Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 101/ШШ2022/01365

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: .......................-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б ХХК-д холбогдох,

 

22,892,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дагиймаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Үүрийнцолмон оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дагиймаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Энь 2018 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Шинэ гарц ХХК-тай В тоот Орон сууц захиалан бариулах тухай гэрээ  байгуулсан. Уг гэрээгээр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Шинэ гүрэн цогцолбор хороолол орон сууцны барилгын “В” блокийн 1 дүгээр орц, 13 давхарт Э тоотод байрлах 42,4 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 1 м.кв үнэ 980,000 төгрөг, нийт 41,552,000 (Дөчин нэгэн сая таван зуун тавин хоёр мянга) төгрөгөөр бариулахаар, “Шинэ гарц” ХХК нь 2019 оны 4 дүгээр улиралд багтаан тус орон сууцыг ашиглалтад оруулахаар харилцан тохирсон байдаг. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Захиалагч Гэрээний урьдчилгаанд гэрээний нийт үнийн дүнгийн 48.1 хувь болох 20,000,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдрөө буюу 2018 оны 06 дугаар сарын 09-ний өдөр төлсөн. Орон сууцны үлдэгдэл төлбөр болох 21,552,000 төгрөгийг Орон сууц захиалан бариулах тухай гэрээний Хавсралт 1-д заасан графикаар төлөхөөр харилцан тохиролцсон. Гэрээний 2.6 дахь хэсэгт Ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг 2019 оны 4-р улиралд багтаан гүйцэтгэнэ хэмээн заасан байдаг. Гэвч “Шинэ гарц” ХХК нь орон сууцыг гэрээнд заасан хугацаа буюу 2019 оны 4 дүгээр улиралд багтааж ашиглалтад оруулаагүй. Нэхэмжлэгчийн зүгээс “Шинэ гарц” ХХК-д хандан гэрээг цуцлах талаар удаа дараа мэдэгдсэн бөгөөд хариуцагчийн зүгээс “...байр удахгүй ашиглалтад орно, гэрээ цуцлах асуудлын талаар тодруулаад эргээд холбоо барина...” гэх мэт хариултуудыг өгсөөр өнөөдрийг хүрсэн байдаг. Б ХХКнь гэрээнд заасан үүргээ огт биелүүлээгүй бөгөөд барилгын ажил огт явагдахгүй, захиалсан орон сууцыг хугацаанд нь ашиглалтад оруулалгүйгээр захиалагч талыг хохироосоор байна.

Гэрээний 5.4 дэх хэсэгт “Гүйцэтгэгч нь захиалгат ажлыг гэрээнд заасан хугацаанаас 3 сараас дээш хугацаанд хэтрүүлсэн тохиолдолд гэрээний үнийн дүнгийн 0.02 хувиар хоног тутамд алданги төлнө” хэмээн заасны дагуу “Шинэ гарц“ ХХК нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн одоог хүртэл... хоног үүргээ биелүүлэлгүй хугацаа хэтрүүлсэн байдаг. Иймд алдангийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс нэхэмжлэл гаргасан өдрийг хүртэлх хугацаагаар тооцон нэхэмжилж байна. Алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 20,000,000 төгрөгөөс тооцоход нэг өдөрт 4,000 төгрөг байна. Үүнийг 723 хоногоор тооцож /723 хоног х 4,000 төгрөг/ алданги 2,892,000 төгрөгийг хариуцагчаас шаардаж байна.

Иймд хариуцагч “Шинэ гарц" ХХК-иас гэрээний урьдчилгаанд төлсөн 20,000,000 төгрөг, алданги 2,892,000 төгрөг, нийт 22,892,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Чадраабал шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Манай барилга ковид 19 цар тахлын нөлөө, эдийн засгийн хямралаас үүдэн 2 жил зогссон. Энэ хавар 5 сараас үргэлжлэх гэж байна. Бид нэхэмжлэлийн дүнгээс урьдчилгаа захиалгад төлсөн 20,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Энэ мөнгийг 2022.04.30-ны өдрөөс 2022.12.31-ний өдрийн хооронд сар бүр тэнцүү хуваан төлөх хүсэлтэй байна. Харин алдангид нэхэмжилсэн 2,892,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй...” гэжээ.

 

Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: Б ХХК, Энарын хооронд 2018.06.09-ний өдөр байгуулсан орон сууц захиалан бариулах тухай гэрээний хуулбар 4 хуудас, орлогын ордерын тасалбарын хуулбар 1 хуудас, 2-16-р давхрын байгуулалт схем 1 хуудас, орлогын ордерын талбар 1 хуудас,

Хариуцагч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: байхгүй

 

Шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй.

 

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичмэл баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э хариуцагч Б ХХК-д холбогдуулан “гэрээнээс татгалзаж, орон сууц захиалгын гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 20,000,000 төгрөг, алдангид 2,892,000 төгрөг, нийт 22,892,000 төгрөгийг гаргуулах” шаардлагыг гаргажээ.

 

Хариуцагч тал” урьдчилгаанд авсан 20 сая төгрөгийг төлнө, цар тахлын улмаас эдийн засгийн хямралд орсон тул алдангийг төлөхгүй” гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Зохигчдын хооронд 2018 оны 06 дугаар сарын 09-ний өдөр орон сууц захиалан бариулах тухай гэрээ байгуулагдсан байх бөгөөд ажил гүйцэтгэгч Б ХХК Баянзүрх дүүрэг 5-р хороо В блок орон сууцны 1 дүгээр орц 13 давхрын Д тип 2 өрөө орон сууцыг барьж ашиглалтад оруулан хүлээлгэн өгөх, захиалагч Э41,552,000 төгрөгийг төлөхтэй холбогдсон харилцаа үүссэн байна.

 

Зохигчдын хооронд хийгдсэн хэлцэл нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон  хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 343.2-т “Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна”, 343.3-т “Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ” гэж тус тус заажээ.

 

Захиалагч Эгэрээнд заасны дагуу урьдчилгаа төлбөрт 2018 оны 06 сарын 09-ний өдөр 20,000,000 төгрөгийг Б ХХК-ийн касст бэлнээр тушаасан нь зохигчийн тайлбар, орлогын ордер зэргээр тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй.

 

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2-т “Ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусгахаас өмнө захиалагч хэдий ч гэрээг цуцлах эрхтэй” гэж заажээ.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.6-д “ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг 2019 оны 4-р улиралд багтаан гүйцэтгэнэ” гэсэн үүргээ Б ХХК биелүүлээгүй, 2020 оны 1 сараас хойш 2022 оны 3 сарыг хүртэлх хугацаанд барилга баригдаж дуусаагүй, барилга хэзээ ашиглалтад орх нь тодорхойгүй байгаа болох нь зохигчийн тайлбар, хэргийн үйл баримтаар тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасны дагуу орон сууц захиалан бариулах тухай гэрээнээс татгалзах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.” гэж заасны дагуу орон сууц захиалан бариулах гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 20,000,000 төгрөгийг хариуцагч Б ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч Э.Эрдэнэбатад олгохоор шийдвэрлэв.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ хэрэгжихээс өмнө нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан тул алданги гаргуулах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэж, алдангид нэхэмжилсэн 2,298,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар зохигчийн хүсэлтээр хариуцагч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч Б ХХК-иас 20,000,000 /хорин сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э-д олгож, нэхэмжлэлээс 2,298,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 272,410 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б ХХК-иас 257,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Д.БАТЦЭЦЭГ