Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2022/00394

 

 

 

 

2022 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2022/00394

 

 

                                       Б.Хгийн нэхэмжлэлтэй

                                              иргэний хэргийн тухай

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 103/ШШ2021/00471 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Хгийн хариуцагч Ч.Охолбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 2,200,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

1.1 Нэхэмжлэлийн шаардлага: Ч.Оаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 2,200,000 төгрөг гаргуулна.

1.2 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Б.Х 2021 оны 09 дүгээр сарын 30-ны орой 19 цаг 30 минутын үед Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Петровис колонк руу эргэх гээд мотоциклын ард сууж замын хөдөлгөөнд оролцож уулзвар дээр зогсож байхад ...улсын дугаартай Хьюндай соната 6 маркийн суудлын автомашины жолооч Ч.О ард талаас нь мөргөсөн. Хариуцагч уг осолд гэм буруутай болохыг Замын цагдаагийн хянан шалгалтаар тогтоогдсон. Шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан ба цаашид эмчлүүлэх шаардлагатай гэсэн. Эмчилгээний төлбөр нь 1,200,000 төгрөг болохыг Багануур дүүргийн эмч нар нотолдог. Нэхэмжлэгч өмнө нь 1,000,000 төгрөгөөр эмчилгээ хийлгэсэн ба 580,000 төгрөгөөр MRI-д харуулсан, 90,000 төгрөгөөр нурууны бүс худалдан авсан, өвчин намдаах эм болон эмч нарын бичиж өгсөн эмийг худалдаж авсан, ирж, очих замын зардал гарсан, буудлын төлбөр, савны хазайлтаа бариулахаар Багануур дүүргийн Нарийнаас Төмөр зам руу 10 удаа бариачид очиж бариулсан. Хэрэгт авагдсан гэмтлийн зураг нь нэхэмжлэгчийн зураг мөн.  Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан гэж тогтоосон. Хариуцагч шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Эмч MRI шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж хэлсэн тул шинжилгээ хийлгэсэн. Осол болох үед нэхэмжлэгчийн нөхөр А ангиллын жолоодох эрхийн үнэмлэхгүй, хоёулаа хамгаалалтын малгайгүй явж байсан. Тухайн үед зүүн тийшээ эргэх дохиогоо өгөөд зогсож байсан. Гэтэл зогсож байгаа тээврийн хэрэгслийн араас хариуцагч машинаараа мөргөсөн. Нэхэмжлэгчийн нөхөр жолоодох эрхийн үнэмлэхгүй явж байсан болохоор торгуулсан, хариуцагч Ч.Оын буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эрүүл мэндэд хохирол учирсан. Иймд хариуцагч нь нэхэмжлэгчийн эмнэлэгт үзүүлэхээр хот явсан зардал болон эм худалдаж авсан зардал 1,000,000 төгрөг, цаашид хэвтэн эмчлүүлэх зардал 1,200,000 төгрөг, нийт 2.200.000 төгрөгийг төлөх үндэслэлтэй гэжээ.

 2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулгад:  Тухайн үед хариуцагч төв замаар Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн зүүн урд талын уулзвараас хойшоо чиглэлтэй аажуухан явж байхад урд талд мотоцикл явж байсан. Мотоцикл эргэхгүй мөртлөө дохисон чигээрээ яваад байхаар нь дуут дохио өгсөн. Петровисын наад талын хурд сааруулагч дээр ирээд зүүн гар тийш дохио өгсөн. Хариуцагч шатахуун түгээх станц руу эргэх гэж байна гэж бодоод баруун гар талаар нь тойрох гээд дөхөж очиход мотоцикл эргэх хөдөлгөөнөө үргэлжлүүлээгүй зогсоод хариуцагчийн машинтай мөргөлдсөн. Мотоциклын ард сууж байсан эмэгтэйг Б.Х мөн эсэхийг мэдэхгүй, зузаан хувцастай, масктай байсан. Мотоциклтой хүмүүс хамгаалах малгай өмсөөгүй, улсын дугааргүй, жолооч нь жолоодох эрхийн үнэмлэхгүй байсан. Нэхэмжлэгч MRI шинжилгээ хийлгэсэн гэх боловч энэ осолтой холбоогүй санагдсан. Нэхэмжлэгчид гэмтэл учирсан эсэх, ямар гэмтэл учирсан болохыг мэдэхгүй, шинжээчийн дүгнэлттэй танилцаагүй. Осол болсны дараа нэхэмжлэгчийг эмчид үзүүлэхэд биед нь учирсан гэмтэл тогтоогдоогүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Иргэдийн төлөөлөгч Б.Оюунцэцэгийн дүгнэлтэд: Нэхэмжлэгч Б.Хг Ч.О нь машинаар мөргөөгүй байсан бол нуруу суулттай болж бие махбодид нь хохирол учрахгүй, эм тариа авахгүй байсан. Иймээс 2,200,000 төгрөгийг нэхэмжлэх нь зөв гэжээ.

4. Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.Оаас 985,410 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Хд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,214,590 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50,150 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ч.Оаас улсын тэмдэгтийн хураамж 28,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Хд олгож шийдвэрлэжээ.

  5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цолмонгийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч байна.

5.1 Нэхэмжлэгчид 985,410 төгрөгийн хохирол учирсан болох нь баримтаар бүрэн нотлогдоогүй. 95,000 төгрөг картаар уншуулсан баримт нь юу худалдан авсан, юуны төлбөр болох нь тодорхойгүй. Амбулаторийн картад бичигдсэн үзлэгээс харахад эмэгтэйчүүдийн үзлэг оношлогоо хийлгэсэн байх бөгөөд энэ талаар нэхэмжлэгч “энэ нь осолд хамааралгүй” гэх боловч эмчийн бичсэн эмийг авсан гэж тайлбарладаг. Худалдан авч уусан гэх эмүүд нь Амбулаторийн картад бичигдсэн эмүүд биш байдаг. Ослыг Цагдаагийн байгууллаас шалгах явцад шинжээчийн дүгнэлт гарсан ба дүгнэлтээр нэхэмжлэгч Б.Хд тархи доргилтын гэмтэл учирсан. Гэтэл нэхэмжлэгч нурууны эмчилгээнд эм хэрэглэсэн, эмнэлгээр үзүүлсэн гэдэг. Нурууны гэмтэл нь зам тээврийн ослоос шалтгаалсан гэх баримт нотолгоо байхгүй. Шүүх нотлогдоогүй хохирлыг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль бус байна. Иймд шүүхийн шийдвэрийн зарим хэсэг буюу “Ч.Оаас 985.410 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Хд олгуулах” тухай хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: ... Хариуцагчийн гаргасан гомдол үндэслэлгүй. Ослын улмаас нуруу маш их өвдөж байсан ба энэ тухай анх эмнэлэгт очихдоо эмчид хэлж зовиураа бичүүлсэн. Яаралтай тусламжийн хуудсанд нуруунд өвчлөлтэй тухай эмчийн тэмдэглэл байгаа. Эмч нурууны гэмтэлд зориулж эм бичиж өгсөн, хөдөлгөөнийг хязгаарлах шаардлагатай тул нурууны бүс зүү гэж бичсэн учраас 95,000 төгрөгөөр бүс авч зүүсэн. НӨАТ-ын баримтанд тухайн барааны нэр тодорхой бичигддэггүй гэдгийг бүгд мэдэж байгаа. Тухайн үед хүчтэй антибиотик ууж байсан, эмч мөөгөнцрийн эм уухыг зөвлөсөн. Үүнийг гэмтлээс шалтгаалсан эмчилгээ гэж үзэж нэхэмжлэлдээ оруулсан. Анх эмч үзээд тархи хөдөлсөн гэсэн дүгнэлт гаргасан. Тэр үед нуруу өвчлөлтэй байгаа талаар хэлж байсан. Шүүх эмнэлгийн дүгнэлт гарснаас хойш эмчид үзүүлсэн нь гэмтлийн дүгнэлтэд ороогүй үлдсэн байх гэж ойлгож байна. Нуруундаа гэмтэл авсан нь мэргэжлийн эмч нарт үзүүлсэн баримтуудаар тодорхой харагдаж байгаа. Иймд хариуцагчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянан шийдвэрлэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Б.Х хариуцагч Ч.Охолбогдуулан эмчилгээний зардал 1,000,000 төгрөг, цаашид хэвтэн эмчлүүлэх зардал 1,200,000 төгрөг, нийт 2,200,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан журмын дагуу үнэлж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан нь байна.

4. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар хариуцагч Ч.О нь 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 19 цаг 30 минутын орчимд Багануур дүүргийн 1-р хороо Ахиц-2 хүнсний дэлгүүрийн урд талын замд Хьюндай соната 6 маркийн 48-50 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт заасныг зөрчиж иргэн Б.Даваанямын жолоодож явсан улсын дугааргүй нүүдэлчин маркийн мотоциклыг араас нь мөргөж, арын суудалд сууж явсан Б.Хгийн бие хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэм буруутай үйлдэлдээ 100,000 төгрөгөөр торгуулсан болох нь тогтоогджээ. /хх55-57/

4.а. Уг ослын улмаас нэхэмжлэгч Б.Хгийн биед тархины доргилт, ар нуруунд зулгаралт, зүүн талын гуяны хэсэгт цус хуралтын гэмтэл тогтоогдож, уг гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарч байгаа нь хэргийн 14-15 дугаар талд авагдсан шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон.

Хариуцагчийн гэм буруутай үйлдлээс нэхэмжлэгчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан шалтгаант холбоо тогтоогдож байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар гэм хор учруулсан этгээд нь уг гэм хорыг арилгах үүрэгтэй.

5. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас эмний үнэ 67,300 төгрөг, бензиний үнэ 41,400 төгрөг болон цаашид гаргах эмчилгээний зардал 1,200,000 төгрөг, нийт 1,214,590 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргаагүй болно.

6. Хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

6.а. Нэхэмжлэгч нь ослын улмаас Интермед эмнэлэгт бүсэлхий нурууны MRI зураг авахуулж, нурууны бүс худалдаж авсан, өвчин намдаах эм болон эмчийн бичиж өгсөн бусад эмүүдийг худалдаж авсан, Улаанбаатар хот руу ирж очих бензиний зардал, зочид буудлын төлбөр, бариачид бариулахад бензиний зардал гаргасан гэж хэрэгт холбогдох нотлох баримтуудыг ирүүлсэн байна. /хх17-38/ 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Багануур дүүргийн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудаст нэхэмжлэгчийн биеийн зовиурыг “нуруу өвдөнө, хөл гуя руу өвдөнө” гэж тэмдэглэсэн, мөн шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгчийн биед тархины доргилтоос гадна ар нуруунд зулгаралт, зүүн талын гуяны хэсэгт цус хуралтын гэмтэл тогтоогдсон, уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр учирсан байх боломжтой гэж дүгнэсэн байна. Нэхэмжлэгч нь ослын дараах өвдөлтийг сэдрээхгүйн тулд 95,000 төгрөгөөр нурууны бүс худалдан авсныг буруутгах үндэслэлгүй байна. /хх19, 53-54, 77/

6.б. Хэргийн 18-20 дугаар талд авагдсан 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд худалдаж авсан эм бэлдмэлүүдийг ослоос бий болсон гэмтэлд хэрэглэх талаар эмчийн жор хэрэгт байхгүй байна. Гэвч ослын улмаас бусад эд эрхтний үйл ажиллагаа хямрах боломжтой тул уг зовиурыг арилгах зорилгоор дээрх эм бэлдмэлийг хэрэглэсэн байхыг үгүйсгэхгүй.

Нэхэмжлэгч нь 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр бүсэлхий нурууны MRI зураг авахуулахаар Улаанбаатар хотод 1 өдрийн өмнө ирж зочид буудалд байрласан баримт, бензин худалдаж авсан баримтууд хэрэгт байх ба эдгээрийг нэхэмжлэгчийн эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарах зайлшгүй зардал гэж үзнэ.

7. Иргэдийн төлөөлөгч “... нэхэмжлэгч Б.Х Д.О машинаар мөргүүлээгүй байсан бол нуруу суулттай болж бие махбодид нь хохирол учрахгүй, эм тариа авахгүй байсан. Иймээс 2,200,000 төгрөг нэхэмжлэх нь зөв” гэж дүгнэсэн байна. /хх72/ Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан үзэж  хариуцагчаас гэм хорын хохиролд 985,410 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Дээр дурьдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 103/ШШ2021/00471 дугаар  шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Д.ЦОГТСАЙХАН

 

                                           ШҮҮГЧИД                                Д.БЯМБАСҮРЭН  

 

                                                                                            А.МӨНХЗУЛ