Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 1795

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2019/02048 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Б.Э-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Х” ХХК, “Г” ХХК-д холбогдох

 

“Г” ХХК-тай 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан ЗБ9515100009-А тоот барьцаат батлан даалтын гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцуулах, “Х” ХХК-ийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Y-2206038625 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Богины Ам, Дүнжингарав гудамж, 11 дүгээр байрны 250 м.кв талбай бүхий 5 тоот орон сууцны өмчлөгч Б.Э мөн болохыг тогтоолгох, дээрх 5 тоот орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг иргэн Б.Э-ын нэр дээр бүртгэхийг даалгах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд:нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Энхбат, өмгөөлөгч Т.Мөнхтуяа, хариуцагч Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Энхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Э нь “Х” ХХК-тай 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр амрагчдын сууцны барилгын ажил захиалгаар бариулах гэрээ байгуулан Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Богины Ам, 35 айлын амрагчдын сууцны 1 дүгээр хэсгийн 11 дүгээр байрны 5 тоотын 250 м.кв талбайтай байрыг захиалж төлбөрөө бүрэн барагдуулсан. Захиалсан уг байрыг 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр өөрийн өмчлөлдөө бүртгүүлэн, Y-2206038625 тоот гэрчилгээг гаргуулан авсан. Ингээд Б.Б-ын “Г” ХХК-аас зээлсэн 500 000 ам.долларын 250 000 ам.долларын зээлийн гэрээний үүрэгт “Х” ХХК нь батлан даагчаар оролцож уг байрыг барьцаалжээ. Иймд “Г” ХХК-тай 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан ЗБ9515100009-А тоот барьцаат батлан даалтын гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцож, “Х” ХХК-ийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Y-2206038625 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцон, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Богины Ам, Дүнжингарав гудамж, 11 дүгээр байрны 250 м.кв талбай бүхий 5 тоот орон сууцны өмчлөгч Б.Э мөн болохыг тогтоон, дээрх 5 тоот орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг иргэн Б.Э-ын нэр дээр бүртгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр “Г” ХХК болон Б.Б нарын хооронд байгуулагдсан ЗГ9515100009 тоот зээлийн гэрээ, түүний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар “Г” ХХК, “Х” ХХК нарын хооронд байгуулагдсан ЗБ9515100009 тоот ипотекийн гэрээний үүрэгт Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Богины Ам Дүнжингарав гудамж, 5 тоотод байршилтай, “Х” ХХК-ийн өмчлөлийн орон сууцыг барьцаалан нийт 500 000 ам.долларын зээл авсан. “Г” ХХК нь ипотекийн гэрээ байгуулахдаа барьцаа хөрөнгийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, түүнд тусгагдсан мэдээллийг Монгол Улсын Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйл, Иргэний хуулийн 183 дугаар зүйлд заасны дагуу үнэн зөв гэж үзэн зээлийн гэрээ байгуулдаг. Өөрөөр хэлбэл, “Г” ХХК-тай зээлийн гэрээ байгуулахад маргааны зүйл болж буй  эд хөрөнгийн талаар гуравдагч этгээдээс улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа, хууль бус гэж эсэргүүцсэн зүйл байгаагүй. Мөн Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6, 154.7 дахь хэсэгт зааснаар “Г” ХХК маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн шударга эзэмшигч нь мөн юм. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 дэх хэсэгт барьцааны зүйлийг бусдад шилжүүлэх талаар тогтоосон журам зөрчсөн эсэхийг үл харгалзан тухайн барьцааг хүчинтэй гэж үзнэ гэж заажээ. Өөрөөр хэлбэл, маргааны зүйл болж буй эд хөрөнгийн өмчлөгч нь хэн болсон ч “Г” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээ, барьцааны гэрээ хүчинтэй буюу барьцааг шаардах эрх нь хүчинтэй бөгөөд тухайн эд хөрөнгө эзэмшигчид барьцаагаар хангагдах үүрэг нь шилжинэ. Иймд нэхэмжлэгчийн “Г” болон “Х” ХХК нарын хооронд байгуулагдсан ипотекийн гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ичинхорлоо шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Төлбөрийг бартераар барагдуулж дууссан бөгөөд уг байрны өмчлөгчөөр Б.Э-ыг тогтооход татгалзах зүйлгүй. Б.Э нь Р.Мөнхжаргалд “Шевролет” маркийн авто машин, Мерседес бенз g-500 маркийн авто машиныг шилжүүлсэн. Р.Мөнхжаргал нь манай компанид барилгын даамлын ажил хийдэг байсан. Лексус 450 маркийн авто машиныг Б.Э нь Х.Гүнбаатарт шилжүүлсэн ба тэрээр манай компанийн гүйцэтгэгч байсан. Тухайн үед "Х" ХХК өр төлбөртэй байсан учраас авто машинуудыг шууд өөрийнхөө нэр дээр шилжүүлж болохгүй байсан ба компанийн хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээр шилжүүлж байсан гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан “Г” ХХК болон Б.Б нарын хооронд 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан ЗБ9515100009-А дугаар бүхий барьцаат батлан даалтын гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, “Х” ХХК-ийн өмчлөлд 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр бүртгэгдсэн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Богины Ам, Дүнжингарав гудамж, 11 дүгээр байр, 5 тоот хаягт байршилтай, аялал жуулчлалын зориулалттай, 90 хувийн гүйцэтгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн Y-2206038625 дугаарт бүртгэлтэй, өмчлөх эрхийн 000356553 дугаар бүхий гэрчилгээтэй, 250 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй тооцож, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Богины Ам, Дүнжингарав гудамж, 11 дүгээр байр, 5 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2206038625 дугаарт бүртгэлтэй, 250 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Б.