| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2017/0288/э |
| Дугаар | 262 |
| Огноо | 2017-06-27 |
| Зүйл хэсэг | 181.2.1, |
| Улсын яллагч | Т.Отгонтөгс |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 262
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,
улсын яллагч Т.Отгонтөгс,
насанд хүрээгүй хохирогч Ц.Отгонбаяр, түүний хууль ёсны төлөөлөгч Н.Алтангэрэл,
насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч Н.Нарантуяа /шүүхэд төлөөлөх эрхийн дугаар 1292/,
шүүгдэгч И.Гүнчин-Иш,
шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Отгонбаатар /шүүхэд төлөөлөх эрхийн дугаар 0420/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Намчины Гүнчин-Ишид холбогдох эрүүгийн 2017 2601 0721 дугаар, 1 хавтаст хэргийг 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Боржигон овогт Намчины Гүнчин-Иш Монгол Улсын иргэн, 1995 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, үйлдвэрийн тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, “Магнай морьт” ХХК-ийн “Ашу” ресторанд тогооч ажилтай, ам бүл 3, эх, ах нарын хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 83 дугаар гудамжны 1196 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй. (РД:УП95080477).
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Н.Гүнчин-Иш нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 04 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Хайрхан хороололын 54-б байрны орцонд бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, насанд хүрээгүй хохирогч Ц.Отгонбаярыг шалтгаангүйгээр зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Гүнчин-Иш мэдүүлэхдээ:
Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны Хайрханы 54-б байранд миний аав амьдардаг. Би аавындаа орох гээд 2017 оны 4 дүгээр сарын 3-ны шөнө 01 цаг 30 минутын үед тус байрны орцны үүдэнд утсаар ярих гээд зогсож байхад хоёр хүн урдаас нүүр тулаад ирэхээр нь “ахын хоёр дүү яасан” гэсэн чинь “яадгийн, тэгээд яахийн” гэсэн. Ингээд орцонд ороод 1 давхрын шатаар өгсөж явахад энэ хохирогч гэх Ц.Отгонбаяр араас хоолой боосон, энэ камерын бичлэгт байгаа. Ц.Отгонбаяр намайг боогоод доош нь дараад тавихгүй байхаар нь түүнийг үсдэж боолтыг тавиулсан. Түүнтэй хамт явсан “ДээБямба” гэх хүн нь миний хоолойг боосон. Үүнийг тэр орцны 23 тоотын оршин суугч харсан. ДээБямба нь хажууд хараад зогсож байснаа гараад гүйсэн. Ц.Отгонбаяр надаас салаад 3 давхрын айлын хаалгыг тогшсон. Тэр айлаас хүн гарч ирэхээр нь би “танай хүүхэд чинь шөнийн 01 цагийн үед юу хийж явдаг юм бэ, хүний хоолой боолоо” гээд маргалдсан. Тэгсэн Ц.Отгонбаярын найзынх нь ээж болох тэр хүн цагдаад дуудлага өгсөн. Цагдаа ирээд намайг аваад явсан. Орц гэрэлтэй байсан болохоор болсон үйл явдал камерын бичлэгт бичигдсэн байгаа. Ц.Отгонбаярыг мөр болон хавирга хэсэг рүү нь цохисон, зодсоноо хүлээн зөвшөөрч байна. Харин би эхэлж насанд хүрээгүй хохирогчид гар хүрээгүй учир, эхэлж гар хүрсэн гээд байгааг нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
2.Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч Ц.Отгонбаяр мэдүүлэхдээ: 2017 оны 4 дүгээр сарын 2-ны өдрөөс 3-ны өдөр шилжих шөнө 00 цаг өнгөрч байсан байх цагийг тодорхой санахгүй байна. Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, 54-б байрны гадаа сагс тоглож байгаад найзынхаа гэрээс угааж тавьсан гутлаа авах гээд орц руу нь орох гэж байхад үүдэн дээр нь энэ ах зогсож байсан. Энэ ах дуудаад “намайг таних уу” гэж асуухаар нь би “танихгүй юм байна” гэсэн. “Энэ орцны кодыг хийгээдэх” гэхээр нь би орцны кодыг нь хийгээд ороход араас орж ирсэн. Орц руу оронгуут намайг цохиод боосон. Манай найз тавиулах гэхэд нь хамар руу нь цохисон. Найз Дээбямба хамраа дараад цагдаа дуудна гээд гараад гүйсэн. Тэр үед 3 давхраас нэг ах бууж ирээд “наад хүүхэд аллаа тавиач” гэж хэлэхэд намайг тавихгүй дээрээс дэвссэн. Би гарыг нь арай гэж тавиулаад 3 давхар руу гүйж гараад найзынхаа гэрийн хаалгыг тогшиж байхад энэ ах араас гарч ирээд намайг тэлээнээс барьж толгой сугадчихаад тавихгүй байсан. Тэгэхэд манай найзын ээж нь гарч ирээд “чи наад хүүхэд аллаа” гээд байхад намайг тавихгүй лифтны хаалгыг цохиод маргалдаад байсан. Тэгээд найз маань намайг гэр рүүгээ татаж оруулаад цагдаа ирээд, энэ ахыг аваад явсан гэв.
3.Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Алтангэрэл мэдүүлэхдээ: Шүүгдэгч Н.Гүнчин-Иш нь миний хүүхдийг зодож гэмтэл учруулсан байсан. Дээбямба гэдэг хүүхэд Гүнчин-Ишийг зодоогүй. Би тухайн үед өөрөө Дээбямбыг дагуулж гэмтлийн эмнэлэг дээр очиж хамрыг нь үзүүлж байсан юм. Гүнчин-Иш нь манай хүүгийн эмчилгээний эм тариаг авч өгсөн. Надаас гарсан эмчилгээний зардлыг нөхөн төлсөн. Бэлнээр 50,000 төгрөг, 210,000 төгрөг, 300,000 төгрөг тус тус өгсөн. Уучлалт гуйгаагүй ч хүний хүүхдийг хэрэгт холбогдуулаад яахав, гомдолгүй гэв.
