Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 612

 

 

 

 

 

 

 

 

 

“Х Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2019/00012 дугаар шийдвэртэй

                         

нэхэмжлэгч “Х Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

хариуцагч “Т У” ХХК-д холбогдох

 

ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 538 602 054 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгчдийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                        М.М

Д.Б

Х.С

Хариуцагч төлөөлөгч                                                 Р.Т

Хариуцагчийн өмгөөлөгч                                           Б.О

Ц.Б

Г.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга               Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Х Б” ХХК болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, Д.Б нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх  хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Х Б” ХХК нь Ө аймаг дахь салбарын барилгыг өргөтгөх барилга угсралтын ажил, их засварын ажлыг хийж гүйцэтгүүлэхээр сонгон шалгаруулалт зарласны дагуу “Т У” ХХК-ийн захирал Р.Т-тай 2011 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 05/2011/667 тоот “Ө аймгийн салбарын барилгыг өргөтгөх барилга угсралтын ажил, их засварын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан. Гэрээний дагуу гүйцэтгэгч “Т У” ХХК нь Ө аймаг дахь Х Б-ны салбарын 2 давхар барилгад нэг давхар нэмэх өргөтгөлийн барилга угсралтын болон нийт барилгын их засварын ажлыг нийт 368 418 202 төгрөгөөр хийж гүйцэтгэсэн. Барилгыг хүлээн авснаас хойшхи хугацаанд гүйцэтгэгч компанийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан олон засварын ажил дахин хийгдсэн. 2014 онд 7 дугаар сарын 10-ны өдөр барилгын шилэн фасадны шил унаж хагарсан. Цаашид унаж болзошгүй шил, цуурсан шилнүүд олон байсан бөгөөд тэдгээр нь хүмүүс болон эд хогшлыг гэмтээх эрсдэлтэй байсан тул энэ талаар “Т У” ХХК-д хандан гүйцэтгэсэн ажлын доголдлыг яаралтай арилгах талаар удаа дараа мэдэгдсэн боловч ямар ч арга хэмжээ аваагүй тул дахин “Шинэцамхаг” ХХК-тай 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр гэрээг байгуулж 61 881 137 төгрөгөөр шилэн фасадыг засварлуулсан. Шилэн фасадыг зассантай холбоотой амалгааг засахад эмульсний шинэ хуучны ялгаа гарсан, гадна фасадны эмульс хуурч халцарч чанар алдагдсан тул “Шинэ цамхаг” ХХК-тай 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр барилгын гадна засварын ажлыг гэрээг байгуулан 10 000 000 төгрөгөөр засварлуулсан. Улмаар 2014 оны 11 дүгээр сард барилгын нэмж өргөтгөсөн хэсэг буюу 3 дугаар давхрын гипсэн хананы хагарлыг засварлахаар очсон манай ажилтан дээврийн төмөр бетон хучилт их хэмжээгээр суулт өгч хотойсон, ан цав үүссэн болохыг илрүүлсэн. 3 дугаар давхрын таазны хэсгийг бүхэлд нь дүүжин таазаар халхалсан байдгаас энэхүү эвдрэл гэмтэл уг өдрийг хүртэл илэрч гарах боломжгүй нөхцөл үүссэн байсан. “Х” банкны зүгээс төмөр бетон хучилтанд үүссэн хотойлт, ан цав, түүний хэмжээ, шалтгаан, үр дагавар, цаашид авбал зохих арга хэмжээний талаар ШУТИС-ийн Барилга архитектурын сургуулийн оношлогоо, зураг төсөл, судалгааны “Р” төвд дүгнэлт гаргуулж “Х Б” ХХК-аас ажлын хөлсөнд “Реконстракшн” төвд 1 200 000 төгрөгийг төлсөн. Ө аймгийн мэргэжлийн хяналтын газраас 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдөр 16/07/84/201 тоот улсын байцаагчийн дүгнэлтээ гарч “Т У” ХХК-ийг ажлын доголдол гаргасныг тогтоож, түүнийг яаралтай арилгах шаардлагыг тавьсан байдаг. Нэгэнт мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр нуралт, аваар болох улмаар хүний амь нас эрсдэх бодит аюул тулгарсан тул “Х” банкны зүгээс уг барилгын 3 дугаар давхрыг чөлөөлөн, түр тулгуур бэхэлгээ хийх, улмаар “Т У” ХХК-тай байгуулсан гэрээ хэлцэл, хууль тогтоомжийг үндэслэн ажлын доголдлыг арилгуулж ажлыг шинээр гүйцэтгүүлэхээс өөр аргагүй байдал үүссэн. Иймд 3 дугаар давхрын өргөтгөлийг буулгах ажлын зардлыг бууруулах зорилгоор тус өргөтгөлийг буулгалгүйгээр хүчитгэх боломжтой эсэх талаар "Р" төвд хандан нэмэлт дүгнэлт гаргуулахаар болсон. Гэвч "Реконстракшн" төв нь нэмэлт дүгнэлт гаргах ажлыг эхлүүлэхээс өмнө Х банкны Ө аймаг дахь салбарын 3 дугаар давхрын гипсэн таазыг буулгаж дүгнэлт гаргах талбайг бэлдсэн байх шаардлагыг тавьсан. Шаардлагын дагуу “Х” банкны Ө аймаг дахь салбарын 3 дугаар давхрын дүүжин таазыг гэрэл, цахилгааны утас зэргийг гэмтээхгүй буулгах ажлыг гүйцэтгүүлэхээр “Жаргалант Гоёо” ХХК-тай “Барилга байгууламжийн засварын ажил гүйцэтгэх гэрээ”-г 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр байгуулж, ажлын хөлсөнд 500 000 төгрөгийг төлсөн. Улмаар хогийг Ө аймгийн тов хогийн цэгт хаях ажлын хөлсөнд иргэн Э.Гантулгад 45 000 төгрөгийг 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр төлсөн. Ингээд "Р" төвийн шаардлагыг биелүүлсэн тул 2015 оны 5 дугаар сарын 5-ны өдөр гэрээг байгуулж, ажлын хөлсөнд нийт 300 000 төгрөгийг төлсөн. "Р" төвийн 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр гаргасан экспертизийн дүгнэлт Х Б-ны Ө аймаг дахь салбарын барилгын 3 дугаар давхрын өргөтгөлийг бүхэлд нь буулгах, Барилгын бүх хэсэгт үйл ажиллагаа явуулахыг яаралтай зогсоох тухай мэргэжлийн байгууллагын дээрх дүгнэлтийг үндэслэн “Б К” ХХК-тай “Барилга байгууламжийн засварын ажил гүйцэтгэх” тухай гэрээг 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр байгуулснаар салбарын үйл ажиллагааг яаралтай зогсоож барилгыг чөлөөлөх шаардлагатай болсон. Салбарын нийт ажилчид, эд хогшлыг нүүлгэн шилжүүлэхэд нийт 854 000 төгрөгийн зардал гарч “Талст” ХХК болон “НИК” ХК /Өмнөгов салбар/-иудад 2015 оны 8 дугаар сарын 11 -ны өдөр тус тус төлсөн. Мөн салбарын нийт ажилчид, эд хогшлыг нүүлгэн шилжүүлэхтэй холбоотойгоор тохиолол хамгаалалтыг шилжүүлэх ажлын зардалд “Их хар сүлд” ХХК-д 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 232 000 төгрөг төлсөн. Мөн салбарын нийт ажилчдын шилэн кабелыг шилжүүлэх ажлын зардалд “С Н” ХХК-д 2015 оны 8 дугаар сарын 31 -ны өдөр 495 000 төгрөг төлсөн. Х банк болон “Б К” ХХК-иудын хооронд 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан “Барилга байгууламжийн засварын ажил гүйцэтгэх” тухай гэрээнд талууд 2015 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр “Нэмэлт, өөрчлөлт оруулах” тухай гэрээг байгуулсан. Энэхүү нэмэлт, өөрчлөлтийн гэрээгээр “Х” банкнаас “Бум констракшн” ХХК-д 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 175 000 000 төгрөгөөс аймаг дахь салбарын барилгын 3 дугаар давхрыг буулгах болон дээврийн ажлыг хийж гүйцэтгэж ажлын хөлс 94 408 515 төгрөг байх талаар, улмаар дээрх дүнгээс энэхүү дүнг хасч тооцохоор тохиролцсон юм. “Х Б” ХХК, “Т У” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний 1.6-д “Гүйцэтгэсэн ажлын баталгаат хугацаа 3 жил байна. Энэхүү хугацаанд зөрчил илэрвэл, уг доголдлыг арилгах хүртэл хугацаагаар баталгаат хугацааг сунгана. Хугацаа дуусгавар болох үед ашиглагч, гүйцэтгэгч өмчлөгч хамтран үзлэг хийж шаардагдах арга хэмжээ авснаар баталгаат хугацаа дуусгавар болно” гэж мөн гэрээний 2.1.6, 2.2.7, 2.2.8.2-т “баталгаат хугацаанд барилга байгууламжийн чанарт ил далд доголдол, гэмтэл, засвар үйлчилгээний ажил гарвал захиалагчаас мэдэгдсэнээс хойш ажлын 10 өдөрт багтааж өөрийн хөрөнгөөр засна. Хэрэв мэдэгдэлд заасан хугацаанд доголдлыг арилгаагүй бол доголдлыг арилгахад шаардах зардлыг захиалагчийн тооцсон захиалагчид ажлын 3 хоногт багтаан төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан. Дээр дурдсан “Т У” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн барилгын ажлын үр дүнгийн доголдлыг арилгахад урьдчилсан байдлаар 217 847 063 төгрөгийн зардал шаардагдахаар байгаа талаар “Х” банкны мэргэшсэн төсөвчин төсөв гаргасан болно. Дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхээс 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр “Т У” ХХК-ийн захирал Р.Т-ыг эрэн сурвалжлах тухай 6110 дугаар шүүхийн шийдвэр гарсан. “Т У” ХХК-д холбогдуулан дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа гаргаж байна. Үүнд,

“Х” банкны Ө аймаг дахь салбарын 3 дугаар давхрын барилгын өргөтгөл, их засварын ажлын гүйцэтгэлд “Т У” ХХК-д төлсөн 368 418 202 төгрөг,

