Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2021/00504

 

 

2021 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2021/00504

 

 

                                                       С ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2020/03590 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С ХХК-ийн хариуцагч Б ХХК-д холбогдуулан гаргасан түрээсийн гэрээний үүрэгт 24 700 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С ХХК нь Б ХХК-тай 2014, 2015 онд ажлын байрны түрээсийн гэрээ байгуулан хамтран ажиллаж байсан бөгөөд хариуцагч нь анх М ХХК нэртэйгээр 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ажлын байрны түрээсийн гэрээ байгуулж, манай компанийн эзэмшлийн Сүхбаатар дүүрэг, Бизнес плаза төвийн 4 дүгээр давхар, 404 тоотын 42 м.кв байрыг 1 сарын 1 260 000 төгрөгөөр, 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 29 хүртэл 1 жилийн хугацаагаар түрээсэлсэн.

Улмаар 2015 онд хариуцагч компанийн үйл ажиллагааны чиглэл, нэрээ өөрчилсөн гэх шалтгаанаар мөн оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ажлын байрны түрээсийн гэрээг Б ХХК-ийн нэр дээр байгуулсан бөгөөд түрээсийн төлбөрийг талууд гэрээний 3.1.3-т 1 сарын 1 260 000 төгрөг, сар бүр 2 000 000 төгрөг төлөх, зөрүү төлбөрийг М ХХК-ийн нэрээр өмнө байгуулсан түрээсийн гэрээний өрнөөс суутгана гэж тооцохоор, 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатайгаар байгуулсан ба барьцаанд 500 000 төгрөгийг барьцаалсан.

Нэхэмжлэгчийн зүгээс М ХХК-тай 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийн талаар тооцоо нийлэхэд М ХХК нь 8 272 000 төгрөгийн үлдэгдэлтэй, 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдөр дээрх төлбөрийг нэмж, хариуцагч Б ХХК-тай тооцоо нийлэхэд хариуцагч нь 16 180 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үлдэгдэлтэй гарсан. Гэвч хариуцагч нь уг түрээсийн төлбөрийг төлөхгүй байсан тул нэхэмжлэгчийн зүгээс 2016 оны 3 дугаар сарын 26-ны өдөр түрээсийн зүйлийн хаалганы голыг сольсон боловч төлбөрийг төлөхгүй байсаар байсан тул гэрээг нэхэмжлэгчийн зүгээс 2016 оны 9 дүгээр сараар цуцлагдсанд тооцсон.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь түрээсийн гэрээний үүрэгт 2015 оны 7 дугаар сараас 2016 оны 9 дүгээр сар хүртэлх, нийт 14 сарын түрээсийн төлбөрт сарын 1 260 000 төгрөгөөр бодож, нийт 17 640 000 төгрөг төлөөгүй. Мөн гэрээний 3.2-т зааснаар алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрсэн тул алданги 8 820 000 төгрөг, нийт 26 460 000 төгрөг болсон.

Хариуцагчаас 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгчид 1 260 000 төгрөг төлсөн бөгөөд хариуцагчаас гэрээний үүрэгт барьцаалсан 500 000 төгрөг нэхэмжлэгчид байгаа. Түүнчлэн, нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгтэй холбоотой шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн оршин байгаа газар тодорхойгүй байсан тул шүүхийн шийдвэрээр хариуцагчийг эрэн сурвалжлуулсан.