Эрүүгийн 2017 2601 0721 дугаартай хэргээс:
Мөрдөн байцаалтад хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, бусад баримтууд болох:
4.Насанд хүрээгүй хохирогч Ц.Отгонбаярын 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр мэдүүлсэн:
“...2017 оны 04 дүгээр сарын 02-ноос 2017 оны 04 дүгээр сарын 03-нд шилжих шөнө найз Дээбямбатай хамт Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Хайрхан хороолол 54-б тоот Бат-Эрдэнийн гэрт очиж гутлаа авах гээд 00 цагийн орчимд Хайрхан хорооллын ойролцоо явж байсан. Намайг найзынхаа хамт Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Хайрхан хороолол 54-б байрны орцны үүдэнд Гүнчин-Иш гэх хүнтэй тааралдсан. Гүнчин-Иш гэх эрэгтэй “та нар намайг таних уу” гэсэн. Тэгэхээр нь би “таныг танихгүй юм байна” гэсэн чинь “та нар энэ орцны кодийг мэдэх үү” гэж асуусан. Би мэднэ гэж хэлээд орцны кодыг хийгээд дотогшоо орсон. Орцонд орсон чинь Гүнчин-Иш гэх эрэгтэй шууд намайг хоолойноос боогоод толгой руу гараараа цохиод эхэлсэн. Надтай хамт явж байсан Дээбямба салгах гэсэн чинь найз Дээбямбын нүүрэнд гараараа Гүнчин-Иш гэх эрэгтэй цохичихсон. Тэр үед найз цагдаагийн байгууллагад дуудлага өглөө гээд орцноос гараад явсан. Намайг Гүнчин-Иш гэх эрэгтэй үсдээд, нүүрэн тус газар гараараа цохиод газар унгаагаад толгой руу хөлөөрөө дэвссэн. Тэр үед би арай хийж салаад найз Бат-Эрдэнийн гэр болох 3 давхарт гарсан. Бат-Эрдэнийн гэрээс Бат-Эрдэнэ түүний ээж эгч нар нь гарч ирсэн. Тэр үед миний араас Гүнчин-Иш гэх эрэгтэй ирээд надтай маргалдаж эхэлсэн. Тэгээд Бат-Эрдэнийн ээж цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Намайг орцонд дөнгөж орох үед Гүнчин-Иш гэх эрэгтэй ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр зодож гэмтээсэн. Намайг Гүнчин-Иш гэх эрэгтэй үснээс зулгаагаад доошоо дараад нүүрэн тус газар гараараа цохисон, бас газар унагааж байгаад толгой руу дэвсээд байсан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Харин Гүнчин-Иш гэх эрэгтэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу байсан. Би Гүнчин-Иш гэх эрэгтэйг танихгүй, урьд өмнө нь харж байгаагүй. Цагдаагийн байгууллага дээр ирээд нэрийг нь мэдсэн. Хэрэг болох үед манай найз Дээбямба, Бат-Эрдэнэ түүний ээж, эгч нар байсан. Өөр ямар нэгэн хүн байгаагүй.
Хэрэг болсон газар Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Хайрхан хороолол 54-б байрны орцонд болсон. Би шинжээчийн дүгнэлтэй танилцлаа, гомдол, санал алга байна. Би гэмтлийн эмчийн бичиж өгсөн тэр эмнүүдийг авсан, толгойны бариа засал хийлгэсэн. Гүнчин-Иш гэх эрэгтэй гэмтлийн эмчийн бичиж өгсөн бичгийг нь аваад эм авч өгсөн. Хэдэн төгрөгийн эм авч өгсөн талаар мэдэхгүй байна. Гүнчин-Иш гэх эрэгтэй бэлнээр надад 50,000 төгрөг өгсөн. Эмчилгээ хийлгэсэн талаарх ямар нэгэн баримт байхгүй. Гомдолтой байна, хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Би эмчилгээ хийлгэсэн талаарх баримтаа авчирч өгөөд эмчилгээний зардлаа нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг [1] ,
5.Гэрч Н.Мөнхбаатарын 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр мэдүүлсэн:
“...Би 2017 оны 04 дүгээр сарын 02-ны шөнө 23 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Цэцэн худалдааны төвд байрлах караокед Гүнчин-Иш, Гансүх, Гэрэлт-Од, Ичинхорлоо /Ука/, Мараната /Маагий хочтой/ бид нар орсон. Караокед ороод “Хар Чингис” нэртэй 0,75 литрийн нэг шил архи захиалж уусан. Тэгээд архи ууж дуусах үед караоке 23 цаг 50 минутын орчимд хаачихсан. Караокенээс гараад Гүнчин-Иш, Гансүх, Гэрэлт-Од, Ичинхорлоо, Мараната бид нар тамхилаад ярилцаж байгаад 00 цаг өнгөрөөгөөд гэртээ харих гээд салцгаасан. Гүнчин-Иш бид нараас салаад Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах эцэг Намчингийнхаа гэрт очиж хононо гэж хэлээд явсан. Тэрнээс хойш юу болсон талаар надад мэдэх зүйл алга байна. Гүнчин-Иш бид хоёр багийн найзууд байгаа юм. Би Гүнчин-Ишийг ерөнхий боловсролын сургуульд сурч байхаас эхлээд таньдаг болсон сайн найзууд байгаа юм. Манай найз Гүнчин-Иш хүнтэй ямар нэгэн байдлаар харилцахдаа энгийн төлөв даруу байдалтай харилцдаг. Гүнчин-Иш хүнтэй маргалдаж муудалцдаг талаар мэдэхгүй. Гүнчин-Иш хааяа нэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Хэрэглэсэн үедээ зан байдлын хувьд яриа нь олширдог болохоос биш хүнтэй маргалдаж муудалцаад байдаггүй хүн байгаа юм. ...” гэх мэдүүлэг [2],
6.Гэрч Д.Гэрэлт-Одын 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр мэдүүлсэн:
“...Би 2017 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Мөнхбаатар, Гансүх бид гурав Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт уулзаад байж байгаад найз Гүнчин-Ишийг дуудсан. Найз Гүнчин-Иш шөнө 23 цагийн орчимд ажлаа тараад ирсэн. Тэгээд Гүнчин-Иш, Гансүх, Мөнхбаатар, Ичинхорлоо /Ука/, Мараната /Маагий хочтой/ бид нар караокед орохоор болоод “Цэцэн” худалдаан төвд байрлах караокед орсон. Караокед ороод “Хар Чингис” нэртэй 0,75 литрийн нэг шил архи захиалаа, юм ярилцаж байгаад уусан. 00 цагийн орчимд караоке хаахаар болоод бид нар караокенээс гарсан. Караокенээс гараад “Дүүхээ-2” төвийн ойролцоо юм ярилцаж байгаад гэр, гэртээ харихаар болоод салцгаасан. Гүнчин-Иш эцэг Намчингийн гэрт очиж хононо гэж хэлээд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Хайрхан хороолол руу явсан. Харин бид нар гэр гэртээ харихаар болоод явцгаасан. Би Гүнчин-Иштэй багийн найзууд нэгнийгээ бол сайн танина. Гүнчин-Иш бид нартай 0,75 литрийн нэг шил архи хувааж уусан. Өөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, өөрийн гэсэн ухаантай байсан. Манай найз Гүнчин-Иш хамт олон найз нөхдийнхөө дунд даруухан талдаа энгийн хэвийн харилцаатай байдаг. Ямар нэгэн хүн эхлэж маргалдахгүй бол хүнтэй маргалдаж муудалцаад байдаггүй. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүнтэй маргалдаж муудалцаад зан ааш нь өөрчлөгдөөд агсам согтуу тавьж байгаагүй. ...” гэх мэдүүлэг [3] ,
7.Гэрч Ч.Гансүхийн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр мэдүүлсэн:
“...Би 2017 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Мөнхбаатар, Гэрэлт-Од бид гурав Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт уулзаад байж байгаад найз Гүнчин-Ишийг дуудсан. 2017 оны 04 дүгээр сарын 02-ноос 2017 оны 04 дүгээр сарын 03-нд шилжих шөнө 23 цагийн орчимд Гүнчин-Иш, Гэрэлт-Од, Мөнхбаатар, Ичинхорлоо /Ука/, Мараната /Маагий хочтой/ бид нар уулзаад “Цэцэн” худалдааны төвд байрлах караокед орсон. Караокед ороод “Хар Чингис” нэртэй 0,75 литрийн нэг шил архи захиалж уугаад бага зэрэг юм ярилцаж байгаад 00 цагийн орчимд караоке хаахаар нь гарсан. Караокенээс гараад “Дүүхээ-2” төвийн ойролцоо юм ярилцаж байгаад гэр гэртээ харихаар болоод салцгаасан. Гүнчин-Иш эцэг Намчингийнхаа гэрт очиж хонолоо гэж хэлээд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Хайрхан хороолол руу явсан. Харин бид нар салаад гэртээ харихаар явсан. Тэрнээс цааш юу болсон талаар надад мэдэхгүй. Би Гүнчин-Иштэй багийн найзууд нэгнийгээ сайн танина. Бид хоёр ерөнхий боловсролын сургуульд хамт сурдаг байсан. Гүнчин-Иш архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Гэхдээ өөрийн гэсэн ухаантай байсан. ...” гэх мэдүүлэг [4],
8.Гэрч Н.Алтангэрэлийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр мэдүүлсэн:
“...2017 оны 04 дүгээр сарын 02-ноос 2017 оны 04 дүгээр сарын 03-нд шилжих шөнө 01 цаг өнгөрч байхад миний хүү Отгонбаярын найз Бат-Эрдэнийн ээж нь миний гар утас руу залгаад “Танай хүүхдийг нэг согтуу залуу зодсон байна, би нөгөө хүнийг нь салгаад цагдаад өгөөд явуулсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо хангайн 33-13 тоотоос нөхөр Цэдэвсүрэнгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Хайрхан хороолол 54-б байрны гадна талд очсон. Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Хайрхан хороолол 54-б байрны гадна талд очиход Бат-Эрдэнэ, түүний ээж Бямба, хүү Отгонбаяр нар байж байсан. Хүү Отгонбаярын үс нь арзайсан, куртик нь урагдсан, хамраас нь цус гарсан байдалтай хүзүүгээ гараараа бариад зогсож байсан. Отгонбаярыг зодсон гэх хүнийг цагдаагийн алба хаагчид ирээд аваад явсан байсан. Отгонбаяр Гүнчин-Иш гэх эрэгтэйг зодож гэмтээсэн зүйл байхгүй байх. ...” гэх мэдүүлэг [5],
9.Насанд хүрээгүй гэрч Б.Бат-Эрдэнийн 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр мэдүүлсэн:
“...2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр манай найз Ц.Отгонбаяр өөрийнхөө пүүзийг угаагаад тавьчихсан байсан. 2017 оны 04 дүгээр сарын 02-ноос 2017 оны 04 дүгээр сарын 03-нд шилжих шөнө 01 цаг өнгөрч байсан чинь манай гэрийн хаалгыг ямар нэгэн хүн нүдээд гадна талд хүмүүс маргалдаад орилолдоод байсан. Би эцэг Баярхүү, ээж Намуунгэрэл нарын хамт гэрээсээ гараад хаалга онгойлгосон. Гэрийнхээ хаалгыг онгойлгосон чинь манай найз Ц.Отгонбаяр Гүнчин- Иш гэх залууд зодуулчихсан байдалтай маргалдаад зогсож байсан. Гүнчин-Иш сугандаа Отгонбаярын толгойг нь хавчуулсан байдалтай байсан. Манай ээж Намуунгэрэл “чи одоо наад хүүхэд аллаа шүү дээ” гэж хэлсэн чинь тэр Гүнчин-Иш гэх залуу урдаас нь маргалдаад байсан. Манай ээж Намуунгэрэл цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд Гүнчин-Иш гэх залууг саатуулсан. ...Намайг хаалга онгойлгоод харсан чинь Гүнчин-Иш Отгонбаярын толгойг хавчуулсан байдалтай зогсож байсан. Тэрнээс өмнө юу болсон талаар мэдэхгүй байна. Ц.Отгонбаяр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Гүнчин-Иш гэх залуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу байсан. Гүнчин-Иш гэх хүнийг урьд өмнө нь харж байгаагүй, танихгүй. Ц.Отгонбаяр бол миний найз байгаа юм. ...” гэх мэдүүлэг [6],
10.Гэрч П.Баярхүүгийн 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр мэдүүлсэн:
“...2017 оны 04 дүгээр сарын 02-ноос 2017 оны 04 дүгээр сарын 03-нд шилжих шөнө 01 цагийн орчимд гэр бүлийнхээ хамт унтаж байсан чинь хаалга нүдсэн. Тэгэхээр нь би хаалгаар эхнэр хүүхдийнхээ хамт гарсан. Хаалга онгойлгоход Гүнчин-Иш гэх залуу Отгонбаярын толгойг нь сугандаа хавчуулаад доош нь дарсан байдалтай зогсож байсан. Би болон эхнэр Намуунгэрэл тэр Гүнчин-Иш гэх залууг “Чи одоо болилдоо наад хүүхэд гэмтээлээ” гэж хэлсэн чинь тэр Гүнчин-Иш гэх залуу “та нарт хамаагүй” гээд маргалдаад орилоод байсан. Манай эхнэр Намуунгэрэл цагдаагийн байгууллагад дуудлага өгтөл хэсэг хугацааны дараа цагдаагийн алба хаагч нар ирээд Гүнчин-Иш гэх хүнийг саатуулах гээд аваад явсан. ...Гүнчин-Иш гэгч Ц.Отгонбаярыг ямар шалтгаанаар зодож гэмтээсэн талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан Гүнчин-Иш гэх залуу Отгонбаярыг сугадаад хэл амаар доромжлоод толгойг нь сугандаа хавчуулаад доошоо харуулчаад тавихгүй байхаар нь эхнэр Намуунгэрэл цагдаад дуудлага өгсөн. ...Отгонбаяр гэх залуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Харин Гүнчин-Иш архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Гүнчин-Иш гэх залууг танихгүй урьд өмнө нь харж байгаагүй, Ц.Отгонбаяр миний хүү Бат-Эрдэнийн найз байгаа юм. ...” гэх мэдүүлэг [7],
