Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2020/00138

 

МЦХ ХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 182/ШШ2019/00180 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 613 дугаар магадлалтай,

МЦХ ХК-ийн нэхэмжлэлтэй,

ЖМ ХХК-д холбогдох

Гэрээний үүрэгт 579.224.826 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, А.Э, хариуцагчийн өмгөөлөгч У.М, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч МЦХ ХК-ийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...ЖМ ХХК-тай 2011 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ЖМ-11/1068 дугаартай Сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээ байгуулан сүлжээ хооронд харилцан холболтын үйлчилгээг үзүүлж ирсэн. Уг гэрээний 1.4.7, 1.4.8, 1.4.9-д заасны дагуу манай компани олон улсын ярианы үйлчилгээ буюу Улс хоорондын дуудлага хүлээн авах, гарах, орох дуудлага дамжуулах харилцан холболтын үйлчилгээг өөрийн 001 гэсэн гарцыг ашиглан үзүүлдэг бөгөөд талууд гэрээний дагуу хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлж байсан. Гэтэл 2014 оны 6, 7 дугаар сард гарсан олон улсын ярианы үйлчилгээний төлбөрөө ЖМ ХХК нь өнөөг хүртэл төлөлгүй тус компанид тодорхой хэмжээний хохирол учруулж байна. Тухайлбал, тус компанийн сүлжээнээс манай улс хоорондын ярианы 001 гарцаар 2014 оны 6 дугаар сард 196.227.691 төгрөг, 7 дугаар сард 204.193.649 төгрөг, нийт 400.241.340 төгрөгийн олон улсын ярианы дуудлага дамжуулах үйлчилгээ хийгдсэнээс зөвхөн 14.271.455 төгрөгийн төлбөрийг хийгээд үлдэгдэл 386.149.885 төгрөгийн төлбөрийг огт төлөөгүй. Монгол улсын оператор компаниуд болох Мобиком ХХК, ЖМ ХХК, Юнител ХХК, Скайтел ХХК нь Харилцаа холбооны зохицуулах хорооны тусгай зөвшөөрлийн үндсэн дээр МЦХ ХК-ийн олон улсын ярианы 001 гарцыг ашиглан олон улсын ярианы орох, гарах дуудлага хийдэг. МЦХ ХК-ийн олон улсын ярианы 001 гарц нь 6 улсын гадаад карьер компани болох Япон улсын КДДАЙ, ОХУ-ын Росстелеком, БНСУ-ын Корей телеком компаниудаар дамжин ОУ-ын ярианы холболтыг хийдэг ба эдгээр гадаад компаниудтай хийгдсэн олон улсын орох гарах ярианы харилцан холболтын төлбөр тооцоог МЦХ ХК нь хийхдээ орох гарах дуудлагын нийт тоо, минутыг нийлж нийт үнийн дүнг гарган санхүү бүртгэлд бүртгэхдээ ОУ-ын ярианы орох дуудлагын төлбөрийн дүнг орлогын дансанд, ОУ-ын ярианы гарах дуудлагын төлбөрийн үнийн дүнг зардлын дансанд бүртгэж орлого зарлагын зөрүүг аль нэг талдаа шилжүүлдэг. Гадаад карьер орны компанитай тооцоо нийлэхдээ Монгол улсаас тухайн компани руу залгасан гарах ярианы нийт ачаалал, тухайн гадаад карьер орноос Монгол улс руу залгасан орох ярианы нийт ачааллаар тооцоо нийлдэг бөгөөд гадаад карьер компанид төлбөрийг төлөхдөө эсхүл төлбөр авахдаа ЖМ ХХК-ийн сүлжээнээс холбогдсон ачааллын төлбөр, Мобиком компанийн сүлжээнээс холбогдсон ачааллын төлбөр гэж ялгаж төлдөггүй зөвхөн Монгол улсын 001 гарцаар Монгол улс руу хийгдсэн орох, гарах ярианы төлбөр гэж тооцоо нийлдэг. Харин МЦХ ХК нь дотоодын оператор компаниудтай байгуулсан сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээнд заасны дагуу CDR-т бичигдсэн ачааллыг ЖМ ХХК-ийн, Мобиком ХХК-ийн гэж тухайн компанитайгаа тооцоо нийлдэг. Талуудын хооронд 2011 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан ЖМ-11/1068/, 512 дугаар бүхий Сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээнд МЦХ ХК нь ЖМ ХХК-д олон улсын ярианы 001 гарцаар олон улсын яриа дамжуулах үйлчилгээ үзүүлсний төлбөрийг гадаадын карьер орны компанид төлбөр төлсөн эсэх нь тухайн хэрэгт огт хамааралгүй, зөвхөн гэрээнд заасан үйлчилгээ үзүүлсний төлбөрөө нэхэмжилж байна. Иймд хариуцагч ЖМ ХХК-иас төлөөгүй байгаа үйлчилгээний үндсэн төлбөр 386.149.885 төгрөг, алданги 193.074.942 төгрөг нийт 579.224.826 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ЖМ ХХК-ийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Талуудын хооронд байгуулагдсан ЖМ11/1068 тоот Харилцан холболтын гэрээ-ний 2.4.1.1 дэх хэсэгт ЖМ ХХК-ийн сүлжээний хэрэглэгчийн дугаарлалтыг 98, 93, 97, 53 гэсэн дугаарыг холбоно, тодорхойгүй тохиолдолд холбох шугамын нэрээр ялгаж, тооцоо хийнэ гэж тохиролцсон. Холбох шугам гэдэг нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний хавсралт 2 дээр зааглах цэг гэдэг зүйлийг тодорхой тусгасан. Тэгэхээр ЖМ ХХК-ийн хувьд МЦХ ХК-ийн 001 гарцыг ашигласан 2014 оны 06, 07 дугаар сард 14.271.455 төгрөгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд нэгэнт дугаарлалтыг тодорхой заасан байхад манай сүлжээнээс өөр дугаарлалтыг бодит гэж үзэж нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь эцсийн хэрэглэгчтэй холбогдоогүй. Өөрөөр хэлбэл ЖМ ХХК-аас гарсан гээд байгаа боловч цаад эцсийн хэрэглэгч нь олон улсын цахилгаан холбооны байгууллагын гаргасан дугаарлалтын төлөвлөгөө гэдэг зүйлд тусгагдаагүй. Иймд холболт тогтсон гэж үзэх боломжгүй. Манай компанийн хувьд 2014 оны 6, 7 дугаар сарын харилцан холболтын бодит төлбөр 14.271.455 төгрөгийг МЦХ ХК-д төлсөн. Төлбөр үндэслэлгүй тул алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 182/ШШ2019/00180 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ЖМ ХХК-иас 579,224,826 /таван зуун далан есөн сая хоёр зуун хорин дөрвөн мянга найман зуун хорин зургаа/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч МЦХ ХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 212 031 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ЖМ ХХК-аас 3 212 031 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч МЦХ ХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 613 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 182/ШШ2019/00180 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэг, Харилцаа холбоо тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасныг баримтлан хариуцагч ЖМ ХХК-аас 386 149 886 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч МЦХ ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 193 074 941 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, Шийдвэрийн 2 дахь заалтын ... ЖМ ХХК-аас 3 212 031 төгрөг гаргуулж МЦХ ХК-д олгож гэснийг ЖМ ХХК-аас 2 088 699 төгрөг гаргуулж МЦХ ХК-д олгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч ЖМ ХХК-аас заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 054 074 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А-ын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээ байгуулан, төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлж ирсэн ЖМ ХХК 2014 оны 6, 7 сарын төлбөрөө төлөөгүйгээс үүдсэн хохирол болох 579.224.826 төгрөгийг гаргуулахаар 2015 оноос хойш шүүхээр маргалдаж байна. Ямар нэгэн ажил үйлчилгээ бусдаас авч байгаа этгээд түүнийхээ үнэ төлбөрийг төлдөг алтан дүрэм бизнесийн харилцаанд тогтсон байдаг. Гэтэл олон улсын ярианы үйлчилгээ болох ЖМ ХХК-аас дээрх хугацаанд гадагшаа ярьсан ярианы төлбөрөө төлөхгүй нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөж, зөрчсөн тул тухайн хугацааны ярианы төлбөр, гэрээнд заасан алдангийн хамтаар нэхэмжилсэн. Давж заалдах шатны шүүх алдангийг хасч шийдвэрлэх эхний үндэслэлээ “Хэрэгт авагдсан дээрх бичгийн баримтууд болон талуудын тайлбараас үзэхэд зохигчид маргаантай