Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2022/00961

 

 

 

 

 

 

 

 

 

2022 05 20 210/МА2022/00961

 

 

 

Ж.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2022/01260 дугаар шийдвэртэй

Ж.Э-ын нэхэмжлэлтэй, Ц.С-д холбогдох

хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Э-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.А хариуцагч Ц.С, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Н шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Миний бие эхнэр Ц.Сайханжаргалын хамт Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 3 дугаар гудамж 85А тоот хашаа, байшинг 2019 оны 04 дүгээр сард иргэн Б.Төмөрөөс худалдаж авсан.

Улмаар, тус хашаа байшингийн хойд талын газрыг Баянзүрх дүүргийн газрын албанд зохих ёсоор хүсэлт гаргаж, кадастрын зураг хийлгэн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр дүүргийн газрын албатай газар эзэмших гэрээ байгуулан 000120313 дугаартай эзэмших гэрчилгээ авсан.

Гэтэл тус газарт Б.Төмөрийн хүү Ц.С- нь бидний эзгүйд 2019 оны 9-11 дүгээр сарын үед гэр барьж, хууль бусаар эзэмших болсон. Ц.С-ас газрыг чөлөөлөхийг шаардахад хууль ёсны гэрчилгээ байгаа зэрэг тайлбар хэлж зөвшөөрөөгүй.

Б.Төмөр нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн шүүхэд бидэнд худалдсан хашаа, байшингаа буцаан авна гэх нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2021/02654 дугаар шийдвэрээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гарсны дараа Ц.С-д газар чөлөөлөх тухай шаардлага тавихад зүй бусаар авирласан.

Иймд миний хууль ёсны эзэмшлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлэгийн 3 дугаар гудамжны 85б тоотод байрлах газрыг Ц.Сүхтулгын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Миний бие Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, эмнэлгийн 3 дугаар гудамжны 85 тоотод 2001 оноос хойш 22 жил амьдарч байна. Тус хаягт байрлах газрыг худалдсаны дараа 85б тоот хашааг хойд талдаа гаргаж, Ёндонсамбуу, Баянтөр нартай тохиролцож тус бүрээс нь 2, 2 метр газрыг чөлөөлүүлж зам засан гудамж гаргасан. Энэ газар нь орц гарц, гудамжгүй учир газар олгогдохгүй байсан бөгөөд гудамж гаргах ажлыг хорооны газрын албаны зөвшөөрлөөр хийсэн.

Тус хаягт байрлах 85 тоот болон 85б тоотын дунд хамар хашаагүй байсныг ашиглаж 85 тоотыг худалдаж авсан Ж.Э- нь миний 85б тоотод кадастрын зураг хийлгэж газар эзэмших гэрчилгээг гаргуулан авсан учир асуудлыг зөвөөр шийдэж өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Э-ын эзэмшлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлэг-3, 85б тоот, нэгж талбарын 1331961294 дугаартай 587 м.кв газрыг хариуцагч Ц.Сүхтулгын хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэгч Ж.Э-т олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.С-ас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Э-т олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч талын давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

4.а.Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/209 дугаар захирамжаар тус дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 00120313 дугаар иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, мөн өдөр иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр гэр, орон сууцны хашааны газар зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр болсон.

Хариуцагч нь татгалзлаа нотлох зорилгоор нэхэмжлэгч Ж.Э-, түүний эхнэр Ц.Сайнжаргал нарт 2019 оны 04 дүгээр сард өөрийн өмчлөлийн газрыг хувийн сууцын хамт худалдсан Б.Төмөрийн ...85б тоот болох өргөтгөл хашааг хамтад нь зараагүй бөгөөд уг газар дээрээ 2008 оноос хойш хүргэн, зээ нар минь амьдарч байгаа болно. гэх бичгийг нотлох баримтаар гарган өгсөн.

Нэхэмжлэгч Ж.Э- маргаан бүхий газрыг шударгаар олж авсан буюу хууль ёсны эзэмшигч эсэхийг шүүх тодруулаагүй, энэ талаар нотлох баримт цуглуулах, бүрдүүлэх ажиллагаа хийгээгүй.

4.б. Ж.Э-ыг Б.Төмөрөөс 2019 оны 04 дүгээр сард 85 тоот хаягт байрлах 700 м.кв талбайтай газрыг худалдаж авахаас өмнө газрын албанд 85-б тоот хаягт байрлах 587 м.кв талбайтай газрыг авахаар удаа дараа өргөдөл, хүсэлтээ өгсөн байхад Ж.Э-т маргаан бүхий газрыг эзэмшүүлж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Миний бие Газрын тухай хуульд заасны дагуу өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн асуудлаар холбогдох төрийн байгууллага, албан тушаалтанд бичгээр гомдол гаргаж хандаж, улмаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/209 дугаар захирамжийн Ж.Э-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 3228 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж эхэлсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1, 65.1.3-65.1.9, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл бүрдсэн гэжээ.

