Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2020/03590

 

2020             12             22 

                                     102/ШШ2020/03590

                 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: С ХХК-ийн  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б ХХК-д холбогдох,

 

24 700 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнпунцаг нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон Б.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С” ХХК нь “Б” ХХК-тай 2014, 2015 онуудад “Ажлын байрны түрээсийн гэрээ” байгуулан хамтран ажиллаж байсан бөгөөд хариуцагч нь анх “Монгол бетон дэр” ХХК нэртэйгээр 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Ажлын байрны түрээсийн гэрээ” байгуулж, манай компанийн эзэмшлийн Сүхбаатар дүүрэг, “Бизнес плаза” төвийн 4 дүгээр давхар, 404 тоотын 42 м.кв байрыг 1 сарын 1 260 000 төгрөгөөр, 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс  2015 оны 9 дүгээр сарын 29 хүртэл 1 жилийн хугацаагаар түрээсэлсэн.

 

Улмаар 2015 онд хариуцагч компанийн үйл ажиллагааны чиглэл, нэрээ өөрчилсөн гэх шалтгаанаар мөн оны 11 дүгээр сарын 16-ны өдөр “Ажлын байрны түрээсийн гэрээ”-г “Бялхам-Ерөөл” ХХК-ийн нэр дээр байгуулсан бөгөөд түрээсийн төлбөрийг талууд гэрээний 3.1.3-т “1 сарын  1 260 000 төгрөг, сар бүр 2 000 000 төгрөг төлөх, зөрүү төлбөрийг “Монгол бетон дэр” ХХК-ийн нэрээр өмнө байгуулсан түрээсийн гэрээний өрнөөс суутгана” гэж тооцохоор, 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатайгаар байгуулсан ба барьцаанд 500 000 төгрөгийг барьцаалсан.

 

Нэхэмжлэгчийн зүгээс “Монгол бетон дэр” ХХК-тай 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийн талаар тооцоо нийлэхэд “Монгол бетон дэр” ХХК нь 8 272 000 төгрөгийн үлдэгдэлтэй, 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдөр дээрх төлбөрийг нэмж,хариуцагч “Б” ХХК-тай тооцоо нийлэхэд хариуцагч нь 16 180 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үлдэгдэлтэй гарсан. Гэвч хариуцагч нь уг түрээсийн төлбөрийг төлөхгүй байсан тул нэхэмжлэгчийн зүгээс 2016 оны 3 дугаар сарын 26-ны өдөр түрээсийн зүйлийн хаалганы голыг сольсон боловч төлбөрийг төлөхгүй байсаар байсан тул гэрээг нэхэмжлэгчийн зүгээс 2016 оны 9 дүгээр сараар цуцлагдсанд тооцсон. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь түрээсийн гэрээний үүрэгт 2015 оны 7 дугаар сараас 2016 оны 9 дүгээр сар хүртэлх, нийт 14 сарын түрээсийн төлбөрт сарын 1 260 000 төгрөгөөр бодож, нийт 17 640 000 төгрөг төлөөгүй. Мөн гэрээний 3.2-т зааснаар алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрсэн тул алданги 8 820 000 төгрөг, нийт 26 460 000 төгрөг болсон.

 

Хариуцагчаас 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгчид 1 260 000 төгрөг төлсөн бөгөөд хариуцагчаас гэрээний үүрэгт барьцаалсан 500 000 төгрөг нэхэмжлэгчид байгаа. Түүнчлэн, нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгтэй холбоотой шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн оршин байгаа газар тодорхойгүй байсан тул шүүхийн шийдвэрээр хариуцагчийг эрэн сурвалжлуулсан. Иймд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан. Мөн гэрээний зүйл болох зүйл нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгүй. Өөрөөр хэлбэл, тухай барилга нь дангаараа нэг үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй тул түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй.

 

Иймд хариуцагчаас 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгчид төлсөн 1 260 000 төгрөг, хариуцагчаас барьцаалуулсан 500 000 төгрөг, нийт 1 760 000 төгрөгийг дээрх 26 460 000 төгрөгөөс хасаад, үлдэх 24 700 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б” ХХК нь нэхэмжлэгчтэй 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр “Ажлын байрны түрээсийн гэрээ”-г байгуулаагүй. Харин 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэгчтэй “Ажлын байрны түрээсийн гэрээ”-г байгуулж, Сүхбаатар дүүрэг, “Бизнес плаза” төвийн 4 дүгээр давхар, 404 тоотын 42 м.кв талбайг 2015 оны 11 дүгээр сарын 17-ны  өдрөөс  2016 оны 11 дүгээр сарын 17-ны хүртэл 1 жилийн хугацаагаар түрээслэхээр тохирсон. Иймд хариуцагч нь нэхэмжлэгчийн “Монгол бетон дэр” ХХК-тай байгуулсан гэх гэрээний үүргийг хүлээхгүй. Өөрөөр хэлбэл, энэ нь тусдаа хуулийн этгээд бөгөөд “Монгол бетон дэр” ХХК-ийн нэр, үйл ажиллагааны чиглэл “Бялхам-Ерөөл” ХХК болж өөрчлөгдсөн зүйл байхгүй.

