Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2022/00412

 

 

 

 

 

 

 

 

 

“ТК ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 02-ны өдрийн 102/ШШ2021/03194 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “ТК ББСБ” ХХК-ийн  нэхэмжлэлтэй, хариуцагч Э.С д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт нийт 138,879,370.75 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах үндсэн шаардлагатай, 2019 оны 09 сарын 10-ны өдрийн 0 тоот зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг шаардлагатай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэлийн агуулга: Э.С, Д.Б нар 2017 оны 06 сарын 29-ний өдөр 0 тоот зээлийн гэрээ байгуулж 89,000,000 төгрөгийг зээлийг 18 сарын хугацаатай, 3.3 хувийн хүүтэйгээр, ... хаягт байршилтай 53.47 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалан зээл авсан. 2019 оны 10 сарын 25-ны өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй.

Иймд хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 82,673,151.80 төгрөг, зээлийн хүү 56,086,187.95 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 120,031 төгрөг, нийт 138,879,370.75 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. 

 

  1. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: Манай нөхөр Д.Б хувиараа зам засварын ажил гүйцэтгэдэг байсан бөгөөд 2017 онд тус ажилдаа хөрөнгө оруулалт хийж шаардлагатай тоног төхөөрөмж авах зорилгоор “ТК ББСБ” ХХК-аас 89,000,000 төгрөгийг зээл авахад хамтран зээлдэгчтэй байх хэрэгтэй байна гэсэн. Миний бие тухайн үед хамтран зээлдэгчээр гарын үсэг зурснаас хойш тухайн зээлийн талаар, эргэн төлөлтийн талаар төдийлөн сайн мэдээлэл, ойлголтгүй явсан. 2019 оны дээрх зээлийн гэрээний сунгалтад ахин очиж гарын үсэг зурсан.

Харин 2020 оны 07 сарын 27-ны өдөр нөхөр маань Дархан-Улаанбаатар хотуудыг холбосон авто замын засвар, угсралтын ажилд туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаад үйлдвэрлэлийн ослоор нас барсан. Энэ талаар тухайн үед “ТК ББСБ” ХХК-д мэдэгдэж зээлийн хүүгээ зогсоож, зээлийн эргэн төлөлтийг боломжит хувилбараар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан боловч хариу өгөөгүй.

Анх нөхөр маань 89,000,000 төгрөг зээлж, зээлийн төлбөртөө 66,384,760 төгрөг төлсөн байтал ахин хүү, нэмэгдүүлсэн хүү гэж их хэмжээний мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй бөгөөд мөнгө хүүлэх шинжтэй шударга бус явдал юм. Миний хувьд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн их хэмжээний мөнгийг төлөх боломжгүй. Мөн тухайн зээлийн барьцаа болгосон ...  тоот орон сууцанд миний бие хүүхдүүдийн хамт амьдардаг бөгөөд байрыг зээлийн төлбөрт авахаар болвол бид орох оронгүй болж гудамжинд гарах нөхцөл байдалд орох билээ.

Иймд анх нөхөр маань зээлж авсан 89,000,000 төгрөгөөс зээлийн эргэн төлөлтөд төлсөн 66,384,760 төгрөгийг хасч үлдэгдэл төлбөр болох 22,615,240 төгрөгийг тодорхой хуваарь гарган төлж барагдуулах хүсэлтэй байна. Мөн шүүхээс хэрэг маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт заасны дагуу зээлийн хүүг багасгаж өгнө үү. 

 

  1. Сөрөг нэхэмжлэлийн агуулга: 2020 оны 07 сард нөхөр Д.Б г үйлдвэрлэлийн орж нас барахад зээлийн гэрээтэй холбоотой төлбөр тооцоог нарийвчлан судалж үзэхэд “ТК ББСБ” ХХК-д 2017 оны 10 сарын 03-ны өдөр 14,000,000 төгрөг, 2018 оны 12 сарын 04-ний өдөр 10,000,000 төгрөг, 2018 оны 12 сарын 26-ны өдөр 24,000,000 төгрөг, 2019 оны 09 сарын 10-ны өдөр 30,000,000 төгрөг, нийт 78,000,000 төгрөгийг төлж барагдуулсан байна.

