Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 103/ШШ2021/00471

 

 

 

 

 

 

 

  2021          12          14                                       103/ШШ2021/00471


 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, шүүгч П.Туяа, Т.Эрдэнэтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн .. дугаар хороо, .. дугаар гудамжны .. тоотод оршин суух, Д овогт Б-ийн Х-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн.. дугаар хороо, .. дугаар гудамжны .. тоотод оршин суух, Б овогт Ч-ын О-д холбогдох,

Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 2.200.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, иргэдийн төлөөлөгч Б.Оюунцэцэг, нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэсувд нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Х нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2021 оны 9 дүгээр сарын 30-ны орой 19 цаг 30 минутын үед мотоциклын ард сууж замын хөдөлгөөнд оролцох үед Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Петровис колонк руу эргэх гээд уулзвар дээр зогсож байхад .. УНР улсын дугаартай Hyundai Sonata-6 маркийн суудлын автомашины жолооч Ч.О нь ард талаас ирж мөргөсөн. Түүний буруутай үйлдлийн улмаас миний бие махбодь болон сэтгэл санаанд хохирол учирсан. Хариуцагчийн гэм буруутай болох нь замын цагдаагийн хянан шалгалтаар тогтоогдсон. Миний биед шүүх эмнэлгийн дүгнэлтээр хөнгөн зэргийн гэмтэл учирсан бөгөөд цаашид эмчлүүлэх шаардлагатай гэж эмч нар хэлсэн. Цаашид эмчлүүлэх эмчилгээний төлбөр нь 1.200.000 төгрөг болж байгааг Багануур дүүргийн эмч нар нотолдог. Би хариуцагчаас нийт 2.200.000 төгрөг нэхэмжилж байгаа, өмнө нь 1.000.000 төгрөгөөр эмчилгээ хийлгэсэн, үүнээс MRI-д 580.000 төгрөгөөр харуулсан, нурууны бүс 90.000 төгрөгөөр худалдан авсан, өвчин намдаах эм болон эмч нарын бичиж өгсөн бусад эмнүүд, наашаа цаашаа явсан зардлын мөнгө, MRI-д харуулахын тулд өглөө 7 цаг 40 минутанд цаг авсан тул өмнөх өдөр нь Улаанбаатар хот очиж эмнэлэгт ойрхон байрлах буудалд хоносон буудлын баримт, савны хазайлтаа бариулахаар Багануур дүүргийн Нарийнаас Төмөр зам руу 40 гаран мянган төгрөгөөр бензин хийж 10 удаа бариач руу явсан зардлын мөнгө зэргийг нэхэмжилж байна.

Хариуцагч намайг мөргүүлсэн зорчигч мөн үү, биш үү гэдэг дээр эргэлзээд, мөргүүлсэн хүн нь дээлтэй, зузаан хувцастай хүн байсан гэж тайлбар өгсөн байсан. Мөн MRI шинжилгээ надтай холбоогүй юм шиг санагдсан гэсэн байсан. Хавтаст хэргийн 53 дугаар хуудсан дээрх гэмтлийн зураг нь миний зураг. Хавтаст хэргийн 15, 16 дугаар хуудсанд байгаа шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт нь миний биед учирсан гэмтлийн зэргийг хөнгөн гэж тогтоосон. О нь шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцуулаагүй гэж хэлж байна лээ. Шинжээчийн дүгнэлт гарлаа гээд О бид хоёрыг дуудаж танилцуулсан, тухайн үед О гарын үсэг зураагүй ч гэсэн дүгнэлттэй танилцсан. Багануурын гэмтлийн эмч  О-Э нь намайг заавал MRI шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж хэлсэн болохоор шинжилгээ хийлгэсэн. Осол болох үед нөхөр маань А ангиллын жолоодох эрхийн үнэмлэхгүй, бид хоёр хоёулаа каскгүй явж байсан. Тиймээс надад учирсан хохирлыг нөхрийг маань хамтран хариуцах ёстой гэж хариуцагч тайлбарлаад байгааг зөвшөөрөхгүй байна.

