Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 2021/ДШМ/10    

 

И.М-ад холбогдох эрүүгийн хэргийн тухай    

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/10 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч И.М-ад холбогдох эрүүгийн 2013002610207 дугаартай хэргийг шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Даулетжан, прокурор Х.Өрен, шүүгдэгч И.М-, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Айбек нар оролцов.

 

...урьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, 2012 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял, 2012 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ял, 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял, Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 145 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял (Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 296 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 37 хоногийн хорих ялаар сольсон) тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, И.М нь 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвгэрт байрлах Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн оюутны дотуур байрны хажууд иргэн З.Н-ыг зодож, түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2021/ШЦТ/10 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч И.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.М-ад 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.М-ад оногдуулсан 3 /гурван/ жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч И.М-ын давж заалдах гомдолд:  “Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2021/ШЦТ/10 тоот шийдвэрийг 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, тухайн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шүүгдэгч И.М- намайг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн оюутны дотуур байрны хажууд хохирогч З.Н-ыг зодож түүний эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаж шүүгдэгч И.М- намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон. Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нотлох баримтыг тал бүрээс нь дүгнэж үзээгүй, зөвхөн нэг талыг баримталж шийдвэр гаргасан. Мөн шүүгдэгч И.М- би гэмт хэрэг үйлдсэн үед ямар нэгэн байдлаар хохирогч З.Н-ыг зодож дарамталсан цохисон зодсон асуудал болоогүй. Анхан шатны шүүх хуралдааны үед хохирогч З.Н- мэдүүлэхдээ “И.М-ын мэдүүлж байгаа бүгд үнэн зөв. Бүх зүйлийг үнэн зөвөөр нь мэдүүлж байгаа юм. Тухайн үед би нэлээн согтсон байсан ба бороо орж байсан тул даарсан байсан гэж мэдүүлсэн. Мөн хохирогч З.Н-аас ”И.М- намайг зодсон асуудал болоогүй, И.М-аас нэхэмжлэх зүйлгүй гомдол, саналгүй” хэмээн мэдүүлсэн. Мөн Эрүүгийн шүүх хуралдааны үед гэрч Д.Еркетай “Тухайн үедээ бүгдээрээ нийлээд архи уусан. 3.Н-ыг И.М- зодож байсныг хараагүй, М- намайг зодсон уу гэж утсаар залгаж асуухад би мэдэхгүй гэж хэлсэн. Тэнд ямар нэгэн зодоон, цохион болоогүй, тухайн үед нэлээн согтуу байсан, болсон явдлын талаар санаж байна” гэж, гэрч А.Б- “Тухайн өдөр би өглөө эрт эмнэлэгт хэвтэх гээд эмнэлэг рүү явж байгаад 10 жилийн найзтайгаа уулзаад үдээс хойш нэлээд халамцуу зах руу очсон. Зах руу очиход Н-, Е, М- гурав намайг дагуулж аваад Ховд их сургуулийн хойно ганц юм хувааж уугаад тал тал тийшээ тарсан. Маргааш өглөө эмнэлэгт хэвтсэн байсан. З.Н-тай эмнэлэгт таарсан. Тухайн үед нэг юм уугаад тал тал тийшээ тарснаа л мэдэж байна. Өөр юм мэдэхгүй” гэж тус тус мэдүүлсэн. Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг зөрүүтэй байхад огт дүгнэлт хийж үзээгүй гэж үзэж байна. Дээрх гэрч, хохирогч нарын өгсөн мэдүүлгээс харахад хохирогч З.Н-ыг шүүгдэгч И.М- би зодсон гэх асуудал тогтоогдоогүй ба анхан шатны шүүх дүгнэж үзээгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч И.М-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр, тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд, шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

 

            Шүүгдэгч И.М- нь 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвгэрт байрлах Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн оюутны дотуур байрны хажууд иргэн З.Н-ыг зодож, түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар бүрэн тогтоогджээ.

 

            Хэрэгт цугларсан мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэлүүд, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт, хохирогч З.Н-ы эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчтөний түүхийн хуулбар зэрэг бичмэл нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан үнэлэхэд, шүүгдэгч И.М- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдэн, хохирогч З.Н-ы эрүүл мэндэд нь санаатай халдсан нь нотлогдсон байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон оролцогч нарын тайлбар, мэдүүлэг, дүгнэлтүүд, бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлуудыг үндэслэн шүүгдэгч И.М-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна. 

 

Шүүгдэгч И.М-ын хүний эрүүл хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, мөн зүйлд зааснаар шүүгдэгч И.М-ыг гурван жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэм бурууд нь тохирсон байх тул шүүгдэгч И.М-ын “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүхэд буцааж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Шүүгдэгч  И.М- “гэрч хохирогч нарын өгсөн мэдүүлгээс харахад хохирогч З.Н-ыг шүүгдэгч И.М- би зодсон гэх асуудал тогтоогдоогүй бөгөөд анхан шатны шүүх нотлох баримтыг тал бүрээс нь дүгнэж үзээгүй, зөвхөн нэг талыг баримталж шийдвэр гаргасан” гэж гомдол гаргасныг судлан үзэхэд, шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг үнэлж, И.М-ад холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгч, хохирогч, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон хуульд заасан журмаар дүгнэсэн байх тул шүүгдэгчийн давж заалдах гомдлыг дээрх үндэслэлүүдээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Энэ хэргийн улмаас шүүгдэгч И.М-ын цагдан хоригдсон 71 хоногийн хугацааг хуульд зааснаар түүний ял эдлэх хугацаанд оруулж тооцно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

           

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2021/ШЦТ/10 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч И.М-ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.М-ын цагдан хоригдсон 71 хоногийн хугацааг түүний ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

                                

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧИД                                                       М.НЯМБАЯР

 

                                                                                                            С.ӨМИРБЕК