Гэтэл 2019 оны 09 сарын 10-ны өдөр Д.Б гийн төлсөн 78,000,000 төгрөгөөс 65,502,363 төгрөгийг зээлийн хүүнд, 6,170,788 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүнд тооцон суутгаж үндсэн зээлийн төлбөрт 6,326,848 төгрөгийг төлснөөр тооцож, 82,673,151 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэйгээр тооцон 17/24-01 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг байгуулсан байна. Энэ нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4, 193 дугаар зүйлийн 193.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн учир Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Мөн дээрх гэрээнд “ТК ББСБ” ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд гарын үсэг зурсан байна.

Иймд 2019 оны 09 сарын 10-ны өдрийн 17/24-01 тоот зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү.

 

  1. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн хариу тайлбарын агуулга: Сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хуулийг буруу ойлгож сөрөг нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна.

          Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан зохицуулалт нь үүрэг гүйцэтгэгч нь хэд хэдэн үүргийн гүйцэтгэлийг хангах үүрэгтэй холбоотой зохицуулалт юм. Харин Иргэний хуулийн 193 дугаар зүйлийн 193.1 дэх хэсэгт заасан зохицуулалт нь хүлээх үүргээ тодорхой заахгүйгээр харилцан үүргээ хүлээх хэлбэрээр тохиролцох боломжийг талуудад олгосон зохицуулалт юм. Энэ нь зээлийн гэрээний тухайн харилцаанд хамааралгүй юм.

          Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

         

  1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.С- аас 113,129,687.33 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ТК ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 25,749,683 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.С д холбогдох эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэлтэй, ... тоот хаягт байршилтай 53.47 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгч “ТК ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар нэхэмжлэгч “ТК ББСБ” ХХК-д холбогдох 2019 оны 09 сарын 10-ны өдрийн 17/24-01 тоот зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хариуцагч Э.С-ын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “ТК ББСБ” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,080,497 төгрөгөөс 852,347 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч сөрөг нэхэмжлэлд төлөх 571,316 төгрөгөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Э.С-аас 723,598 төгрөг, улсын төсвөөс 157,950 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосон.  

 

  1. Хариуцагч талын давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

          а/. Зээлийн гэрээнд Э.С хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан боловч зээлийн эргэн төлөлт болон зарцуулалтын талаар мэдэхгүй. “ТК ББСБ” ХХК нь Д.Б гийн зээлийн гэрээний үүрэгт төлсөн 78,000,000 төгрөгөөс 65,502,363 төгрөгийг зээлийн хүүнд, 6,170,788.88 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүнд суутган авч үндсэн зээлийн төлбөрт ердөө 6,326,848.20 төгрөг төлснөөр тооцон, үндсэн зээлийн үлдэгдлийг 82,673,151 төгрөгөөр тооцон 2019 оны 09 сарын 10-ны өдөр 0 тоот “Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ” байгуулсан нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4, 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Анхан шатны шүүхээс сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн боловч үндэслэлийг шийдвэртээ тодорхой тусгаагүй.

          б/. “ТК ББСБ” ХХК нь банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй болохоо нотолж чадаагүй. “ТК ББСБ” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хавсралт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байхад тусгай зөвшөөрөлтэй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

          в/. Нэхэмжлэгчийн зүгээс 2017 оны 06 сарын 29-ний өдрийн 0 тоот “Зээлийн гэрээ”, 2019 оны 09 сарын 10-ны өдрийн 0 тоот “Зээлий гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ”-г цуцлах шаардлага огт гаргаагүй. 2019 оны 09 сарын 10-ны өдрийн “Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ”-ний дагуу хугацаа тоолбол 2022 оны 09 сарын 27-ны өдөр дуусгавар болох ёстой байсан. Гэтэл нэхэмжлэгч гэрээний хугацаа дуусгавар болоогүй байхад Э.С д гэрээг цуцлах талаар Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт заасны дагуу мэдэгдээгүй, гэрээг цуцлаагүй байж үндсэн зээлийн төлбөрийг зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт нэхэмжилж байгаа нь Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн.