 “Х” банкны Ө аймаг дахь салбарын 3 дугаар давхрын барилгын өргөтгөлийн ажлыг буулгах болон дээврийн ажлыг хийж гүйцэтгүүлэх ажлын хөлсөнд “Бум констракшн” ХХК-д төлсөн 94 408 515 төгрөг,

“Х” банкны Ө аймаг дахь салбарын барилгын шилэн фасадыг шинээр солиулах ажлын хөлсөнд “Шинэ цамхаг” ХХК-нд төлсөн 61 881 137 төгрөг,

 “Х” банкны Ө аймаг дахь салбарын барилгын гадна хана засварлах ажлын хөлсөнд “Шинэ цамхаг” ХХК-нд төлсөн 10 000 000 төгрөг,

“Х” банкны Ө аймаг дахь салбарын барилгын 3 дугаар давхрын дүүжин таазыг гэрэл, цахилгааны утас зэргийг гэмтээхгүй буулгах ажлын хөлсөнд “Жаргалант гоёо” ХХК-д төлсөн 500 000 төгрөг,

“Х” банкны Ө аймаг дахь салбарын барилгын 3 дугаар давхрын дүүжин таазыг гэрэл, цахилгааны утас зэргийг гэмтээхгүй буулгах ажлын хогийг Ө хогийн төв цэгт хаях ажлын хөлсөнд төлсөн 45 000 төгрөг,

“Х” банкны Ө аймаг дахь салбарын барилгын 3 дугаар давхрын өргөтгөлийг засуулахад салбарын нийт ажилчид, эд хогшлыг нүүлгэн шилжүүлэхэд гарсан 854 000 төгрөг,

“Х” банкны Ө аймаг дахь салбарын 3 дугаар давхрын өргөтгөлийг засуулахад салбарын нийт ажилчид, эд хогшлыг нүүлгэн шилжүүлэхэд дохиолол хамгаалалтыг шилжүүлэх ажлын зардалд “Их хар сүлд” ХХК-д төлсөн 232 000 төгрөг,

“Х” банкны Ө аймаг дахь салбарын 3 дугаар давхрын өргөтгөлийг буулгуулахад салбарын нийт ажилчид, эд хогшлыг нүүлгэн шилжүүлэх ажлын зардалд “Скай нэтворкс” ХХК-д 495 000 төгрөг,

“Х” банкнаас Реконстракшн ХХК төвөөр 2 удаа барилгын дүгнэлт гаргуулахад 1 500 000 төгрөг,

“Т У” ХХК-ийг эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг, Нотариатын зардалд төлсөн 198 000 төгрөг, нийт 538 602 054 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

 

