Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 587

 

 

 

 

 

 

 

 

 

Д.У-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШШ2019/00139 дүгээр шийдвэртэй

                         

Нэхэмжлэгч Д.У-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.С-ид холбогдох

 

Хан-Уул дүүргийн 00 дүгээрхороо, З А З гудамж 00 тоотхаягт байршилтай 510,59 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай Ү-2206054656 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч                            Д.М

Хариуцагчийн өмгөөлөгч                               Д.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга     Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.У- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч Д.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.У- миний бие “М С” ХХК-ийн захирал Д.Ж-тай 2012 онд Хан-Уул дүүргийн 00 дүгээрхороо, “М Т”хотхонд байрлах 510,59 м.кв талбайтай, 1 ширхэг, 2 давхар үйлчилгээний барилгыг захиалгаар бариулах гэрээг байгуулсан. Захиалгаар ажил гүйцэтгэх гэрээнд төвийн төвлөрсөн дулаанд холбогдох хүртэл маргаан зүйл болж буй байрыг уурын зуухны зориулалтаар ашиглахыг зөвшөөрч заасан. Гэтэл “М Т”ХХК-ийн зүгээс үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөхгүй удааширсан бөгөөд хөөцөлдөж явсны эцэст 2017 онд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулаад өөрийн байрыг анх захиалсан зориулалтаар /үйлчилгээний/ ашиглах гэтэл уг байрны нэг давхарт СӨХ орсон, 2 давхарт нь хоёр айл амьдарч байсан. “М С” ХХК-ийн зүгээс “М Т”хотхоныг төвийн дулаанд холбоогүй байсан учраас байрны оршин суугчтай маргаан гарч улмаас СӨХ-д уг байрны нэг давхарт орсон гэсэн тайлбар өгдөг. Д.У- СӨХ-ийг албадан гаргуулах нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргах явцад Б.С- гэх айл 2 давхрын 80 м.кв талбайд оршин суудаг болох нь тогтоогдсон тул Б.С-ийг байрнаас албадан гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 510,59 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ Д.У-ийн нэр дээр гарсан байгаа. Ч.Д- нь уурын зуухыг хариуцан ажиллуулж байсан учраас бидэнд уг байрыг өмчлүүлэх шийдвэр гарч байсан гэсэн байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг  хариуцагч үгүйсгэж байна. Ч.Д- уурын зуухыг хариуцан ажиллуулж байсан эсэх, ажиллуулахгүй байсан юм уу, хэн амьдар гэж хэлсэн эсэх талаар бид нар мэдэхгүй. Үнэхээр тэр 75 тоот тушаал гарсан юм бол энэ шийдвэрийн нэг хувь яагаад хариуцагчид байдаггүй юм бэ, өөрсдөд нь холбоотой шийдвэр яагаад байхгүй байгаа юм бэ, яагаад энэ  асуудлаар цааш хөөцөлдөж, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулж аваагүй юм бэ. Иргэний хуулийн 109 дүгээр зүйл, 110 дугаар зүйлд зааснаар улсын бүртгэлд бүртгэгдсэнээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилждэг буюу баталгааждаг. Хан-уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гаргасан гэх тайлбарын дагуу Прокурорын бүртгэл мэдээллийн хэсгээс очиж лавлахад Б.С-ийн гомдолтой Д.У-т холбогдох ямар нэг эрүүгийн хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн гомдол мэдээлэл байхгүй байна гэсэн. Хэрэгт Ч.Д- гэдэг хүнтэй холбогдуулаад хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн тогтоол ирсэн байна. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү" гэжээ.