асуудлын талаар шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд төлбөр тооцоог нийлж баталгаажуулсан, албан ёсоор хандаж төлбөр тооцоо нийлэх талаар зохих арга хэмжээ авсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Иймээс талуудын хооронд байгуулсан гэрээний 4.4-т заасан заалт хэрэгжээгүй, зохигчид төлбөрийн асуудлаар маргаж, нэхэмжлэл гаргасан... гэж дүгнэсэн. Энэ нь маргаж буй 2014 оны 6, 7 сарын төлбөр тодорхойгүй байсан гэж дүгнэлт хийх үндэс болжээ. Талууд Иргэний хуулийн 43.2.1-т зааснаар хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийн халцэл хийж, тухайн хэлцэл хүчин төгөлдөр байгаа болохыг, энэ талаар талууд маргаагүй гэж дүгнэсэн учраас нэгэнтээ хүчин төгөлдөр гэрээний дагуу талууд Иргэний хуулийн 206.1-д заасанчлан үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлэх зарчим үүсдэг. Талуудын хооронд байгуулсан Сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээний 4.1-т талууд харилцан холболтын төлбөрийг сар бүр тооцох үүрэгтэй бөгөөд 4.4-т Талуудын төлбөр тооцооны төвийн ажилтнууд харилцан холболт хийгдсэн ярианы өгөгдлийг тухайн тайлант сарын сүүлийн өдрөөс хойш ажлын 10 хоногт багтааж цаасан болон электрон хэлбэрээр солилцож, тооцоог цаасан дээр хийж баталгаажуулна гэж заасны дагуу МЦХ ХК нь тогтсон журмын дагуу 2014 оны 6, 7 дугаар саруудын төлбөр тооцоог тухай бүр ЖМ ХХК-д хүргүүлж байсан болох нь албан бичгүүд болох хэрэгт авагдсан МЦХ ХК-ийн 2014.10.09-ны өдрийн 4/1076, 2015.01.12-ны 5а/17, 2015.03.25-ны 5а/173 тоот албан бичгүүд, 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн талуудын эрх бүхий албан тушаалтнуудын уулзалтын тэмдэглэл, 2014.06.01-2014.06.30, 2014.07.01-2014.07.31-ний өдрийн хүртэлх хугацааны харилцан холболтын тооцооны баримт зэргээс ЖМ ХХК-ийн 2014 оны 6 сард төлөх байсан төлбөр 191.337.995 төгрөг, 7 сард төлөх төлбөр нь 197.933.901 төгрөг байсан болохыг нотлодог. Нэхэмжлэл гаргахаас өмнө 2014 оны 6, 7 дугаар сарын төлбөрийг гэрээний 4.4-т заасны дагуу зохих журмын дагуу тооцооны баримтыг хариуцагч байгууллагад тухай бүрд нь хүргүүлсэн талаар нэхэмжлэлдээ бичсэн байсан. Энэ төлбөрийг төлөхдөө зайлшгүй талууд тооцоо нийлсний үр дүнд бий болдог зүйл биш, зүй нь МЦХ ХК өөрийн СОК-н бичлэгээр тус байгууллагыг тооцоог гаргадаг, энэ нь алдаагүй тооцоолол болохыг шинжээчийн дүгнэлт бүрт дүгнэсэн байдаг. Мөн энэ 6, 7 сарын тооцоог буруу байна гэж хариуцагч маргаагүй ба өөрсдийнх нь татгалзлаа тайлбарлаж байгаа үндэс нь “хакердуулсан учраас төлөх үндэсгүй” гэдэг ч үүнийгээ нотлоогүй, тиймээс анхан шатны шүүх энэ нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн болно. Магадлалд нэгэнт талууд олон улсын холболт хийгдсэн эсэх, хууль болон гэрээнд заасны дагуу төлбөр төлөх үүрэг үүссэн эсэх асуудлаар зөвшилцөлд хүрч чадаагүй маргаантай байсан дээрх хугацаанд анхан шатны шүүх хариуцагч байгууллагаас алдангид 193.074.942 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу болсон байна. Төлбөрт хэмжээ тодорхой бус байгаа үед төлбөр төлөх үүргийн хугацааг хэтрүүлсэн гэж үзэхэд эргэлзээтэй байна гэжээ. Давж заалдах шатны шүүх гэрээний талуудын чөлөөт байдлын зарчмыг үгүйсгэж, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэнд гомдолтой байна. Учир нь давж заалдах шатны шүүх МЦХ ХК нь ЖМ ХХК-иас Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүргээ биелүүлж, төлбөр төлөхийг шаардах эрхтэй, үндсэн төлбөр болох 386.149.886 төгрөгийг гаргуулан МЦХ ХК-д олгох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн атлаа алданги нэхэмжилсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо хуулийн тодорхой тайлбар хийлгүй, эргэлзээтэй төдий байдлаар дүгнэсэн нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл Талуудын хооронд байгуулсан Сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээний дагуу төлбөр төлөх үүрэг үүссэн нь эргэлзээгүй байсан, учир нь хариуцагч шинээр суурилуулсан ZTE тоног төхөөрөмжтэй холбоотой болохоо, тус газартай асуудлаа шийдсэний дараа төлбөрийг төлөх талаар эхний уулзалтаар л хэлсэн байдаг. Энэ байдал гэрээний дагуу төлбөр төлбөр төлөх үүрэг үүссэнийг, түүнийг хүлээн зөвшөөрч байгааг нотолдог. Гэрээнд заасны дагуу, хариуцагч ЖМ ХХК нь 2014 оны 6 дугаар сарын төлбөрийг 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор, 2014 оны 7 дугаар сарын төлбөрийг 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлөх үүрэгтэй бөгөөд төлөөгүй тохиолдолд 2014 оны 6 дугаар сарын төлбөрт 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс, 2014 оны 7 дугаар сарын төлбөрийг 2014 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн, гэрээний 4.9-т заасны дагуу хэтэрсэн хоног тутамд төлөх естой төлбөрийн 0.1 хувийн алдангийг төлөх үүрэг үүсч байгаа нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтад бүрэн нийцнэ. 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн өдрөөр тасалбар болгон 2014 оны 6 сарын алдангийг тооцвол /1137 хоног/ 223.110.884 төгрөг болох ба 2014 оны 7 дугаар сарын алданги /1107 хоног/ 210.330.000 төгрөг, нийт 433.440.884 төгрөгийн алданги бодогдож байгаа бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т нийцүүлэн нийт төлбөр болох 386.149.886 төгрөгийн 50 хувиар тооцон 193.074.942 төгрөгийн алданги нэхэмжилсэн нь хууль үндэслэлтэй. Хариуцагчийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэс нь тухайн холболт бодитой бус буюу хакердуулсан гэдэг ч энэ нь шинжээчийн дүгнэлтээр бодитой дуудлага байна гэж дүгнэгдсэн, тухайн сарын төлбөрийг карьер орнуудад төлсөн нь нотлогдохгүй байна гэдэг, үүнийг Энхмаагийн и-мэйлд үзлэг хийж тодорхой болгосон. Энэ олон сарын хугацаанд авсан үйлчилгээний төлбөрөө хийхгүй байна гэдэг бол бизнесийн үйл ажиллагаанд саад учруулж байгаа ноцтой үйлдэл, бизнес эрхлэгчийн хариуцлага гэдэг бол хувь иргэн хүнтэй харьцуулбал илүү хатуу, тухайн хариуцлагыг заавал үүрүүлдэг зарчимтай байдаг. Гэтэл алдангийг хасч шийдсэн нь эрх зүйн төдийгүй бизнесийн зарчимд ч үл нийцэх шийдвэр болж байгааг анхаарна уу. Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 613 дугаар магадлалд өөрчлөлт оруулж, ЖМ ХХК-иас МЦХ ХК-ийн 001 гарцаар ярьсан олон улсын ярианы үйлчилгээний төлбөр болох 386.149.885 төгрөгт ногдох төлөөгүй хугацааны алданги 193.074.942 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-гийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хуульд заасан журмын дагуу үнэлсэнгүй. Анхан болон давж заалдах шатны шүүх “...дугаарлалт, угтвар код...”-той холбоотойгоор хэрэгт байгаа нотлох баримтын хүрээнд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэнгүй. Харилцан холболтын гэрээний 2.4.1.1 дэх хэсэгт ЖМ ХХК-ийн сүлжээний хэрэглэгчдийн дугаарлалтыг 98, 93, 97, 53 хэмээн зааглан тогтоосон, мөн гэрээний 2.4.1.3-т “...