Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2022/01077

 

 

 

 

 

 2022          11           10                                          001/ХТ2022/01077

 

 

Д ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар                                                                                       

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2020/01763 дугаар шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2020 дугаар магадлалтай,                                                                                                                              

Д ийн нэхэмжлэлтэй

Б ид холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг           

Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д , түүний өмгөөлөгч Д.Мөнхтуяа, нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д  нь хариуцагч Б ид холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2020/01763 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсан, Ар зайсангийн гудамж, 92 тоот хаягт байршилтай 510.59 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай, Ү-2206054656 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Б ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2020 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 25-ны өдрийн 183/ШШ2020/01763 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.06.25-ны өдрийн 183/ШШ2020/01763 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.09.25-ны өдрийн 2020 дугаар магадлалыг тус тус эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Шийдвэрийн тодорхойлох хэсэгт "Хэрэгт авагдсан "Могулскай” ХХК болон Д  нарын хооронд 2012.07.09-ний өдөр байгуулагдсан “Захиалгаар барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-гээр “Могулскай" ХХК нь Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар Зайсангийн гудамж “Могул Таун” хотхонд байрлах нийт 510,59 м.кв талбайтай 2 давхар барилгын ажлыг гүйцэтгэхээр, уг барилга нь үйлчилгээний зориулалттай байхаар харилцан тохиролцсон байна” гэжээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 2012 оны уг гэрээний дагуу өмчлөх эрх үүссэн гэж тодорхойлдог боловч тухайн шаардаж буй барилга нь 2010 онд ашиглалтад орж, хариуцагч тал өнөөг хүртэл амьдарч байгаа болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болон ‘‘Могул Скай” ХХК-ийн захирал Д , гэрч Г.Дуламсүрэн, Д.Энхзул нарын мэдүүлгээр нотлогдож байхад илт худал тайлбар болон маргаан бүхий барилгын улсын бүртгэлийн гэрчилгээ болох нь эргэлзээтэй баримт үндэслэн шийдвэрлэсэнд гомдолтой байна. /тухайн барилга нь онцгой объект тул албан ёсны хаяггүй байтал 2017.11.10-нд хаяг авсан барилгын гэрчилгээ байна хх-60 дахь тал/ Энэ талаар “Могулскай” ХХК-ийн захирал Д нь хэрэгт авагдсан нотлох баримтаар 2019.11.08-ны өдөр Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст гэрчээр мэдүүлэг өгөхдөө “Манай компани 2010 онд “Могул Таун” нэртэй хотхон эхэлсэн. Тухайн үед төвийн дулаан очоогүй байсан учраас хотхоныг уурын зуухаар халаах шаардлагатай болсон. Энэ үед /2010 онд/ Д  манай компанийн барьж байсан хотхоныг дулаанаар хангаж өгье газраа шийдээд өгчих гэж санал тавьсан, 2015 онд Даваа ах уурын зуухны 3 давхрын өрөөг надад өгөөч гэсэн утгатай хүсэлт бичээд над дээр орж ирсэн, тухайн үед /2010 онд/ Д  бид нарт мөнгө өгч барилгыг манай компани барьсан юмаа. Тэр үед барилгын талаар Д тэй ямар нэг яриа хэлцэл хийгээгүй байсан юм. Тэгээд уржнан жил билүү “Могул таун” хотхон төвийн дулаантай холбогдоод барилгаас уурын зуухыг гаргаснаас хойш Д  гэнэт надаас мөнгөө авна гэж шүүхдэлцээд шүүхээс юу гэж шийдсэн бэ гэхээр Д т одоо Дуламсүрэнгийн амьдарч байгаа барилгыг өмчлүүлэхээр болсон юмаа” гэсэн байна. Гэтэл 2010 онд баригдсан барилгыг 2012.07.09-ний гэрээний дагуу барихаар тохирч тухайн өдөр 200,000 ам.долларыг "Хоорондын тооцоо" гэж шилжүүлсэн үйл баримт нь цаг хугацааны хувьд илт зөрүүтэй, үндэслэлгүй болох нь нотлогдож байна. Өөрөөр хэлбэл, 2017.11.14-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт “Могул скай” ХХК-аас явуулсан төлбөр барагдуулсан тухай тодорхойлолт нь үндэслэлгүй болох нь захирал Д ын мэдүүлгээр нотлогдож байна.

