Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 613

 

 

 

 

 

 

 

 

 

                                            “МЦХ” ХК-ийн

                                            нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 182/ШШ2019/00180 дугаар шийдвэртэй

                         

Нэхэмжлэгч “МЦХ” ХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Ж” ХХК-д холбогдох

 

Гэрээний үүрэгт 579 224 826 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч         Ж.А, Д.Б

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч                                   Ц.Д

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч            Б.Б

Хариуцагчийн өмгөөлөгч                                      У.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга            Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч “МЦХ” ХК шүүхэд болон төлөөлөгч Ж.А, Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Ж” ХХК-тай 2011 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ЖМ-11/1068 дугаартай Сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээ байгуулан сүлжээ хооронд харилцан холболтын үйлчилгээг үзүүлж ирсэн. Уг гэрээний 1.4.7, 1.4.8, 1.4.9-д заасны дагуу манай компани олон улсын ярианы үйлчилгээ буюу Улс хоорондын дуудлага хүлээн авах, гарах, орох дуудлага дамжуулах харилцан холболтын үйлчилгээг өөрийн 001 гэсэн гарцыг ашиглан үзүүлдэг бөгөөд талууд гэрээний дагуу хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлж байсан. Гэтэл 2014 оны 6, 7 дугаар сард гарсан олон улсын ярианы үйлчилгээний төлбөрөө “Ж” ХХК нь өнөөг хүртэл төлөлгүй тус компанид тодорхой хэмжээний хохирол учруулж байна. Тухайлбал, тус компанийн сүлжээнээс манай улс хоорондын ярианы 001 гарцаар 2014 оны 6 дугаар сард 196 227 691 төгрөг, 7 дугаар сард 204 193 649 төгрөг, нийт 400 241 340 төгрөгийн олон улсын ярианы дуудлага дамжуулах үйлчилгээ хийгдсэнээс зөвхөн 14 271 455 төгрөгийн төлбөрийг хийгээд үлдэгдэл 386 149 885 төгрөгийн төлбөрийг огт төлөөгүй. Монгол улсын оператор компаниуд болох “М” ХХК, “Ж” ХХК, “Ю” ХХК, “С” ХХК нь Харилцаа холбооны зохицуулах хорооны тусгай зөвшөөрлийн үндсэн дээр “МЦХ” ХК-ийн олон улсын ярианы 001 гарцыг ашиглан олон улсын ярианы орох, гарах дуудлага хийдэг. “МЦХ” ХК-ийн олон улсын ярианы 001 гарц нь 6 улсын гадаад карьер компани болох Япон улсын КДДАЙ, ОХУ-ын Р, БНСУ-ын Корей телеком компаниудаар дамжин ОУ-ын ярианы холболтыг хийдэг ба эдгээр гадаад компаниудтай хийгдсэн олон улсын орох гарах ярианы харилцан холболтын төлбөр тооцоог “МЦХ” ХК нь хийхдээ орох гарах дуудлагын нийт тоо, минутыг нийлж нийт үнийн дүнг гарган санхүү бүртгэлд бүртгэхдээ ОУ-ын ярианы орох дуудлагын төлбөрийн дүнг орлогын дансанд, ОУ-ын ярианы гарах дуудлагын төлбөрийн үнийн дүнг