Иймд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан. Мөн гэрээний зүйл болох зүйл нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгүй. Тухайн барилга нь дангаараа нэг үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй тул түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй. Иймд хариуцагчаас 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгчид төлсөн 1 260 000 төгрөг, хариуцагчаас барьцаалуулсан 500 000 төгрөг, нийт 1 760 000 төгрөгийг дээрх 26 460 000 төгрөгөөс хасаад, үлдэх 24 700 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б ХХК нь нэхэмжлэгчтэй 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ажлын байрны түрээсийн гэрээг байгуулаагүй. Харин 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэгчтэй ажлын байрны түрээсийн гэрээг байгуулж, Сүхбаатар дүүрэг, Бизнес плаза төвийн 4 дүгээр давхар, 404 тоотын 42 м.кв талбайг 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 17-ны хүртэл 1 жилийн хугацаагаар түрээслэхээр тохиролцсон.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн М ХХК-тай байгуулсан гэх гэрээний үүргийг хүлээхгүй. Өөрөөр хэлбэл, энэ нь тусдаа хуулийн этгээд бөгөөд М ХХК-ийн нэр, үйл ажиллагааны чиглэл Б ХХК болж өөрчлөгдсөн зүйл байхгүй.

Нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох 404 тоотын хаалганы цоожны голыг 2016 оны 3 дугаар сарын 26-ны өдөр сольсноос хариуцагч үйл ажиллагаа цаашид явуулах, түрээслэх боломжгүй болсон тул тухайн өдрөөр нэхэмжлэгчийн санаачилгаар гэрээг цуцлагдсан гэж үзнэ.

Түүнчлэн, нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээний үүргээ зөрчсөн гэж үзсэн бол гэрээг цуцлах боломжтой байсан боловч үүнийгээ хэрэгжүүлээгүй. Иймд нэхэмжлэгч нь 2016 оны 9 дүгээр сар хүртэлх хугацааны төлбөрийг төлөх үндэслэлгүй бөгөөд өөрийн санаачилгаар гэрээг цуцалсан тул гэрээнд заасан алданги шаардах эрхгүйгээс гадна алдангаа нотолж чадахгүй байна. Хариуцагч нь гэрээний хугацаанд 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх төлбөрөөс 1 750 000 төгрөг төлөөгүй, харин үлдэх хэсгийг төлсөн.

Тооцоо нийлсэн баримтын тухайд уг баримт нь гэрээний үүрэгтэй холбоотой эсэх нь тодорхойгүйгээс гадна нэхэмжлэгч болон М ХХК-ийн хооронд тооцоо нийлсэн гэх 8 272 000 төгрөгийн үлдэгдлийн асуудал нь хариуцагчид хамааралгүй. Түүнчлэн, нэхэмжлэгч нь уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байгаа. Мөн тухайн 404 тоот үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэх гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул хүчин төгөлдөр бус. Мөн гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Б ХХК-иас 11 339 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13 360 600 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 290 250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 196 380 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримталж нэхэмжлэлийн шаардлагаас 11 339 400 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн бөгөөд үүнээс 8 270 000 төгрөгийг эс зөвшөөрч байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч Б ХХК-иас өөр компанийн буюу М ХХК-ийн тус оффисийг түрээсэлж байсан хугацааны буюу 2015 оны 7 дугаар сараас хойшхи /түрээсийн гэрээний харилцаа үүсээгүй байх үеийн/ төлбөр нэхэмжилсэнийг шүүх хангаж шийдвэрлэсэн байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Хэрэгт авагдсан баримтаар Б ХХК болон М ХХК нь Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т зааснаар тус тусдаа хуулийн этгээд болох нь тогтоогддог бөгөөд М ХХК-ийн гүйцэтгэх захирал нь Х.Чинболд биш болох нь тодорхой байхад тусдаа хуулийн этгээдийн үүргийг Б ХХК-иар гүйцэтгүүлэхээр шүүх шийдвэрлэсэн.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд М ХХК оролцоогүй, нэхэмжлэгч хариуцагчийг тодорхойлохдоо зөвхөн Б ХХК-ийг татсан байхад үндэслэлгүйгээр өөр компанийн үүргийг хүлээлгэсэн гэж үзэж байна.