улс хоорондын яриа төгсөхдөө 001, 1637 гэсэн угтвар дугаар оруулна”, 2.4.1.4-т “ЖМ компани нь МЦХ ХК-ийн сүлжээгээр улс хоорондын яриаг гаргахдаа 001, 1637 гэсэн угтвар ашиглана” гэж тус тус зааснаас үзэхэд бодит дуудлага, холболт хийсэн гэж үзэх үндэслэлгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдааны үед нэхэмжлэгч талаас ЖМ ХХК-аас гадна бусад оператор компаниуд нь МЦХ ХК-ийн гарцыг ашиглан олон улсын дуудлага хийдэг бөгөөд гадаад харилцагч компаниас харилцан холболтын төлбөрийг хооронд нь ялгаж ирүүлдэггүй, энэ утгаараа сүлжээ тус бүрийн яриа, төлбөрийг тодорхойлох боломжгүй гэж өөрсдөө тайлбарлаж, зөвшөөрдөг. Өөрөөр хэлбэл, зөвхөн ЖМ ХХК-ийн төлбөр гэдгийг ялгаагүй, нийт төлбөр шаардаад байдаг. Ийнхүү нэхэмжлэгчийн шаардсан төлбөр нь тодорхой бус, эргэлзээтэй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангасанд, давж заалдах шатны шүүх 386.149.886 төгрөгийг хангах нь зүйтэй гэж үзсэнд гомдолтой байна. Нөгөө талаар нэхэмжлэгч талын гаргаж өгсөн гадаад шилжүүлгийн баримт нь ЖМ ХХК-ийн сүлжээнээс гарсан ярианы төлбөрийг төлсөн гэдэг нь эргэлзээгүй нотлогддоггүй. Өөрөөр хэлбэл, дээрх баримтын төлбөрийн зориулалт нь тодорхой бус, чухам юуны төлбөр эсэх нь мэдэгдэхгүй баримт байдаг. Нэхэмжлэгч талаас аудитын дүгнэлтийг нотлох баримтаар өгсөн хэдий ч түүнд дурдсан тоо, баримт зөрүүтэйгээс гадна шүүхэд маргаантай төлбөр тооцооны асуудлаар буюу шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй асуудлаар аудитын дүгнэлт гаргасан байгаа талаар хариуцагч тал тайлбарласан боловч анхан болон давж заалдах шатны шүүх тухайн аудитын дүгнэлтийг шийдвэр, магадлалынхаа үндэслэл болгосон нь ойлгомжгүй байна. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримт бүрдүүлэх журмыг зөрчсөн байтал давж заалдах шатны шүүх тэрхүү асуудлыг зөвтгөсөн байдлаар дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Тодруулбал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн зүгээс шинжээч томилж, дүгнэлт гаргуулах ажиллагаа хийсэн боловч томилсон байгууллага нь сонирхлын зөрчилтэй, өмнө нь тухайн хэрэгт нэгэнт байр сууриа илэрхийлсэн, өмнө нь гаргасан шинжээчийн дүгнэлтийг талууд эс зөвшөөрч дахин дүгнэлт гаргуулахаар болсон, шинжээчид нь дүгнэлтдээ гарын үсэг зурж, баталгаажуулаагүй зэрэг нөхцөл байдлууд тогтоогдсоор байхад Харилцаа холбооны зохицуулах хорооны шинжээчдийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дүгнэлтийг шийдвэрийнхээ үндэслэл болгосон байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын хүсэлтээр үзлэг хийсэн байх бөгөөд ийнхүү үзлэг хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан журмыг зөрчсөн байдаг. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг ажил гүйцэтгэх гэрээний үүрэг гэж, давж заалдах шатны шүүх худалдах, худалдан авах гэрээний үүрэг гэж үзсэн хэдий ч Харилцан холболтын гэрээний агуулга, шинж, талуудын эрх, үүрэг, гэрээг хэрэгжүүлж буй байдал зэргээс харвал хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн байгааг анхаарч үзсэнгүй. Шүүхэд хэлэлцэгдсэн нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримтууд нь хэлбэр, агуулгын шаардлага хангаагүй, хуульд заасан журам зөрчиж бүрдүүлсэн нотлох баримтыг үнэлсэн зэрэг нөхцөл байдалтай холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлага нотлогдохгүй байгаа тул дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “МЦХ” ХК хариуцагч “ЖМ” ХХК-д холбогдуулан сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээний үүрэг 386.149.885 төгрөг, уг үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй хариуцлага болох алданги 193.074.942 төгрөг, нийт 579.224.826 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг, хариуцагч “бодит холболтын төлбөрийг төлсөн, гэрээнд зааснаас өөр дугаарлалтын болон эцсийн хэрэглэгч тодорхой бус дуудлагын төлбөр төлөх үндэслэлгүй” гэж маргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрт хууль хэрэглээний болон алданги гаргуулсныг хэрэгсэхгүй болгож өөрчлөлт оруулжээ.