зардлын дансанд бүртгэж орлого зарлагын зөрүүг аль нэг талдаа шилжүүлдэг. Гадаад карьер орны компанитай тооцоо нийлэхдээ Монгол улсаас тухайн компани руу залгасан гарах ярианы нийт ачаалал, тухайн гадаад карьер орноос Монгол улс руу залгасан орох ярианы нийт ачааллаар тооцоо нийлдэг бөгөөд гадаад карьер компанид төлбөрийг төлөхдөө эсхүл төлбөр авахдаа “Ж” ХХК-ийн сүлжээнээс холбогдсон ачааллын төлбөр, Мобиком компанийн сүлжээнээс холбогдсон ачааллын төлбөр гэж ялгаж төлдөггүй зөвхөн Монгол улсын 001 гарцаар Монгол улс руу хийгдсэн орох, гарах ярианы төлбөр гэж тооцоо нийлдэг. Харин хариуцагчийн тайлбарт дурдсанчлан “МЦХ” ХК нь дотоодын оператор компаниудтай байгуулсан сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээнд заасны дагуу CDR-т бичигдсэн ачааллыг “Ж” ХХК-ийн, “М” ХХК-ийн гэж тухайн компанитайгаа тооцоо нийлдэг. Талуудын хооронд 2011 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан ЖМ-11/1068/, 512 дугаар бүхий Сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээнд “МЦХ” ХК нь “Ж” ХХК-д олон улсын ярианы 001 гарцаар олон улсын яриа дамжуулах үйлчилгээ үзүүлсний төлбөрийг гадаадын карьер орны компанид төлбөр төлсөн эсэх нь тухайн хэрэгт огт хамааралгүй, зөвхөн гэрээнд заасан үйлчилгээ үзүүлсний төлбөрөө нэхэмжилж байна. Иймд хариуцагч “Ж” ХХК-иас төлөөгүй байгаа үйлчилгээний үндсэн төлбөр 386 149 885 төгрөг, алданги 193 074 942 төгрөг нийт 579 224 826 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Ж” ХХК шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцацрал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Талуудын хооронд байгуулагдсан ЖМ11/1068 тоот Харилцан холболтын гэрээ-ний 2.4.1.1 дэх хэсэгт “Ж” ХХК-ийн сүлжээний хэрэглэгчийн дугаарлалтыг 98, 93, 97, 53 гэсэн дугаарыг холбоно, тодорхойгүй тохиолдолд холбох шугамын нэрээр ялгаж, тооцоо хийнэ гэж тохиролцсон. Холбох шугам гэдэг нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний хавсралт 2 дээр зааглах цэг гэдэг зүйлийг тодорхой тусгасан. Тэгэхээр “Ж” ХХК-ийн хувьд “МЦХ” ХК-ийн 001 гарцыг ашигласан 2014 оны 06, 07 дугаар сард 14 271 455 төгрөгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд нэгэнт дугаарлалтыг тодорхой заасан байхад манай сүлжээнээс өөр дугаарлалтыг бодит гэж үзэж нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь эцсийн хэрэглэгчтэй холбогдоогүй. Өөрөөр хэлбэл “Ж” ХХК-аас гарсан гээд байгаа боловч цаад эцсийн хэрэглэгч нь олон улсын цахилгаан холбооны байгууллагын гаргасан дугаарлалтын төлөвлөгөө гэдэг зүйлд тусгагдаагүй. Иймд холболт тогтсон гэж үзэх боломжгүй. Манай компанийн хувьд 2014 оны 6, 7 дугаар сарын харилцан холболтын бодит төлбөр 14 271 455 төгрөгийг “МЦХ” ХК-д төлсөн. Төлбөр үндэслэлгүй тул алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

            Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Ж” ХХК-иас 579,224,826 /таван зуун далан есөн сая хоёр зуун хорин дөрвөн мянга найман зуун хорин зургаа/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “МЦХ” ХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 212 031 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ж” ХХК-аас 3 212 031 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “МЦХ” ХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцацрал давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хуульд заасан журмын дагуу үнэлсэнгүй. Анхан шатны шүүх “...дугаарлалт, угтвар код”-той холбоотойгоор хавтаст хэрэгт байгаа нотлох баримтын хүрээнд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэнгүй. Харилцан холболтын гэрээний 2.4.1.1-д “Ж” ХХК-ийн сүлжээний хэрэглэгчдийн дугаарлалтыг 98, 93, 97, 53 хэмээн зааглан тогтоосон, мөн гэрээний 2.4.1.3-т “улс хоорондын яриа төгсөхдөө 001, 1637 гэсэн угтвар дугаар оруулна”, 2.4.1.4-т “Ж” ХХК нь “МЦХ” ХК-ийн сүлжээгээр улс хоорондын яриаг гаргахдаа 001, 1637 гэсэн угтвар ашиглана” гэж тус тус зааснаас үзэхэд бодит дуудлага, холболт хийсэн гэж үзэх үндэслэлгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдааны үед нэхэмжлэгч талаас “Ж” ХХК-аас гадна бусад оператор компаниуд нь “МЦХ” ХК-ийн гарцыг ашиглан олон улсын дуудлага хийдэг бөгөөд гадаад харилцагч компаниас харилцан холболтын төлбөрийг тодорхойлох боломжгүй гэж өөрсдөө тайлбарлаж зөвшөөрдөг. Ийнхүү нэхэмжлэгчийн шаардсан төлбөр нь тодорхой бус эргэлзээтэй атал шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангасанд гомдолтой байна. Нөгөө талаар нэхэмжлэгч талын гаргаж өгсөн гадаад шилжүүлгийн баримт нь “Ж” ХХК-ийн сүлжээнээс гарсан ярианы төлбөрийг төлсөн гэдэг нь эргэлзээгүй нотлогддоггүй. Өөрөөр хэлбэл, дээрх баримтын төлбөрийн зориулалт нь тодорхой бус, чухам юуны төлбөр эсэх нь мэдэгдэхгүй баримт байдаг. Нэхэмжлэгч талаас аудитын дүгнэлтийг нотлох баримтаар өгсөн хэдий ч түүнд дурдсан тоо, баримт зөрүүтэйгээс гадна шүүхэд маргаантай төлбөр тооцооны асуудлыг тусгасан нь эргэлзээтэй баримт гэдгийг харуулна. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримт бүрдүүлэх журмыг зөрчсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн зүгээс шинжээч томилж, дүгнэлт гаргуулах ажиллагаа хийсэн боловч томилсон байгууллага нь нэгдүгээрт, сонирхлын зөрчилтэй, өмнө нь тухайн хэрэгт нэгэнт байр сууриа илэрхийлсэн, өмнө нь гаргасан шинжээчийн дүгнэлтийг талууд эс зөвшөөрч дахин дүгнэлт гаргуулахаар болсон, хоёрдугаарт, шинжээчид нь дүгнэлтдээ гарын үсэг зурж, баталгаажуулаагүй зэрэг нөхцөл байдлууд тогтоогдсоор атал харилцаа холбооны зохицуулах хорооны шинжээчдийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дүгнэлтийг шийдвэрийнхээ үндэслэл болгосонд гомдолтой байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын хүсэлтээр үзлэг хийсэн байх бөгөөд ийнхүү үзлэг хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан журмыг зөрчсөн гэж үзэж байна. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг ажил гүйцэтгэх гэрээ гэж үзсэн хэдий ч гэрээний агуулга, шинж, гэрээг хэрэгжүүлж буй байдал зэргээс харвал хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн байгааг анхаарч үзсэнгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 3-т Улсын тэмдэгтийн хураамжид 3 212 031 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор тогтоосон нь мөн үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь анхнаасаа 579 224 826 төгрөг нэхэмжилсэн байх ба дээрх дүнгээр улсын тэмдэгтийн хураамж нь 3 054 074,13 төгрөгийг төлсөн байдаг. Гэтэл анхан шатны шүүх үүнийг нэмэгдүүлж 3 212 031 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь илт үндэслэлгүй байна. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасны дагуу “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