М ХХК-ийн түрээсийн гэрээний төлбөрийг Б ХХК төлөхөөр өр шилжүүлсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй, Компанийн тухай хуульд заасны дагуу компаниудын хооронд ямар ч тохиролцсон, шийдвэрлэсэн зүйл байхгүй тул М ХХК-ийн төлөх 8 270 000 төгрөгийг манай компаниас гаргуулахаар шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас 8 270 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 17 640 000 төгрөг, алданги 8 820 000 төгрөг, нийт 26 460 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад багасгаж 24 700 000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

С ХХК, М ХХК-ийн хооронд 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Ажлын байрны түрээсийн гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээгээр С ХХК нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 5 дугаар хороолол, Чингисийн өргөн чөлөө 10 тоотод байрлах, контор, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 42 м.кв талбайг оффисын зориулалтаар 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 6 сарын хугацаатай, сарын 1 260 000 төгрөгөөр түрээслүүлэх, М ХХК нь түрээсийн төлбөрийг төлөхөөр тохиролцжээ. /1хх7-9 дэх тал/

 

С ХХК, Б ХХК-ийн хооронд 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Ажлын байрны түрээсийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 1 жилийн хугацаатай, сар бүр 2 000 000 төгрөг төлөх үүнээс түрээсийн төлбөр 1 260 000 төгрөг, үлдэх төлбөрийг М ХХК-ийн түрээсийн өрнөөс суутгаж түрээслүүлэхээр, Б ХХК нь түрээсийн төлбөрийг төлөхөөр тохиролцсон байна. /1хх10-11 дэх тал/

 

Дээрх хоёр гэрээнд түрээслэгч талыг төлөөлж Х.Чинболд гарын үсэг зурсан, тэрээр гэрээ байгуулах үед М ХХК-ийн хувьцаа эзэмшигч, Б ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан үйл баримт түрээсийн гэрээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа баримтаар тогтоогджээ.

 

Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар М ХХК-ийг Б ХХК болгон өөрчлөн зохион байгуулагдсан гэх үйл баримт тогтоогдоогүй, С ХХК-тай хоёр өөр хуулийн этгээд болох М ХХК, Б ХХК-иуд нь тус тусдаа гэрээ байгуулсан, уг хоёр хуулийн этгээдийг төлөөлж түрээсийн гэрээнд Х.Чинболд гарын үсэг зурсан нь уг компанийг нэг хуулийн этгээд гэж үзэхгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Мөн С ХХК нь Б ХХК-д дээрх түрээсийн гэрээний 3.1.3-т сарын түрээсийн төлбөрийг 2 000 000 төгрөгөөр тохиролцохдоо уг тохиролцоонд 1 260 000 төгрөг болон түрээсийн төлбөрийн өрнөөс тооцохоор заасан тохиролцооноос үзвэл түрээслэгч нь уг түрээсийн зүйлийн төлбөр 1 260 000 төгрөг дээр М ХХК-ийн үлдэгдэл төлбөрийг нэмж сар бүр 2 000 000 төгрөг төлөхөөр тохиролцжээ. Талуудын түрээсийн төлбөрийн талаарх энэхүү тохиролцоог үндэслэн хариуцагч Б ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээг М ХХК-тай байгуулсан 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн түрээсийн гэрээний үргэлжлэл буюу уг гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлт гэж үзэхгүй, 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн түрээсийн гэрээгээр С ХХК болон Б ХХК-ийн хооронд үүргийн харилцаа үүсээгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

С ХХК, Б ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Гэрээний зүйл болох оффисын зориулалттай 42 м.кв талбай нь нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн хэсэг байх тул түрээсийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлагагүй талаар гэсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4 дэх хэсэгт нийцсэн байна.