 

Нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох 404 тоотын хаалганы цоожны голыг 2016 оны 3 дугаар сарын 26-ны өдөр сольсноос хариуцагч үйл ажиллагаа цаашид явуулах, түрээслэх боломжгүй болсон тул тухайн өдрөөр нэхэмжлэгчийн санаачилгаар гэрээг цуцлагдсан гэж үзнэ. Түүнчлэн, нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээний үүргээ зөрчсөн гэж үзсэн бол гэрээг цуцлах боломжтой байсан боловч үүнийгээ хэрэгжүүлээгүй. Иймд нэхэмжлэгч нь 2016 оны 9 дүгээр сар хүртэлх хугацааны төлбөрийг төлөх үндэслэлгүй бөгөөд өөрийн санаачилгаар гэрээг цуцалсан тул гэрээнд заасан алданги шаардах эрхгүйгээс гадна алдангаа нотолж чадахгүй байна.  

 

Хариуцагч нь гэрээний хугацаанд 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх төлбөрөөс 1 750 000 төгрөг төлөөгүй, харин үлдэх хэсгийг төлсөн. Тооцоо нийлсэн баримтын тухайд уг баримт нь гэрээний үүрэгтэй холбоотой эсэх нь тодорхойгүйгээс гадна нэхэмжлэгч болон“Монгол бетон дэр” ХХК-ийн хооронд тооцоо нийлсэн гэх 8 272 000 төгрөгийн үлдэгдлийн асуудал нь хариуцагчид хамааралгүй. Түүнчлэн, нэхэмжлэгч нь уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байгаа. Мөн тухайн 404 тоот үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэх гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул хүчин төгөлдөр бус. Мөн гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “С” ХХК нь хариуцагч “Б” ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 17 640 000 төгрөг, алданги 8 820 000 төгрөг, нийт 26 460 000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 24 700 000 төгрөг болгон багасган. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг үгүйсгэн маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Хэрэгт нэхэмжлэгч болон “М” ХХК-ийн хооронд 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан гэх “Ажлын байрны түрээсийн гэрээ” авагдсан. Уг гэрээнд “Монгол бетон дэр” ХХК нь нэхэмжлэгчийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203018627 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 5 дугаар хороолол, Чингисийн өргөн чөлөө 10 тоотод байрлах, контор, үйлчилгээний зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийн 42 м.кв талбайг оффисын зориулалтаар 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл түрээслэхээр заасан байна. Түүнчлэн, нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр байгуулагдсан “Ажлын байрны түрээсийн гэрээ” авагдсан. Уг гэрээнд дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч нь 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл түрээслэхээр заасан байх бөгөөд нэхэмжлэгч нь “...дээрх 2 гэрээний түрээслэгч тал нь хариуцагч “Бялхам-Ерөөл” ХХК гэж тодорхойлсон, ...2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн гэрээний хугацааг 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр сунгаж гэрээ байгуулсан” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж, шаардсан нь үндэслэлгүй байна. Учир нь, 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Ажлын байрны түрээсийн гэрээ”-ний түрээслэгч тал нь “Монгол бетон дэр” ХХК байх бөгөөд улсын бүртгэлд “Монгол бетон дэр” ХХК-ийн оноосон нэр “Бялхам-Ерөөл” ХХК болж өөрчлөгдсөн талаар баримт авагдаагүй байна. Мөн дээрх 2 гэрээнд түрээслэгч талыг төлөөлж Х.Чинболд гарын үсэг зурсан байгаа нь “Монгол бетон дэр” ХХК-ийн нэр “Б” ХХК болж өөрчлөгдсөн буюу нэг хуулийн этгээд гэж үзэх үндэслэл болохгүй.

 

Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д зааснаар хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс, эсхүл уул хугацаа улиран өнгөрсөн буюу үйл явдал болж өнгөрсний дараахь өдөр, цагаас эхлэн тоолох бөгөөд мөн зүйлийн 72.7-д зааснаар хугацааг сунгах тохиолдолд хугацаа дууссан үеэс шинэ хугацааг тоолох журамтай. Гэтэл 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Ажлын байрны түрээсийн гэрээ”-ний хугацаа 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр дууссан байх бөгөөд үүнээс хойш нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд байгуулагдсан 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Ажлын байрны түрээсийн гэрээ”-г өмнөх гэрээг сунгасан гэж үзэх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Ажлын байрны түрээсийн гэрээ”-ний дагуу гэрээний үүргийн харилцаа үүссэн гэж үзэх боломжгүй байна.

