Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2022/00296

 

 

2022 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2022/00296

 

М ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2021/03110 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М ХХК-ийн хариуцагч Э ХХК-д холбогдуулан гаргасан 56,850,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: М ХХК нь Э ХХК-тай 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр №19/0701 тоот хамтран ажиллах гэрээ байгуулан гүйцэтгэгч талын Дорнод аймгийн Орон нутгийн өмчийн газраас зарласан Чойбалсан хөгжил ОНӨААТҮГ-н хэрэгцээнд "Гудамж талбайн цэвэрлэгээ хог зайлуулалт хийх машин техник авах" техникийн тодорхойлолтод заасан бараа бүтээгдэхүүн нийлүүлэх ДОАОНӨГ/201901063 дугаартай тендерийн ажил гүйцэтгэхэд 40,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийн, улмаар тендерийн гүйцэтгэлийн нийт үнийн дүнгийн 10% буюу 14,900,000 төгрөг болон хөрөнгө оруулалт хийсэн 40,000,000 сая төгрөгийн хамт нийт 54,900,000 төгрөгийг хөрөнгө оруулагч тал болох М ХХК-д эргүүлэн төлөхөөр харилцан тохиролцон болно. Гэрээний дагуу М ХХК нь 2019 оны 07 дугаар сарын 24-ний Э ХХК-ийн ХААН банк дахь  дансанд 40,000,000 төгрөгийг шилжүүлсэн болно. Харин Э ХХК нь эргүүлэн төлөх ёстой байсан 54,900,000 төгрөгийн төлбөрөөс 17,000,000 төгрөгийг барагдуулж үлдэгдэл төлбөр болох 37,900,000 төгрөгийг өнөөдөр хүртэл барагдуулаагүй. Иймд энэхүү гэрээний үлдэгдэл төлбөр 37,900,000 төгрөг болон түүний алданги болох 18,950,000 төгрөг, нийт 56,850,000 төгрөгийг Э ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: "Э" ХХК нь "М" ХХК-тай 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр №19/0701 тоот хамтран ажиллах гэрээ байгуулж, нийт 40,000,000 төгрөгийг хөрөнгө оруулалтын хэлбэрээр авсан нь үнэн. Дээрх гэрээнд тусгайлан заасанчлан хариуцагч "Э" ХХК нь Дорнод аймгийн Орон нутгийн өмчийн газраас зарласан Чойбалсан хөгжил ОНӨААТҮГ-ын хэрэгцээнд "Гудамж талбайн цэвэрлэгээ хог зарцуулалт хийх машин техник авах" техникийн тодорхойлолтод заасан бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх ДОАОНӨГ/201901063 дугаартай тендерийн ажил гүйцэтгэхэд "М" ХХК-тай хамтран ажилласан бөгөөд уг тендерийн ажилд оролцож чадаагүй бөгөөд энэ тендер нь цуцлагдсан байдаг. Энэ талаар холбогдох баримтуудыг Дорнод аймгийн Орон нутгийн өмчийн газраас авахуулах хүсэлттэй байна. Иймд гэрээний 2.2-т зааснаар тендерийн гүйцэтгэлийн үнийн дүнгийн 10% буюу 14,900,000 төгрөг болон гэрээний 3.1-д зааснаар алданги тооцож нэхэмжлэх үндэслэлгүй гэж үзэж байгаа бөгөөд хариуцагч "Э" ХХК-аас нийт 17,000,000 төгрөгийг буюу 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 7,000,000 төгрөг, 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 10,000,000 төгрөгийг /П.Очирпүрэв/ тус тус хөрөнгө оруулагч талын Г.М-ын ХХБанкны 452582386 тоот данс руу шилжүүлсэн бөгөөд нэхэмжлэгч компани ч мөн энэ талаар нэхэмжпэлдээ дурджээ. Иймээс манай компани нэхэмжлэлийн шаардлагаас 23,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байгаа бөгөөд харин үлдэх 33,850,000 төгрөгийг төлөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа бөгөөд "Могпластик" ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476,1, 205 дугаар зүйлийн 205.1 дахь заалтыг баримтлан хариуцагч Э ХХК-аас 18,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 33,850,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч М ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 442,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э ХХК-аас 247,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхээс харицагч тал болох Э ХХК нь хамтран ажиллах гэрээний дагуу тендерийн гэрээт ажлын гүйцэтгэлээс татгалзсантай хобоотойгоор хамтын ажиллагаа бодитойгоор хэрэгжээгүй гэж дүгнэсэн байна. Хамтран гэрээний нэг тал гэрээнээс татгалзахдаа нөгөө талдаа заавал мэдэгдэх үүрэгтэй байхад Э ХХК нь гэрээнээс татгалзснаа М ХХК-д мэдэгдээгүй, бидний зүгээс Дорнод аймагт зарласан тендерийн ажилд тус компани оролцож, шалгарч тендерийн ажлыг хийж гүйцэтгэсэн гэж ойлгож байсан ба иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад тендерээс Э ХХК нь өөрийн хүсэлтээр татгалзсан гэдгийг олж мэдсэн. Иймд шүүхээс Э ХХК-ийг гэрээнээс татгалзсан гэж үзсэнийг хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт гэж үзэж байна. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э ХХК нь Дорнод аймгийн орон нутгайн өмчийн газраас зарласан Гудамж тайлбайн цэвэрлэгээ, хог зайлуулалт хийх машин техник худалдан авах техникийн тодорхойлолтод заасан бараа бүтээгдэхүүн нийлүүлэх ДОАОНӨГ/20190Ю63 дугаартай тендерт шалгарч уг тендерийн ажлаа хийж гүйцэтгэхээсээ өөрийн хүсэлтээр татгалзсан нь хамтран ажиллах гэрээний үүргээ зөрчсөнөөс гадна тендерийн ажлыг хийж гүйцэтгэхээс татгалзсанаар хөрөнгө оруулагч М ХХК-ийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх нөхцөл байдал үүссэн гэж үзэх үндэслэлгүйгээс гадна Э ХХК нь хөрөнгө оруулагч М ХХК-ийн өмнө үүрэг үүснэ. Иймээс М ХХК нь учирсан хохирлоо шаардах эрхтэй. Хэрэв шүүхээс хариуцагчийг гэрээнээс сайн дураараа татгалзсан гэж үзэж байгаа бол гэрээний нэг тал болох М ХХК-ийн өмнө хариуцагч Э ХХК нь тодорхой үүрэг хүлээх ёстой байснаас гадна Э ХХК нь гэрээс өөрийн хүсэлтээр татгалзсан нь М ХХК-аас шалтгаалаагүй болно. Шүүхээс талуудын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээг Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний агуулгад нийцэх хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлага зөрчөөгүй хүчин төгөлдөр хэлцэл гэж дүгнэсэн. Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.1 дэх хэсэгт зааснаар гэрээг дуусгавар болгох үндэслэлүүдийг заасан байхад шүүхээс гэрээг аль үндэслэлээр дуусгавар болсон гэж дүгнэж байгаа нь ойлгомжгүй анхан шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч талаас давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан ба 40,000,000 төгрөгийг хамтран ажиллах гэрээний дагуу нэхэмжлэгчээс авсан ба энэ мөнгөний үлдэгдэл 18,000,000 төгрөгийг буцаан өгөхийгөө Э ХХК хүлээн зөвшөөрдөг. Харин алданги болон олох ёстой байсан ашгийг өгөхгүй гэж маргадаг. Учир нь талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээнд заасан ажил үүрэг гүйцэтгэгдээгүй тул ашиг гэж өгөх байсан 14,900,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй. Дорнод аймгийн худалдан авах ажиллагааны газраас ирүүлсэн албан тоотууд болон бусад баримтуудаар тухайн ажил үйлчилгээ явагдаагүй болох нь харагддаг. Иймд анхан шатны шүүх хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Хамтран ажиллах гэрээ гэж дүгнээд Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.11 дэх хэсэгт зааснаар алдагдлийг гэрээний талууд хамтран хариуцах ёстой байтал Э ХХК нь Дорнод аймагт аваачсан биет зүйлсийг авах боломжтой учраас алдагдал гэж үзэхгүй тул хүлээн авсан мөнгөө буцаан өгөхөд татгалзах зүйлгүй. Иймд анхан шатны шүүхээс үндсэн төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох гомдолд заасан үндэслэл тогтоогдоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар хэвээр үлдээв.