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020.01.30-ны өдрийн 001/ХТ2020/00051 дугаартай тогтоолд “Түүнчлэн нэхэмжлэгч Д  “Захиалгаар барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-ний үүргээ биелүүлж эд хөрөнгө шилжүүлэх талаар үүрэг гүйцэтгэгч “Могул скай” ХХК-д хандсан эсэх... нөхцөл байдлуудыг шүүх анхаарч энэ талаар зохигчоос тодруулаагүй байна" гэх үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Гэвч энэ талаар тодруулах ажиллагааг хийгээгүй, дээд шатны шүүхийн тогтоолыг биелүүлж, зөрчлийг арилгаагүй юм. Мөн тогтоолд дурдсан 2015.05.15-ны өдрийн 75 тоот тушаалтай холбоотойгоор гэрч П ыг оролцуулах хүсэлтийг хүлээн аваагүй хариуцагч талын эрхийг зөрчсөн. Тухайн “Захиалгаар барилгын ажил гүйцэтгэх гэрээ” нь 2012 онд байгуулсан маргаан бүхий барилгын гэрээ мөн байсан бол гэрээний 1.2.3-т заасны дагуу үйлчилгээний зориулалттай болох байсан байтал 2016.01.05-ны өдөр Д ийн гэх эд хөрөнгийг "Зайсан дулаан Өргөө" СӨХ-д үнэ төлбөргүй хүлээлгэж өгөхгүй байсан. Тодруулбал, 2016.01.05-нд “Могул Скай” ХХК нь “Зайсан дулаан өргөө" СӨХ-ны өмчлөлд "Могул таун" хотхоны нийтийн эзэмшил болох орон сууцны дундын өмчлөлийн хөрөнгийг шилжүүлэх, хүлээлцэх тухай 16/01 дугаартай гэрээгээр жагсаалтын дагуу хүлээлгэн өгсөн. Түүнийг тогтмол үйл ажиллагаатай байлгахын тулд байнгын хяналт тавих, ээлжээр ажиллах, харуул хамгаалалт, сан техникийн ажилчид болон СӨХ байрлах зориулалт бүхий 2 давхар барилгыг хүлээлгэж өгсөн юм. Ингэхдээ орон сууцны дундын өмчлөлийн хөрөнгийг шилжүүлэх, хүлээлцэх тухай гэрээний 1.5-д зааснаар хариу төлбөргүйгээр шилжүүлэн өгсөн. Энэ талаар “Зайсан дулаан өргөө” СӨХ-г тухайн объектоос албадан гаргуулах шаардлага гаргасан боловч Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.07.23-ны өдрийн 183/ШШ2018/01744 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Маргаан бүхий барилга нь 401.37 м.кв талбайтай болох нь барилгын зураг төсөл боловсруулах чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг "Арккад” ХХК-ийн дүгнэлтээр нотлогдох бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ нь 510.59 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ байна. Гэтэл уг барилга нь хотхоны нийт оршин суугч нарын дундын эзэмшлийн өмч бөгөөд тус хотхоны нийт оршин суугч нарыг дулаан, халуун, хүйтэн цэвэр усаар хангадаг дэд бүтэц суурилуулсан онцгой объект ба үйлчилгээний зориулалтгүй юм. Иймд дээрх үндэслэлээр хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь хянан үзэж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй үндэслэл тогтоогдсонгүй.

6. Нэхэмжлэгч Д  нь үл хөдлөх эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа “...Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Могул таун хотхонд байрлах 510.59 м.кв талбайтай, 2 давхар үйлчилгээний барилгыг захиалгаар бариулах гэрээг 2012 онд “Могул скай” ХХК-тай байгуулж, 2017 онд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ Д  миний нэр дээр олгогдсон тул шаардах эрхтэй” гэж үндэслэлээ тайлбарласныг хариуцагч Б  эс зөвшөөрч, “...маргаан бүхий 80 м.кв талбайг “Могул скай” ХХК-ийн захирал н.Болдын 2015.05.15-ны өдрийн 75 тоот тушаалаар хадам эцэг Ч д өмчлүүлэх тухай шийдвэр гаргасан, үүний дагуу уг 80 м.кв талбай бүхий байранд 2010 оноос хойш амьдарч, ашиглалтын зардлыг төлж ирсэн, нэхэмжлэл үндэслэлгүй” гэж тайлбар гарган маргажээ.

