Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2022/01260

 

 

 

 

 

 

 

 

  2022 о     03 с       21ө

Дугаар     101/ШШ2022/01260

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ........................ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: .........................../-д холбогдох,

 

Хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ........, түүний өмгөөлөгч М.Амарбаяр, хариуцагч .............., гэрч Б.Ёндонсамбуу, нарийн бичгийн дарга Б.Үүрийнцолмон нар оролцов.    

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч би Баянзүрх дүүргийн 17-р хорооны Эмнэлэг-3 85б-д байрлах газрын хууль ёсны эзэмшигч бөгөөд эрх бүхий байгууллагатай 2020 оны 11 дүгээр сард гэрээ байгуулан газрын гэрчилгээ авсан. Э би Да хүрээ зах дээр хувиараа хөдөлмөр эрхэлж бизнесийн үйл ажиллагаа явуулдаг. Би өөрийн эхнэр болох Ц.Сайханжаргалын хамт Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эмнэлгийн 3 дугаар гудамж 85А тоот хашаа, байшинг 2019 оны 4 дүгээр сард иргэн Б.Төмөрөөс худалдаж авсан. Улмаар тус хашаа байшингийнхаа хойд талын газрыг Баянзүрх дүүргийн газрын албанд зохих ёсоор хүсэлт гаргаж, кадастрын зураг хийлгэн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр дүүргийн газрын албатай ..............-д байрлах газрыг эзэмших гэрээ байгуулан 000120313 дугаартай эзэмших гэрчилгээ авсан. Гэтэл миний хууль ёсоор эзэмших эрхтэй тус газарт бидэнд хашаа байшингаа худалдсан иргэн Б.Төмөрийн хуү С нь бидний байхгүй хойгуур гэр барьж манай газрыг хууль бусаар эзэмших болсон. Би очиж Сас та манай газар дээр буусан байна, та миний газрыг чөлөөлж өгөөч гэж хэлэхэд энэ манай газар, та нартай шүүхдэнэ, надад хууль ёсны гэрчилгээ байгаа зэргээр худлаа хэлж шаардлагыг хүлээж аваагүй. Улмаар бидэнд хашаа байшингаа зарсан Б.Төмөр нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн шүүхэд хашаа байшингаа буцааж авна гэж нэхэмжлэл гаргасан бөгөөд Баянгол дүүргийн шүүхээс хэргийг хэлэлцэн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2021/02654 дугаартай шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байдаг. Шүүхийн хэрэг маргаан дууссан хойно би дахин С дээр очиж газар чөлөөлөх тухай шаардлага тавихад шүүхдээд аваарай гэж зүй бусаар авирлах болсон. Иймд миний хууль ёсны эзэмшлийн ................-д байрлах газрыг иргэн С-ын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү. С 2019 оны 9-11 сарын үед гэр барьсан байсан, би 2019 он, 2021 онд газар чөлөөлж өг гэж удаа дараа хэлсэн ...” гэв.

 

Хариуцагч С шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний ........... тоотод 2001 оноос хойш 22 жил амьдарч байгаа. Тус 85 тоот зарагдсаны дараа өөрийн 85б тоотыг хойд талдаа гаргаж, иргэн Ёндонсамбуу Баянтөр нартай тохиролцож тус бүрээс нь 2, 2 метр газрыг чөлөөлүүлж зам засаж гудамж гарган 5,000,000 төгрөгөөр хохирч газраа алдахад хүрээд байна. 85 тоот манай 85б тоот хоёрын дундаа хамар хашаагүй  байсныг ашиглаж 85 тоотыг авсан иргэн Э нь миний 85б тоотод кадастр хийлгэж газар эзэмших гэрчилгээг гаргуулан авсан учир асуудлыг зөвөөр шийдэж өгнө үү. Жич энэ газар нь орц гарц гудамж байхгүй учир газар олгогдохгүй байсан болон мөн орц гарц гудамж гаргах ажлыг хороо газрын албаны зөвшөөрлөөр хийсэн болно. Э газар чөлөөлж өг гэж 2020 онд 1 удаа, 2022 онд 1 удаа хэлсэн, би чөлөөлж өгөхгүй гэсэн...” гэв.

            Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар 1 хуудас, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ 2 хуудас, Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албаны кадастрын зураг 1 хуудас, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.10.20-ны өдрийн 2654 дугаартай шийдвэрийн хуулбар 5 хуудас, Ц.Сайханжаргалын газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар 1 хуудас, Э.Энхбаатарын газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар 1 хуудас.

 

Хариуцагч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: Төмөрийн Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албанд 2022.02.08-ны өдөр гаргасан өргөдлийн хуулбар 1 хуудас, С-ын хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар 2 хуудас, фото зургийн хуулбар 2 хуудас, С-ын Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албанд 2020.09.08-ны өдөр гаргасан өргөдөл 2 хуудас тайлбарын хуулбар 1 хуудас.

 

Шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй.

 

Шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э хариуцагч Сд холбогдуулан “өөрийн эзэмшлийн ............... тоотод байрлах газраа чөлөөлүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.  

 

Хариуцагч тал “уг газарт 20 жил амьдарсан, газрын албанд эзэмших хүсэлтээ өгсөн, хаягийг өөрөө авсан” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Э Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн А/209 тоот захирамжаар .......... тоот хаягт байрлах нэгж талбарын 1331961294 дугаар бүхий 587 м.кв газрыг гэр, орон сууцны хашааны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болж, газар эзэмших эрхийн гэрчилгээ авч, гэрээ байгуулсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, ........... тоот гэрчилгээний хуулбар, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх ....... дугаартай гэрээ зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх6-8/

 

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны  05 дугаар сарын 01-ний өдрийн А/209 тоот захирамжаар Эт эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлэг-3 85б тоот хаягт байрлах нэгж талбарын 1331961294 дугаар бүхий 587 м.кв газрын байршлын кадастрын зураг хийж, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргаар хянуулж баталгаажуулжээ. /хх-9/

 

Хариуцагч нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ ... уг газарт 20 жил амьдарч байгаа, хаягийг өөрөө авсан, газрын албанд хүсэлтээ өгсөн ... гэж тайлбарлаж байх боловч уг тайлбарыг хүлээн авах боломжгүй, хариуцагч Газрын тухай хуульд заасны дагуу маргаан бүхий газрыг хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээ байгуулан, эрхийн гэрчилгээгээр эзэмшсэн баримтгүй.

 

Гэрч Б.Ёндонсамбуугийн мэдүүлгээр хариуцагч С-ыгмаргаан бүхий газрыг эзэмших эрхтэй гэж үзэх үндэслэлгүй.

           

Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлэг-3 85б тоот газарт хариуцагч С 2019 оны 9-11 сарын үеэс гэр барьж одоог хүртэл амьдарч байгаа болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй.

             

Нэхэмжлэгч Э ...2019 онд 1 удаа, 2021 онд 1 удаа маргаан бүхий газрыг чөлөөлж өгөхийг хариуцагч Сд хэлсэн... гэж, хариуцагч С ...2020 онд 1 удаа, 2022 онд 1 удаа газар чөлөөлж өг гэж хэлсэн, би чөлөөлж өгөхгүй гэж хэлсэн... гэж тус тус тайлбарлаж байна.

 

Дээр дурдсанаас дүгнэвэл нэхэмжлэгч Э ................тоот, нэгж талбарын 1331961294 дугаартай 587 м.кв газрыг эзэмших эрхтэй боловч уг газраа эзэмших, ашиглах эрхээ эдэлж чадахгүй байгаа нь зохигчийн тайлбар, хэргийн үйл баримт зэргээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч Э өөрийн эзэмшлийн газраа бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй гэж дүгнэн, нэхэмжлэгч Эын эзэмшлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлэг-3 85б тоот, нэгж талбарын 1331961294 дугаартай 587 м.кв газрыг хариуцагч С-ын хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэгч Эт олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Эын эзэмшлийн ................ газрыг хариуцагч С-ын хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэгч Эт олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Эт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                           Д.БАТЦЭЦЭГ