Э мөн болохыг тогтоож, уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Б.Эыг бүртгэхийг бүртгэлийн байгууллагад буюу Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Э-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 280 800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Э-аас 3 287 750 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч “Х” ХХК-иас 3 568 550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Э-д олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Г” ХХК нь хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас өөрт хохирол учирсан гэж үзвэл хохирлыг “Х” ХХК-иас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбаяр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Шүүх хэргийн нотлох баримтад хууль зүйн бодит дүгнэлтийг өгч чадаагүй гэж үзэхээр байна. Учир нь гэрээ байгуулсан өдөр гэрээг баталсан нотариатын үйлдэл хоёрын огноо зөрүүтэй буюу гэрээ байгуулсан огноо нь баталсан нотариатын үйлдлээс хойш байгаа нь хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөл аваагүй хэлцэл хэмээн тогтоосон нь хуулийг буруу тайлбарласан гэж үзэхээр байна. Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлд барьцааны гэрээний агуулга, шаардлагыг тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.4 дэх хэсэгт хуульчилснаар үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг заавал нотариатаар батлуулах хуулийн шаардлага тавигдаагүй. Гэрээн дээрх огноо зөрүүтэй байгаа нь техникийн алдаа бөгөөд логикийн хувьд ч нотариатын баталгаажуулсан тэмдэг дээрх огнооноос өмнө нь барьцаат батлан даалтын гэрээ байгуулагдсан байж л тухайн гэрээ нотариатаар орсон байж таарна. Гэтэл шүүхээс хуульд хориглоогүй техникийн алдааг дүгнэж гэрээг хүчин төгөлдөр бусад тооцсон өөрөөр хэлбэл гэрээний огноог алдаатай бичсэн алдаа нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-т зааснаар гэрээг хүчин төгөлдөр болгох үндэслэл болохгүй. “Г” ХХК-ийн зүгээс барьцааны гэрээг байгуулахдаа барьцаа хөрөнгийн “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ” түүнд тусгагдсан мэдээллийг Монгол Улсын Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйл, Иргэний хуулийн 183 дугаар зүйлд заасны дагуу “үнэн зөв” гэж үзэн гэрээ байгуулдаг. Өөрөөр хэлбэл “Г” ХХК-тай барьцааны гэрээг байгуулахад маргаан бүхий эд хөрөнгийн талаар гуравдагч этгээдээс улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа, хууль бус гэж эсэргүүцсэн зүйл байгаагүй, барьцааны гэрээг байгуулах үед улсын бүртгэлийн гэрчилгээнд тусгагдсанаар үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь "Х" ХХК байсан. Б.Э-ын зүгээс ямар нэгэн гомдол гаргасан зүйл байгаагүй, талуудын хооронд байгуулагдсан захиалгын гэрээний үүргийг “Г” ХХК мэдэх боломжгүй байсан. Иймд “Г” ХХК-ийн зүгээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-т заасанчлан хууль эсвэл, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хэлцэл хийсэн зүйл байхгүй, барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэлгүй юм. Барьцааны гэрээ хүчин төгөлдөр байхын хувьд барьцааны зүйлийн өмчлөгч нь солигдсон ч “Г” ХХК-ийн барьцааны гэрээ хүчинтэй буюу барьцаагаар хангуулах шаардлага хэвээр байна. Учир нь, Иргэний хуулийн 169 дүгээр зүйл 169.1 дэх хэсэгт үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч өөрчлөгдсөн ч уг хөрөнгийн өмчлөгч үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах үүрэгтэй учраас барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох боломжгүй. Мөн Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 дэх хэсэгт заасны дагуу эд хөрөнгийн өмчлөгч солигдсон ч “Г” ХХК-тай байгуулсан Барьцааны гэрээ хүчин төгөлдөр байна. Шүүх “ “Х” ХХК болон Б.Э нарын хооронд орон сууц захиалгын гэрээ байгуулагдсан байна. Б.Э нь Шевролет тахоё, Мерседес бенз G500, Мерседес бенз ML350, Лексус 450 маркийн автомашинуудыг гэрээний төлбөрт өгсөн нь талуудын хооронд байгуулсан гэрээний үүрэг биелэгдсэн байна” гэж тодорхойлсон “Х” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн улсын бүртгэлийн Ү-2206038625 дугаарт бүртгэлтэй, өмчлөх эрхийн 000356553 дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцож, уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Б.Э-ыг бүртгэхийг бүртгэлийн байгууллагад буюу Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасан. Гэтэл үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг улсын бүртгэлийн байгууллага бүртгэдэг бөгөөд улсын бүртгэлийн байгууллага нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу чиг үүргийн хувьд захиргааны байгууллага Улсын бүртгэлийн байгууллагаас үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгэж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасны дагуу захиргааны акт юм. Захиргааны байгууллагын акт болох Улсын бүртгэлийн Ү-2206038625 дугаарт бүртгэлтэй, өмчлөх эрхийн 000356553 дугаарт үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцсон, уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Б.Эыг бүртгэхийг бүртгэлийн байгууллагад даалгасан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т зааснаар харьяалал зөрчиж, Захиргааны хэргийн шүүхэд харьяалагдах маргааныг авч хэлэлцсэн шийдвэр гаргасан. Баянзүрх дүүргийн анхан шатны шүүх нь уг иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ дээр дурдсан нөхцөл байдлуудыг үл харгалзан үзэж зөвхөн нэг талын тайлбар, нотлох баримтад үндэслэн дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж шийдвэрээ гаргасан гэж үзэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч “Г” ХХК болон “Х” ХХК-д холбогдуулан “Г” ХХК-тай Б.Б-ын 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан “Барьцаат батлан даалтын гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасны дагуу хүчин төгөлдөр бусд тооцуулах,

