Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2021/03194

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: ................ тоотод байрлах, Т  ББСБ ХХК /РД:......../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ........... тоотод оршин суух, Б ургийн овогтой Э С  /РД:............/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 94,101,152.91 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах,

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Т  ББСБ ХХК, Д.Б, Э.С  нарын хооронд 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан Б.............дугаар зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хүчин төгөлдөр бус хэцэл болохыг тогтоолгож, хүчингүй болгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С , түүний өмгөөлөгч Ш.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Л нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т  ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э овогтой С , Дорж овогтой Б, 2017 он 06 дугаар сарын 29-ний өдөр ....тоот зээлийн гэрээ байгуулж 89,000,000 төгрөгийн зээлийг 18 сарын хугацаатай, 3,3% хүүтэйгээр, .........улсын бүртгэлийн дугаартай, ............. үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний дугаартай, УБ хот ............................тоот 53,47м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, .............улсын бүртгэлийн дугаартай, .............үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний дугаартай барьцаалан зээл авсан. 2019 оны 10 дугаар сарын 25-аас эхлэн зээлийн эргэн төлөх хувиарын дагуу төлөлгүй 571 хоногоор хугацаа хэтрээд байна. 2017 он 06 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар үндсэн зээл 82,673,152 төгрөг, зээлийн хүү 40,305,391 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 120,031 төгрөг нийт 123,098,574 төгрөгийг иргэн Э овогтой С аас гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэж ээ.

 