Хариуцагч “Т У” ХХК-ийн төлөөлөгч Р.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Х” банкны Ө аймгийн салбарын барилгыг өргөтгөх барилга угсралтын ажил, их засварын ажлын гүйцэтгэлээр тооцон манай компанид төлсөн 368 418 202 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Манай компани нь “Х” банктай 2011 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн “Х” банкны Ө аймгийн салбарын барилгыг өргөтгөх барилга угсралтын ажил, их засварын ажил гүйцэтгэх” 05/2011/667 дугаарын гэрээг байгуулан “Х” банкны Ө аймгийн салбарын 2007 онд ашиглалтад оруулсан. 2 давхар барилгыг 3 давхар болгон өргөтгөх, хуучин 2 давхар барилгад их засвар хийх ажлыг 2011 оны 7 дугаар сарын 21-ний өдөр эхэлж захиалагчийн хяналтын инженер Д.Б-ын өдөр тутмын хяналт, зохиогчийн инженер Г.О-ын үе шатны хяналт заавар зөвлөмжийн дагуу 368 418 202 төгрөгийн өртгөөр хийж гүйцэтгэн 2011 оны 11 дүгээр сарын 1-нд дуусгасан болно. Гэрээт ажлыг 2011 оны 11 дүгээр сард дуусгасны дараа ажил гүйцэтгэх гэрээний 1.10-т заасны дагуу захиалагч талын томилсон захиалагчийн төлөөлөгч “Х” банкны ҮХХАлбаны дарга Э.Ууганцэцэг даргатай, “Х” банкны ҮХХАлбаны мэргэжилтэн, захиалагчийн хяналтын инженер Д.Буян-Ундрах, “Х” банкны ГХАХ-ны инженер, менежер Б.Ууганбаяр, ашиглагчийн төлөөлөгч “Х” банкны Ө салбарын захирал Н.Энхбат, тус салбарын ТТХ-ны мэргэжилтэн С.Мятавдорж, зураг төсөл зохиогчийн төлөөлөгч “Гарди хауз” ХХК-ийн барилгын инженер Г.Оюунмандах, “Санни сервис” ХХК-ийн инженер Ч.М, гүйцэтгэгчийн төлөөлөгч “Т У” ХХК-ийн захирал Р.Тулга, тус компанийн талбайн инженер Б.Х нарын 9 хүний бүрэлдэхүүнтэй комисст хүлээлгэн өгч 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 13 тоот актын 2.1 дэх заалтаар ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн. Ийнхүү ямарч ажлын доголдол, гологдолгүй гэрээний үүргийн гүйцэтгэлийн үр дүнг хүлээлгэн өгч Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д зааснаар “Х” банкны Ө аймгийн салбарын барилгыг өргөтгөх барилга угсралтын ажил, их засварын ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэлийг дуусгавар болгосон. Иймд гэрээт ажлын гүйцэтгэлээр тооцон манай компанид төлсөн 368 418 202 төгрөгийн нэхэмжлэлийг зөвшөөрөх үндэслэлгүй байна. Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 1.7 дахь заалтаар уг барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаа 2012 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр дууссан тул гэрээт ажлын чанарын баталгааны хугацааг дуусгавар болгон ажлын гүйцэтгэлийн 5 хувиар тооцож захиалагчид үлдээсэн байсан 18 420 910 төгрөгийн чанарын баталгааны барьцааг чөлөөлж өгөх хүсэлтийг 2013 оны 6 дугаар сард “Х” банкинд явуулснаар баталгаат хугацаанд гарсан гэмтлийг “Б” ХХК-аар засуулсан, 2013 онд шил ачуулахад гарсан зардал зэргийг хасч тооцон “Ө салбарын барилга угсралтын ажлын 5 хувийн барьцаа чөлөөлөх тухай” 2013 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 13 тоот актаар шийдвэрлэн барьцааны 13 651 897 төгрөгийг буцаан олгосон. Үүгээр чанарын баталгаат хугацаанд 4 769 013 төгрөгийн зөрчил, доголдол гарснаас өөр доголдол гараагүй гэдэг нь батлагдаж гүйцэтгэсэн ажлынхаа хөлсөнд 368 418 202 төгрөг авсан нь хууль зөрчөөгүй. Захиалагч “Х” банк нь гэрээний 2.1.2 дахь “Барилгын явц,барилгын материалын болон гүйцэтгэлийн чанарт холбогдох мэргэжилтэн, зураг төсөл зохиогчоор хяналт тавиулж, ил далд ажлын гүйцэтгэлийг баталгаажуулна” гэсэн заалтын дагуу хяналтыг тасралтгүй тавьж ил далд ажлын актыг үйлдэж байсан нь цутгамал төмөр бетон хийц хийсэн талаарх 2011 оны 8 дугаар сарын 24-ний өдөр “бетон хийцийг чанартай хийж гүйцэтгэсэн байна” гэх захиалагчийн төлөөлөгч н.Д-ын гарын үсэгтэй акт, цутгамал төмөр бетон бүтээцийг арматурчласан 2011 оны 8 дугаар сарын 21-ний актад “Зургийн дагуу хийгдсэн, өөрчлөлт байхгүй” гэх дүгнэлт, хавтгай дээвэр хийсэн 2011 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр актад “өөрчлөлт байхгүй” гэх дүгнэлт, хучилт дээврийн дулаалгын ажлыг хийсэн 2011 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр актад “Зориулалтын дагуу ажлын зургийн дагуу хийгдсэн” гэх дүгнэлт, дээврийн хучилтын арматурчлалын фото зурагт хамгаалалтын үе хийсэн фото зураг зэргээр “Т У” ХХК нь зураг төсөлд тусгагдаагүй ажил гүйцэтгэсэн, ажлыг чанаргүй доголдолтой гүйцэтгэсэн гэх зөрчил доголдол гаргаагүй нь нотлогддог. “Х” банкны ҮХХ албаны мэргэжилтэн Н.