Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2022/01154

 

 

 

 

 

 

 

 

 

 

Э.Э ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 25-ны өдрийн 101/ШШ2022/01365 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э.Э ын нэхэмжлэлтэй, хариуцагч Ш ХХК-д холбогдох, 22,892,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д (онлайнаар), шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэлийн агуулга: Э.Э нь 2018 оны 06 сарын 09-ний өдөр Ш ХХК-тай В тоот Орон сууц захиалан бариулах тухай гэрээ байгуулсан. Уг гэрээгээр ...  тоотод байрлах 42.4 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 41,552,000 төгрөгөөр бариулахаар, Ш ХХК 2019 оны 4 дүгээр улиралд багтаан орон сууцыг ашиглалтад оруулахаар тохиролцсон. Захиалагч нь гэрээний урьдчилгаанд гэрээний үнийн дүнгийн 48.1 хувь болох 20,000,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр буюу 2018 оны 06 сарын 09-ний өдөр төлсөн. Орон сууцны үлдэгдэл төлбөр болох 21,552,000 төгрөгийг гэрээний хавсралт 1-д заасан графикаар төлөхөөр харилцан тохиролцсон. Гэвч Ш ХХК гэрээнд заасан хугацаанд орон сууцыг ашиглалтад оруулаагүй. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээг цуцлах талаар удаа дараа хариуцагчид мэдэгдсэн. Гэрээний 5.4-т Гүйцэтгэгч нь захиалгат ажлыг гэрээнд заасан хугацаанаас 3 сараас дээш хугацаанд хэтрүүлсэн тохиолдолд гэрээний үнийн дүнгийн 0.02 хувиар хоног тутам алданги төлнө хэмээн заасны дагуу 2020 оны 01 сарын 01-ний өдрөөс нэхэмжлэл гаргасан өдрийг хүртэлх 723 хоногийн алданги шаардаж байна.

Иймд хариуцагч Ш ХХК-аас гэрээний урьдчилгаанд төлсөн 20,000,000 төгрөг, алданги 2,892,000 төгрөг, нийт 22,892,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2.   Хариу тайлбарын агуулга: Манай барилга Ковид-19 цар тахлын нөлөө, эдийн засгийн хямралаас үүдэн 2 жил зогссон билээ. Энэ хавар 5 сараас барилгын ажил үргэлжлэх гэж байна. Бид нэхэмжлэлийн дүнгээс урьдчилгаа захиалгад төлсөн 20,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Энэ мөнгийг 2022 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл сар бүр тэнцүү хувааж төлөх хүсэлтэй байна. Харин алданги гэж нэхэмжилсэн 2,892,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

3.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч Ш ХХК-аас 20,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Э ад олгож, нэхэмжлэлээс 2,298,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 272,410 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш ХХК-аас 257,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Э ад олгосон.

 

4.   Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.а. Нэхэмжлэгч Э.Э нь Ш ХХК-тай 2018 оны 06 сарын 09-ний өдөр В тоот Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр нэхэмжлэгч нь ...  орон сууцыг 41,552,000 төгрөгөөр бариулахаар, Ш ХХК нь 2019 оны 4 дүгээр улиралд багтаан орон сууцыг ашиглалтад оруулахаар харилцан тохирсон байдаг. Гэвч Ш ХХК нь гэрээнд заасан хугацаанд орон сууцыг ашиглалтад оруулаагүй өнөөдрийг хүрсэн. Гэрээний хэрэгжих хугацаа хэтэрч, хариуцагч үүргээ хугацаанд нь биелүүлэхгүй байхад шүүхээс талуудын хооронд байгуулагдсан гэрээ хэрэгжихээс өмнө нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан тул алдангийг гаргуулах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй гэж үзэж байна.

4.б. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээнээс татгалзаагүй бөгөөд харин гэрээг цуцалсан байдаг. Гэтэл шүүхээс нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзсан гэж дүгнэсэн нь буруу.

4.в. Талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээг байгуулсан бөгөөд мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийг гэрээний 5.4-т тохиролцсон. Ш ХХК нь 2020 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл 723 хоног үүргээ биелүүлэлгүй хугацаа хэтрүүлсэн байдаг. Гэрээг цуцлах тохиолдолд цуцлах хүртэлх хугацааны үүрэг хүчин төгөлдөр учир гэрээг цуцлах хүртэлх хугацааны алданги 2,892,000 төгрөгийг шаардах эрхтэй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

 

5.   Хариуцагч тал давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй, давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.   Нэхэмжлэгч Э.Э нь хариуцагч Ш ХХК-д холбогдуулан гэрээний урьдчилгаа төлбөрт өгсөн 20,000,000 төгрөг, алданги 2,892,000 төгрөг, нийт 22,892,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

Дээрх шаардлагаас хариуцагч Ш ХХК нь 20,000,000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх 2,892,000 төгрөгийг Ковид-19 цар тахлын улмаас барилгын ажил зогссон үндэслэлээр эс зөвшөөрч маргасан байна.

