Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2021/03110

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ........................... тоотод байрлах, М ХХК /РД:............/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: ................ тоотод байрлах, Э ХХК /РД:….............../-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 56,850,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г ,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М  ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М ХХК нь Э ХХК-тай 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр ...........тоот Хамтран ажиллах гэрээ байгүулан гүйцэтгэгч талын ........ аймгийн Орон нутгийн өмчийн газраас зарласан Ч -н хэрэгцээнд "Гудамж талбайн цэвэрлэгээ хог зайлуулалт хийх машин техник авах" техникийн тодорхойлолтод заасан бараа бүтээгдэхүүн нийлүүлэх ..............дугаартай тендерийн ажил гүйцэтгэхэд 40,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийн, улмаар тендерийн гүйцэтгэлийн нийт үнийн дүнгийн 10% буюу 14,900,000 төгрөг болон хөрөнгө оруулалт хийсэн 40,000,000 сая төгрөгийн хамт нийт 54,900,000 төгрөгийг хөрөнгө оруулагч тал болох М ХХК-д эргүүлэн төлөхөөр харилцан тохиролцон болно. Гэрээний дагуу М ХХК нь 2019 оны 07 дугаар сарын 24-ний Э ХХК-ийн ХААН банк дахь ..............тоотдансанд 40,000,000 төгрөгийг шилжүүлсэн болно. Харин Э ХХК нь эргүүлэн төлөх ёстой байсан 54,900,000 төгрөгийн төлбөрөөс 17,000,000 төгрөгийг барагдуулж үлдэгдэл төлбөр болох 37,900,000 төгрөгийг өнөөдөр хүртэл барагдүулалгүй явж ирлээ. Иймд энэхүү гэрээний үлдэгдэл төлбөр 37,900,000 төгрөг болон түүний алданги болох 18,950,000 төгрөг, нийт 56,850,000 төгрөгийг Э ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М ХХК нь 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Э ХХК-тай ........ аймагт гудамж талбай цэвэрлэгээ, хог зайлуулах, машин техник авах тендерийн ажилд хамтран ажиллах гэрээ байгуулж хөрөнгө оруулалт урьдчилгаа 40,000,000 төгрөг шилжүүлсэн. Хамтран ажиллах гэрээний 40,000,000 төгрөгөөс тендерийн үнийн дүнгийг 10 хувийг буцааж өгөхөөр тохиролцон гэрээ байгуулсан. Нэхэмжлэлд үндсэн төлбөр 22,000,000 төгрөг, тендерийн үнийн дүнгийн 10 хувь, хүү, алданги нийт 56,850,000 нэхэмжилсэн. Нэхэмжлэл гаргасны дараа 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хариуцагч 5,000,000 төгрөг шилжүүлсэн бөгөөд үндсэн төлбөр 17,000,000 төгрөг болсон. Иймд тендерийн үнийн дүнгийн 10% болох 14,900,000 төгрөг, алданги 18,950,000 төгрөг нийт 51,850,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Э ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: "М " ХХК-ийн тус шүүхэд "Э" ХХК-д холбогдуулан гаргасан "Хамтран ажиллах гэрээний төлбөрт 56,850,000 төгрөг гаргуулах тухай" нэхэмжлэлтэй танилцаад. Монгол Улсын ИХШХШТухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д зааснаар дараах хариу тайлбарыг гаргаж байна. Хариуцагч "Э" ХХК нь нэхэмжлэгч "М " ХХК-тай 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр ...........тоот "Хамтран ажиллах гэрээ" байгуулж, нийт 40,000,000 төгрөгийг хөрөнгө оруулалтын хэлбэрээр авсан нь үнэн. Дээрх 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр ...........тоот "Хамтран ажиллах гэрээ"-ний 2.2 дахь заалтад "Гүйцэтгэгч тал ажлыг ........ аймгийн Засаг даргын тамгын газарт актаар хүлээлгэж өгснөөр буюу гүйцэтгэлийн төлбөрийг өөрийн дансанд хүлээн авмагц хөрөнгө оруулагч талын Г.М ын ХХБанкны ..........тоот дансанд тендерийн гүйцэтгэлийн нийт үнийн дүнгийн 10% буюу 14,900,000 төгрөгийг, хөрөнгө оруулалтын 40,000,000 төгрөг нийт 54,900,000 төгрөгийн хамт шилжүүлнэ" гэж, 3.1 дэх заалтад "Гүйцэтгэгч нь ажпын гүйцэтгэлийг актаар хүлээлгэн өгч гүйцэтгэлийн төлбөрийг бүрэн хүлээн авмагц гэрээний төлбөрийг Хөрөнгө оруулагчийн дансанд шилжүүлээгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5% алданги төлнө" гэж тус тус заажээ. Дээрх гэрээнд тусгайлан заасанчлан хариуцагч "Э" ХХК нь ........ аймгийн Орон нутгийн өмчийн газраас зарласан Ч -ын хэрэгцээнд "Гудамж талбайн цэвэрлэгээ хог зарцуулалт хийх машин техник авах" техникийн тодорхойлолтод заасан бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх ..............дугаартай тендерийн ажил гүйцэтгэхэд "М " ХХК-тай хамтран ажилласан бөгөөд уг тендерийн ажилд оролцож чадаагүй бөгөөд энэ тендер нь цуцлагдсан байдаг. Энэ талаар холбогдох баримтуудыг ........ аймгийн Орон нутгийн өмчийн газраас авахуулах хүсэлттэй байна. Иймд гэрээний 2.2-т зааснаар тендерийн гүйцэтгэлийн үнийн дүнгийн 10% буюу 14,900,000 төгрөг болон гэрээний 3.1-д зааснаар алданги тооцож нэхэмжлэх үндэслэлгүй гэж үзэж байгаа бөгөөд хариуцагч "Э" ХХК-иас нийт 17,000,000 төгрөгийг буюу 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 7,000,000 төгрөг, 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 10,000,000 төгрөгийг /П.Очирпүрэв/ тус тус хөрөнгө оруулагч талын Г.М ын ХХБанкны 452582386 тоот данс руу шилжүүлсэн бөгөөд нэхэмжлэгч компани ч мөн энэ талаар нэхэмжпэлдээ дурджээ. Иймээс манай компани нэхэмжпэлийн шаардлагаас 23,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байгаа бөгөөд харин үлдэх 33,850,000 төгрөгийг төлөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа бөгөөд "М " ХХК-ийн гаргасан нэхэмжпэлийн шаардлагын бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э ХХК нь 18,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. Гэрээнд зааснаар тендерийн үнийн дүнгийн 14,900,000 төлөх үүрэггүй бөгөөд ........ аймагт явагдсан тендерийн ажил гэрээ цуцлагдан учраас ажил явагдаагүй бөгөөд төлбөр шилжиж ороогүй тул төлөх үүрэг үүсээгүй. Мөн хамтран ажиллах гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар алданги төлөх ёстой гэж заасан боловч алдангийг тооцохдоо ажлын гүйцэтгэлийг актаар хүлээлгэн өгч гүйцэтгэлийн төлбөр бүрэн шилжиж ирснээс хойш алданги төлнө гэж заасан байдаг бөгөөд үйл ажиллагаа явагдаагүй төлбөр орж ирээгүй, гүйцэтгэлийн акт хүлээлгэж өгөөгүй учраас үүрэг үүсэгүй гэж үзэж байна. Тендер анх зарлагдахдаа 28 ширхэг хогийн сав, 1 машин авахаар зарлдагдсан боловч манайд ирэхдээ 28 ширхэг хогийн сав байхгүй болж, 1 машин болсон учраас манайх гэрээнээс татгалзсан. 28 ширхэг хогийн савтай холбоотойгоор 14,000,000 төгрөгийн бетонон хийц болон тээврийн зардалыг гарган ........ аймагруу явуулсан эрсдэл үүсэн. Тухайн үед ажиллаж байсан захиралын алдаанаас болж ийм байдалд хүрсэн учир 18,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа гэжээ.