 

Хариуцагч Б.С-, өмгөөлөгч Д.Б нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай хадам эцэг Ч.Д- “М С” ХХК-ийн хүсэлтийн дагуу 2010 онд тус компанийн барьж байсан Зайсан дахь “М Т”хотхоны уурын зуухыг хариуцан ажиллуулахаар болж халаалтыг нь хянан ажиллуулж эхэлсэн. Ингэхдээ өөрийн шинэ бүтээлийн патентын дагуу ус халаах зуух хийж угсарч, ашиглалтад оруулж, “М С” ХХК-ийн ерөнхий захирал н.Болдтой харилцан тохиролцсоны үндсэн дээр 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн “М С” ХХК-ийн ерөнхий захирлын тушаалаар 80 м.кв талбайтай байрыг Ч.Д-д өмчлүүлэх шийдвэр гарч, уг байранд Ч.Д- амьдарч байгаад 2016 онд нас барсан. Тус байранд одоо талийгаачийн эхнэр, хүүхдүүдийн хамтаар би амьдарч байгаа. Гэтэл Д.У- нь миний үл хөдлөх хөрөнгө гэж 510,59 м.кв талбайд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарган 80 м.кв талбайтай байрыг чөлөөлж өгөхийг шаардсан. “М С” ХХК-ийн зүгээс Ч.Д-д танд байрыг өмчлүүлнэ, та санаа зоволтгүй ажлаа хийж бай гэсний дагуу “М Т”хорооллыг халуун дулаанаар хангаж, 2010-2016 оны хооронд Ч.Д- тасралтгүй ажилласан юм. Ингээд “М С” ХХК-ийн 2015 оны 75 тоот тушаалаар 80 м.кв талбайтай байрыг зуухны зөвлөх инженер Ч.Д-д өмчлүүлэх шийдвэр гарсан учир “Могул коммуникэйшн” ХХК-тай дулаан цахилгаанаар хангах гэрээ хийж, урсгал зардлыг цаг тухайд нь төлж ирсэн болно. Гэтэл энэ тушаалаар өмчлүүлсэн байрыг 2017 онд Д.У-т өмчлүүлсэн шийдвэр гаргасан байна. Иймд улсын бүртгэлийн гэрчилгээ гаргасан арга зам нь Эрүүгийн хуульд зааснаар залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй байх тул хариуцагч талаас Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гаргаад, гомдол гаргасны дагуу гэмт хэргийн шинжтэй байх үндэслэлтэй байна гээд хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн байна. Тийм учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д зааснаар уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн хэргийн журмаар шалгаж байгаа учраас энэ иргэний хэргийг тус хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү" гэжээ.

 

            Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүргийн 00 дүгээрхороо, З А З гудамж 00 тоотхаягт байршилтай 510,59 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай Ү-2206054656 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Б.С-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Баасансүрэн давж заалдах гомдолдоо:

... Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа" үндэслэл тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгохоор зохицуулжээ. Өөрөөр хэлбэл, уг нэхэмжлэлтэй холбоотой үл хөдлөх эд хөрөнгийн талаар гомдол гаргасан болох нь Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2018 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн "Хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай" тогтоолд маргаан бүхий объектын хаягийг тодорхой дурдсан байхад нэхэмжлэгчид холбогдуулсан үйл баримт тогтоогдохгүй байна гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэсэнд гомдолтой байна. Нотлох баримт гаргуулах хуульд заасан эрхийг зөрчсөн талаар хариуцагч талаас 2018 оны 00 дүгээрсарын 14-ний өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар "М С" ХХК-аас халаалтын зуухны 3-н давхарт байрлах 80 м.кв байрыг зуухны зөвлөх инженер Ч.Д-д өмчлүүлэхээр гаргасан 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 75 тоот тушаалыг эх хувиар нь гаргуулан авах хүсэлт шүүхэд гаргасан юм. Гэтэл шүүх уг хүсэлтийг хариуцагч өөрөө тус компаниас гаргуулан авах боломжтой гэж хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хариуцагчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн явдал юм. Мөн өдөр нэхэмжлэгч Д.У-ийн захиалан бариулсан гэх барилгын төлбөрт 265 000 000 төгрөг төлсөн баримтыг "М С" ХХК-аас гаргуулах хүсэлт гаргасан боловч шүүх хангаагүй болно. Уг хүсэлтийг төлбөр төлсөн баримт хавтаст хэрэгт байгаа гэх үндэслэлээр хангахаас татгалзсан. Гэтэл татан авсан хэргийн материалд /147 дугаар талд/ голомт банкны төлбөрийн баримт байх бөгөөд 200 000 ам.долларыг "хоорондын тооцоо" гэсэн төлбөрийн зориулалтаар шилжүүлсэн байх ба 2012 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн "Захиалгаар барилгын ажил гүйцэтгэх гэрээ"-ний 4.1.1-д нийт санхүүжилт 267 736 000 төгрөгийг гүйцэтгэгчид төлнө гэснээс харахад тус барилгын төлбөр гэж дүгнэх үндэслэлгүй байна. Шүүх нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй талаар аливаа барилгыг батлагдсан зураг төсөл, зориулалт, техникийн нөхцөлийн дагуу улсын комисс хүлээж авч байж үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгодог. Энэхүү үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авахад бүрдүүлсэн баримтыг шүүхийн журмаар Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газраас татан авахуулахад дээр дурдсан барилгын зураг төсөл болон холбогдох баримт бичиг байхгүй байхад гэрчилгээ олгосон төдийгүй барилгын зураг төсөл боловсруулах чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг "А" ХХК-ийн дүгнэлтээр 401,37 м.кв барилгыг 510,59 м.кв гэж улсын бүртгэлд бүртгүүлсэн үйлдэл нь эрүүгийн журмаар шалгуулах үндэслэл болсон. Иймд дээрх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч Д.У- хариуцагч Б.С-ид холбогдуулан Хан-Уул дүүргийн 00 дүгээрхороо, З А З гудамж 00 тоотхаягт байршилтай 510,59 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