Даваажаргалын 2011 оны 8 дугаар сарын 22-ны илтгэх хуудсанд “Барилгын ажил график технологийн дагуу хийгдэж байна гэсэн тодорхойлолтод барилгын багана, дам нуруу, хучилтаас бетоны сорьц авч лабораторийн дүгнэлт гарга гэснийг биелүүлэн сорьцид лабораторийн шинжилгээнүүд хийлгэхэд чанарын шаардлага хангасан нь батлагдсан. Мөн гэрээний 2.1.5-д заасан заалтаар зураг төсөл зөрчсөн, чанаргүй хийсэн гэх алдаа дутагдлын талаар захиалагчаас гүйцэтгэгчид нэг ч удаа шаардлага ирүүлж байгаагүй нь гүйцэтгэгч “Т У” ХХК ажлаа зохих ёсоор хийж гүйцэтгэснийг баталдаг. Барилга байгууламжийг ажиглалтад оруулах Улсын комиссын 2011 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 53 тоот акт, Ө аймгийн “Х” банкны барилгын өргөтгөл, засварын ажлын гүйцэтгэлийг хүлээн авах Улсын комиссын хурлын 2011 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн тэмдэглэлд ““Х” банкны хүсэлтийг үндэслэн улсын комиссын гишүүдийн 100 %-ийн саналаар “Х” банкны их засвар, өргөтгөлийн ажлыг байнгын ашиглалтад авахаар шийдвэрлэсэн байдаг тул нэхэмжлэгч барилга угсралтын ажил болон их засварын ажлыг барилгын норм нормативын дагуу чанарын шаардлага ханган хийж гүйцэтгэснийг хүлээн зөвшөөрч өөрсдөө хүсэлт тавин хүлээн авсан нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байгааг анхаарч үзнэ үү. “Реконстракшн” төв нь барилга байгууламжийн нуралт, эвдрэлд дүгнэлт гаргах хуулийн этгээдийн эрхгүй, улсын бүртгэлд хуулийн этгээдээр бүртгэгдээгүй ШУТИС-ийн БАС-ийн дэргэдэх оношлогоо, зураг төсөл, судалгааны байгууллага болох нь тогтоогдож байна. Уг төв нь дүгнэлт гаргах эрхгүй гэдгээ ч хүлээн зөвшөөрч зөвхөн зөвлөмж гаргаж өгсөн байдаг. Тухайн байгууллагын зөвлөмжөөр 3 давхар өргөтгөлийг бүхэлд нь нураана гэсэн зөвлөмж өгөөгүй, захиалагч, зохиогч, ашиглагч, гүйцэтгэгч, өмчлөгчийн хэний буруутай үйлдэл нөлөөлснийг тогтоогоогүй байдаг. Уг барилгын өмчлөгч “Х” банк барилгыг буулгасан хохирлоо өөрөө хариуцах үндэстэй болох нь дараах хууль эрх зүйн үндэслэлээр тогтоогдож байна. Үүнд Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 72 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Барилга ашиглалтын дүрэм”-ийн барилга байгууламж өмчлөгчийн үүргийн 2.5.5 дахь заалтаар “Х” банк ашиглагч, өмчлөгч, гүйцэтгэгч нарын хамтарсан үзлэг хийгээгүй тул хохирлоо өмчлөгчийн хувьд хариуцах ёстой. “Х Б” ХХК нь “Баян сүндэрэл” ХХК-тай Барилга байгууламжийн засварын ажил гүйцэтгүүлэх гэрээг 2012 оны 07 дугаар сарын 01-нээс 2012 оны 07 дугаар сарын 09-ний хооронд 3 701 263 төгрөгийн өртөгтэй ажиллуулахаар гэрээ байгуулан ажиллуулахад “Баян сүндэрэл” ХХК-ийн ажилчид дээврийн хотойлт үүссэн газар дээр бетон зуурч сайр буулган, цемент овоолсон нь даац хэтрэхэд нөлөөлж гажилт цууралт үүсгэсэн, цас мөс арилгаагүй зэрэг нөлөөлсөн гэх үндэстэй тул хариуцлагаа өөрөө хүлээх үндэстэй. “Х Б” ХХК Ө салбарын барилгын 3 дугаар давхрын өргөтгөлийн хучилтын хэв гажилт нь байгалийн давагдашгүй хүчин зүйл буюу тус бүс нутагт болсон газар хөдлөлтийн улмаас үүссэн байх өндөр магадлалтай. Барилгын 3 дугаар давхрын өргөтгөлийн хучилтын гажилт үүссэн хэсгийг 2011 оны 8 дугаар сарын 24-ний өдөр цутгасан болох нь барилгын ажлын талбайн журнал, тухайн барилгын цутгамал төмөр бетон бүтээц хийсэн актаар нотлогддог. Уг цутгалтыг хийснээс хойш 2 хоногийн дараа 2011 оны 8 дугаар сарын 27-нд 20 хүрэхгүй хувийн бэхжилттэй цутгамал хийцийн бат бөх чанарт өөрчлөлт оруулах байтугай ердийн барилга бүхэлдээ доргих хэмжээний 5.8 баллын хүчтэй газар хөдлөлт Даланзадгад сумаар болсон нь ШУА-ын Одон Орон геофизикийн Хүрээлэнгийн 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 92 тоот, 2016 оны 1 дүгээр сарын 6-ны 01 тоот албан бичгээр батлагддаг. Мөн 46 дугаар зүйлд Барилга байгууламжийн өмчлөгч, эзэмшигчийн үүргийн  46.1.11-д “Барилгын хийц, бүтээцэд ан цав, цууралт үүсэх зэрэг ноцтой эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд барилгын улсын хяналтын асуудал эрхэлсэн байгууллагад хандан дүгнэлт гаргуулан, холбогдох арга хэмжээ авах” гэсэн үүргээ гүйцэтгэн зөрчлийн буруутныг тогтоосон эрх бүхий байгууллагын дүгнэлтийг одоо хүртэл гаргуулаагүй. Мөн хуулийн 46.5 дахь хэсэгт “Ашиглалтын явцад барилга байгууламжид эвдрэл гэмтэл учрах, нурах тохиолдолд гүйцэтгэгч, зураг төсөл зохиогч, өмчлөгч эзэмшигч, материал үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч, зөвлөгч үйлчилгээ үзүүлэгчийн аль буруутай нь хариуцлага хүлээнэ” гэх заалтын дагуу гүйцэтгэгч “Т У” ХХК буруутай гэдгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн дагуу нотолж чадахгүй байгаа болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343, 349 дүгээр зүйлийн 349.1, 349.2, 352 дугаар зүйлийн 352.2.2-т заасныг баримтлан хариуцагч “Т У” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэг, бусад зардалд 538 602 054 /таван зуун гучин найман сая зургаан зуун хоёр мянга тавин дөрөв/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Х Б” ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 850 963 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Т У” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2 850 963 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Х Б” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-т зааснаар шинжээчийн зардал 5 500 000 төгрөгийг хариуцагч “Т У” ХХК-иас гаргуулж “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн төлөөлөгч Р.Тулга давж заалдах гомдолдоо:

... Манай компани нь “Х Б” ХХК-тай 2011 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн “Х” банкны Ө аймгийн салбарын барилгыг өргөтгөх барилга угсралтын ажил, их засварын ажил гүйцэтгэх 05/2011/667 дугаартай гэрээг байгуулан “Х” банкны Ө аймгийн салбарын 2007 онд ашиглалтад оруулсан 2 давхрын барилгыг 3 давхар болгон өргөтгөх, хуучин 2 давхар барилгад их засвар хийх ажлыг 2011 оны 7 дугаар сарын 21-ний өдөр эхэлж барилга захиалагчийн хяналтын инженер Д.Буян-Ундрахын өдөр тутмын хяналт, зохиогчийн инженер Г.Оюунмандахын үе шатны хяналт, заавар зөвлөмжийн дагуу 368 418 202 төгрөгийн өртгөөр хийж гүйцэтгэн 2011 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр дуусгасан болно. Гэрээт ажлыг 2011 оны 11 дүгээр сард дуусгасны дараа гэрээний 1.10-т заасан “талууд ажлын гүйцэтгэлийг хамтарсан комиссоор хүлээлцэнэ. Комисст мэргэжлийн этгээдийг оролцуулна” гэснийг дагуу захиалагч талын томилсон захиалагчийн төлөөлөгч “Х” банкны ҮХХАлбаны дарга Э.Ууганцэцэг, “Х” банкны ҮХХАлбаны мэргэжилтэн захиалагчийн хяналтын инженер Ч.Манлайбаатар, гүйцэтгэгчийн төлөөлөгч “Т У” ХХК-ийн Р.Тулга, тус компанийн талбайн инженер Б.Хасаг нарын 9 хүний бүрэлдэхүүнтэй комисст хүлээлгэн өгч 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 13 тоот ажлын 2.1 дэх заалтаар ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн. Ийнхүү ямар ч ажлын доголдол, гологдолгүй гэрээний үүргийн гүйцэтгэлийн үр дүнг хүлээлгэн өгч Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д зааснаар гэрээний гүйцэтгэлийг дуусгавар болгосон.

