төрсөн ах Батжаргалын Уртнасан нь 2014 оны 5 дугаар сард Тэлмэн констракшн ХХК-тай Налайх дүүрэгт барьж байгаа Шинэ Налайх хороололд 2 өрөө байр захиалж, 30 хувийн урьдчилгаа буюу 13,308,960 төгрөгийг төлсөн. Ах маань хөдөө ажилладаг болохоор тэр болгон уулзаж, шаардаж шахаж чадаагүй. Би ах Б.Уртнасангийн байрны урьдчилгаа төлбөр, байр захиалан авах эрхийг шилжүүлэн авч, урьдчилгаа төлбөрийг нэмэгдүүлэн 3,955,560 төгрөгийг компанид төлж, 17,264,520 төгрөг болгон 5 дугаар байрны 2 дугаар орц, 1 давхар, 22 тоот 48.36 м.кв 3 өрөө байрыг сонгож, 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 05/22-1 тоот орон сууц захиалгаар бариулах гэрээг Тэлмэн констракшн ХХК-тай байгуулсан.

Миний хувьд гэрээ байгуулахдаа сайн уншаагүй бөгөөд ер нь байрыг банкны зээлээр авна, компани нь банкны зээлэнд найдвартай хамруулж өгнө гэж хэлсэн. Би байрны зээл хөөцөлдөх болоод байраа үзье гэхэд надад үзүүлээгүй. Би өөрийн захиалсан 5 дугаар байрны 2 дугаар орц 1 давхрын 22 тоот 3 өрөө байрыг үзээгүй. Надад өөр байр үзүүлээд, яг үүн шиг байр байгаа гэж хэлсэн. Тус компани байруудыг хэсэгчлэн хувааж, тодорхой нэг банк зээлийн материалыг авч шийдвэрлэдэг юм билээ. Ингээд би Тэлмэн констракшн ХХК-ийн байр хариуцсан ажилтнуудтай уулзаад, танайх зээлэнд хамруулж өгнө гэсэн худлаа болж байна, одоо яах вэ гэхэд та үлдэгдэл төлбөрөө 1 жилийн дотор төлөөд авч болно гэхээр нь танай компанийн байранд зээл олгохгүй гэж байхад би авах боломжгүй, урьдчилгаа төлбөрөө буцааж авъя гэхэд манай компанид танд өгөх мөнгө байхгүй гэсэн хариу өгсөн.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь заалтыг зөрчиж хийсэн хэлцэл тул тус хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д зааснаар өгсөн авснаа буцаан өгөх үүрэгтэй. Иймд тус компаниас 17,264,520 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Тэлмэн констракшн ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрдэнэбилэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тэлмэн констракшн ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрдэнэбилэг миний бие иргэн *******гийн нэхэмжлэлтэй танилцаад, дараах хариу тайлбарыг гаргаж байна. Тэлмэн констракшн ХХК нь *******тай 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр №05/22-1 тоот орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан. Тус гэрээний 2.2-т зааснаар захиалагч нь орон сууцны үлдэгдэл төлбөр болох 40,283,880 төгрөгийг гэрээ байгуулсан өдрөөс хойш нэг сарын дотор буюу 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс өмнө төлөх ёстой боловч төлөөгүй. Гүйцэтгэгч буюу манай компанийг төлбөрөө төлөхийг удаа дараа шаардахад удахгүй төлнө, банкны зээл бүтэхгүй байна түр хүлээж бай гэх хүсэлтийг тавьж байгаад, гэнэт шүүхэд хандсаныг зөвшөөрөхгүй байна. гэжээ.

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Тэлмэн констракшн ХХК-д холбогдуулан 17,264,520 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Тэлмэн констракшн ХХК нь орон сууцны үлдэгдэл төлбөр болох 40,283 880 төгрөгийг гэрээ байгуулсан өдрөөс хойш нэг сарын дотор төлөх ёстой боловч төлөөгүй гэх тайлбарыг шүүхэд гаргасан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрдэнэбилэг 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 10 цаг 00 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны товтой танилцаж гарын үсэг зурсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх талаар нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй болно. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

Хавтас хэрэгт авагдсан авагдсан баримтаар дараах нөхцөл байдал тотоов.

Нэхэмжлэгч ******* Тэлмэн констракшн ХХК-тай харилцан тохиролцож 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Орон сууц захиалгаар бариулах гэрээ-г байгуулж, Налайх дүүрэг, 5 дугаар байрны 2 дугаар орц, 1 давхар, 22 тоот 48.36 м.кв 3 өрөө орон сууцыг захиалжээ.

Зохигчдын хооронд Орон сууц захиалгын гэрээ гэх нэртэй гэрээ байгуулсан хэдий ч нэхэмжлэгчийн тайлбар, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараас дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч биет байдлын доголдолгүй эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцсэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар худалдах, худалдан авах гэрээг байгуулсан байна гэж үзэв.

Дээрх орон сууцны урьдчилгаа төлбөрт нэхэмжлэгч талаас 17,264,520 төгрөгийг төлсөн нь хавтас хэрэгт авагдсан баримтаар тогтоогдох ба хариуцагч энэ талаар маргаагүй.

Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т Захиалагч гэрээний 1.2-т заасан орон сууцны үлдэгдэл төлбөр болох 70 хувь болох 40,283,880 төгрөгийг гэрээ байгуулснаас эхлэн 1 сарын хугацаанд банкны зээлээр төлж дуусгана. зааснаар талууд 2.3-т Захиалагч гэрээгээр тохирсон төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд гүйцэтгэгч нь 5.3-т заасан алданги тооцно. Алдангийг зөвхөн 1 сарын хугацаанд тооцох ба үүнээс хойш гэрээ цуцлагдана гэж тохиролцжээ.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1, 1.2, 2 дугаар зүйлийн 2.1, 2.2-т зааснаар хариуцагч нь орон сууцыг барьж нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээснээр нэхэмжлэгч тухайн орон сууцны урьдчилгаа төлбөрт 17,264,520 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөр 40,283,880 төгрөгийг төлөх үүргээ гүйцэтгээгүй, хариуцагч гэрээнд заасан орон сууцыг хүлээлгэн өгөөгүй болох нь талуудын тайлбараар нотлогдож байна.

Зохигчид Орон сууц захиалгаар бариулах гэрээг 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр байгуулж, ******* нь уг гэрээг байгуулснаас хойш 1 сарын дотор үлдэгдэл төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй тул Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1, 240.1.5-д зааснаар талуудын хооронд байгуулсан гэрээний үүрэг дуусгавар болсон байна.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй:, 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон ... гэж зааснаар талуудын хооронд байгуулсан гэрээ дуусгавар болсон байх тул Тэлмэн констракшн ХХК-аас 17,264,520 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 244,273 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх заалтад заасныг баримтлан хариуцагч Тэлмэн констракшн ХХК -аас 17,264,520 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Цэргээ овогт Батжаргалын Батзаяа /РД:УД77081104/-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 244,273 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Тэлмэн констракшн ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 244,273 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.

3. Тус шүүхийн шүүгчийн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШЗ2018/07519 дугаар Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаанд хүчинтэй хэвээр байх болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ Т.ГАНЧИМЭГ