 

1. Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Э ХХК-д холбогдуулан хамтран ажиллах гэрээний үүрэгт 56,850,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч 18,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

2. Талуудын хооронд 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 19/07-01 тоот хамтран ажиллах гэрээ байгуулагдсан бөгөөд Дорнод аймгийн Орон нутгийн өмчийн газраас зарласан Чойбалсан хөгжил ОНӨААТҮГ-ийн хэрэгцээнд Гудамж талбайн цэвэрлэгээ хог зайлуулалт хийх машин техник авах техникийн тодорхойлолтод заасан бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх ДОАОНӨГ/201901063 дугаартай тендерийн гэрээт ажил гүйцэтгэхэд М ХХК нь 40,000,000 төгрөгийн хөрөнгө оруулах, Э ХХК нь тендерийн гэрээт ажлыг хариуцан хийж гүйцэтгэн тендерийн гүйцэтгэлийн нийт үнийн дүн болох 149,000,000 төгрөгөөс 10 хувь буюу 14,900,000 төгрөгийг хөрөнгө оруулсан 40,000,000 төгрөгийн хамт М ХХК-д өгөхөөр тохиролцсон болох нь хэргийн 1 дүгээр хавтасны 5 дахь талд хамтран ажиллах гэрээ болон зохигчдын тайлбараар тогтоогдсон байна.