Нэхэмжлэгч Т  ББСБ ХХК нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэсэн тайлбартаа: Хариуцагч Д.Б, Э.С  нар нь манай ББСБ-аас 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр ....тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 18 сарын хугацаатайгаар, нэг сарын 3,3 хувийн хүүтэй 89,000,000 төгрөгийн зээлийг авсан. Зээлийн барьцаа болгож эрхийн улсын бүртгэлийн .........дугаарын гэрчилгээтэй ..............................тоот 53,47 мкв талбай бүхий 2 өрөө орон сууц, мөн эрхийн улсын бүртгэлийн .............дугаарын гэрчилгээтэй .............................. тоот, 32 мкв талбай бүхий орон сууцыг барьцаалсан болно. Зээлийн гэрээнд Д.Б болон хамтран зээлдэгчээр Э.С  нар гарын үсгээ зурж нотариатаар гэрчлүүлсэн болно. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2020 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар хүүгийн тооцоо гаргасан ба одоо 2020 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх үндсэн зээлийн хүүд 15,780,796.44 төгрөгийг нэмэгдүүлж байна...Иймд хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 82.673.151,80 төгрөг, зээлийн хүү 56,086,187.95 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 120.031 төгрөг, нийт 138,879,370.75 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. Тшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б болон Э.С  нар 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр ....тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан. Энэ гэрээний дагуу 89,000,000 төгрөгийн зээлийг сарын 3.3 хувийн хүүтэй зээлсэн. Барьцаа хөрөнгөд ............болон ......... дугаартай 2 үл хөдлөх хөрөнгө барьцаалсан. Уг гэрээний дагуу төлөлт тодорхой хэмжээгээр хийгдсэнийг нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү, үндсэн төлбөр гэсэн дарааллаар төлбөрийг тооцож авсан. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2020 оны 12 сарын 05-ны өдрийн байдлаар хүүгийн тооцоо гаргаж байсныг сүүлд нэмэгдүүлээд 2021 оны 12 сарын 06-ны өдрөөс 2021 оны 07 сарын 22-ны өдөр хүртэл үндсэн зээлийн хүү 15,780,796.44 төгрөгийг нэмэгдүүлсэн. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дах хэсэгт зааснаар Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж заасан тул үүргийн гүйцэтгэлийг шаардаж байгаа. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээсэн байдаг бөгөөд зээлийн гэрээнд зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөх хэмжээний талаар нарийвчлан тохирсон байгаа тул хариуцагч хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй. Мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргийг бүрэн гүйцэтгэж дуусах хүртэл хугацаанд зээлийн үлдсэн хүүг гэрээнд заасан бол түүний 20 хувиас хэтрэхгүй нэмэгдүүлсэн хүүг төлнө гэж заасан. Иймд хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 82,673,151.80 төгрөг, зээлийн хүү 56,086,187.95 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 120,031 төгрөг, нийт 138,879,370.75 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Барьцаа хөрөнгийн хувьд нэг барьцаа хөрөнгийг хүсэлт гаргасан учир нэмэлт гэрээ байгуулж, хүүг багасгасан. ............ дүүргийн үл хөдлөх хөрөнгийг чөлөөлж, .......................тоот, 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Э.С  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай нөхөр Д.Б нь хувиараа зам засварын ажил гүйцэтгэдэг байсан бөгөөд уг ажилдаа зориулж өмнө нь Т ББСБ-аас хэд хэдэн удаа зээл авч, буцаан төлж байсан. 2017 онд тус ажилдаа хөрөнгө оруулалт хийж шаардлагатай тоног төхөөрөмж авах зорилгоор Т ББСБ-аас 89,000,000 төгрөгийн зээл авах гэж байна гэтэл зээл авахад хамтран зээлдэгчтэй байх хэрэгтэй учраас чи очоод гэрээнд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурах шаардлагатай гэсэн. Миний бие тухайн үед хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсанаас хойш тухайн зээлийн талаар эргэн төлөлтийнх нь талаар төдийлэн сайн мэдээлэл, ойлголтгүй явсан. 2019 онд дээрх Зээлийн гэрээгээ сунгаж байгаа гэхэд нь ахин очиж гарын үсэг зурсан бөгөөд тухайн үедээ нөхрөөсөө зээлийн тухай асуухад зээлэндээ 66,384,760 төгрөг төлсөн гэж байсан. Нөхөр маань өмнө нь замынхаа ажлыг хийж гүйцэтгээд ажлынхаа хөлсөөр зээлээ төлөөд явдаг болохоор би энэ талаар ахин асууж сонирхож байгаагүй. Харин 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр нөхөр маань Дархан-Улаанбаатар хотуудыг холбосон авто замын засвар, угсралтын ажилд туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаад үйлдвэрлэлийн ослоор нас барсан бөгөөд энэ талаар тухайн үед Т ББСБ-д мэдэгдэж Зээлийн хүүгээ зогсоож, зээлийн эргэн төлөлтийг боломжит хувилбараар шийдвэрлэж өгнө үү гэж хүсэлт гаргаж байсан боловч надад огт хариу өгөөгүй билээ. Тухайн үед гэнэтийн эмгэнэлт явдлаас шалтгаалан бие сэтгэлийн хувьд тогтворгүй хүнд нөхцөл байдалд орсоноос болж энэ асуудлаар ахин хөөцөлдөж чадаагүй, мөн гэр бүлийн маань ажил хийж орлого олдог байсан ганц хүн маань гэнэт нас барсанаас болж манай гэр бүл эдийн засгийн хувьд хүнд нөхцөлд орж зээл төлөлт хийх боломж олдоогүй билээ. Гэтэл Т ББСБ нь Зээлийн гэрээний төлбөрт 123,098,574 төгрөгийг надаас гаргуулахаар 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Миний зүгээс дээрх нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь анх нөхөр маань 89,000,000 төгрөг зээлж зээлийн төлбөртөө 66,384,760 төлсөн байтал ахин хүү, нэмэгдэл хүү гэж их хэмжээний мөнгө нэмэгдүүлэн 123,098,574 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй бөгөөд мөнгө хүүлэх шинжтэй шударга бус явдал юм. Миний бие нөхрөө нас барсанаас хойш гэр бүлээ тэжээхийн тулд .................... хороонд хэсгийн ахлагчаар ажилд орсон бөгөөд одоо цалин болох 630,000 төгрөгөөр 4-14 насны 4 хүүхдийн хамт амьдарч байгаа тул дээрх их хэмжээний мөнгийг төлөх боломжгүй байна. Мөн тухайн үед зээлийн гэрээний барьцаа болгосон .................. .........