“Т У” ХХК нь зураг төсөлд тусгагдаагүй ажил гүйцэтгэсэн, ажлыг чанаргүй доголдолтой гүйцэтгэсэн гэх зөрчил доголдол гаргаагүй нь нотлогддог. “Х” банкны ҮХХАлбаны мэргэжилтэн Н.Даваажаргалын 2011 оны 8 дугаар сарын 22-ны өдөр илтгэх хуудсанд “барилгын ажил график технологийн дагуу хийгдэж байна гэсэн тодорхойлолтод барилгын багана, дам нураа хучилтаас бетоны сорьц авч лабораторийн дүгнэлт гарга гэснийг биелүүлэн сорьцид лабораторийн шинжилгээнүүд хийлгэхэд чанарын шаардлага хангасан нь батлагдсан. “Х” банк нь “төмөр бетон хучилтад үүссэн хотойлт, ан цав, түүний хэмжээ шалтгаан үр дагавар, цаашид авбал зохих арга хэмжээний талаар ШУТИС-ын БАС-ийн оношлогоо зураг төсөл, судалгааны “Р” төвд дүгнэлт гаргуулахаар гэрээ байгуулсан ажиллуулсан гэдэг нь уг төв нь дүгнэлт гаргах эрхгүй тул зөвлөмж гаргасан байдаг ч зөвлөмжөөрөө 3 давхар өргөтгөлийг бүхэлд нь нураана гэсэн зөвлөмж өгөөгүй, захиалагч, зохиогч, ашиглагч, гүйцэтгэгч, өмчлөгчийн хэний буруутай үйлдэл нөлөөлснийг тогтоогоогүй байдаг. Ө аймгийн МХХ-ийн барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдөр 16/17/84/201 тоот “барилгын төлөв байдлын тухай” гэх дүгнэлтийн 1-д “барилга байгууламжийг цаашид ашиглах шаардлагатай” гэж  5-д “уг барилга гараад байгаа зөрчлийг арилгахдаа Барилгын тухай хууль, холбогдох БНБД стандартуудын шаардлагуудыг хангасан зураг төслийг хийж, мэргэжлийн байгууллагаар засварын ажлыг гүйцэтгүүлэх” гэж дүгнэсэн байхад захиалагч өмчлөгч “Х” банк нураасан. ЗТБХБ-ын сайдын 2012 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 88 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Барилга байгууламжийг буулгах үндэслэл болно” гэх заалтаар өмчлөгч “Х” банк буулгасан нь хууль зөрчөөгүй бөгөөд харин уг барилгын өмчлөгч “Х” банк нь хохирлоо өөрөө хариуцах ёстой нь дараах эрх зүйн үндэслэлээр тогтоогдож байна. Дээр дурдсан үндэслэлүүд болон анхан шатны шүүхэд удаа дараа гаргасан тайлбар шүүх хуралдаанд хэлсэн тайлбар бусад баримтуудаар 2014 оны 11 дүгээр сард илэрсэн гэх зөрчилд гүйцэтгэгчийг буруутган хохирол нэхэмжлэх ямар ч үндэслэл байхгүй. Түүнчлэн, Барилгын хийц, бүтээцэд ан цав, цууралт үүсэх зэрэг ноцтой эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд барилгын улсын хяналтын асуудал эрхэлсэн байгууллагад хандан дүгнэлт гаргуулан холбогдох арга хэмжээ авах үүргээ “Х” банкны зүгээс гүйцэтгэн зөрчлийн буруутныг тогтоосон эрх бүхий байгууллагын дүгнэлтийг одоо хүртэл гаргуулаагүй. Ашиглалтын явцад барилга байгууламжид эвдрэл гэмтэл учрах нурах тохиолдолд гүйцэтгэгч зураг төсөл зохиогч, өмчлөгч, эзэмшигч, материал үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч, зөвлөгч, үйлчилгээ үзүүлэгчийн аль буруутай нь хариуцлага хүлээх хуулийн заалттай бөгөөд гүйцэтгэгч буруутай гэдгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн дагуу анхан шатны шүүх нотолж чадаагүй гэж үзэж байна. Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Б, Б.О, Ц.Б нар давж заалдах гомдолдоо:

... Шүүх хэргийн үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй, хэрэг хянан шийдвэрлэхэд шаардлагатай зарим ажиллагаа дутуу хийсэн талаар:

“Т У” ХХК-ийн хувьд гэрээний 1.10-т заасны дагуу болон Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дахь хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байхад шүүх шийдвэрийн үндэслэл хэсэгт огтхон ч дурдалгүй гэрээнд заасан хугацаанд ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй.

Түүнчлэн, шинжээчийн дүгнэлт гаргах эрхгүй ШУТИС-ыг БАС-ийн оношлогоо зураг, төсөл судалгааны “Р” төвийн зөвлөмжийг шинжээчийн дүгнэлттэй адилтган дүгнэж, ингэхдээ уг зөвлөмжийг Ө аймгийн Мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлттэй хольж нэхэмжлэгч талд ашигтай байдлаар шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнэлтүүдийг хийсэн нь шүүх хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

Хариуцагчаас гаргаж байгаа барилгын 3 дугаар давхрыг буулгахаас өмнө гэрээний 1.6-д зааснаар баталгаат хугацаа дуусгавар болох үед ашиглагч, гүйцэтгэгч, өмчлөгч нарын хамтран үзлэг хийх байсан боловч үзлэгийг хийгээгүй.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШЗ2017/04905 дугаартай захирамжаар Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын барилга техникийн хяналтын улсын ахлах байцаагч Ш.У-ийг шинжээчээр томилж хэргийг түдгэлзүүлсэн. Хэрэгт нотлох баримтаар авагдсан ШУТИС-ийн Барилга архитекторын сургуулийн оношлогоо, зураг төслийн “Реконстракшн” төвийн 2014 оны 12 дугаар сар, 2015 оны 5 дугаар сард хийсэн тус барилгын экспертизийн тайлан, дүгнэлт мөн Ө аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 16/07/84/201 тоот улсын байцаагчийн дүгнэлт үндэслэлтэй эсэхийг тогтоох нь зүйтэй гэж үзсэн. Гэтэл Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын ажиллах боломжгүй гэсэн албан бичгийг үндэслэж хэргийг сэргээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлсэн бөгөөд ингэхдээ хариуцагчаас шинжээч томилсон шийдвэр гарах үндэслэл болсон хүсэлтээсээ татгалзаж байгаа эсэх, эсхүл өөр шинжээч томилох эсэх асуудлыг эцэслэн шийдвэрлэлгүй орхигдуулсан.

Өөрөөр хэлбэл, ач холбогдолтой гэж дүгнэж шинжээч томилсон хэдий ч тус шийдвэр биелсэнгүй. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дутуу хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй болно. Учир нь хариуцагчаас барилгын хотойлт, хэв гажилт нь гүйцэтгэгчээс шалтгаалаагүй гэж гэм буруугийн асуудалд маргадаг, шийдвэрийн үндэслэл болсон “Реконстракшн” төвийн зөвлөмж, Ө аймгийн Мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрдөггүй болно.

Гэтэл уг иргэний хэргийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх эцэслэн шийдвэрлэсэн нь шүүхийн харьяалал зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй болно. “Х Б” ХХК нь иргэн Р.Тулгатай гэрээ байгуулаагүй. Гэтэл иргэн Р.Тулгын Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 32 дугаар байрны 155 тоот хаягаар “Х Б” ХХК нь “Т У” ХХК-д холбогдох нэхэмжлэлээ гаргаж шүүх иргэн Р.Тулгыг албадан шүүхэд дуудаж нэхэмжлэлийг 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гардуулсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасны дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж өгөхийг хүсэж хүсэлт гаргасан.

Улмаар дээрх хүсэлтийг үндэслэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 32270 дугаартай захирамж гарч иргэний хэргийг харьяаллын дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрээр хариуцагч “Т У” ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний үүрэг бусад зардал 538 602 054 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Х Б” ХХК-д олгож гэж шийдвэрлэсэн бөгөөд иргэн Р.Т-с нэхэмжлэлийн үнийн дүнг гаргуулахаар шийдвэрлээгүй гэдгийг давж заалдах шатны шүүхээс анхааран үзэж хэргийг шийдвэрлэх шүүхийн харьяалал зөрчигдсөн болохыг тогтоож өгнө үү.