 

            Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “...“М С" ХХК-ийн 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 75 тоот тушаалаар хадам эцэг Ч.Д-д   80 м.кв талбайг өмчлүүлэх шийдвэр гарсан” гэж тайлбарласан байна.

 

            Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 2012 оны 7 дугаар сарын 9-ний өдөр "М С" ХХК-ийг төлөөлж захирал Д.Жаргалсайхан, иргэн Д.У- нар “Захиалгаар барилгын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж гүйцэтгэгч "Могул скай" ХХК нь Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, З А З гудамж “М Т”хотхонд байрлах нийт 510,59 м.кв талбайтай 1 ширхэг 2 давхар барилгын ажлыг гүйцэтгэх, захиалагч Д.У- санхүүжилт болох 267 736 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ.

 /хх-ийн 5-7 дугаар тал/

 

            Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр Д.У- нь Хан-Уул дүүргийн 00 дүгээрхороо, З А З гудамж 00 тоот хаягт байршилтай үйлчилгээний зориулалттай 510,59 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр бүртгэгдэж 2017 оны 00 дүгээрсарын 27-ны өдөр 000619635 тоот гэрчилгээ авсан байна. /хх-ийн 4 дугаар тал/

 

            Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” байдаг бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.У- хариуцагч Б.С-оос өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй”. Хариуцагч Б.С- маргааны зүйл болж буй үл хөдлөх эд хөрөнгийг хууль буюу гэрээний үндсэн дээр өөрийн эзэмшилдээ байлгах эрхтэй гэх байдлаа нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

            Түүнчлэн, нэхэмжлэгч Д.У-ийн өмчлөх эрх Улсын бүртгэлд бүртгэгдсэнтэй холбоотой ямар нэгэн маргаан гаргаагүй бөгөөд Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт “эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэж заасан байх тул нэхэмжлэгч Д.У- үл хөдлөх эд хөрөнгийг үнэн зөв гэж үзнэ.

 

            Хариуцагч давж заалдах гомдолдоо “...анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.У-т хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тухай үйл баримт тогтоогдоогүй гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй” гэсэн үндэслэл зааж байгаа боловч Д.У-ийг эрүүгийн журмаар шалгасан нөхцөл байдлыг тогтоосон баримт хэрэгт авагдаагүй, хэргийн 92 дугаар талд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгийн 2018 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн баримт нь байгаа боловч нэхэмжлэгч Д.У-т холбогдуулан маргааны зүйлтэй холбоотой эрүүгийн хэрэг шалгагдаж байгаа гэх үндэслэл байхгүй талаарх шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна. Анхан шатны шүүх Д.У-ийг нэхэмжлэлтэй Б.С-ид холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

            Анхан шатны шүүх хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ дагуу хариуцагч талаас гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байх тул энэ талаар давж заалдсан гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШШ2019/00139 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Б.С- улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                         ШҮҮГЧИД                                      А.ОТГОНЦЭЦЭГ

 

Ц.ИЧИНХОРЛОО