11.Гэрч З.Намуунгэрэлийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр мэдүүлсэн:
“...2017 оны 04 дүгээр сарын 02-ноос 2017 оны 04 дүгээр сарын 03-нд шилжих шөнө өөрийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Хайрхан хороолол 54Б-31 тоотод унтаж байсан чинь гадна талын хаалгыг ямар нэгэн хүн нүдээд байх шиг байсан. Тэгэхээр нь хаалга онгойлгосон чинь хүү Бат-Эрдэнийн найз Ц.Отгонбаяр Гүнчин-Иш гэх залуутай маргалдаад зогсож байсан. Тэр Гүнчин-Иш гэх залуу Отгонбаярын толгойг сугандаа хавчуулсан байдалтай зогсож байсан. Би чи хүүхэд гэмтээлээ шүү дээ гэсэн чинь тэр Гүнчин-Иш гэх залуу тоохгүй, надтай маргалдах гээд байсан. Тэгэхээр би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...Гүнчин-Иш гэгч Ц.Отгонбаяр ямар шалтгаанаар зодож гэмтээсэн талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан Гүнчин-Иш гэх залуу Отгонбаярыг сугадаад хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь цагдаад дуудлага өгсөн. ...Отгонбаяр гэх залуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Харин Гүнчин-Иш архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Гүнчин-Иш гэх залууг танихгүй, урьд өмнө нь харж байгаагүй, Ц.Отгонбаяр миний хүү Бат-Эрдэнийн найз байгаа юм. ...” гэх мэдүүлэг [8],
12.Н.Гүнчин-Ишийн сэжигтнээр 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр мэдүүлсэн:
“...Би 2017 оны 04 дүгээр сарын 02-ноос 2017 оны 04 дүгээр сарын 03-нд шилжих шөнө 23 цаг өнгөрч байхад найз Гансүх, Мөнхбаатар, Гэрэлт-Од, Ука, Маагий нартай хамт Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүүхээ-2” төвийн урд талд байрлах нэрийг нь мэдэхгүй караокед орж “Хар Чингис” нэртэй 0,75 литрийн нэг шил архи захиалж хувааж уусан. Би найзуудтай хамт караокед сууж байгаад ...караоке хаах цаг нь болоод 00 цаг өнгөрч байхад гарсан. Караокенээс гараад найзуудынхаа хамт “Дүүхээ-2” төвийн урд талд ярилцаж зогсож байгаад гэр гэртээ харихаар салсан. Би эцэг Намчингийн гэрт очих гээд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Хайрхан хороолол 54-б байрны гадаа очсон. Би Хайрхан хороололын 54-б байрны орцны гадна талд гар утсаар ярих гээд зогсож байсан чинь Отгонбаяр гэх залуу нэг танихгүй залуутай хамт орцны хажууд ирсэн. Тэр Отгонбаяр гэх залуу хамт явж байсан залуутайгаа миний урдаас тулаад хүрээд ирсэн. Тэгэхээр нь би “Та нар яах гээд байгаан” гэж асуусан чинь нэг танихгүй залуу нь “Яасан ч яадаг юм бэ” гэж хэлсэн. Би тэр хоёр залуучуудыг 54-б байрны орц руу дагуулж орсон чинь араас Отгонбаяр гэх залуу хоолой боогоод хойшоо дарсан. Тэгэхээр нь би Отгонбаяр гэх залууг гараараа үснээс нь зулгааж байгаад буцаж эргэж хараад цээж, мөр хэсэг рүү хэд, хэдэн удаа гараараа цохисон. Би Отгонбаяр гэх залуугаас салтал хамт явж байсан танихгүй нэг залуу нь намайг цохих гээд байх шиг байхаар нь би тэр залуугийн нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохисон. Надад нүүрэндээ цохиулсан нэг залуу нь орцноос гараад гүйгээд яваад өгсөн. Би Отгонбаяраас салсан чинь Отгонбаяр гэх залуу Хайрхан хорооллын 54-б байрны 3 давхар руу гүйгээд явсан. Би араас нь гарсан чинь Отгонбаяр нэг айлын хаалга нүдээд байх шиг байсан. Тэр айлаас нэг танихгүй эмэгтэй, нэг танихгүй эрэгтэй хүмүүс гарч ирээд “Чи яагаад хүүхэд зодоод байгаан” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Танай энэ хүүхэд чинь хоолойноос боосон” гэж хэлсэн чинь тэр айлын хүмүүс цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн чинь хэсэг хугацааны дараа цагдаагийн алба хаагч нар ирээд намайг албадан саатуулах төв рүү авч явсан. Би Отгонбаяр болон хамт явж байсан залууг нь танихгүй, урьд өмнө нь харж байгаагүй, анх удаа маргалдах үедээ харсан. Би Отгонбаяртай маргалдсан ямар нэгэн шалтаг шалтгаан байгаагүй. Отгонбаяр гэх залуугийн үснээс гараараа зулгааж байгаад цээж, мөр хэсэг рүү нь гараараа хэд хэдэн удаа цохиж гэмтээсэн. Би Хар чингис нэртэй 0,75 литрийн нэг шил архийг найзуудтайгаа хувааж уусан. Би болсон хэргийн талаар сайн санаж байна. Би урьд өмнө нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаагүй, анх удаа цагдаагийн байгууллагад шалгагдаж байна. Би 1995 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотын 2 дугаар төрөх эмнэлэгт Намчингийн бага хүү болж мэндэлсэн. Бага насаа гэрээр хүмүүжсэн. 2001 онд Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 9 дүгээр бүрэн дунд сургуульд элсэн ороод 2009 онд 9 дүгээр анги төгссөн. 2009 оноос хүнсний технологийн коллежид тоног төхөөрөмж засвар, гагнуурчин мэргэжлээр сурч эхлээд 2012 онд төгссөн. 2012 оноос “Ашмод” ХХК-нд мужааны ажил хийж байгаад 2014 онд Зэвсэгт хүчний 013 дугаар ангид цэргийн алба хаасан. 2015 онд цэргээс халагдаж ирээд засварчин ажил хийж байсан. 2017 оноос “Грандин” ресторанд тогоочоор ажилд ороод одоо хүртэл ажиллаж байна. ...” гэх мэдүүлэг [9],