          г/. Хариуцагч Э.С нь өөрийн нөхөр болох Д.Б гийн “ТК ББСБ” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээ, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээнд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан бөгөөд эдгээр гэрээнүүдэд хамтран зээлдэгч нь гэрээний үүргийг бүхэлд нь хариуцах талаар ямар нэгэн заалт тусгагдаагүй байдаг. Иймд Э.Сарангэрэл нь Иргэний хуулийн 490 дүгээр зүйлийн 490.1, 126 дугаар зүйлийн 126.2.1-д заасны дагуу өөрт ногдох хувь хэмжээ буюу нийт зээлийн үүргийн 50 хувийг хариуцан гүйцэтгэх ёстой юм.

          д/. Хариуцагчийн зүгээс Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт заасны дагуу зээлийн хүүг багасгаж өгөх хүсэлтийг гаргасан боловч шүүхийн зүгээс хүндэтгэн үзэх шалтгаан бүхий хүсэлтийг шийдвэрлээгүй орхисон билээ. Хариуцагч Э.С нь 4-14 насны 4 хүүхдийн хамт амьдардаг өрх толгойлсон эмэгтэй, мөн нөхөр Д.Б 2020 оны 07 сард үйлдвэрлэлийн осолд орж нас барснаас хойш сарын 630,000 төгрөгийн орлогоор гэр бүлээ тэжээдэг эмэгтэй юм.

          Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч Э.С-аас 67,086,307.98 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ТК ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэж өгнө үү.

 

  1. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

  1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

  1. Нэхэмжлэгч “ТК ББСБ” ХХК хариуцагч Э.С д холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 82,673,151.80 төгрөг, зээлийн хүү 56,086,187.95 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 120,031 төгрөг, нийт 138,879,370.75 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. /хх 1-2, 33/

 

  1. Хариуцагч Э.С нэхэмжлэлийн шаардлагаас 22,615,240 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргаж, 2019 оны 09 сарын 10-ны өдрийн 0 тоот “Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг шаардлага гаргажээ. /хх 30, 109-110/

 

  1. Хэргийн 7-9 дүгээр талд авагдсан 0 тоот “Зээлийн гэрээ”-нээс үзвэл Д.Б , Э.С нар “ТК ББСБ” ХХК-тай 2017 оны 06 сарын 29-ний өдөр 0 тоот “Зээлийн гэрээ” байгуулж, 89,000,000 төгрөгийг нэг сарын 3.3 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай, гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ төлөөгүй бол үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлтэйгээр зээлдэн авч, зээл, түүний хүүг буцаан төлөх хуваарийг баталсан үйл баримт тогтоогдож байна.

          Талууд дээрх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй бөгөөд анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.

 

  1. Дээрх ЗГ17/24 тоот “Зээлийн гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор талууд 2017 оны 06 сарын 29-ний өдөр 17/24 тоот “Барьцааны гэрээ” байгуулж, Д.Б гийн өмчлөлд бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 19-р хороо, 1-р хотхон, 5-р байрны 40 тоот хаягт байршилтай 32 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, ... хаягт байршилтай 53.47 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг тус тус барьцаалсан байна.

Барьцаа хөрөнгийн өмчлөгч Д.Б нас барсан үндэслэлээр “барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах” нэхэмжлэгч “ТК ББСБ” ХХК-ийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй учир давж заалдах шатны шүүхээс энэ талаар эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэв.

 

  1. Хэргийн 52-53 дугаар талд авагдсан 2019 оны 09 сарын 10-ны өдрийн 0 тоот “Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ”-нд 2017 оны 06 сарын 29-ний өдрийн 0 тоот “Зээлийн гэрээ”-ний хугацааг 36 сараар сунгах, зээлийн хүүг 2.5 хувь болгох нөхцөлийг тусгасан байх боловч уг нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ нь нэхэмжлэгчид шаардах эрх үүсгэхгүй гэж үзэв.

Учир нь тодорхой хугацаагаар байгуулагдсан гэрээг тухайн хугацаа дууссан өдрөөс сунгах учиртай бөгөөд 2017 оны 06 сарын 29-ний өдрийн 0 тоот “Зээлийн гэрээ”-ний 18 сарын хугацааг Иргэний хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт заасны дагуу тоолоход 2018 оны 12 сарын 29-ний өдөр дуусгавар болж байна.  