байрны 303 тоот орон сууцанд миний бие хүүхдүүдийн хамт амьдрадаг бөгөөд уг байрыг зээлийн төлбөрт авахаар болвол бид орох оронгүй болж гудамжинд гарах нөхцөл байдалд орох билээ. Иймд анх нөхөр маань зээлсэн 89,000,000 төгрөгийн зээлээс зээлийн төлбөрт төлсөн 66,384,760 төгрөгийг хасч үлдэгдэл төлбөр болох 22,615,240 төгрөгийг тодорхой хугацаа тохироод ах дүү нараасаа тусламж аван төлж барагдуулж дуусгах хүсэлт л байна. Мөн шүүхээс хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт заасны дагуу уг маргаж буй зээлийн гэрээний хүүг багасган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Э.С  шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Т ББСБ болон Д.Б нарын хооронд 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр ........дугаартай зээлийн гэрээ байгуулж 89,000,000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл 18 сарын хугацаанд Д.Бд зээлүүлсэн. Уг Зээлийн гэрээнд Э.С  нь хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан боловч зээлийн зарцуулалт, эргэн төлөлтийг нөхөр Д.Б нь хариуцдаг байсан тул зээлийн эргэн төлөлтийн талаар нарийн мэдэхгүй байсан. Харин 2020 оны 07 дугаар сард нөхөр Д.Бг үйлдвэрлэлийн осолд орж нас барахад дээрх зээлийн гэрээтэй холбоотой төлбөр тооцоог нарийвчлан судалж үзэхэд Т ББСБ-д 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 14,000,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 10,000,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 24,000,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 30,000,000 төгрөг нийт 78,000,000 төгрөгийг төлж барагдуулсан байна. Гэтэл 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Д.Бгийн төлсөн 78,000,000 төгрөгөөс 65,502,363 төгрөгийг зээлийн хүүнд, 6,170,788.88 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүнд тооцон суутгаж үндсэн зээлийн төлбөрт ердөө 6,326,848.20 төгрөгийг төлсөнөөр тооцож, үндсэн зээл болох 89,000,000 төгрөгөөс 6,326,848.20 төгрөгийг хасч 82,673,151 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэйгээр тооцон .........дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг байгуулсан байна. Монгол Улсын Иргэний Хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд .... үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлнө гэж, мөн 2006 оны 12 сарын 21 өдрийн 53 дугаартай Дээд шүүхийн тогтоолоор .... төлөх хугацаа нь болсон зээлийн өрийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан дарааллын дагуу буюу эхний ээлжинд үндсэн зээл, дараа нь хүүг төлүүлнэ гэж тус тус заасан. Иймээс Д.Бгийн зээлийн төлбөрт төлсөн төлбөрөөс зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг урьдчилан тооцож авсан нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн үйлдэл юм. Мөн Т ББСБ нь өөрсдийн давуу байдлыг ашиглан Д.Бг шахан дарамтлах замаар төлсөн 66,384,761 төгрөгөөс нь ердөө 6,326,848.51 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр ЗГ....дугаартай зээлийн гэрээний дүн болох 89,000,000 төгрөгөөс хасч, үлдэгдэл 82,673,151 төгрөг дээр .........дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг байгуулсан нь Иргэний хуулийн 193 дугаар зүйлийн 193.1 дэх хэсэгт заасан ... Үүрэг гүйцэтгэх арга, хэлбэр, журмыг гэрээний аль нэг тал... тодорхойлсон нь нөгөө талдаа буюу талуудад эргэлзээ төрүүлэхээр бол шударга ёсны зарчимд нийцүүлэн харилцан хүсэл зоригоо илэрхийлэн шийдвэрлэнэ гэснийг зөрчиж зээлдэгч талын эрх ашгийг шууд үгүйсгэн өөрсдөдөө хэт давуу байдлыг олгосон гэрээг байгуулсан гэж үзэх үндэслэлтэй юм. Иймд Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт заасан ... Стандарт нөхцлийг гэрээнд тусгасан ч тэр нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна гэж заасны дагуу Т ББСБ-ийн зүгээс Д.Бгийн төлсөн төлбөрийн дийлэнх хувийг зээлийн хүү, зээлийн нэмэгдүүлсэн хүүнд урьдчилан тооцож авахыг тулган хүлээлгэж, түүнийхээ үндсэн дээр байгуулсан .........дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ нь хууль зөрчин байгуулсан хүчин төгөлдөр бус хэлцэл юм. 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн .........тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээнд Т ББСБ-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Л.Дашмягмаржав оролцохоор гэрээнд тусгасан байх боловч гэрээг баталгаажуулж гарын үсэг зурахдаа дэд захирал Л.Жамбасүрэн гэх хүн гарын үсэг зурсан байна. Гэтэл хэргийн материалд Т ББСБ-аас нотлох баримтаар гаргаж өгсөн Монгол улсын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд бичигдсэнээр Т ББСБ-ийн гүйцэтгэх захирал нь Л.