- яллагдагчаар 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр мэдүүлсэн:
“...2017 оны 04 дүгээр сарын 02-ноос 2017 оны 04 дүгээр сарын 03-нд шилжих шөнө 01 цагийн орчимд найз нартайгаа архи уучихаад, эцэг Намчингийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Хайрхан хороолол 54-б байрны орцны гадаа зогсож байсан. Намайг орцны хажуу талд зогсож байсан чинь Отгонбаяр, Бямба гэх хоёр залуу хүрч ирэхээр нь би “яасан бэ ахын дүү нар гэж хэлсэн чинь Яадгийн” гээд байсан. Тэгэхээр нь би за за хэдүүлээ орцонд орье гэж хэлээд “Хайрхан” хорооллын 54б байрны орцонд орсон. Орцонд орсон чинь Отгонбаяр гэх залуу миний хоолойноос боогоод авсан. Тэгэхээр би гарыг нь тавиулаад Отгонбаярын үснээс нь зулгаагаад би гараараа хэд хэдэн удаа цээж, хавирганы хэсэг рүү нь цохисон. Тэр үед Бямба гэх залуу нь ирээд намайг боох гээд байсан. Тэр үед нь би Бямба гэх залуугийн нүүрэн тус газар руу нь гараараа нэг удаа алгадсан. Бямба гэх залуу хамраа бариад цаашаа яваад өгсөн. ...Отгонбаяр дээшээ гүйгээд явсан. Би араас нь гүйгээд гарсан чинь Отгонбаяр нэг айлын гадна талд зогсож байсан. Тэр айлаас нэг эрэгтэй хүн, нэг эмэгтэй хүн, нэг хүүхэд гарч ирсэн. Би тэр айлын хүмүүстэй маргалдаад байж байсан чинь хэсэг хугацааны дараа цагдаагийн алба хаагч нар хүрч ирээд намайг саатуулах гээд аваад явсан. Би Отгонбаяртай маргалдах ямар нэгэн шалтгаан байхгүй. Намайг орцон дотор орсон чинь шууд араас хоолой боосон. Тэр үед салгах гээд цохиод маргалдсан. Би Отгонбаярын цээж, хавирганы хэсэг рүү нь гараараа хэд хэдэн удаа цохиж гэмтээсэн. Насанд хүрээгүй хохирогч Ц.Отгонбаярын мэдүүлэгт “...Орцонд орсон чинь Гүнчин-Иш гэх эрэгтэй шууд намайг хоолойноос боогоод толгой руу гараараа цохиод эхэлсэн. Надтай хамт явж байсан Бямба салгах гэсэн чинь найз Бямбын нүүрэнд нь гараараа Гүнчин-Иш гэх эрэгтэй цохичихсон..." гэж хэлсэн нь худлаа байна. Би Ц.Отгонбаярыг хоолойноос нь боосон асуудал байхгүй.
Би нэг шил архийг найз нартайгаа хамт хувааж уусан. Өөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би болсон хэргийн талаар сайн санаж байна. Ц.Отгонбаярыг би урьд өмнө нь харж байгаагүй, танихгүй. Би бэлнээр 45,000 төгрөг, эм тариаг нь авч өгсөн надад баримт байгаа. ...Хохирогч эмчилгээ хийлгэсэн бол хохирлыг төлж барагдуулна. ...” гэх мэдүүлэг [10],
13.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 4777 тоот:
Хэсэг газрын үзлэгт “...толгойн оройн хуйханд 5х6 см талбайд цус шүүрч хатсан, хавдсан, дарахад эмзгэлэлтэй. 1,5х1,5 см үс халцарсан, тойроод үс шингэрсэн, хүзүүний хөдөлгөөн баруун тийш хязгаарлагдсан, хүзүүнд чангалуур боолттой.
2017.4.036-ны Гэмтлийн бичигт: Онош: Тархи доргилт, хүзүүний зөөлөн эдийн няцрал гэжээ.
Дүгнэлт:
“...1.Ц.Отгонбаярын биед зулайн хуйх, хүзүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /Шинжээч Т.Амартүвшин/...” гэсэн дүгнэлт [11],
14.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 4812 тоот:
“...1.Н.Гүнчин-Ишийн биед баруун тохойн үений зөөлөн эдийн няцрал, баруун 2-р хурууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /Шинжээч Т.Амартүвшин/...” гэсэн дүгнэлт [12],
15. Гэмтэл согог судлалын төвийн “Осол гэмтлийн тохиолдол”-ыг бүртгэсэн тухай 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн хуудас /Ц.Отгонбаяр зодуулсан гэж үзүүлсэн тухай/ [13], Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл [14], 1 ширхэг СиДи-г эд мөрийн баримтаар тооцсон тухай тогтоол, эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл [15], хохирлын баримтууд [16], нас тоолсон тэмдэглэл [17],
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар бусад баримтууд.
16.Гэрч Н.Гүнчинсүрэнгийн 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр мэдүүлсэн:
“...Би Н.Гүнчин-Ишийн төрсөн ах нь байгаа юмаа. Манай дүү Н.Гүнчин-Иш 1995 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотын 2 дугаар төрөх эмнэлэгт Намчингийн бага хүү болж мэндэлсэн. Бага насаа гэрээр хүмүүжсэн. 2001 онд Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 9 дүгээр бүрэн дунд сургуульд элсэн ороод 2009 онд 9 дүгээр анги төгссөн. 2009 оноос хүнсний технологийн коллежид тоног төхөөрөмж засвар, гагнуурчин мэргэжилээр сурч эхлээд 2012 онд төгссөн. 2012 оноос “Ашмод” ХХК-нд мужааны ажил хийж байгаад 2014 онд Зэвсэгт хүчний 013 дугаар ангид цэргийн алба хаасан. 2015 онд цэргээс халагдаж ирээд засварчин ажил хийж байсан. 2017 оноос “Грандин” ресторанд тогоочоор ажилд ороод одоог хүртэл ажиллаж байна. Н.Гүнчин-Иш нь зан байдлын хувьд төлөв даруухан талдаа, хүнтэй маргалдаж муудалцаад байдаггүй. Миний хажууд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж харагдаггүй. Н.Гүнчин-Иш нь хамт олон найз нөхдийнхөө дунд нэр хүндтэй, найрсаг дотонсог. Гүнчин-Иш урьд өмнө цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаагүй анх удаа цагдаагийн байгууллагад шалгагдаж байна. ...” гэх мэдүүлэг [18],
16.Гэрч М.Намчины 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр мэдүүлсэн:
“...Би Н.Гүнчин-Ишийн төрсөн эцэг нь байгаа юм. Миний хүү Н.Гүнчин- Иш 1995 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотын 2 дугаар төрөх эмнэлэгт миний бага хүү болж мэндэлсэн. Миний хүү бага насаа гэрээр хүмүүжсэн. 2001 онд Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 9 дүгээр бүрэн дунд сургуульд элсэн ороод 2009 онд 9 дүгээр анги төгссөн. 2009 оноос хүнсний технологийн коллежид тоног төхөөрөмж засвар, гагнуурчин мэргэжлээр сурч эхлээд 2012 онд төгссөн. 2012 оноос “Ашмод” ХХК-нд мужааны ажил хийж байгаад 2014 онд Зэвсэгт хүчний 013 дугаар ангид цэргийн алба хаасан. 2015 онд цэргээс халагдаж ирээд засварчин ажил хийж байсан. 2017 оноос “Грандин” ресторанд тогоочоор ажилд ороод одоо хүртэл ажиллаж байгаад хэрэгт холбогдсоноос болоод ажлаасаа гарсан. Миний хүү Н.Гүнчин-Ишийн зан байдлын хувьд хэвийн ямар нэгэн цочмог уур уцаар гээд байх зүйл байхгүй. Хамт олон найз нөхдийнхөө дунд нэр хүндтэй, хүнтэй эелдэг зөөлөн харьцдаг, маргалдаж муудалцаж байсан удаа байхгүй. Миний хажууд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаагүй, ямар нэгэн муу зуршил байхгүй. Урьд өмнө нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаагүй анх удаа цагдаагийн байгууллагад шалгагдаж байна. ...” гэх мэдүүлэг [19],
17.Шүүгдэгч Н.Гүнчин-Ишийн иргэний үнэмлэхийн лавлагаа [20], урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас [21], шүүгдэгч Н.Гүнчин-Ишийн хувийн байдлын талаарх баримтууд [22], Н.Гүнчин-Ишийг албадан саатуулагдсан тухай баримт [23] болон бусад бичгийн нотлох баримтыг талууд шинжлэн судалсан болно.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.Гүнчин-Ишийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэнийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар “шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана” гэж заасныг баримталж шүүх хянан шийдвэрлэсэн болно.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэвэл:
Нэг: Шүүгдэгч Н.Гүнчин-Иш нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 04 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Хайрхан хороололын 54-б байрны орцонд бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, насанд хүрээгүй хохирогч Ц.Отгонбаяр /тухайн үед 16 нас 4 сар 19 хоногтой байсан/-ыг шалтгаангүйгээр зодож бие махбодид нь зулайн хуйх, хүзүүний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- насанд хүрээгүй хохирогч Ц.Отгонбаярын мөрдөн байцаалтад 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр мэдүүлсэн: “...Гүнчин-Иш гэх эрэгтэй “та нар намайг таних уу” гэсэн. ...би “таныг танихгүй юм байна” гэсэн чинь “та нар энэ орцны кодийг мэдэх үү” гэж асуусан, ...мэднэ гэж хэлээд орцны кодыг хийгээд дотогшоо орсон. Орцонд орсон чинь Гүнчин-Иш гэх эрэгтэй шууд намайг хоолойноос боогоод толгой руу гараараа цохиод эхэлсэн. ...Гүнчин-Иш гэх эрэгтэй намайг үсдээд, нүүрэн тус газар гараараа цохиод газар унгаагаад толгой руу хөлөөрөө дэвссэн. Тэр үед би арай хийж салаад найз Бат-Эрдэнийн гэр болох Хайрхан хорооллын 546 байрны 3 давхарт гарсан. ...Гүнчин-Иш гэх эрэгтэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, согтуу байсан. Би Гүнчин-Иш гэх эрэгтэйг танихгүй, урьд өмнө нь харж байгаагүй....” гэх мэдүүлэг [24] , мөн түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,
-мөрдөн байцаалтад гэрч П.Баярхүүгийн 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр мэдүүлсэн “...2017 оны 04 дүгээр сарын 02-ноос 2017 оны 04 дүгээр сарын 03-нд шилжих шөнө 01 цагийн орчимд гэр бүлийнхээ хамт унтаж байсан чинь хаалга нүдсэн. Тэгэхээр нь би хаалгаар эхнэр хүүхдийнхээ хамт гарсан. Хаалга онгойлгоход Гүнчин-Иш гэх залуу Отгонбаярын толгойг нь сугандаа хавчуулаад доош нь дарсан байдалтай зогсож байсан. Би болон эхнэр Намуунгэрэл тэр Гүнчин-Иш гэх залууг “Чи одоо болилдоо наад хүүхэд гэмтээлээ” гэж хэлсэн чинь тэр Гүнчин-Иш гэх залуу “та нарт хамаагүй” гээд маргалдаад орилоод байсан. Манай эхнэр Намуунгэрэл цагдаагийн байгууллагад дуудлага өгтөл хэсэг хугацааны дараа цагдаагийн алба хаагч нар ирээд Гүнчин-Иш гэх хүнийг саатуулах гээд аваад явсан. ...” гэх мэдүүлэг [25],
-гэрч З.Намуунгэрэлийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр мэдүүлсэн “...гадна талын хаалгыг ямар нэгэн хүн нүдээд байх шиг байсан. Тэгэхээр нь хаалга онгойлгосон чинь хүү Бат-Эрдэнийн найз Ц.Отгонбаяр Гүнчин-Иш гэх залуутай маргалдаад зогсож байсан. Тэр Гүнчин-Иш гэх залуу Отгонбаярын толгойг сугандаа хавчуулсан байдалтай зогсож байсан. Би чи хүүхэд гэмтээлээ шүү дээ гэсэн чинь тэр Гүнчин-Иш гэх залуу тоохгүй надтай маргалдах гээд байсан. Тэгэхээр би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...” гэх мэдүүлэг [26],
-насанд хүрээгүй гэрч Б.Бат-Эрдэнийн 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр мэдүүлсэн “...Гэрийнхээ хаалгыг онгойлгосон чинь манай найз Ц.Отгонбаяр Гүнчин- Иш гэх залууд зодуулчихсан байдалтай маргалдаад зогсож байсан. Гүнчин-Иш сугандаа Отгонбаярын толгойг нь хавчуулсан байдалтай байсан. Манай ээж Намуунгэрэл “чи одоо наад хүүхэд аллаа шүү дээ” гэж хэлсэн чинь тэр Гүнчин-Иш гэх залуу урдаас маргалдаад байсан. Манай ээж Намуунгэрэл цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд Гүнчин-Иш гэх залууг саатуулсан ...” гэх мэдүүлэг [27],