Хяналтын журмаар гаргасан зохигчийн хэн алины гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1. Анхан шатны шүүх “МЦХ” ХК, “ЖМ” ХХК-ийн  хооронд 2011 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан ЖМ-11/1068 дугаар “Сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээ”, 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн нэмэлт гэрээний харилцааг ажил гүйцэтгэх гэрээ гэж үзсэн нь алдаатай, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасантай нийцээгүй байна.

Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээгээр талууд ажлын үр дүн бий болгохтой холбоотой бус тус тусын сүлжээг ашиглан холболт хийж, үйлчилгээ авах, төлбөр төлөхөөр  тохиролцсон байх тул худалдах-худалдан авах гэрээний шинжийг илүү агуулсан, энэ талаархи давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

2. Нэхэмжлэгч “МЦХ” ХК нь хариуцагч ЖМ ХХК-с 2014 оны 6, 7-р саруудын үйлчилгээний төлбөрт 386.149.885 төгрөг шаардсан, уг нэхэмжлэлийг хангахдаа хоёр шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Зохигчийн тайлбар, хэргийн баримтаас үзвэл, хариуцагч ЖМ ХХК-ийн хэрэглэгчдийн улс хоорондын дуудлага хүлээн авах, улс хоорондын гарах дуудлага дамжуулах, улс хоорондын орох дуудлага дамжуулах олон улсын ярианы холболтыг тодорхойлох бичлэг нь 2 компанийн тус тусын CDR-т синхрон горимоор бүртгэгдэн бичигддэг болох нь тогтоогдсон ба уг бичлэгт боловсруулалт хийж, сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээний хүрээнд ярианы өгөгдлийг цаасан болон электрон хэлбэрээр гарган, гэрээнд заасан тарифаар төлбөрийг тооцоолсон нэхэмжлэлийн үндэслэлийг үгүйсгэх боломжгүй байна.

Харилцан холболтын гэрээний 2.4.1.1-т “ЖМын сүлжээний хэрэглэгчийн дугаарлалт нь 98..., 93..., 97..., 53..., байна” гэж тогтоосон, мөн гэрээний 2.4.1.3-т “Цахилгаан холбоо нь ЖМын сүлжээнд улс хоорондын яриа төгсөхдөө 001, 1637 гэсэн угтвар дугаар оруулна” гэж заажээ.