О гэгч байх бөгөөд 2017 онд Д.Б нь анхлан зээлийн гэрээг байгуулахад уг хүн Т ББСБ-ийг төлөөлөн гарын үсэг зурж байжээ. Тиймээс 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн .........тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг Т ББСБ-ийг төлөөлөх эрхгүй этгээд төлөөлөн байгуулсан байх тул хүчин төгөлдөр бус хэлцэл байх юм. Иймд Монгол Улсын Иргэний Хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасны дагуу Т ББСБ болон Д.Б, Э.С  нарын хооронд байгуулсан 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн .........дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т ББСБ ХХК Д.Б нарын хооронд 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр ЗГ....зээлийн гэрээ байгуулж, 89,000,000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 19-ний хүртэл 18 сарын хугацаатай байгуулсан. Уг зээлийн гэрээнд Э.С  нь хамтран зээлдэгчээр оролцож гарын үсэг зурсан боловч тухайн зээлийн талаар нарийн мэдээлэл байхгүй байгаа. 2020 оны 07 дугаар сард нөхөр Д.Б үйлдвэрлэлийн ослоос болж нас барсны дараа зээлийн гэрээтэй холбоотой бүх бичиг баримтыг судалж үзэхэд, Т ББСБ ХХК-тай 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 14,000,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 10,000,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 24,000,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 30,000,000 төгрөг, нийт 78,000,000 төгрөгийг төлж барагдуулсан. Гэтэл 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр н.Бгийн төлснөөс 65,502,363 төгрөгийг зээлийн хүү, 6,170,788.88 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүд тооцож, үндсэн зээлийн төлбөрт 6,326,848.20 төгрөгийг төлснөөр тооцоод, үндсэн зээл болох 89,000,000 төгрөгөөс 6,326,848.20 төгрөгийг хасаж, 82,673,151 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдлээр тооцож, .........тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулсан. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжид шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ, мөн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаартай Дээд шүүхийн тогтоолоор төлөх хугацаа нь болсон зээлийн өрийг Иргэний хуулийн 213 дугаар зүйлийн 213.1 дэх хэсэгт заасан дарааллын дагуу буюу эхний ээлжид үндсэн зээл дараа нь хүү төлөхөөр тус тус заасан байдаг. Иймд Д.Бгийн зээлийн төлбөрт төлсөн 78,000,000 төгрөгийн дарааллыг алдагдуулж, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг урьдчилан тооцож авсан нь хууль зөрчсөн үйлдэл юм. Т ББСБ ХХК нь өөрсдийн давуу байдлыг ашиглан Д.Бг шахан дарамтлах замаар төлсөн 66,000,000 төгрөгийг зээлийн хүүд тооцож суутгасан нь Иргэний хуулийн 193 дугаар зүйлийн 193.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэх арга, хэлбэр, журмыг гэрээний аль нэг тал буюу гуравдагч этгээд тодорхойлсон нь нөгөө талд буюу талуудад эргэлзээ төрүүлэхээр бол шударга ёсны зарчимд нийцүүлэн харилцан хүсэл зоригоо илэрхийлэх замаар шийдвэрлэнэ гэснийг зөрчиж, зээлдэгч талын эрх ашгийг зөрчсөн гэрээ байгуулсан. Иймд Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1-т заасан стандарт нөхцөлийн гэрээг тусгасан ч харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна гэж заасны дагуу Т ББСБ ХХК, Д.Б нарын хооронд байгуулсан .........тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээ хууль зөрчин байгуулсан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээнд Т ББСБ-ийг төлөөлж гүйцэтгэх захирал н.Дашмягмаржав оролцож, гэрээнд гарын үсэг зурах байсан боловч өөр хүн гарын үсэг зурсан. Хэргийн материалд гаргаж өгсөн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд гүйцэтгэх захирал нь н.О гэж хүн байх тул эрх олгогдоогүй этгээд гарын үсэг зурсан, хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасны дагуу Т ББСБ ХХК, Э.С , Д6Б нарын хооронд байгуулсан 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн .........дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэгч Т  ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох, хариуцагч Э.С ын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Т  ББСБ ХХК нь хариуцагч Э.С д холбогдуулан зээлийн гэрээний дагуу 123,098,574 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 123,098,574 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, зээлийн үлдэгдэл 82,673,151,80 төгрөг, зээлийн хүү 56,086,187.95 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 120,031 нийт 138,879,370.75 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, Т  ББСБ ХХК, Д.Б, Э.С  нарын хооронд 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан Б.............дугаар Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, хүчингүй болгох тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Нэхэмжлэгч Т  ББСБ ХХК, Д.Б, Э.С  нар 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр ЗГ....дугаар Зээлийн гэрээ гэрээг бичгээр байгуулсан байх бөгөөд гэрээгээр 89,000,000 төгрөгийг 18 сарын хугацаатай зээлж, нэг сарын 3,3 хувийн хүүтэй төлөхөөр, хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг төлөөгүй бол үндсэн хүүгийн 20 хувийн нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх-ийн 7-9 дүгээр тал/