“Х” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Богины ам, Дүнжингарав гудамж, 11 дүгээр байрны 250 м.кв талбай бүхий 5 тоот орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах,

Тус байрны өмчлөгч Б.Э болохыг тогтоолгох, дээрх орон сууцны өмчлөх эрхийг Б.Э-ын нэр дээр бүртгэж гэрчилгээ олгохыг улсын бүртгэлийн газарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч “Г” ХХК эс зөвшөөрч маргасан, харин хариуцагч “Х” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан тайлбар гаргаагүй байна.

 

Нэг. Б.Э-ыг маргааны зүйл болж буй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, уг орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг түүний нэр дээр бүртгэхийг даалгах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч “Х” ХХК-тай 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “Захиалгаар амрагчдын сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, уг гэрээгээр хариуцагч “Х” ХХК нь Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Богины Ам, 6 дугаар байр, 5 тоотын 250 м.кв талбайтай сууцыг барьж 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдөр ашиглалтад өгөх, нэхэмжлэгч Б.Э нь амрагчдын сууцны 1 м.кв талбайд үнийн хөнгөлөлт эдлэн сууцны 1 м.кв-ын үнийг 1 200 000 төгрөгөөр тооцон нийт 300 000 000 төгрөг төлөхөөр тохиролцжээ.

 

Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлэн бичгийн хэлцэл хийж, гарын үсэг зурсан хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн дугаар зүйлийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүсчээ.

 

Хэргийн 1 дүгээр хавтасны 32 дугаар талд нотлох баримтаар авагдсан “Тооцоо нийлсэн акт”-д Б.Э төлбөрийн үлдэгдэлгүй болохыг баталгаажуулж, Б.Э гэрээ байгуулсан өдөр 2008 онд үйлдвэрлэсэн шевролет маркийн авто машиныг 102 000 000 төгрөгт тооцон хүлээлгэн өгсөн, мөн  2002 онд үйлдвэрлэсэн мерседес бенз G500 маркийн авто машиныг 68 000 000 төгрөгт, 2005 онд үйлдвэрлэсэн мерседес бенз ML350 маркийн авто машиныг 51 000 000 төгрөгт 2014 онд тус тус тооцон хүлээлгэн өгсөн, мөн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 120 мянгат хороолол, 11 дүгээр байрны 8 тоотын 28 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг Б.Э-д буцаан хүлээлгэн өгч, үүний оронд 37-48 улсын дугаартай, УНҮ улсын дугаартай, лексус 450 маркийн авто машиныг төлбөртөө тооцон суутган авсан” гэжээ.