 

2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Ажлын байрны түрээсийн гэрээ”-р нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203018627 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 5 дугаар хороолол, Чингисийн өргөн чөлөө 10 тоотод байрлах, контор, үйлчилгээний зориулалттай 2592 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийн 42 м.кв талбайтайг хариуцагчид оффисын зориулалтаар 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл түрээслүүлэх, түрээслэгч буюу хариуцагч нь гэрээнд заасан төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон нь талуудын шүүхэд гаргасан тайлбар болон гэрээгээр нотлогдож байхаас гадна гэрээг байгуулсан үйл баримтын талаар маргаагүй. Уг гэрээний үндэслэл, зүйл, зориулалт, талуудын эрх үүрэг зэргээс үзвэл тэдний хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчид хариуцагчийнэзэмшил, ашиглалтад оффисын зориулалтаар үйл ажиллагаа явуулахад зориулж 42 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчид шилжүүлэх, хариуцагч гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүрэг тус тус үүссэн байна.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ. Мөн зүйлийн 318.4-т зааснаар уг шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна. Улсын бүртгэлийн Ү-2203018627 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 5 дугаар хороолол, Чингисийн өргөн чөлөө 10 тоотод байрлах, 2592 м.кв талбайтай контор, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс гэрээний зүйл болох 404 тоотын 42 м.кв талбай нь улсын бүртгэлийн эд хөрөнгийн бүртгэлд бүртгэлгүй байгааг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4-т зааснаар түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй. Учир нь, тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь бүхэлдээ улсын бүртгэлд бүртгэлтэй, гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө нь уг үл хөдлөх эд хөрөнгийн тодорхой хэсэг байхаас гадна улсын бүртгэлд бүртгэлгүй байх тул 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Ажлын байрны түрээсийн гэрээ”-г үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлагагүй.

 

Талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Ажлын байрны түрээсийн гэрээ”-ний 2-т гэрээний хугацааг 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл, 3.1.3-т түрээсийн төлбөрийг сарын 1 260 000 төгрөг байхаар заасан байх бөгөөд ингэхдээ түрээслэгч буюу хариуцагч нь түрээсийн төлбөрт сар бүр 2 000 000 төгрөг төлөх,  зөрүү 740 000 төгрөгийг “Монгол бетон дэр” ХХК-тай байгуулсан түрээсийн төлбөрийн өрнөөс суутган нэхэмжлэгчид төлөхөөр тохиролцсон байна. Өөрөөр хэлбэл, хэдийгээр талуудын хооронд нэхэмжлэгч болон “Монгол бетон дэр” ХХК-ийн хооронд 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан гэх “Ажлын байрны түрээсийн гэрээ”-ний харилцаа нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд үүсээгүй боловч гэрээний 3.1.3-т зааснаар “Монгол бетон дэр” ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээний өр буюу үүрэг нь Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д зааснаар хариуцагчид шилжсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Нөгөөтээгүүр, хариуцагч нь гэрээний 3.1.3 дахь заалтын “...сар бүр 2 000 000 төгрөг төлөх ба зөрүү төлбөрийг “Монгол бетон дэр” ХХК-тай байгуулсан түрээсийн төлбөрийн өрнөөс суутгана” гэснийг баримтаар үгүйсгэж чадахгүй байна.

 

Хавтаст хэрэгт нэхэмжлэгч болон “М” ХХК нарын хоорондын тооцоо нийлсэн акт авагдсан. Уг баримтаар “М” ХХК нь нэхэмжлэгчид 8 272 000 төгрөгийн өглөгтэй, уг өр нь түрээсийн гэрээний үүргийн үлдэгдэл гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч баримтаар үгүйсгээгүй. Иймд хариуцагч нь Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1, гэрээний 3.1.3-т зааснаар уг төлбөрийг төлөх үүрэгтэй байна.

 

Нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох 404 тоотын хаалганы цоожны голыг 2016 оны 3 дугаар сарын 26-ны өдөр сольсноос хариуцагч гэрээний зүйлийг ашиглах боломжгүй болсон нь талуудын шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна. Өөрөөр хэлбэл, 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Ажлын байрны түрээсийн гэрээ”-ний төлбөрт хариуцагч нь 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 2 000 000 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 1 260 000 төгрөг тус тус төлж, үлдэх төлбөрийг төлөөгүйн улмаас нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2.1-т заасан хүндэтгэн үзэх шалтгаанаар буюу хариуцагч гэрээнд заасан төлбөрийг зохих ёсоор гүйцэтгээгүйгээс болж нэхэмжлэгчийн санаачилгаар гэрээг 2016 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөр цуцалсан гэж үзэхээр байна. Харин 2016 оны 9 дүгээр сард гэрээг цуцалсан гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэгч нь 2016 оны 3 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч болон “М” ХХК-ийн хооронд 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан гэх “Ажлын байрны түрээсийн гэрээ”-ний дагуу төлөх төлбөрийн үлдэгдлийг баталгаажуулсан 8 272 000 төгрөгийг хариуцагч нь 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Ажлын байрны түрээсийн гэрээ”-ний 3.1.3-т зааснаар 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 2 000 000 төгрөг төлсөн байх бөгөөд зөрүү 740 000 /2 000 000-1 260 000/ төгрөгийг төлсөнд тооцвол бусдаас шилжүүлж авсан өр буюу нэхэмжлэгчийн өмнө хүлээх үлдэгдэл төлбөрийн хэмжээ 7 530 000 төгрөг байна. Тодруулбал, хариуцагч нь уг баримтыг “...түрээсийн төлбөрийн үлдэгдэл биш” гэх боловч талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1.3-т зааснаас үзвэл “Монгол бетон дэр” ХХК нь нэхэмжлэгчид үлдэгдэлтэй төлбөртэй байсан, уг төлбөрийг баталгаажуулсан баримтыг үндэслэн хариуцагч нь сар бүрийн түрээсийн төлбөр 1 260 000 төгрөг дээр нэмж 740 000 төгрөг төлөхөөр заасан байх тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

 

Мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс гэрээг цуцалсан 2016 оны 3 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хариуцагч нь гэрээний 3.1.3-т заасан сарын 1 260 000 төгрөг буюу 4 сар 10 хоногийн түрээсийн төлбөрт нийт 5 460 000 төгрөг төлөхөөс 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төлсөн 2 000 000 төгрөгийн 1 260 000 төгрөгийг, 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр төлсөн 1 260 000 төгрөгийг, нийт 2 520 000 төгрөгийг төлж, 2 940 000 төгрөгийг төлөөгүй байна. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар хариуцагчаас гэрээний үндсэн үүргийн үлдэгдэлд 10 470 000 төгрөгийн төлбөрийг шаардах эрхтэй.

 

Харин хэрэгт талуудын хооронд 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримт авагдсан. Уг баримтаар талууд 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд өгч авалцсан зүйлээ харилцан тооцоход хариуцагч нь нэхэмжлэгчид 16 180 000 төгрөгийн төлбөртэйг баталгаажуулсан байна. Тухайн баримтыг нэхэмжлэгч нь “...түрээсийн гэрээний төлбөрийн үлдэгдлийг өмнө нь “Монгол бетон дэр” ХХК-тай баталгаажуулсан төлбөр 8 272 000 төгрөг дээр 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны хариуцагчийн төлбөрийг нэмж16 180 000 төгрөг болсон” гэж тайлбарласан боловч уг баримтын дагуу нэхэмжлэгч нь шаардах үндэслэлгүй байна. Учир нь, хариуцагч гэрээнд заасан төлбөрийг төлөөгүйн улмаас нэхэмжлэгч нь гэрээг 2016 оны 3 дугаар сарын 26-ны өдөр цуцалсан тул дээрх баримтад заасан 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны төлбөрийг шаардах боломжгүй.  

 

Талууд гэрээний 3.1.4-т алдангийн талаар харилцан тохиролцсон байх бөгөөд уг тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэсэнтэй харшлаагүй байна.

 

Гэрээний 3.1.4-т зааснаас үзвэл алдангийн хэмжээ үндсэн үүрэг болох сарын төлбөр 1 260 000 төгрөгөөс тооцогдохоор байх бөгөөд хариуцагч нь 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл, мөн 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс гэрээ цуцлагдсан мөн оны 3 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацааны үүргийг биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алданги 869 400 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байх бөгөөд мөн зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх тусгай хугацаа гурван жил байдаг. Мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно. Харин мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй боловч мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан дээрх түрээсийн гэрээний үүргийг шаардаж Баянгол дүүргийн Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШЗ2017/12995 дугаар захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчид хариуцагчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг эрэн сурвалжлуулах шаардлага үүсэж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 182/ШШ2018/00034 дүгээр шийдвэрээр “Бялхам-Ерөөл” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох Х.Чинболдыг эрэн сурвалжилж шийдвэрлэсэн байна. Уг үйл баримтаас үзвэл нэхэмжлэгчийн гэрээний үүргийг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөхөөс өмнө буюу 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөр тасалдсан байна. Иймд нэхэмжлэгч нь түрээсийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчаас нийт 11 339 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13 360 600 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч“Б” ХХК-иас 11 339 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Сэрүүлэгконстракшн” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13 360 600 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 290 250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 196 380 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   М.БАЯСГАЛАН