 

3.   Талууд 2018 оны 06 сарын 09-ний өдөр №0 тоот Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, уг гэрээгээр Ш ХХК ... 2 өрөө орон сууцыг 2019 оны 4-р улиралд багтаан ашиглалтад оруулж, нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэн өгөх, Э.Э гэрээ байгуулсан өдөр 20,000,000 төгрөгийг төлж, үлдэх 21,552,000 төгрөгийг гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон, улмаар Э.Э гэрээ байгуулсан өдөр буюу 2018 оны 06 сарын 09-ний өдөр 20,000,000 төгрөгийг бэлнээр төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн, харин Ш ХХК 2019 оны 12 сарын 31-ний өдрийн дотор орон сууцыг ашиглалтад оруулж, өмчлөлд шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын тайлбараар тогтоогдсон. /хх 5-8, 11, 1-2, 23/

Анхан шатны шүүх дээрх үйл баримт болон талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа гэж зөв тодорхойлжээ.

 

4.   Хариуцагч гэрээнд заасан хугацаанд орон сууцыг ашиглалтад оруулж, нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй, ирээдүйд хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзаж, учирсан хохирлоо шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 20,000,000 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулж шийдвэрлэсэн нь зөв боловч гэрээ хэрэгжихээс өмнө нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан гэж дүгнэн 2,892,000 төгрөгийн алдангийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл муутай болжээ.

Учир нь талуудын гэрээгээр тохиролцсон Гүйцэтгэгч нь захиалгат ажлыг гэрээнд заасан хугацаанаас 3 сараас дээш хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд гэрээний үнийн дүнгийн 0.02 хувиар хоног тутамд алданги төлнө гэсэн тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцсэн, мөн захиалагч нь 2022 оны 01 сарын 06-ны өдөр шүүхэд хандаж, гэрээнээс татгалзах хүртэлх хугацаанд 2018 оны 06 сарын 09-ний өдрийн №0 тоот Орон сууц захиалан бариулах гэрээ-гээр хүлээсэн талуудын эрх, үүрэг хэрэгжиж байсан тул нэхэмжлэгч Э.Э уг хугацааны алдангийг хариуцагч Ш ХХК-аас шаардах эрхтэй гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Э.Э нь гэрээнээс татгалзаж, гэрээний харилцааг дуусгавар болгосон өдрөөс хойшхи хугацааны алдангийг шаардах эрхгүй юм.

 

5.   Гүйцэтгээгүй үүрэг 20,000,000 төгрөгөөс гэрээнд заасны дагуу 0.02 хувиар 723 хоногийн алданги тооцоход 2,892,000 төгрөг болж байх тул нэхэмжлэгчийн тооцооллыг үндэслэлтэй гэж үзэв.

Орон сууцыг ашиглалтад оруулж, захиалагчийн өмчлөлд шилжүүлэн өгөх 2020 оны 01 сарын 01-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргаж, гэрээнээс татгалзсан 2022 оны 01 сарын 06-ны өдөр хүртэл 736 хоног байх боловч нэхэмжлэгчийн тооцсон 723 хоногоор алданги тооцох нь талуудын зарчимд нийцнэ.

 

6.   Талууд 2018 оны 06 сарын 09-ний өдөр гэрээ байгуулах үед Ковид-19 цар тахлын нөхцөл байдал үүсээгүй, Монгол Улсын Засгийн газар 2020 оны 02 сарын 19-ний өдрөөс бүх нийтийн бэлэн байдал зарласан тул Ковид-19 цар тахлын улмаас гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй гэх хариуцагч талын татгалзал үндэслэлгүй.

 

7.   Нэхэмжлэгч нь алданги шаардсан байхад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ алдангийн зохицуулалтыг баримтлаагүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

 

8.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 25-ны өдрийн 101/ШШ2022/01365 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ш ХХК-аас 22,892,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Э ад олгосугай гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 272,410 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 272,410 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Э ад буцаан олгосугай гэж өөрчлөн найруулж,

шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 05 сарын 05-ны өдөр урьдчилан төлсөн 61,222 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

 

Д.НЯМБАЗАР