Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2021/02995

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: ..................................., БББСБ ХХК /РД:..................../-ийн нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: .........................тоотод оршин суух бүртгэлтэй, ...................... тоотод оршин суух, Боржигон ургийн овогтой Г.Ж /РД:....................../-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 94,101,152.91 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Л нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Г.Ж  2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр .......................... тоот зээл, барьцааны гэрээ байгуулж, зээлийн гэрээний барьцаанд .......................... тоот 43 м.кв 3 өрөө байрыг барьцаалж, барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэн, тус банк бус санхүүгийн байгууллагаас 12 сарын хугацаатай 4.2 хувийн хүүтэйгээр 35,000,000 төгрөг зээлсэн. Г.Ж тай байгуулсан зээлийн гэрээний хугацаа дуусаж, дуусгавар болсон. Өнөөдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 44,957,623.47 төгрөг, зээлийн хүү 43,231,792.49 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 7,311,737.52 төгрөгийг нэхэмжилж, мөн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн барьцааны гэрээний дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Манай байгууллагын нэхэмжилж буй нийт мөнгөн дүн 94,101,152.91 төгрөг гэж заасан. Хуульчийн зардал гэж 8,600,000 төгрөгийг нэхэмжилсэн байсан нэхэмжлэлийн шаардлагаас хэсэгчлэн татгалзаж байгаа. Учир нь банк бус санхүүгийн байгууллага хууль зүйн зөвлөгөө аваагүй бөгөөд нотлох баримтын шаардлага хангасан баримтгүй тул 85,501,152.91 төгрөгийг нэхэмжилж байна. 2017 оноос хойш яагаад өнөөдрийг хүртэл явсан бэ гэвэл зээлдэгч Г.Ж 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 6 сараар, 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 9 сараар, 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 8 сарын хугацаатай 3 удаа зээлийн гэрээний хугацааг сунгасан. Бүх сунгалт 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр дуусгавар болдог. Үүнээс хойш хүү, тооцооллын хувьд хүүлсэн байгаа. .Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны хуулийн дагуу зээлдэгч нь үндсэн зээлийн хүүг төлж барагдуулаагүй тохиолдолд Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээд нь үндсэн зээлийн үүрэг дуусгавар болох хүртэл хугацаанд хүүлнэ гэсний дагуу нэхэмжилсэн. 85,501,152.91 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Б ББСБ ХХК нь хариуцагч Г.Ж д холбогдуулан зээлийн гэрээний дагуу зээлийн үлдэгдэл 34,957,623.47 төгрөг, зээлийн хүү 43,231,792.49 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,311,737.52 төгрөг, хуульчийн зардал 8,600,000 төгрөг нийт 94,101,152,91 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан байх бөгөөд шүүх хуралдаанд нэмэгдүүлсэн хүүгийн 3,655,868,26 төгрөг, хуульчийн зардал 8,600,000 төгрөг гаргуулах шаардлагаас татгалзаж, 81,845,284.65 төгрөг гаргуулахаар шаардсан байна.

 

1.Зээлийн гэрээний дагуу 81,845,284.65 төгрөг гаргуулах шаардлагын тухайд

 

Нэхэмжлэгч Б ББСБ ХХК, хариуцагч Г.Ж  нар 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр .......................... тоот зээлийн гэрээг бичгээр байгуулсан байх бөгөөд гэрээгээр 35,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, нэг сарын 4.2 хувийн хүүтэй зээлдүүлэхээр, хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг төлөөгүй бол үндсэн хүүгийн 20 хувийн нэмэгдүүлсэн хүү тооцохоор харилцан тохиролцжээ. /хх-ийн 12 дугаар тал/

 

Хариуцагч Г.Ж аас 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан зээлийн гэрээний хугацааг 6 сараар сунгах хүсэлтээр, зээлийн гэрээний хугацааг 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүртэл 6 сараар, 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр гаргасан зээлийн гэрээний хугацааг 9 сараар сунгах хүсэлтээр зээлийн гэрээний хугацааг 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүртэл 9 сараар, 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдөр гаргасан зээлийн гэрээний хугацааг 8 сараар сунгах хүсэлтээр зээлийн гэрээний хугацааг 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүртэл 8 сараар тус тус сунгасан байна. /хх-и13-23 дугаар тал/