            “МЦХ” ХК хариуцагч “Ж” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 386 149 885 төгрөг, алданги 193 074 942 төгрөг, нийт 579 224 828 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа гаргаж, хариуцагч “Ж” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ... уг маргааны зүйл болж буй олон улсын дуудлага бодитоор холбогдсон эсэх тодорхойгүй гэсэн үндэслэлээр маргажээ.

           

Зохигчдын хооронд 2011 оны 11 дүгээр сарын 16, 2012 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр “Ж” ХХК, “МЦХ” ХК-ийн хооронд Сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээ № 512 ЖМ-11/1068, ЖМ-11/1068;512 тоот гэрээний нэмэлт ЖМ/12-957 тоот “МЦХ” ХК 462 тоот гэрээнүүд байгуулагдсан байна.

 /1 хавтас 8-13,14 дүгээр тал/

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар талууд нэг тал сүлжээнд холбох үйлчилгээ үзүүлэх, нөгөө тал төлбөр төлөх хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийн хэлцэл хийж, гарын үсэг зурсан хүчин төгөлдөр хэлцэл хийсэн байх бөгөөд зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байна.

 

            Харин анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь учир дутагдалтай болжээ. Учир нь ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг хүлээдэг бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээний агуулгаас үзэхэд ажил гүйцэтгэх гэрээ буюу ажлын үр дүнг бий болгохтой холбоотой харилцаа биш байна. Уг гэрээгээр талууд сүлжээний харилцан холболт хийх, үйлчилгээний төлбөрийг тодорхой графикаар төлөх талаар тохиролцсон байна. Иймд зохигчдын хооронд худалдах-худалдан авах гэрээний үүргийн зохицуулалтад илүү хамрахаар харилцаа үүссэн байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх  хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний үүрэг үүссэн гэж үзэхээр байна.

 

Хариуцагч “Ж” ХХК нь гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч “МЦХ” ХК нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэг, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүргээ биелүүлж, төлбөр төлөхийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Хэрэгт нотлох баримтаар гаргасан Монгол Улсын үндэсний аудитын 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 3/526 тоот дүгнэлт, шүүхээс 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “МЦХ” ХК-ийн жижиг мөнгөн сан, гадаад тооцоо хариуцсан нягтлан бодогч Д.Батцэцэгийн DELL брэндийн Optiplex 3020 маркийн компьютерт хийсэн үзлэг, 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр “МЦХ” ХК-ийн ажилтан н.Энхмаагийн компьютерт хийсэн үзлэгүүдийн тэмдэглэлүүд, Монгол Улсын харилцаа холбооны зохицуулах хорооны 2016 оны 11 дүгээр сарын 28, 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн шинжээчийн дүгнэлтүүд, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг үндэслэн анхан шатны шүүх хариуцагч “Ж” ХХК-аас 386 149 885 төгрөгийг “МЦХ” ХК-д төлүүлэхээр шийдвэрлэсэн нь зөв болсон байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

/3 хавтас 33-37, 249-250 дугаар тал/

 

Гэрээний 4.4-т Талуудын төлбөр тооцооны төвийн ажилтнууд харилцан холболт хийсэн ярианы өгөгдлийг тухайн тайлант сарын сүүлийн өдрөөс хойш ажлын 10 хоногт багтааж цаасан болон электрон хэлбэрээр солилцож, тооцоог цаасан дээр хийж баталгаажуулна гэж, гэрээний 4.9-д “Төлбөрийн хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөх дүнгийн 0.1%-ийн алдангийн төлнө” гэж тус тус заажээ. /1 хавтас 8-10 дугаар тал/

 

            Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд “Ж” ХХК-ийн төв байрны уулзалтын өрөөнд 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгуулагдсан “МЦХ” ХК болон “Ж” ХХК-ийн хооронд үүссэн улс хоорондын гарах ярианы төлбөр тооцооны талаар хэлэлцсэн 2 дахь удаагийн уулзалтын протоколоос үзэхэд “МЦХ” ХК-ийн талаас гурван газрын дарга, ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн нар “Ж” ХХК-ийн талаас ерөнхий захирал, газрын захирал, хэлтсийн дарга нар оролцсон байх бөгөөд “МЦХ” ХК-ийн талаас карьер орнуудаас нэхэмжлээд байгаа тооцоог албан тоотоор “Ж” ХХК-д хүргүүлэх, “Ж” ХХК нь тухайн бодит нэхэмжлэхийг үндэслэн арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байна.