Осол болох үед бид зүүн тийшээ эргэх гээд дохиогоо өгөөд зогсож байсан. Гэтэл зогсож байгаа бид хоёрын араас машинаараа мөргөсөн. Би хууль мэдэхгүй л дээ, гэхдээ ямар ч байсан зогсож байгаа тээврийн хэрэгслийг араас нь ирээд мөргөх эрхгүй л байх. Тухайн үед нөхөр маань жолоодох эрхийн үнэмлэхгүй явж байсан болохоор зохих арга хэмжээгээ авахуулж торгуулсан. Иймд хариуцагч Ч.Оын буруутай үйлдлийн улмаас миний эрүүл мэндэд хохирол учирсан, эмнэлэгт үзүүлэхээр хот явсан болон эмчийн уу гэсэн бүх л эмийг авсан зардал 1.000.000 төгрөг, цаашид хэвтэн эмчлүүлэх зардал 1.200.000 төгрөг, нийт 2.200.000 төгрөгийн төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ч.О шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 2021 оны 10 дугаар сарын эхээр шиг санагдаж байна би хүүгийн хамт өөрийн худалдан авсан Sonata-6 маркийн 48-50 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явсан. Би төв замаар Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн зүүн урд талын уулзвараас хойшоо чиглэлтэй аажуухан явж байхад урд талд маань мотоцикл явж байсан. Мотоцикл эргэхгүй мөртлөө дохисон чигээрээ яваад байхаар нь би дуут дохио өгсөн. Мотоцикл дохисон хэвээрээ яваад л байсан. Тэгээд Петровис ШТС-ын наад талын хурд сааруулагч дээр ирээд зүүн гар тийш дохио өгсөн. Тэгэхээр Би ШТС руу эргэх гэж байна гэж бодоод баруун гар талаар нь тойрох гээд дөхтөл мотоцикл эргэх хөдөлгөөнөө үргэлжлүүлээгүй зогсоод миний машинтай мөргөлдсөн. Би хүчтэй мөргөөгүй, маш аажуухан 5 км/ц орчим хурдтай явж байсан. Мотоциклд сундалдаж явсан эмэгтэй нь мотоциклын жолоочийн эхнэр гэж байсан. Тэр эмэгтэй нь нэхэмжлэгч Хулангоо мөн эсэхийг мэдэхгүй байна, нэлээд зузаан хувцастай, дээлтэй, масктай байсан. Мотоциклтой хоёр хүн хоёулаа хамгаалах малгай өмсөөгүй, мотоцикл нь улсын дугааргүй, жолооч нь мотоцикл жолоодох эрхийн үнэмлэхгүй байсан.

 Осол болсны маргааш өдөр нь манай эхнэр мотоциклын зорчигч Хулангоо гэх эмэгтэйг эмнэлэгт үзүүлсэн. Эмч үзээд гэмтэл байхгүй байна гэж байсан. Хулангоо тухайн үед бие өвдөөд байна гээд байхаар нь эхнэр маань юу чинь өвдөөд байгаа юм гэхэд тодорхой хариу хэлж чадахгүй, “хүүхэд гаргах гээд төлөвлөж байгаа, хүүхэд гаргахгүй бол та нар дээр хариуцлага тооцно” гэж эхнэрт маань хэлсэн, тухайн үед эхнэрийн  маань хамт ажилладаг хүн хажууд нь байсан гэсэн. Хулангоо нь MRI шинжилгээ хийлгэсэн гэх боловч тэр нь энэ осолтой холбоогүй санагдсан. Ослоос хойш манай эхнэр рүү Хулангоогийн төрөл садангийн хүн гэх хүн ... дугаараас залгаж дуугай 2-3 сая төгрөг өг, өгөхгүй гэвэл шүүхэд хандаж 5-6 сая төгрөг нэхэмжилнэ, нөхрийг чинь шоронд явуулна, ажилгүй болгоно гэх мэтээр дарамталсан. Цагдаагийн байгууллагаас миний гаргасан зөрчилд намайг 100.000 төгрөгөөр торгосон. Харин Мотоциклын жолоочид ямар арга хэмжээ авсан талаар мэдээгүй. Мөн Хулангоод гэмтэл учирсан эсэх, ямар гэмтэл учирсан болохыг ч мэдэхгүй байна. Шинжээчийн дүгнэлттэй танилцаагүй. Миний хувьд түүнд илэрхий мэдэгдсэн гэмтэл гэхээр зүйл харагдаагүй, мэдээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Би 2.200.000 төгрөгийг төлөхгүй гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа шалтгаан нь тухайн өдөр осол болсны дараа Хулангоог эмчид үзүүлэхэд эмчийн үзлэгээр Х-ийн биед учирсан гэмтэл тогтоогдоогүй гэсэн. Тухайн өдөр Х-д ямар нэгэн гэмтэл учраагүй гэж эмч үзсэн, тэгээд ч Х өөрөө яг юу өвдөөд байгаагаа хэлж чадахгүй байсан. Осол болсны дараа О хохирогч талтай утсаар залгаж ярихад би хүүхэд гаргахаар төлөвлөж байгаа, хэрвээ хүүхэд олж чадахгүй бол та нар хариуцна шүү гэж дайрч давшилж хэлсэн. Хулангоогийн биед учирсан гэмтэл нь яг юуны, ямар гэмтэл вэ гэдэг нь тодорхойгүй байгаа. Мөн Х-ийн нөхөр нь зөрчил гаргах үедээ жолоодох эрхгүй байсан, үнэхээр гэм хорын хохирол төлөх шаардлагатай бол түүний нөхөр нь ч гэсэн хохирлыг хариуцах ёстой гэв.