 

Зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид гэрээний дагуу 35,000,000 төгрөгийг шилжүүлэх үүргээ биелүүлсэн боловч хариуцагч гэрээгээр тохирсон зээл, зээлийн хүүг хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчиж, төлбөрөө бүрэн төлөөгүй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийг зээл, зээлийн хүүг төлөх үүргээ биелүүлээгүй учир зээлийн үлдэгдэл 34,957,623.47 төгрөг, зээлийн хүү 43,231,792.49 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,656,868.26 төгрөг нийт 81,548,284.65 төгрөг гаргуулахаар шаардсан.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд бичгээр байгуулсан зээлийн гэрээ, гэрээний хугацааг сунгахаар тохиолцсон хэлцэл хүчин төгөлдөр байна гэж дүгнэлээ.

 

Зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.3-т үндсэн хүү сарын 4,2 хувь, 2.5-д зээлийн хүү, үндсэн зээлийг хуваарийн дагуу төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гэрээний үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр тохиролцож, энэ дагуу үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг зээлд төлсөн төлбөрөөс тооцож авсан, үлдэх хэсгийг тооцсон нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн заалтыг зөрчөөгүй байна.      

 

Нэхэмжлэгч нь хариуцагч нараас зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан шаардлагыг гаргаж байсан болох нь 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 07 дугаар, 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2020/01/08 дугаар мэдэгдлээр нотлогдож байна. Мөн нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдох зээлийн гэрээтэй холбоотой шаардлагыг гаргаж байсан болох нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын сарын 07-ны өдрийн ................... дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, ...............дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн ................. дугаартай Г.Ж ыг эрэн сурвалжлахаар шийдвэрлэсэн шийдвэр, ...............дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн ................... дугаартай Г.Ж ы хаягийг олж тогтоосон албан бичиг зэргээр нотлогдож байна.

 

Хуулийн дээрх зохицуулалт, гэрээний зохицуулалтын дагуу зээл 34,957,623.47 төгрөг, зээлийн хүү 43,231,792.49 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,656,868.26 төгрөг нийт 81,548,284.65 төгрөгийг хариуцагч Г.Ж аас гаргуулан нэхэмжлэгч Б ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна гэж дүгнэв.

 

2.Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын тухайд

 

Нэхэмжлэгч Б ББСБ ХХК, хариуцагч Г.Ж д холбогдуулан 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр .......................... тоот барьцааны гэрээний дагуу барьцаа хөрөнгө болох Г.Ж өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн ..........................дугаарт бүртгэлтэй, ...................... тоот, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаарджээ.

 

Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д зааснаар барьцааны эрх нь зээлдүүлэгчийн шаардах эрхтэй салшгүй холбоотой эрх бөгөөд мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д зааснаар барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсноор барьцааны эрх дуусгавар болдог.

 

Хариуцагч Г.Ж  нь зээлийн гэрээний үүргээ сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д зааснаар Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй, мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж заасан.

 

Талуудын хооронд 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр байгуулагдсан .......................... тоот барьцааны гэрээ нь тэдний хүсэл зоригийн дагуу хийгдсэн, хуульд заасан бичгээр байгуулж, нотариатчаар гэрчлүүлэн улсын бүртгэлд бүртгүүлэх хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл байх тул нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй байна.

 

Иймд хариуцагч зээлийн төлбөр төлөх үүргээ сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Г.Ж ы өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн ..........................дугаарт бүртгэлтэй, ...................... тоот, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь хуульд нийцнэ гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй, 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж тус тус заасан.

 

Хариуцагч нь шүүхэд хариу тайлбар гаргаагүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 хэсэгт заасны дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 698,655 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Г.Ж аас 637,376 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч БББСБ ХХК-д олгохоор хуваарилав.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Г.Ж аас 81,548,284.65 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б ББСБ ХХК-д олгосугай.

 

2.Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Г.Ж  нь нэхэмжлэгч Б ББСБ ХХК-д 81,548,284.65 төгрөг төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Г.Ж ы өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн ..........................дугаарт бүртгэлтэй, ......................... тоот, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Б ББСБ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 698,655 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Г.Ж аас 637,376 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.