 

  1. Харин 2017 оны 06 сарын 29-ний өдрийн 0 тоот “Зээлийн гэрээ”-ний дагуу зээлдэгчийн хүлээх үүргийг тодорхойлоход 89,000,000 + (89,000,000 х 3.3% х 18 сар) = 141,866,000 төгрөг болж байна. Үүнээс зээлдэгчийн төлсөн 78,000,000 төгрөгийг хасахад 63,866,000 төгрөгийн үүрэг үлдэж байх тул уг дүнг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Мөн нэмэгдүүлсэн хүүгийн талаарх талуудын тохиролцоо Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсгийн зохицуулалтад нийцэж байх тул нэхэмжлэгчийн шаардсан 120,031 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүг хариуцагчаас гаргуулна.

Хариуцагч Э.С нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасны дагуу хамтран үүрэг гүйцэтгэгч болох тул нэхэмжлэгч “ТК ББСБ” ХХК нь мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардаж болох бөгөөд...” гэж заасны дагуу түүнээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардах эрхтэй.

Иймд “хамтран зээлдэгч нь гэрээний үүргийг бүхэлд нь хариуцах талаар гэрээнд тусгаагүй”, “Э.С нь нийт үүргийн 50 хувийг нь хариуцна” гэсэн агуулгаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй. Мөн “зээлийн мөнгөн хөрөнгийн зарцуулалтын талаар мэдэхгүй”, “хамтран зээлдэгчээр гарын үсэг зурах шаардлагатай гэсний дагуу зурсан” гэсэн агуулгаар гаргасан тайлбар нь зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

  1. Нэхэмжлэгч “ТК ББСБ” ХХК нь 2017 оны 06 сарын 29-ний өдрийн ЗГ17/24 тоот “Зээлийн гэрээ”-ний хугацаа дууссанаас хойшхи хугацааны хүүг шаардах эрхгүй байна. Тодруулбал, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн /1995.10.31/ 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана гэж заасан байтал талуудын байгуулсан ЗГ17/24 тоот зээлийн гэрээнд зээлдэгч гэрээний хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хүүг хэрхэн тооцох талаар тусгаагүй байна.

          Дээр дурдсанаар талууд гэрээндээ тодорхой заагаагүй хугацаа хэтэрсэн хүүгийн төлбөрийг хариуцагч төлөх үүрэг хүлээхгүй юм.

 

  1. “Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч үндэслэлийг нь шийдвэртээ тодорхойлоогүй”, “нэхэмжлэгч нь нь банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд болох нь нотлогдохгүй”, “Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт заасны дагуу зээлийн хүүг багасгаж өгөх тухай хүсэлтийг шүүх хүлээн аваагүй” гэсэн агуулгаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхив. Учир нь:

          а/. Шүүхээс сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан зохицуулалтыг баримталсан болох нь шийдвэрт тусгагдсан.

          б/. Нэхэмжлэгч нь банк бус санхүүгийн зээл, гадаад валютын арилжааны тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа эрхэлж байгаа болох нь хэргийн 132 дугаар талд авагдсан Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 11 сарын 29-ний өдрийн 9/4115 тоот албан бичигт дурдагдсан.

          в/. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаанд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан иргэд хоорондын зээлийн гэрээний зохицуулалтыг хэрэглэх боломжгүй.

 

  1. Сөрөг нэхэмжлэлийнхээ үндэслэл болгож буй Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4, 193 дугаар зүйлийн 193.1, 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэсэн үндэслэлээр 2019 оны 09 сарын 10-ны өдрийн 0 тоот “Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхээс сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв.      

           

  1. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 02-ны өдрийн 102/ШШ2021/03194 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.Саас 63,986,031 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ТК ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 74,893,339.75 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

Тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч “ТК ББСБ” ХХК-д холбогдох, 2019 оны 09 сарын 10-ны өдрийн 0 тоот “Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хариуцагч Э.С-ын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

Тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “ТК ББСБ” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,080,497 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Э.Саас улсын тэмдэгтийн хураамжид 477,880 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ТК ББСБ” ХХК-д буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э.С нь сөрөг нэхэмжлэлд төлөх 571,316 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжаас шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э.С-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 01 сарын 13-ны өдөр урьдчилан төлсөн 388,167 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                

 

                                            ШҮҮГЧИД                                      А.МӨНХЗУЛ

 

 

                                                                                                   Д.НЯМБАЗАР