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Нэхэмжлэгч М  ХХК нь хариуцагч Э ХХК-д холбогдуулан 56,850,000 төгрөгийг гаргуулахаар шаардсанаас хариуцагч 18,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг төлөхөөс татгалзаж маргасан байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, тайлбартаа ...Хамтран ажиллах гэрээ байгуулж, 40,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, ашиг 14,900,000 төгрөгийг хөрөнгө оруулсан 40,000,000 төгрөгийн хамт нийт 54,900,000 төгрөгийг авахаар хариуцагчтай гэрээ байгуулсан. Хариуцагч нь 54,900,000 төгрөгөөс 18,000,000 төгрөгийг шилжүүлэн. Үлдэх 37,900,000 төгрөг, гэрээнд зааснаар алданги 18,950,0000 төгрөг нийт 56,850,000 төгрөгийг төлөх үүрэгтэй. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хугацаанд хариуцагч 5,000,000 төгрөгийг төлсөн, үлдэх 51,850,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна гэжээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 18,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг төлөхөөс татгалзсан үндэслэл, тайлбартаа ... Хамтран ажиллах гэрээ-ний дагуу манай компани тендерт шалгарч, гэрээ байгуулсан ч гэрээт ажлыг хийж гүйцэтгээгүй. Хамтран ажиллах гэрээгээр тохиролцсон ажил хийгдэж, тендерийн мөнгө аваагүй тул ашиг, алданги төлөх үндэслэлгүй гэжээ.

 

Нэхэмжлэгч М  ХХК, хариуцагч Э ХХК нь хамтран ажиллаж ашиг олох зорилгоор 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр ..... дугаар Хамтран ажиллах гэрээ-г бичгээр байгуулсан байна.