/1 хавтас 22-28 дугаар тал/

 

Түүнчлэн, Харилцаа холбооны зохицуулах хорооноос “МЦХ” ХК-д 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдөр ирүүлсэн 05/999 тоот албан бичигт “Ж” ХХК-ийн улс хоорондын ярианы 001 гарц ашиглан олон улсын дуудлага хийсэн төлбөр тооцоотой холбоотойгоор гарсан маргааныг харилцан тохиролцож, харилцан холболтын гэрээний дагуу шийдвэрлэхийг мэдэгдэж байсан баримт хэрэгт авагдсан байна.

/1 хавтас 36 дугаар тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллага нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг няцаасан, өөрийн тайлбар татгалзлаа нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй байна.

 

Хэрэгт авагдсан дээрх бичгийн баримтууд болон талуудын тайлбараас үзэхэд зохигчид маргаантай асуудлын талаар шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд төлбөр тооцоог нийлж баталгаажуулсан, албан ёсоор хандаж төлбөр тооцоо нийлэх талаар зохих арга хэмжээ авсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Иймээс талуудын хооронд байгуулсан гэрээний 4.4-т заасан заалт хэрэгжээгүй, зохигчид төлбөрийн асуудлаар маргаж, нэхэмжлэгч байгууллага 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд хандан нэхэмжлэл гаргажээ.

 

Нэгэнт талууд олон улсын холболт хийгдсэн эсэх, хууль болон гэрээнд заасны дагуу төлбөр төлөх үүрэг үүссэн эсэх асуудлаар зөвшилцөлд хүрч чадаагүй маргаантай байсан дээрх хугацаанд анхан шатны шүүх хариуцагч байгууллагаас алдангид 193 074 942 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу болсон байна. Төлбөрт хэмжээ тодорхой бус байгаа үед төлбөр төлөх үүргийн хугацааг хэтрүүлсэн гэж үзэхэд эргэлзээтэй байна. Иймд алданги гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалттай нийцнэ.

 

Иймд талуудын хооронд төлбөрийн хэмжээний талаар маргаантай байсан, харилцан зөвшилцөхөөр харилцаж байсан хугацаанд алданги гаргуулах нь буруу гэж үзлээ.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явуулжээ. Шүүхээс шинжээчийн дүгнэлт гаргуулсан, үзлэг хийсэн ажиллагаа хуулийг илт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Үзлэгийн тэмдэглэлд үзлэгийн үеэр нэг хөндлөнгийн гэрч гарч явсан талаар бичигдсэн байгаа боловч тухайн үедээ хэргийн оролцогч нар энэ талаар гомдол гаргаагүй, уг асуудалд нь тухайн үзлэгээр илэрсэн нөхцөл байдлыг тодорхойлоход ноцтой нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Иймээс анхан шатны шүүхээс хийсэн үзлэг, шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлтүүд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан зохих журмын дагуу гарсан гэж үзнэ.

 

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч “Ж” ХХК-аас 386 149 886 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Монголын цахилгаан холбоо” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас алданги нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов. Энэ талаар давж заалдсан хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжтой байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 182/ШШ2019/00180 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэг, Харилцаа холбоо тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасныг баримтлан хариуцагч “Ж” ХХК-аас 386 149 886 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “МЦХ” ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 193 074 941 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

Шийдвэрийн 2 дахь заалтын “... “Ж” ХХК-аас 3 212 031 төгрөг гаргуулж “МЦХ” ХК-д олгож” гэснийг “Ж” ХХК-аас 2 088 699 төгрөг гаргуулж “МЦХ” ХК-д олгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Ж” ХХК-аас заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 054 074 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД                               Ч.ЦЭНД

 

                                                                                                Ц.ИЧИНХОРЛОО