- гэрч Н.Алтангэрэлийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр мэдүүлсэн “...2017 оны 04 дүгээр сарын 02-ноос 2017 оны 04 дүгээр сарын 03-нд шилжих шөнө 01 цаг өнгөрч байхад миний хүү Отгонбаярын найз Бат-Эрдэнийн ээж нь миний гар утас руу залгаад “Танай хүүхдийг нэг согтуу залуу зодсон байна, би нөгөө хүнийг нь салгаад цагдаад өгөөд явуулсан” гэж хэлсэн. ...гэрээсээ гараад очиход хүү Отгонбаярын үс нь арзайсан, куртик нь урагдсан, хамраас нь цус гарсан байдалтай хүзүүгээ гараараа бариад зогсож байсан. Отгонбаярыг зодсон гэх хүнийг цагдаагийн алба хаагчид ирээд аваад явсан байсан. ...” гэх мэдүүлэг [28],
-Н.Гүнчин-Ишийн сэжигтнээр 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр мэдүүлсэн “...би Отгонбаяр гэх залууг гараараа үснээс нь зулгааж байгаад буцаж эргэж хараад цээж, мөр хэсэг рүү хэд хэдэн удаа гараараа цохисон. ...Отгонбаяр гэх залуу Хайрхан хорооллын 54-б байрны 3 давхар руу гүйгээд явсан. Би араас нь гарсан чинь Отгонбаяр нэг айлын хаалга нүдээд байх шиг байсан. Тэр айлаас нэг танихгүй эмэгтэй, нэг танихгүй эрэгтэй хүмүүс гарч ирээд “Чи яагаад хүүхэд зодоод байгаан” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Танай энэ хүүхэд чинь хоолойноос боосон” гэж хэлсэн чинь тэр айлын хүмүүс цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...” гэх мэдүүлэг [29],
- яллагдагчаар 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр мэдүүлсэн “...Отгонбаярын үснээс нь зулгаагаад би гараараа хэд хэдэн удаа цээж, хавирганы хэсэг рүү нь цохисон. ...Отгонбаяр дээшээ гүйгээд яваад өгсөн. Би араас нь гүйгээд гарсан чинь Отгонбаяр нэг айлын гадна талд зогсож байсан. Тэр айлаас нэг эрэгтэй хүн, нэг эмэгтэй хүн, нэг хүүхэд гарч ирсэн байсан. Би тэр айлын хүмүүстэй маргалдаад байж байсан чинь хэсэг хугацааны дараа цагдаагийн алба хаагч нар хүрч ирээд намайг саатуулах гээд аваад явсан. ...” гэх мэдүүлэг [30],
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 4777 тоот дүгнэлт [31], Гэмтэл согог судлалын төвийн “Осол гэмтлийн тохиолдол”-ыг бүртгэсэн тухай 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн хуудас /Ц.Отгонбаяр зодуулсан гэж үзүүлсэн тухай/ [32] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Гүнчин-Иш нь гэм буруугийн талаар маргасан бөгөөд насанд хүрээгүй хохирогч Ц.Отгонбаярт би эхэлж гар хүрээгүй, Ц.Отгонбаяр нь намайг боосон болохоор би салгахаар түүнд гар хүрч зодсон гэж мэтгэлцсэн.
Хэрэгт цугларсан баримтуудыг үзвэл насанд хүрээгүй хохирогч Ц.Отгонбаяраас “...Гүнчин-Иш гэдэг хүнийг танихгүй, найзындаа орохоор орц руу ороход Гүнчин-Иш намайг боож, үсдээд, нүүрэн тус газар гараараа цохиод газар унгаагаад толгой руу хөлөөрөө дэвссэн. ...” гэж мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт тогтвортой мэдүүлсэн, мөн Н.Гүнчин-Иш нь хохирогчийг зодож байсан талаар Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Хайрхан хороололын 54-б байрны оршин суугчид гэрчлэн мэдүүлжээ.
Харин шүүгдэгч Н.Гүнчин-Ишийн “...намайг орц руу ороход насанд хүрээгүй хохирогч Ц.Отгонбаяр нь миний хоолойноос боогоод авсан. ...” гэж мэдүүлсэн нь буюу эхэлж хохирогч түүнд гар хүрч зодсон гэх мэдүүлгийн эх сурвалж нь бусад нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Н.Гүнчин-Ишээс “...хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дүрс бичлэгийг нотлох баримтаар өгсөн, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Хайрхан хороололын 54-б байранд үйл ажиллагаа явуулдаг дэлгүүрийн 2017 оны 4 дүгээр сарын 02-ноос 03–нд шилжих шөнийн хяналтын камерийн бичлэгийг дэлгэц дээрээс нь гар утас руугаа хуулж бичиж авсан, гар утасны бичлэгийг компьютерийн үйлчилгээ явуулдаг газраар Си Ди-нд буулгуулж хэрэгт өгсөн...” гэх ба шүүх хуралдаанд тус бичлэгийг шинжлэн судлахад бичлэг дээр гарч байгаа хүмүүсийн царайны төрх харагдахгүй, ягаан /улаан/ өнгийн цамцтай хүн харагдах бөгөөд насанд хүрээгүй хохирогч Ц.Отгонбаяраас “...би тухайн үед бор куртик, дотуураа бор өнгийн цамц, жинсэн өмдтэй байсан, надтай хамт явсан манай найз Дээбямба саарал цамц, жинсэн өмдтэй байсан...” гэж мэдүүлсэн ба бичлэг дээр гарч байгаа ягаан /улаан/ өнгийн цамцтай хүн хэн бэ гэдэг талаар шүүгдэгч, хохирогч нараас мэдүүлж чадаагүй.
Нөгөө талаар дээрх дүрс бичлэг нь хэдэн оны хэдэн сар, өдрийн бичлэг эсэх, хаанаас авсан эх сурвалж тодорхойгүй, бичлэг дээр цаг хугацаа харагдахгүй, тухайн гэмт хэрэг гарсан газрын орц мөн гэх боловч гэмт хэрэг гарсан гэх цаг хугацааны бичлэг мөн эсэх нь тодорхой бус зэргээр шаардлага хангаагүй, мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлд заасан журмын дагуу авагдаагүй буюу хуульд заасан журмыг зөрчиж хэрэгт авагдсан байх тул нотлох баримтаар үнэлээгүй, нотлох баримтаас дүрс бичлэгийг хасаж шийдвэрлэлээ.
Нийгмийн хэв журмыг зөрчих гэдэгт хүний халдашгүй чөлөөтэй байх, амьд явах, амрах, амгалан тайван амьдрах талаар нийгэмд тогтож хэвшсэн ёс журмыг зөрчихийг,
-хүч хэрэглэсэн гэдэгт хүнийг зодох, бие эрхтэнд нь гэмтэл учруулах зэрэг биеийн хүч хэрэглэсэн аливаа үйлдлийг,
-догшин авирлах гэдэгт “олон нийтийг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрсөн ичгүүр сонжуургүй авирлаж, харгис хэрцгий аргаар зориуд удтал үргэлжүүлэх, танхайрах явцдаа бусдын бие махбодид хөнгөн, хүндэвтэр гэмтэл учруулсан, эд хөрөнгийг устгасан, гэмтээсэн зэргийг тус тус ойлгоно.
