Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2022/00551

 

 

 

 

 

 

 

                

“Б.И.ДББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч А.Мөнхзул, шүүгч Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2021/02995 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “Б.И.ДББСБ” ХХК-ийн хариуцагч Г.Жд холбогдуулан гаргасан 94,101,152.91 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жамъяндорж, хариуцагчийн өмгөөлөгч Г.Ганбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Даваасүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Б.И.ДББСБ” ХХК-ийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Иргэн Г.Ж 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ЗГ010000302545 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, зээлийн гэрээний барьцаанд Баянгол дүүрэг, ... дүгээр хороо, ... дугаар байр, ... тоот 43 м.кв 3 өрөө байрыг барьцаалж, барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэн, тус банк бус санхүүгийн байгууллагаас 12 сарын хугацаатай, 4.2 хувийн хүүтэйгээр 35,000,000 төгрөг зээлсэн. Г.Жтай байгуулсан зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон. Өнөөдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 44,957,623.47 төгрөг, зээлийн хүү 43,231,792.49 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,311,737.52 төгрөгийг нэхэмжилж, мөн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн барьцааны гэрээний дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Манай байгууллагын нэхэмжилж буй нийт 94,101,152.91 төгрөгөөс хуульчийн зардалд нэхэмжилсэн 8,600,000 төгрөгийн шаардлагаас татгалзаж байгаа. Учир нь банк бус санхүүгийн байгууллага хууль зүйн зөвлөгөө аваагүй бөгөөд нотлох баримтын шаардлага хангасан баримтгүй тул 85,501,152.91 төгрөгийг нэхэмжилж байна. 2017 оноос хойш яагаад өнөөдрийг хүртэл явсан бэ гэвэл зээлдэгч Г.Ж 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 6 сараар, 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 9 сараар, 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 8 сараар, нийт 3 удаа зээлийн гэрээний хугацааг сунгасан гэжээ.

 

2.    Хариуцагч шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Г.Жаас 81,548,284.65 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Б.И.ДББСБ” ХХК-д олгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Г.Ж нь нэхэмжлэгч “Б.И.ДББСБ” ХХК-д 81,548,284.65 төгрөг төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Г.Жы өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205015199 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, .... дүгээр хороо, ... дугаар байр, .... тоот, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч “Б.И.ДББСБ” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 698,655 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Г.Жаас 637,376 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн зээлийн гэрээний дагуу хүүг төлсөн байхад нэмэгдүүлсэн хүү бодсон, хүүгийн тооцоолол эргэлзээтэй буюу нарийвчлан тодорхойлоогүй байхад шүүх үүнийг нягтлаагүй, хэт нэг талыг баримтлан шийдвэр гаргасан. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн дагуу зээлийн хувийн хэрэг үүсгэсэн эсэх, зээлийн хувийн хэрэгт хуульд заасан бүрдүүлэх баримтыг бүрдүүлж зээлийг олгосон эсэх, зээлийн гэрээний хугацааг сунгасан эсэх нь тодорхойгүй, зээлийн гэрээг сунгах зээлийн хорооны зөвшөөрөл гарсан эсэх баримт авагдаагүй, нэхэмжлэгч зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан гэж дүгнэсэн атлаа цуцалснаас хойших хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагчаас гаргуулсан үндэслэлээ дурдаагүй, хэдий хугацааны үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжилсэн талаар шаардлагаа нарийвчлан тодорхойлоогүй байхад шүүх уг зээлийн хүүгийн тооцоолол дээр дүгнэлт хийгээгүй, холбогдох хуулийг зөрчөөгүй гэж дүгнэхдээ ямар заалт зохицуулалтыг зөрчсөн, эсхүл зөрчөөгүй талаар тодорхой дүгнэлт өгөөгүй, түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам буюу зохигчдод мэтгэлцэх боломж олгоогүй, шүүх хуралдаанд биечлэн оролцох боломж олгоогүй зэргээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Мэтгэлцэх зарчмаар хангаагүй гэж байна. Шүүхээс удаа дараа мэдэгдэх хуудас хүргүүлсэн баримтууд нь хэрэгт авагдсан байгаа. Хариуцагчийг өмнө нь эрэн сурвалжлуулж байсан. Мөн хариуцагчийн хаягаар нь нэхэмжлэл хүргүүлэхээр “уг хаягтаа бүртгэлтэй боловч оршин суудаггүй” гэх тодорхойлолт ирдэг. Хариуцагчийн хувьд давж заалдах гомдол гаргах эрхээ эдэлж байгаа бол шүүхэд дуудсан цагт хүрэлцэн ирэх үүргээ биелүүлэх ёстой гэж үзэж байна. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүрэгтэй. Иргэний хэрэг үүсгэснээс хойш 6 сарын хугацаа өнгөрөхөд хариу тайлбараа өгөөд мэтгэлцэх боломжтой байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй юм гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. “Б.И.ДББСБ” ХХК нь хариуцагч Г.Жд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 94,101,152.91 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа багасган 81,845,284.65 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилсэн ба хариуцагч шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй байна.