 

5. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын тайлбар: Хариуцагч нь өмгөөлөгч авах, нотлох баримт гаргуулах зэргээр хүсэлт гаргаж, шүүх хуралдааныг хойшлуулж байсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан.

Захиргааны хэргийн шүүхэд хандсан учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлд заасан нөхцөл байдал үүссэн гэх асуудал анхан шатны шүүхэд яригдаагүй.

Маргаан бүхий газрын хууль ёсны эзэмшигч Ж.Э- болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Хариуцагч нь өнгөрсөн 3-4 жилийн хугацаанд энэ асуудлаар захиргааны хэргийн шүүх болон эрх бүхий байгууллагад хандаагүй. Анхан шатны шүүх хэргийг үнэн зөв, хуульд заасны дагуу шийдвэрлэсэн гэжээ

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч Ж.Э- нь хариуцагч Ц.Сүхболдод холбогдуулан Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлэг-3 дугаар гудамжны 85б тоотод байрлах газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч нь газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмшүүлэх гэрээ зэрэг баримтуудыг үндэслэн маргаан бүхий газрыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

 

Хариуцагч Ц.С- нь Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлэг-3 дугаар гудамжны 85 тоотыг хадам ээж Б.Төмөр 2019 онд худалдсаны дараа 85б тоотод амьдарсан ба тус газарт орц, гарц гарган эзэмших хүсэлтээ өгсөн гэж татгалзлаа тайлбарлаж, хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрийг нотлох баримтаар гарган өгчээ. /хх36-38/

 

3.а.Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байна.

 

Б.Төмөр 2019 онд Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлэг-3 дугаар гудамжны 85 тоот газрыг хашаа, байшингийн хамт Ж.Э-т худалджээ.

 

Дээрх газрыг худалдсаны дараа Баянзүрх дүүргийн газрын албанд Ц.С-, Б.Төмөр нар Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлэг-3 дугаар гудамжны 85б тоотыг эзэмшилдээ авах талаар өргөдөл, хүсэлт гаргаж, улмаар Ц.С- гэр барин амьдарсан гэж тайлбарласан. /хх41, 43/

 

Үүнээс хойш Ж.Э- нь 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлэг-3 дугаар гудамжны 85б тоот хаягт байрлах газрын эзэмших эрхийн гэрчилгээг мөн оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/209 тоот Засаг даргын захирамжийг үндэслэн гаргуулжээ. /хх6 /

 

Энэ тохиолдолд нэхэмжлэгч Ж.Э-, хариуцагч Ц.С- нарын хэн нь маргаан бүхий газрыг түрүүлж эзэмшилдээ авч, амьдарч байсан нөхцөл байдлыг тодруулж, хариуцагчийн өрхийн бүртгэлд хэн хэн ямар хугацаанд амьдарсан талаар мэтгэлцүүлэх нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байжээ.

 

Нэхэмжлэгч нь давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн татгалзлын үндэслэлийг няцаасан тайлбар гаргасан тул Баянзүрх дүүргийн газрын албыг маргаан бүхий газарт ямар үндэслэлээр газар эзэмших эрх олгосон нөхцөл байдлуудыг тодруулах шаардлагатай.

 

3.в.Түүнчлэн, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлэг-3 дугаар гудамжны 85 тоот газрыг Ж.Э-т худалдсан Б.Төмөрийн эрх ашиг энэ маргаанд зөрчигдөх эсэхийг тодруулах ажиллагааг хийсний үндсэн дээр Ц.Сүхтулгын эзэмшил хууль бус гэж үзэх эсэх нөхцөл байдал тодорхой болно.

 

Нэхэмжлэгч Ж.Э- нь маргаан бүхий газрын өмчлөгч биш буюу Засаг даргын захирамжийн үндсэн дээр 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/209 дугаар захирамжаар 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан Баянзүрх дүүргийн газрын албатай иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний үндсэн дээр эзэмшиж байгаа этгээд байна.

 

Иймд тухайн газар нь төрийн өмчийн газар байх тул энэ асуудлаар Засаг даргын Тамгын газар буюу төлөөлөн газар олгох эрх олгож байгаа этгээдийн байр суурийг тодруулах шаардлагатай.

 

Анхан шатны шүүхээс дээрх нөхцөл байдлыг бүрэн тодруулаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс залруулах байдлаар хэргийн үйл баримтад дүгнэлт өгөх боломжгүй байна.

 

Иймд шүүхийн шийдвэрийг хэргийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2022/01260 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