 

Зохигчдын хэн аль нь дээрх актын талаар маргаагүй, хариуцагч “Х” ХХК нь нэхэмжлэгч Б.Э-ыг гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн болохыг уг актаар баталгаажуулсан болохоо үгүйсгээгүй байна.

 

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт “Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч “Х” ХХК-д үүргийн гүйцэтгэлд гэрээгээр хүлээлгэн өгөхөөр тохирсон авто машинуудыг хүлээлгэн өгч, 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр гэрээний үүргээ биелүүлж, орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн нь тогтоогджээ.

 

            Нэхэмжлэгч Б.Э гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байхад “Х” ХХК нь орон сууцыг түүний өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, үүнийгээ зөвшөөрсөн тайлбар гаргасан байна. Иймд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч “Х” ХХК-аас гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн тул шүүх нэхэмжлэгч Б.Э-ыг маргааны зүйл болж буй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Өмчлөгчөөр тогтоосонтой холбоотойгоор шүүх дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Б.Э-ыг бүртгэхийг бүртгэлийн байгууллагад даалгаж, “Х” ХХК-ийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Y-2206038625 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байна.

 

Хоёр. “2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан” Барьцаат батлан даалтын гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Б.Э дээрх шаардлагаа Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан үндэслэлээр тайлбарлажээ.

 

 “Х” ХХК /Б.Б/ нь “Г” ХХК-тай 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Барьцаат батлан даалтын гэрээ байгуулан, уг гэрээгээр Г ХХК болон Б.Б нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүрэгт Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Богины Ам, Дүнжингарав гудамж, 11 дүгээр байр, 5 тоот хаягт байршилтай, аялал жуулчлалын зориулалттай, 90 хувийн гүйцэтгэлтэй, 250 м.кв талбайтай, орон сууцыг 250 000 ам.доллараар үнэлэн барьцаалсан байна.

 

“Г” ХХК нь “Х” ХХК-тай 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр “Барьцаат батлан даалтын гэрээ”-г байгуулах үед маргааны зүйл болж буй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь “Х” ХХК байсан байх ба 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн бүртгэлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй тул Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт заасны дагуу Г улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг үнэн зөв гэж үзнэ.

 

Иймд барьцаат батлан даалтын гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх ба шүүх хуулийн дээрх зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэснээс “Х” ХХК /Б.Б/ нь “Г” ХХК-тай 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан Барьцаат батлан даалтын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож шийдвэрлэсэн нь алдаатай болжээ.

 

Улмаар Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 дэх хэсэгт “Барьцааны зүйлийг бусдад шилжүүлэх талаар тогтоосон журам зөрчсөн эсэхийг үл харгалзан тухайн барьцааг хүчинтэй гэж үзнэ” гэж заасны дагуу эд хөрөнгийн өмчлөгч солигдсон ч үл хөдлөх эд хөрөнгийн үүссэн барьцаа хүчинтэй, энэ талаарх хариуцагч “Г” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2019/02048 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 56 дугаар зүйлийн  56.1.1, 56.1.8, 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Богины ам, Дүнжингарав гудамж, 11 дүгээр байр, 5 тоот хаягт байршилтай, эрхийн Улсын бүртгэлийн Ү-2206038625 дугаарт бүртгэлтэй, 250 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Б.Э мөн болохыг тогтоож,

“Х” ХХК-ийн өмчлөлд 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр бүртгэгдсэн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Богины ам, Дүнжингарав гудамж, 11 дүгээр байр, 5 тоот хаягт байршилтай, аялал жуулчлалын зориулалттай, 90 хувийн гүйцэтгэлтэй, эрхийн Улсын бүртгэлийн Ү-2206038625 дугаарт бүртгэлтэй, өмчлөх эрхийн 000356553 дугаар бүхий гэрчилгээтэй, 250 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Б.Эыг бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж,

нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг буюу “Г” ХХК болон Б.Б нарын хооронд 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан ЗБ9515100009-А дугаар бүхий барьцаат батлан даалтын гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Г” ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280 800 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               А.ОТГОНЦЭЦЭГ

 

                   ШҮҮГЧИД                               Д.ЦОГТСАЙХАН

 

                                                        Ц.ИЧИНХОРЛОО