 

3. Нэхэмжлэгч М ХХК нь гэрээнд заасны дагуу 40,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн, хариуцагч Э ХХК нь 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 7,000,000 төгрөг, 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 10,000,000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 5,000,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч М ХХК-д шилжүүлсэн үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

Харин хариуцагч нь хамтран ажиллах гэрээний дагуу Гудамж талбайн цэвэрлэгээ, хог зайлуулалтыг хийн машин техник авах гэрээт ажлыг гүйцэтгэхээс татгалзсантай холбоотойгоор зохигчдын хооронд маргасан.

 

4. Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэсэн байна.

 

Хариуцагч компани нь хамтран ажиллах гэрээний дагуу Гудамж талбайн цэвэрлэгээ, хог зайлуулалтыг хийн машин техник авах гэрээт ажлыг гүйцэтгэхээс татгалзсантай холбоотойгоор хамтын ажиллагаа бодитоор хэрэгжээгүй тул хариуцагч нь гэрээний дагуу шилжүүлсэн 40,000,000 төгрөгөөс 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 7,000,000 төгрөг, 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 10,000,000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлсэн болох нь тогтоогджээ. /1хх6-8 дахь тал/

 

5. Хариуцагч нь Орон нутгийн хөгжийн сангийн хөрөнгөөр санхүүжих 150,000,000 төгрөгийн төсөвтэй Гудамж талбайн цэвэрлэгээ, хог зайлуулалтыг хийн машин техник авах тендерт 149,000,000 төгрөгөөр ажлыг хийж гүйцэтгэхээр шалгарч, 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Гудамж талбайн цэвэрлэгээ, хог зайлуулалтыг хийн машин техник авах ОНХС-2.5.14/2019 дугаартай гэрээг байгуулсан байна. Гэвч гэрээнд заасан хугацаанд техник нийлүүлээгүй, өөрийн хүсэлтээр гэрээнээс татгалзсан тул дахин тендер зарлан дараагийн гүйцэтгэгчийг шалгаруулсан болох нь хэргийн 1 дүгээр хавтасны 39, 2 дугаар хавтасны 7-15 дахь талд авагдсан Дорнод аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Орон нутгийн өмчийн зарын 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 473 дугаар, Дорнод аймгийн Засаг даргын тамгын газрын 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 5/2197 дугаар, Дорнод аймаг Чойбалсан хөгжил ОНӨААТҮГ-ын 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 228 дугаар, Дорнод аймгийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1/1392 дугаар албан бичгүүд, Аймгийн Засаг даргын 2019 оны А/59 дүгээр захирамжаар байгуулсан үнэлгээний хорооны 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 01 дүгээр дүгнэлт, 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Гудамж талбайн цэвэрлэгээ, хог зайлуулалтыг хийн машин техник авах ОНХС-2.5.14/2019 тоот гэрээ зэрэг бичгийн баримтаар тогтоогдсон байна. /1хх-39, 2хх7-15 дахь тал/

 

6. Талуудын байгуулсан гэрээний 3.1 дэх хэсэгт гүйцэтгэгч нь ажлын гүйцэтгэлийг актаар хүлээлгэн өгч гүйцэтгэлийн төлбөрийг бүрэн хүлээн авмагц гэрээний төлбөрийг хөрөнгө оруулагчийн дансанд шилжүүлээгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцож төлнө гэж тохиролцсон. Хариуцагч нь тендерийн ажлын төлбөр хүлээн авсан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй. Иймд 14,900,000 төгрөгийн ашиг, 18,950,000 төгрөгийн алдангийг нэхэмжлэгч хариуцагчаас шаардах эрхгүй байна.

 

Гэрээнд хариуцагч нь ажлын хөлсийг авснаас хойш нэхэмжлэгчид шилжүүлээгүй тохиолдолд алданги төлөх үүрэг үүсэхээр заажээ. Гэрээнд заасан нөхцөл бүрдээгүй учраас нэхэмжлэгч алданги шаардах эрхгүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно. /4/

 

7. Хариуцагч нь нэхэмжлэгчээс шилжүүлсэн 40,000,000 төгрөгөөс 18,000,000 төгрөгийг буцааж өгөхийг зөвшөөрсөн нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасантай нийцсэн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Анхан шатны шүүх хариуцагчаас 18,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 33,850,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасантай нийцсэн тул энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна. /4/

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2021/03110 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 326,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