 

Талуудын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр байгуулагдсан гэрээний 3.1.3-т сар бүр 2 000 000 төгрөг төлөх, үүнээс 1 260 000 төгрөг нь түрээсийн төлбөр үлдэх 740 000 төгрөгийг М ХХК-тай байгуулсан түрээсийн төлбөрт суутгахаар тохиролцсоноос дүгнэвэл М ХХК-ийн 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн түрээсийн гэрээний дагуу төлбөл зохих төлбөрийн өрийг Б ХХК өөрт шилжүүлэн авсан, ийнхүү өр шилжүүлэн авах талаар үүрэг гүйцэтгүүлэгч болох С ХХК-тай тохиролцсон гэж дүгнэнэ. Энэ тохиролцоо нь өр шилжүүлэн авах Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасан зохицуулалттай нийцсэн. Иймд бусдын төлбөрийг төлөхгүй гэх хариуцагчийн тайлбар болон давж заалдах гомдол үндэслэлгүй юм.

 

Түрээслэгч Б ХХК нь түрээсийн төлбөрийг төлөөгүй тул түрээслүүлэгч С ХХК нь 2016 оны 3 дугаар сарын 26-ны өдөр түрээсийн зүйлийн цоожны голыг сольсноор түрээслэгч түрээсийн зүйлийг бодитойгоор ашиглах боломжгүй болсон. Иргэний хуулийн 27 дугаар бүлгийн түрээсийн гэрээний харилцаанд гэрээг цуцлах талаар тухайлан зохицуулаагүй тул гэрээ цуцлах тохиолдлыг мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.5 дах хэсэгт зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээний журамд зааснаар зохицуулагдана. Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2.1-т түрээслэгч нь төлбөрөө төлөөгүй буюу үүргийн зөрчил гаргасан тул түрээслүүлэгч нь өөрийн санаачилгаар гэрээг цуцалж болох бөгөөд тэрээр 2016 оны 3 дугаар сарын 26-ны өдөр түрээслэгчийг эд хөрөнгийг ашиглах боломжгүй болгосноор мөн өдөр түрээсийн гэрээг цуцалж, дуусгавар болгожээ.

 

Түрээслэгч Б ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх 4 сар 10 хоногийн түрээсийн төлбөрт 5 460 000 /4 сар 10 хоног*1 260 000/ төгрөг төлөх үүрэгтэй ба үүнээс 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төлсөн 1 260 000 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдөр төлсөн 1 260 000 төгрөгийг тус тус хасч тооцвол 2 940 000 төгрөгийг төлөөгүй тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас уг төлбөрийг шаардах эрхтэй.

 

Б ХХК нь 8 272 000 төгрөгийн хэмжээний өр шилжүүлэн авсан ба үүнээс 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төлсөн 740 000 төгрөгийг хасвал 7 530 000 төгрөгийг нэхэмжлэгчид Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар төлөх үүрэгтэй байна. Хариуцагч Б ХХК-иас нийт 10 470 000 /2 940 000+7 530 000/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С ХХК-д олгож шийдвэрлэсэн нь зөв байна.

 

Иймд Б ХХК-ийн үүрэг 10 470 000 төгрөгөөр тодорхойлогдож байхад 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдөр тооцоо нийлсэн баримтаар Б ХХК-ийг 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 16 180 000 төгрөгийн өртэй болохыг тодорхойлсон нь буруу болжээ.

/1хх-23 дах тал/

 

Талуудын байгуулсан 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн түрээсийн гэрээний 3.2-т Б ХХК нь түрээсийн сарын төлбөрөө өмнөх сарын 30-ны өдрийн дотор урьдчилан төлнө. Хэрэв хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд нийт төлбөрийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцон үндсэн төлбөр дээр нэмж С ХХК-д төлнө гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасантай нийцсэн тул хариуцагчаас алдангид 869 400 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь зөв байна.

 

Иймд анхан шатны шүүх хариуцагч Б ХХК-иас 11 339 400 /10 470 000+869 400/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13 360 600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.6 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Бусдын өрийг шилжүүлэн авсантай холбоотой уг үүргийг шаардах эрхийн зохицуулалтыг шийдвэрийн тогтоох хэсэгт баримтлаагүй нь шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж дүгнэлээ.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2020/03590 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 147 270 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