3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байна.

4. Шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гаргасан гомдолдоо “хүүг төлсөн байхад нэмэгдүүлсэн хүү бодсон, хүүгийн тооцоолол эргэлзээтэй буюу нарийвчлан тодорхойлоогүй байхад шүүх үүнийг нягтлаагүй,... зээлийн гэрээний хугацааг сунгасан эсэх нь тодорхойгүй, зээлийн гэрээг сунгах зээлийн хорооны зөвшөөрөл гарсан эсэх баримт авагдаагүй,... зохигчдод мэтгэлцэх боломж олгоогүй, шүүх хуралдаанд биечлэн оролцох боломж олгоогүй зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

5. Зохигчид 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ЗГ010000302545 дугаартай зээлийн гэрээ байгуулж, гэрээгээр Г.Ж 35,000,000 төгрөгийг сард 4.2 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлж, эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөрийг барагдуулахаар, зээлийн үндсэн төлбөр болон хүүг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ нь гэрээний үндсэн хүүгийн 20 хувь байна гэж тохиролцсон бөгөөд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 57 дугаар байрны 137 тоот 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалжээ.

6. Зээлийн болон барьцааны гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл болох талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

7. Талууд гэрээнд 3 удаа өөрчлөлт оруулж, гэрээний хугацааг 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл тогтоосон, зээлдэгч 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс хойш төлбөр хийгээгүй, энэ хугацаанд 20,834,417 төгрөгийг төлсөн үндэслэлээр нэхэмжлэгч үлдэгдэл төлбөрөө гэрээгээр тохирсон хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт нэхэмжилжээ.

8. Анхан шатны шүүх талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан, нэхэмжлэлийн шаардлага Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг зөрчөөгүй талаархи дүгнэлт хуульд нийцсэн байна.

9. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй” гэж, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заажээ.

10. Зээлдэгч зээл авсан талаар маргаагүй, “хүүг төлсөн байхад нэмэгдүүлсэн хүү бодсон, хүүгийн тооцоолол эргэлзээтэй буюу нарийвчлан тодорхойлоогүй байхад шүүх үүнийг нягтлаагүй” гэж гомдол гаргаж, барьцааны гэрээний талаар маргаагүй байна.

11. Хэрэгт авагдсан баримтаар зохигчид 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 12 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулсан, 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр, 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр, 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдрүүдэд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, гэрээний хугацааг 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл сунгасан бөгөөд нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээнд талууд гарын үсгээ зуржээ.

12. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурснаар бичгээр хийх хэлцлийг хийсэн гэж үзэх тул гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан талуудын тохиролцоо хуульд нийцсэн, энэ үндэслэлээр “зээлийн гэрээний хугацааг сунгасан эсэх нь тодорхойгүй, зээлийн гэрээг сунгах зээлийн хорооны зөвшөөрөл гарсан эсэх баримт авагдаагүй” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.

13. Зээлдэгч үндсэн зээл 34,957,623.47 төгрөг, зээлийн хүү 43,231,792.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,655,868,26 төгрөг, нийт 81,845,284.65  төгрөгийн төлбөртэй талаархи нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч баримтаар үгүйсгээгүй, тооцоог эс зөвшөөрсөн үндэслэл, тайлбараа нотлоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч нь тайлбар гаргаж мэтгэлцээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

14. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, маргаантай харилцааг зөв тодорхойлж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцжээ.

15. Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2021/02995 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнх-Эрдэнийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч Г.Жаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 637,376 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.ДАВААДОРЖ

 

                              ШҮҮГЧИД                             А.МӨНХЗУЛ

  

                                                                           Д.БЯМБАСҮРЭН