Танхайрах гэмт хэрэг нь нийгмийн амгалан тайван байдлыг алдагдуулах, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчих, урьдчилан төлөвлөөгүй, гэнэт үүссэн, үл ялих зүйлээр шалтаглан хэрүүл маргаан өдөх, агсам тавих, элдвээр доромжлох, айлган сүрдүүлэх, басамжлах, дарамтлах, хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлэх зэргээр үйлдэгддэг.
Хэрэгт цугларсан баримтаас нэгтгэн дүгнэвэл насанд хүрээгүй хохирогч Ц.Отгонбаярыг найзынхаа байрны орц руу орох үед нь шүүгдэгч Н.Гүнчин-Иш шалтаг шалтгаангүйгээр үсдэж, нүүрэн тус газар нь гараараа цохиж газар унагаагаад толгой руу нь хөлөөрөө дэвсэх зэргээр биед нь хөнгөн гэмтлийг учруулсан үйл баримт хангалттай тогтоогджээ.
Иймд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Гүнчин-Ишид холбогдох хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч Н.Гүнчин-Ишийг бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж, танхайрах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэстэй гэж үзэв.
Харин тус эрүүгийн хэрэгт насанд хүрээгүй хохирогч Ц.Отгонбаяртай тухайн гэмт хэрэг гарсан өдөр хамт явж байсан иргэн н.Дээбямбын хамарыг шүүгдэгч Н.Гүнчин-Иш гэмтээсэн талаар хохирогч, гэрч нараас мэдүүлсэн байдаг ба мөрдөн байцаагчаас Дээбямба гэх хүнийг байцаахаар холбогдоход “орон нутагт ажлаар явж байгаа, очих боломжгүй” гэж мэдэгдсэн талаар тэмдэглэл үйлджээ. Мөн иргэн н.Дээбямбаас тус хэрэгт гаргасан гомдол байхгүй байх тул уг асуудлыг шалгах шаардлагагүй гэж үзэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн хэмжээний дотор хянан шийдвэрлэлээ.
Хоёр:Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар.
Насанд хүрээгүй хохирогч Ц.Отгонбаяр, түүний хууль ёсны төлөөлөгч Н.Алтангэрэл нараас гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын зардлыг нэхэмжилж, эм худалдан авсан 210,000 төгрөгийн, 43,000 төгрөгийн, 12,300 төгрөгийн баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд хэрэгт ирүүлсэн байна.
Шүүгдэгч Н.Гүнчин-Иш нь хохирлын төлбөрт мөрдөн байцаалтанд 50,000 төгрөг, шүүхийн шатанд буюу 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 210,000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 300,000 төгрөгийг тус тус хүлээлгэн өгсөн, мөн 50,000 гаруй төгрөгийн эм тариаг авч өгсөн талаар насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч нараас харилцан мэдүүлж байх ба, мөнгө хүлээлгэн өгсөн тухай баримтыг үйлдэж хэрэгт хавсаргаж, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нараас цаашид нэхэмжлэх зүйлгүй гэж шүүх хуралдаанд мэдүүлсэн.
Иймд шүүгдэгч Н.Гүнчин-Ишийг насанд хүрээгүй хохирогчид нийт 610,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Гурав:Шүүгдэгчийн хувийн байдлын талаар.
Тус хэрэгт авагдсан ЦЕГ-ын МНБГ-ын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар шүүгдэгч Н.Гүнчин-Иш нь лавлагааны санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байна.
Иймд шүүгдэгч Н.Гүинчин-Ишид ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлөх нөхцөлд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдснийг хүндрүүлэх нөхцөлд тус тус тооцов.
Түүнчлэн шүүгдэгч Н.Гүнчин-Ишийн хувийн байдал, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэм хорын хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдүүлэх шаардлагагүй гэж үзэж, Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийг хэрэглэв.
Дөрөв. Бусад асуудлаар:
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, Н.Гүнчин-Иш цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тогтоолд дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн Си Ди 1 ширхэгийг хэрэгт хавсаргаж үлдээх нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 246 дугаар зүйлийн 246.1, 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 296.4, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.2, 297.1.4, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1.Шүүгдэгч Боржигон овогт Намчины Гүнчин-Ишийг бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Намчины Гүнчин-Ишийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гүнчин-Ишид оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Н.Гүнчин-Иш нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, насанд хүрээгүй хохирогч Ц.Отгонбаяр, түүний хууль ёсны төлөөлөгч Н.Алтангэрэл нарт төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Си Ди-г уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т заасныг баримтлан шүүгдэгч Н.Гүнчин-Ишид оногдуулсан 3 жил 10 хоногийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.
7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Н.Гүнчин-Ишид урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.Гүнчин-Ишид урьд авсан бусдын батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА
[1] Хавтаст хэргийн 9-10 дугаар тал.
[2] Хавтаст хэргийн 16 дугаар тал.
[3] Хавтаст хэргийн 17 дугаар тал.
[4] Хавтаст хэргийн 18 дугаар тал.
[5] Хавтаст хэргийн 21 дүгээр тал.
[6] Хавтаст хэргийн 22 дугаар тал.
[7] Хавтаст хэргийн 23-24 дүгээр тал.
[8] Хавтаст хэргийн 25-26 дугаар тал.
[9] Хавтаст хэргийн 42-43 дугаар тал.
[10] Хавтаст хэргийн 45-46 дугаар тал.
[11] Хавтаст хэргийн 32 дугаар тал.
[12] Хавтаст хэргийн 32 дугаар тал.
[13] Хавтаст хэргийн 74 дүгээр тал
[14] Хавтаст хэргийн 81 дүгээр тал.
[15] Хавтаст хэргийн 82-83 дугаар тал.
[16] Хавтаст хэргийн 56, 77 дугаар тал
[17] Хавтаст хэргийн 57-59 дүгээр тал.
[18] Хавтаст хэргийн 14 дүгээр тал.
[19] Хавтаст хэргийн 15 дугаар тал.
[20] Хавтаст хэргийн 71 дүгээр тал.
[21] Хавтаст хэргийн 47 дугаар тал.
[22] Хавтаст хэргийн 63-67 дугаар тал.
[23] Хавтаст хэргийн 75-76 дугаар тал.
[24] Хавтаст хэргийн 9-10 дугаар тал.
[25] Хавтаст хэргийн 23-24 дүгээр тал.
[26] Хавтаст хэргийн 25-26 дугаар тал.
[27] Хавтаст хэргийн 22 дугаар тал.
[28] Хавтаст хэргийн 21 дүгээр тал.
[29] Хавтаст хэргийн 42-43 дугаар тал.
[30] Хавтаст хэргийн 45-46 дугаар тал.
[31] Хавтаст хэргийн 32 дугаар тал.
[32] Хавтаст хэргийн 74 дүгээр тал