 

2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн ЗГ....дугаар Зээлийн гэрээ-ний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид 89,000,000 төгрөгийг шилжүүлэх үүргээ биелүүлсэн боловч хариуцагч гэрээгээр тохирсон зээл, зээлийн хүүг хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчиж, төлбөрөө бүрэн төлөөгүй байна.

 

Зохигчид зээлдэгчээс 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 14,000,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 10,000,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 26,000,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 30,000,000 төгрөг нийт 78,000,000 төгрөг төлсөн талаар маргаагүй.

 

Хэрэгт нотлох баримтаар авагдсан Т  ББСБ ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 4 дүгээр тал/, Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 9/4115 дугаар Хариу хүргүүлэх тухай алба бичиг /хх-ийн 131 дүгээр тал/, Санхүүгийн зохицуулах хорооноос 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Т  ББСБ ХХК-д Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрч олгосон гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, С-ны 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ..... дугаар тогтоол зэргээр нэхэмжлэгч Т  ББСБ ХХК нь банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд мөн болох нь нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч нь зээлдэгчээс төлсөн нийт 78,000,000 төгрөгөөс 6,326,848.20 төгрөгийг үндсэн зээлд, 53,887,123 төгрөгийг зээлийн хүүд, 6,170,788.80 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүд тооцож үлдэх зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 138,879,370.75 төгрөгийг 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хугацаагаар тооцож гаргуулахаар шаардсан.

 

Талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр ЗГ....дугаар Зээлийн гэрээ талуудын хүсэл зоригийн дагуу, хуульд заасан хэлбэрээр байгуулагдсан байх тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэв.

 

Иргэний хуулийн  451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ., 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй, 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасан.

 

Зээлийн гэрээний 1.5-д зээл төлөх хуваарийг, 1.9-д нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгийн 20 хувиар тооцохоор тохиролцсон байх тул зээлийн гэрээ болон Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасны дагуу зээлдэгчээс төлсөн 78,000,000 төгрөгөөс гэрээний хугацаанд төлсөн 48,000,000 төгрөгийг нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү, зээлд тооцсон нь үндэслэлтэй боловч гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн 30,000,000 төгрөгийг зээлийн хүүгээс хасаж тооцох нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлд заасан үүрэг гүйцэтгэх дараалал зөрчсөн гэж үзнэ.

 

Талууд 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Б.............дугаар Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж, нэмэлт өөрчлөлтөөр зээлийн гэрээний хугацааг 36 сараар сунгах, зээлийн хүүг 2.5 хувь болгохоор тохиролцоо хийжээ. /хх-ийн 53 дугаар тал/

 

Дээрх хэлцэл нь хууль болон талуудын хүсэл зоригийн дагуу хийгдсэн тул хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй байна. Харин гэрээний хугацааг сунгах бол хугацаа дуусах үеэс үргэлжлүүлэхээр тохиролцож, хугацааг сунгасан бол гэрээний хугацаа сунгагдсан гэж үзнэ. Гэрээний хугацаа дууссанаас хойш 9 сарын дараа зээлийн төлбөрийг төлөх хуваарийг тогтоосон нь гэрээний сунгалт гэж үзэх үндэслэл болохгүй. Харин талууд зээлийн хүүг багасгасан тохиролцоог ийнхүү хийжээ. Мөн уг хэлцэлд үндсэн зээлийн үлдэгдлийг 82,673,151 гэж тодорхойлсон ч хэлцэлд шинээр 82,673,151 төгрөг төлөх үүрэг үүсгээгүй, үндсэн гэрээний зохицуулалтын дагуу зээлийн үүрэг хэвээр байна.