Нэхэмжилж буй 386.149.885 төгрөгийн ярианы төлбөрт Харилцаа холбооны зохицуулах газраас ЖМ ХХК-ийн хэрэглэгчдэд олгож, зөвшөөрсөн дугаарлалтаас гадна өөр дугаарлалтаас хийгдсэн, мөн эцсийн хэрэглэгч тодорхой бус ярианы төлбөр хамаарч байгааг зохигч маргаагүй байна.

 

Гэрээний 2.2.2-т “зааглах цэг дэх техник, төхөөрөмжийн ашиглалт, үйлчилгээг тухайн зааглах цэг байрлаж байгаа тал хариуцна.”, 2.3.1-д “талууд өөрсдийн холбох шугамын ачааллын хэмжээнд хяналт тавьж, шаардагдах зохицуулалтыг хийж ажиллана”, 4.7-д “талуудын сүлжээнд төгсөж байгаа ярианы дугаарлалт тодорхойгүй тохиолдолд уг ярианы минутыг холбох шугамын нэрээр нь ялгаж тооцоо нийлнэ” гэжээ. ЖМ ХХК-ийн гарсан дуудлага эцсийн хэрэглэгчтэй холболт тогтсон гэж шинжээч дүгнэсэн, төлбөрийн талаархи 2 компанийн төлөөлөгч оролцсон ярилцлагын тэмдэглэлээс үзэхэд ЖМ ХХК нь шинээр суурилуулсан ZTE тоног төхөөрөмжөөс шалтгаалж, гадны халдлагад өртсөн байх магадлалтайг хүлээн зөвшөөрчээ.

Иймд хариуцагч ЖМ ХХК нь гэрээнд заасан дугаарлалтуудын дуудлагаас гадна өөрийн сүлжээний бусад дуудлагын эрсдэлийг хүлээж төлбөрийг төлөх үндэслэлтэй, энэ талаар хоёр шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.

3. Алданги гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зөв гэж үзлээ.

Харин давж заалдах шатны шүүх алдангийг хэрэгсэхгүй болгохдоо “...төлбөр тооцоо нийлэх талаар зохих арга хэмжээ авсан гэх үйл баримт тогтоогдохгүй, ...гэрээний 4.4-т заасан заалт хэрэгжээгүй, зохигчид төлбөрийн асуудлаар маргаж, нэхэмжлэл гаргасан...” гэж үзсэн нь учир дутагдалтай болжээ.

Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэдэг бөгөөд анз нь торгууль, алданги гэсэн хоёр хэлбэртэй байна.

Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний 4.9-т “төлбөрийн хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөх үнийн дүнгийн 0.1 хувийн алданги тооцно” гэж заасан бөгөөд уг зохицуулалтад гэрээнд заасан тухайлбал, 98..., 93..., 97..., 53..., дугаарлалтуудын ярианы төлбөрөөс гадна гэрээнд тусгагдаагүй, тодорхой бус дугаарын ярианы төлбөрт алданги тооцох агуулга тусгагдаагүй байна.

Үүнээс гадна нэхэмжлэгч ЖМ ХХК нь гэрээнд заасан дугаарлалт болон тодорхой бус дугаарлалтын дуудлагын төлбөрийг ялгамжтай тодорхойлоогүй тул гэрээнд заасан дуудлагын төлбөрөөс алданги тооцох боломжгүй байна.

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын хүсэлтээр ЖМ ХХК-ийн сүлжээний дуудлага бодитой эсэхэд 3 удаа шинжээч томилж, дүгнэлт гаргуулжээ. Харилцаа холбооны зохицуулах газрын шинжээч нар сүүлийн дүгнэлтийг гаргасан бөгөөд дүгнэлт гаргасан шинжээч нарыг нэхэмжлэгчтэй ашиг сонирхолтой гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үзлэг хийсэн ажиллагаа хууль зөрчсөн гэж үзэхгүйг давж заалдах шатны шүүх магадлалдаа тодорхой дүгнэжээ.

Дээрх үндэслэлээр зохигчийн гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 613 дугаар магадлалыг хэвээр үлдээж, зохигчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч 1.123.325 төгрөг, хариуцагч 2.088.700 төгрөг төлснийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