 

Гэрээнд ........ аймгийн Орон нутгийн өмчийн газраас зарласан Ч -ийн хэрэгцээнд Гудамж талбайн цэвэрлэгээ хог зайлуулалт хийх машин техник авах техникийн тодорхойлолтод заасан бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх ..............дугаартай тендерийн гэрээт ажил гүйцэтгэхэд А тал буюу нэхэмжлэгч М  ХХК нь 40,000,000 төгрөгийн хөрөнгө оруулах, Б тал буюу хариуцагч Э ХХК нь тендерийн гэрээт ажлыг хариуцан хийж гүйцэтгэн тендерийн гүйцэтгэлийн нийт үнийн дүн болох 149,000,000 төгрөгөөс 10 хувь буюу 14,900,000 төгрөгийг хөрөнгө оруулсан 40,000,000 төгрөгийн хамт нэхэмжлэгчид өгөхөөр тохиролцсон байна. /1 дүгээр хх-ийн 5 дугаар тал/

 

Зохигчид хамтран ажиллах гэрээг харилцан тохиролцсоны дагуу байгуулж, нэхэмжлэгчээс 40,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн, хариуцагч нь 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 7,000,000 төгрөг, 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 10,000,000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 5,000,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид шилжүүлсэн талаар маргаагүй.

 

Талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээ нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээний агуулгад нийцэх, хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлагыг зөрчөөгүй, хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Хариуцагч Э ХХК нь Орон нутгийн хөгжийн сангийн хөрөнгөөр санхүүжих 150,000,000 төгрөгийн төсөвтэй Гудамж талбайн цэвэрлэгээ, хог зайлуулалтыг хийн машин техник авах тендерт 149,000,000 төгрөгөөр ажлыг хийж гүйцэтгэхээр шалгарч, 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Гудамж талбайн цэвэрлэгээ, хог зайлуулалтыг хийн машин техник авах .................. дугаартай гэрээг байгуулсан байх боловч гэрээний хугацаандаа техник нийлүүлээгүй, өөрийн хүсэлтээр гэрээнээс татгалзсан учир дахин тендер зарлан дараагийн гүйцэтгэгчийг шалгаруулсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан ........ аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Орон нутгийн өмчийн зарын 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 473 дугаартай албан бичиг, ........ аймгийн Засаг даргын тамгын газрын 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ...... дугаартай албан бичиг, ........ аймаг Ч -ын 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн .... дугаартай албан бичиг, ........ аймгийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1/1392 дугаартай албан бичиг, Аймгийн Засаг даргын 2019 оны ...... дүгээр захирамжаар байгуулсан үнэлгээний хорооны 2019 оны 07 дугаар сарын 1-ний өдрийн 01 дүгээр дүгнэлт, 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Гудамж талбайн цэвэрлэгээ, хог зайлуулалтыг хийн машин техник авах ....... дугаар гэрээ зэрэг нотлох баримтаар нотлогдож байна. /1 дүгээр хх-ийн 39, 2 дугаар хх-ийн 7-15 дугаар тал/

 

Ийнхүү хариуцагч нь хамтран ажиллах гэрээний дагуу Гудамж талбайн цэвэрлэгээ, хог зайлуулалтыг хийн машин техник авах гэрээт ажлыг гүйцэтгэхээс татгалзсантай холбоотойгоор хамтын ажиллагаа бодитоор хэрэгжээгүй учир гэрээний дагуу шилжүүлсэн 40,000,000 төгрөгөөс 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 7,000,000 төгрөг, 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 10,000,000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлсэн нь тогтоогдож байна гэж үзэв.

 

Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.3-т Хамтран ажиллах гэрээ дуусгавар болсноор биелүүлээгүй хэлцлийг дуусгавар болгож, үлдэх хөрөнгийн жагсаалтыг үйлдэж, талуудад хуваарилна, мөн хуулийн 478 дугаар зүйлийн 478.8-д Гэрээнд өөрөөр заагаагүй бол ашгийг талуудын төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хуваарилна гэж заасан.

 

Нөгөө талаар хамтын ажиллагаа хэрэгжиж, ашигтай ажилласан, хамтран ажиллах гэрээний 3.1-т заасан гүйцэтгэлийн төлбөр хүлээн авсан гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байх тул 14,900,000 төгрөгийн ашиг, 18,950,000 төгрөгийн алдангийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчээс шилжүүлсэн 40,000,000 төгрөгөөс 18,000,000 төгрөгийг буцааж өгөхийг зөвшөөрсөн байх бөгөөд буцаан шилжүүлэх нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т заасан зохицуулалтад нийцнэ.

 

Иймд хариуцагч Э ХХК-иас 18,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М  ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 33,850,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 442,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 247,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476,1, 205 дугаар зүйлийн 205.1 дахь заалтыг баримтлан хариуцагч Э ХХК-иас 18,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М  ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 33,850,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч М  ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 442,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э ХХК-ас 247,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.