7. Анхан шатны шүүх Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсан, Ар зайсангийн гудамж, 92 тоот хаягт байршилтай 510.59 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай, Ү-2206054656 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Б ийн хууль бус эзэмшлээс чөлөөлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад, шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б ийн гомдлыг хангахгүй орхижээ.

8. 2017.11.27-ны өдрийн 000619635 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нэхэмжлэгч Д  нь Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсан /17025/, Ар зайсангийн гудамж, 92 тоот хаягт байршилтай 510.59 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох нь тогтоогдож байх бөгөөд тэрээр уг гэрчилгээг “Могул скай” ХХК-тай байгуулсан 2012.07.09-ний өдрийн “Захиалгаар бариулах ажил гүйцэтгэх гэрээ”-ний үндсэн дээр олж авсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тухай хоёр шатны шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

9. Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1, 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр, мөн улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэгээг үнэн зөв гэж тооцохоор тус тус зохицуулсан байх тул нэхэмжлэгч Д  нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй буюу хоёр шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг хуульд нийцсэн гэж үзнэ.

10. Хариуцагч Б  нь нэхэмжлэгч Д ийн өмчлөлийн 510.59 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөөс 80 м.кв-ыг хууль ёсны дагуу эзэмшиж байгаа гэсэн нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байхаас гадна хадам эцэг Ч  нь уурын зуухыг хариуцан хийсэн, компанийн захирлаас өмчлөх эрхтэй гэсэн албан бичиг хийж өгсөн, дулаан цахилгаанаар хангах гэрээ бусадтай байгуулсан, 2010 оноос хойш амьдарч, ашиглалтын зардлыг төлж ирсэн гэсэн нөхцөл байдлууд нь хариуцагчид өмчлөх эрх үүсгэхгүй гэсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

11. “...хяналтын шатны шүүхийн тогтоолд заасан зөрчлийг арилгах зорилгоор зохигчийн хүсэлтээр, “Могул скай” ХХК-ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулсан бөгөөд тус компани 2020.04.21-ний 20/27 тоот албан бичгээр “...2015 онд “Могул Скай” ХХК-аас явсан албан бичгийн архивт 2015.05.15-ны өдрийн 75 тоот тушаал гэх албан бичиг байхгүй болно” гэх тайлбарыг ирүүлсэн, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн гаргасан нотлох баримт гаргуулах, үзлэг хийлгэх тухай хүсэлтийг хангаж, Хан-Уул дүүргийн прокурорын газраас, эрүүгийн хэрэгт Д , Л нарын өгсөн гэрчийн мэдүүлгийг хэрэгт хавсаргасан, “Могул скай” ХХК-ийн 2015 оны явсан бичиг, захирлын тушаал, хувь нийлүүлэгчдийн хурлын тогтоол гэсэн архивын баримтуудад үзлэг хийхэд дээрх 75 тоот тушаал авагдаагүй...” гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг хууль зөрчсөн гэж үзэхгүй тул “...энэ талаар тодруулах ажиллагааг хийгээгүй, дээд шатны шүүхийн тогтоолыг биелүүлж, зөрчлийг арилгаагүй” гэх хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй.

12. “...шүүх хуульд заасан бүхий л ажиллагааг явуулсан боловч хариуцагчид Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар хууль ёсоор эзэмшил үүссэн болох нь тогтоогдохгүй, хариуцагч уг үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар эзэмшилдээ байлгаагүй гэх татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотлоогүй, хэрэгт авагдсан, хариуцагчийн татгалзлын үндэслэл болж буй Ч , “Могул коммуникейшн” ХХК-ийн захирал П  нарын хооронд байгуулагдсан “Дулаан цахилгаанаар хангах гэрээ”-гээр хариуцагчийг маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч гэж үзэх боломжгүй тул шүүх гэрчээр П ыг оролцуулах шаардлагагүй” гэж дүгнэснийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул “...гэрч П ыг оролцуулах хүсэлтийг хүлээн аваагүй хариуцагч талын эрхийг зөрчсөн” гэх хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.        

13. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2020/01763 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2020 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.СОЁМБО-ЭРДЭНЭ

           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Г.АЛТАНЧИМЭГ

                        ШҮҮГЧИД                                               Г.БАНЗРАГЧ

                                                                                        П.ЗОЛЗАЯА 

                                                                                        Д.ЦОЛМОН