Шийдвэр гаргахдаа шүүх хуралдааны тэмдэглэлийг үнэлээгүй талаар:

Анхан шатны шүүх хуралдаан болсон өдрөөс хойш 35 хоног өнгөрсөн хэдий ч хэргийн оролцогч нараас шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцах, шүүх хуралдааны тэмдэглэл алдаатай бичигдсэн бол засвар хийлгэх талаар санал өгөх эрхээ хэрэгжүүлэх боломжийг үгүй болгож цаашилбал шүүх хуралдааны тэмдэглэл бичгийн хэлбэрт гараагүй атал анхан шатны шүүхийн шийдвэр бичигдэж улмаар талуудад гардуулагдаж байгаа зэрэг нь процессын алдаа гэж үзэх нөхцөл байдлыг бий болголоо.

Дээрх үндэслэлүүдээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2019/00012 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцаанд хамаарах  хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй, мөн хэргийн оролцогчдын хуулиар олгосон эрхийг хангаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн  шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч “Х Б” ХХК нь хариуцагч “Т У” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлсөн 368 418 202 төгрөг, мөн ажлын үр дүн доголдолтой байснаас доголдлыг арилгахад гаргасан зардал 170 183 852 төгрөг нийт 538 602 054 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчид 2011 оны 6 дугаар сарын 29-ний өдөр “Х Б” ХХК-ийн Ө аймгийн Даланзадгад суман дахь “Х” банкны салбарын барилгыг өргөтгөх барилга угсралтын ажил, их засварын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан, 2011 оны 12 дугаар сарын 6-ны өдөр барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 53 тоот актаар уг барилга байгууламж, холбогдох акт, баримтуудыг шалгаад улсын комисс ашиглалтад оруулсан байна.

 

Нэхэмжлэгч “Х Б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын агуулгаас үзэхэд хариуцагч байгууллагын хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнг ашиглах боломжгүй гэж үзэж, гэрээгээ цуцлан ажил гүйцэтгэх гэрээнд заасан үнийг буцаан гаргуулахаар шаардсан, эсхүл тухайн ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэсэн ажлын үр дүнд доголдол гарсан учраас уг доголдлыг арилгуулахтай холбоотой зардлыг гаргуулахаар шаардсан аль нь болох нь тодорхойгүй байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгаж түүнтэй холбогдсон зардлаа гаргуулах, эсхүл гүйцэтгэсэн ажлын үр дүнг ашиглах боломжгүйгээс гэрээгээ цуцлан хохирол гаргуулах гэсэн хоёр өөр шаардлагыг нэгэн зэрэг шийдвэрлэсэн байгаа нь хууль зүйн үндэслэл тодорхой бус байх бөгөөд шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөв тодруулснаар талууд уг асуудлаар мэтгэлцэж, нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор талуудын нотолгооны үүрэг өөр өөрөөр тодорхойлогдох юм.

 

Хариуцагч талаас хийж гүйцэтгэсэн ажлын зарим хэсэг доголдолтой байсан үйл баримтад мараагүй боловч ажлын үр дүнг ашиглах боломжгүй байсан, бусдад аюул учруулах нөхцөл байдал үүсэн гэх нэхэмжлэгчийн тайлбарыг няцаан маргаж, шүүхэд хандан барилгад үүссэн хучилтын хэв гажилт, хотойлтод ашиглагч, гүйцэтгэгчийн аль нь ямар буруутай болох, ийм гажилт хотойлтод нөлөөлж болох ямар хүчин зүйлүүд байх, угсралт, ашиглалтын явцад энэ байдалд нөлөөлөх ямар нөхцөл байдал байж болох зэрэг асуудлаар шинжээчийн дүгнэлт гаргуулахаар хүсэлт гаргажээ.

 

Тухайн барилгын өргөтгөлийг буулгах буюу нураах болсон шалтгаан, түүнд аль тал буруутай болох, гэрээнээс татгалзсан бол зохих журмыг баримталсан эсэх зэрэг хэргийн нөхцөл байдал тодорхой бус байхад хууль хэрэглээний талаар дүгнэлт хийх боломжгүй байна.

 

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шинжилгээний байгууллагыг буюу шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэхээр өөр байгууллагыг шинжээчээр томилох тохиолдолд тухайн шинжилгээ хийлгэх асуудлаар мэргэшсэн, мэргэжил ур чадвартай эсэхийг тодорхойлох шаардлагатай байхад шүүх уг ажиллагааг хийлгүй Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг томилсон захирамж гаргажээ.

 

Улмаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 7/1768 тоот албан бичигт “... шинжилгээний объект устаж үгүй болсон байх бөгөөд байхгүй болсон объектод шинжээч ажиллах боломжгүй” гэсэн хариуг үндэслэн шинжээч томилох замаар нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа хийгдээгүй байхад шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт нийцэхгүй.

 

Иймээс анхан шатны шүүх хэргийн оролцогчийн нотлох баримт бүрдүүлэх эрхийг хангаагүй гэж үзэх юм.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, энэ талаар давж заалдсан хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гомдлыг хангах боломжтой байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2019/00012 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид З.Т/Р.Т/ төлсөн 2 878 460,27 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                          ШҮҮГЧИД                         Ч.ЦЭНД

 

Ц.ИЧИНХОРЛОО