 

Иргэдийн төлөөлөгч Б.Оюунцэцэг дүгнэлтдээ: Нэхэмжлэгч Б.Хг Ч.О гэгч нь машинаар мөргөөгүй байсан бол нуруу суулттай болж бие махбодид нь хохирол учрахгүй, эм тариа авахгүй байсан. Иймээс 2.200.000 төгрөгийг нэхэмжлэх нь зөв гэж дүгнэж байна гэв.

                                                    ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Х  нь хариуцагч Ч.О-ад холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 2.200.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид ямар гэмтэл учирсан талаар мэдэхгүй, мөргүүлсэн хүн нь Б.Х мөн эсэх нь эргэлзээтэй мөн мотоцикл жолоодож явсан нэхэмжлэгчийн нөхөр ч гэсэн энэ зам тээврийн осолд гэм буруутай гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.

 

Зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

2021 оны 9 дүгээр сарын 30-ны оройн 19 цаг 50 минутад Багануур дүүргийн 1 дүгээр хороо, “Ахиц-2” хүнсний дэлгүүрийн орчимд Ч.О нь ... УНР улсын дугаартай Hyundai Sonata-6 маркийн суудлын машиныг жолоодож явахдаа Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчиж, улсын дугааргүй нүүдэлчин маркийн мотоциклыг мөргөж, зам тээврийн зөрчил гаргасан болох нь зохигчдын тайлбар, 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн “хохирогчоос мэдүүлэг авсан тухай”, 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн “холбогдогчоос мэдүүлэг авсан тухай”, 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай” тэмдэглэлүүд, 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 0017180 дугаартай шийтгэлийн хуудас, 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн “эрх бүхий албан тушаалтны хүсэлт” түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт зэргээр тогтоодож байна.

 

Зам тээврийн зөрчил гаргасны улмаас нэхэмжлэгч Б.Х-гийн эрүүл мэндэд хохирол учирсан болох нь Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн яаралтай тусламжийн хуудас, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 285 дугаартай хөнгөн зэргийн гэмтэл учирсан гэх дүгнэлт зэргээр тогтоогдож байх тул Б.Х өөрт учирсан гэм хорын хохирлоо Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр учруулсан гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 497.2-т “Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө”, 505 дүгээр зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвраа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй, хариуцагч Ч.О гэм хорын хохирлыг арилгах үүрэгтэй байна.

 

Нэхэмжлэгч нь зам тээврийн ослын улмаас эмчилгээ, шинжилгээ хийлгэсэн, эм тариа худалдан авсан 1.094.110 төгрөгийн баримтыг хавтаст хэргийн материалд ирүүлсэн бөгөөд үүнээс хавтаст хэргийн 20 дугаар талд авагдсан ковид-19 өвчний үед уусан гэх эмний үнэ 62.100 төгрөгийг нэхэмжлэгч ковид-19 өвчин туссан гэх нотлох баримтгүй, Багануур дүүргийн Нарийнаас Төмөр зам руу  бариа хийлгэхдээ зарцуулсан бензиний үнэ 41.400 төгрөг нь бодит байдалд нийцээгүй, септолете тотал эмний үнэ 5.200 төгрөгийг хоолойнд уудаг эм авсан учраас нэхэмжлэгч өөрөө хохирлоос хасаж тооцно гэсэн тайлбарыг тус тус үндэслэн 108.700 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иймд зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол 1.094.110 төгрөгөөс 108.700 төгрөгийг хасч, үлдэх 985.410 төгрөгийн хохирол нь баримтаар тогтоогдож байх тул  хариуцагч Ч.О-аас гаргуулж, нэхэмжлэгч Б.Х-д олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

   Нэхэмжлэгч нь цаашид гарах эмчилгээний зардалд 1.200.000 төгрөг шаардлагатай гэж нэхэмжилсэн бөгөөд хавтаст хэрэгт авагдсан 2017, 2021 онд нээсэн Б.Х-гийн эмчлүүлэгчийн амбулаторийн картуудыг үндэслэж 1.200.000 төгрөгийн эмчилгээ хийх шаардлагатай гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй, тэрээр зам тээврийн ослын улмаас цаашид эмчилгээнд 1200.000 төгрөг зарцуулах шаардлагатай талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар баримтаар нотлоогүй байх тул энэ шаардлагыг хангах боломжгүй байна.

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч “Нэхэмжлэгч Б.Х-г Ч.О гэгч нь машинаар мөрөөгүй байсан бол нуруу суулт, бие махбод, эм тарианы хохирол учрахгүй байсан. Иймд 2.200.000 төгрөг нэхэмжлэх нь зөв” гэх дүгнэлт гаргасан болно.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.О-аас 985.410 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 28.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Х-д олгож шийдвэрлэв.

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар  зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч Ч.О-аас 985.410 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Х-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.214.590 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.О-аас улсын тэмдэгтийн хураамжид 28.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Х-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгч Б.Х-гийн амбулаторийн картуудыг түүнд буцаан олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

           

           

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Г.СОЛОНГО

 

                             ШҮҮГЧИД                                    П.ТУЯА

 

                                                                                  Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