 

Иймээс хариуцагч 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 30,000,000 төгрөгийг төлснөөр зээл 54,172,330 төгрөг, хүү 25,842,348.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,658,473.27 төгрөг төлөх үүрэгтэй байсан бөгөөд мөн өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 54,172,330 төгрөгийн зээлийн хүү 2.5 хувиар тооцож 30,336,504 төгрөг болно. Гэрээнд нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг үндсэн хүүгийн 20 хувиар тохиролцсон боловч 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш хугацаанд нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэгч хасаж тооцон 120,031 төгрөг нэхэмжилсэн гэж тайлбарласан. Гэрээ болон хуульд заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэгчид зээл 54,172,330 төгрөг, зээлийн хүү 56,178,852.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 120,031 төгрөг нийт 113,129,687.33 төгрөг төлөх үүрэгтэй байна.

 

Хариуцагч нь зээлийн гэрээний үүргийг хамтран үүрэг гүйцэтгэгчийн хувьд тал хувиар хариуцна гэж тайлбарласан ч Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна.

 

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан ....дугаартай Барьцааны гэрээ-ний дагуу барьцаалсан Эрхийн улсын бүртгэлийн .........дугаарт бүртгэлтэй, ............................. тоот 53.47 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдсан үнээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан.

 

Т  ББСБ ХХК, Д.Б, Э.С  нар 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр ....дугаартай Барьцааны гэрээ байгуулж, Эрхийн улсын бүртгэлийн .............дугаарт бүртгэлтэй, ............ дүүрэг, ..................... тоот 32 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Эрхийн улсын бүртгэлийн .........дугаарт бүртгэлтэй, ............................. тоот 53.47 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалсан байна.

 

Зохигч зээлийн барьцааны гэрээгээр барьцаалсан ............ дүүрэг, 19 дүгээр хороо, 1 хотхон 5 дугаар байр, 40 тоот 32 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлөгдсөн тухайд маргаагүй, нэхэмжлэгч тус хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардлага гаргаагүй гэж тайлбарласан.

 

Талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ нь тэдний хүсэл зоригийн дагуу хийгдсэн, хуульд заасан бичгээр байгуулж, нотариатчаар гэрчлүүлэн улсын бүртгэлд бүртгүүлэх хуульд заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д зааснаар Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй, мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж заасан.

 

Гэвч барьцааны гэрээний тал, барьцааны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Д.Б нас барсан байх бөгөөд хх-ийн 52 дугаар тал/ Эрхийн улсын бүртгэлийн .........дугаарт бүртгэлтэй, .............................. тоот 53.47 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны гэрчилгээ, хариуцагчийн тайлбараар уг үл хөдлөх хөрөнгийг барьцаалуулагч нь Д.Б болох нь нотлогдож байна. /хх-ийн 9 дүгээр тал ар/

 

Хариуцагч Э.С  нь барьцааны гэрээний тал боловч барьцааны хөрөнгийг барьцаалах, захиран зарцуулах, барьцааны гэрээний үүрэг хүлээх, хариуцвал зохих этгээд болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч Э.С аас 113,129,687.33 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т  ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 25,749,683 төгрөгт холбогдох хэсгийг, Эрхийн улсын бүртгэлийн .........дугаарт бүртгэлтэй, ................................ тоот 53.47 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг, нэхэмжлэгч Т  ББСБ ХХК-д холбогдох 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан Б.............дугаар Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, хүчингүй болгох тухай хариуцагч Э.С ын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгохоор, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,080,497 төгрөгөөс 852,347 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч сөрөг нэхэмжлэлд төлөх 571,316 төгрөгийн тэмдэгтийн хураамжаас шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Э.С аас 723,598 төгрөг, улсын төсвөөс 157,950 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т  ББСБ ХХК-д олгохоор хуваарилав.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Э.С аас 113,129,687.33 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т  ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 25,749,683 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Э.С д холбогдох Эрхийн улсын бүртгэлийн .........дугаарт бүртгэлтэй, .............................. тоот 53.47 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгч Т  ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу нэхэмжлэгч Т  ББСБ ХХК-д холбогдох 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан Б.............дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, хүчингүй болгох тухай хариуцагч Э.С ын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Т  ББСБ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,080,497 төгрөгөөс 852,347 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч сөрөг нэхэмжлэлд төлөх 571,316 төгрөгөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Э.С аас 723,598 төгрөг, улсын төсвөөс 157,950 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.