Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2020/03300

 

2020 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2020/03300

Улаанбаатар хот

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ц.Б-гийннэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Э.Б

 

Хариуцагч: С.Ц нарт холбогдох,

 

“Т” ХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хойшлогдсон хурлыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, Ж.А, хариуцагч Э.Б, С.Ц, хариуцагчийн өмгөөлөгч Т.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнпунцаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, Ж.А нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тавилга” ХК-ийн хувьцаа эзэмшигч Э.Б, С.Ц нар нь “Т” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулахаар 2017 оны 8 дугаар сарын 26-ны өдөр шийдвэр гаргаж, 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулсан байна. Тус хурал нь Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасны дагуу ирц хүрээгүй тул тухайн хуралд оролцсон хувьцаа эзэмшигчид тус хурлыг хойшлуулж, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хуралдуулахаар шийдвэрлэжээ.

 

Улмаар 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хойшлогдсон хурал 30.9 хувийн ирцтэй хуралдаж Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгосон байна. Гэтэл тус хурлыг Санхүүгийн зохицуулах хороо 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 09/2314 дугаар албан бичгээр хүчинтэйд тооцож, өөрт олгогдоогүй эрхийг эдэлж, компани, хувьцаа эзэмшигч, ТУЗ, гүйцэтгэх захирлын эрхийг зөрчсөн 09/3514 дугаар албан бичгийг Захиргааны хэргийн шүүх хүчингүй болгосон.

 

Хариуцагч Э.Б, С.Ц нарын хуралдуулсан 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ээлжит бус хурал нь Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.4-т заасан хуулийн шаардлагыг хангаагүй. Түүнчлэн, хариуцагч нар нь дээрх хурлын талаар хувьцаа эзэмшигч нарт хуульд заасан журмын дагуу мэдэгдээгүй, мөн ирц нь дүрэмд заасан шаардлагыг хангаагүй.

 

 

Иймд Э.Б, С.Ц нарын хуралдуулсан “Тавилга” ХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хойшлогдсон хурал нь Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.3, 69.4 дүгээр зүйлийг зөрчиж хуралдсан байх тул тус хурлыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Э.Б, С.Цнар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Э.Б, С.Ц нар нь “Тавилга” ХК-ний нийт хувьцааны 27.29 хувийг эзэмшдэг хувьцаа эзэмшигчид. Тиймээс “Тавилга” ХК-ийн хувьцаа эзэмшигчийн эрхийнхээ хүрээнд Компанийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасны дагуу “Т” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхэд хамаарах асуудлаар буюу төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг сонгох, бүрэн эрхийг нь хугацаанаас нь өмнө дуусгавар болгох, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн цалин, урамшууллын хэмжээг тогтоох асуудлыг ердийн гишүүн, тооллогын комисст нэр бүхий 6 хүний нэр дэвшүүлэх саналаа “Т” ХК-ийн өмнөх төлөөлөн удирдах зөвлөл болон гүйцэтгэх захиралд хүргүүлсэн.

 

Гэвч энэхүү санал шаардлагыг нь биелээгүй тул Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан. Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс “Т” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулах тухай ТУЗ-ийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 8 дугаар тогтоол, хувьцаа эзэмшигчдийн хурлын мэдэгдэл нь хууль, журам зөрчсөн болохыг тогтоож, 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг тус тус хүчин төгөлдөр бусд тооцсон. Энэ тухайгаа Санхүүгийн зохицуулах хорооноос 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 9/3513 дугаар албан бичгээр “Тавилга” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Цагаанцоожид, 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 9/3514 дугаар албан бичгээр “Тавилга” ХК-ийн хувьцаа эзэмшигч Э.Батхүүд тус тус мэдэгдсэн байдаг.

 

“Тавилга” ХК-ийн дээр дурдсан ТУЗ-ийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 8 дугаар тогтоол, 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал хүчин төгөлдөр бус болсон тул тус компанийн хувьцаа эзэмшигчид 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр “Тавилга” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулсан бөгөөд уг хурлын 2 дугаар тогтоолоор тус компанийн Төлөөлөн Удирдах зөвлөлийг 9 гишүүнтэйгээр байгуулж, Төлөөлөн удирдах зөвлөл нь 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хуралдаж Э.Батхүүг “Тавилга” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилсон.

 

Захиргааны хэргийн шүүх Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хойшлогдсон хурлын материал хянасан тухай 9/3514 дугаартай албан бичгийг хүчингүй болгож, харин 9/3513 дугаар албан бичгийг хүчингүй болгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

Шүүхийн шийдвэрт “...2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хойшлогдсон хурлын ирцтэйгээр /хурал ирцийн хувьд хүчинтэйд тооцогддог/ ээлжит бус хурлыг хийсэн зэрэг нь тогтоогджээ” гэж дүгнэсэн. Иймд 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хойшлогдсон хурлыг хүчингүй болгох үндэслэлгүй.

 

“Т” ХК-ийн 2013 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 3 дугаар тогтоолоор баталсан гэх “Тавилга” ХК-ийн дүрмийг 2017 оны 6 дугаар сард Улсын бүртгэлийн байгууллагаас дүрмийг бүртгэх асуудлыг хувьцаа эзэмшигчдийн хооронд үүссэн зөрчилдөөнтэй, маргаантай асуудал шийдвэрлэгдэх хүртэлх хугацаанд түдгэлзүүлсэн тул тухайн дүрэмд заасан ирц нь “Тавилга” ХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хойшлогдсон хуралд хамааралгүй ба хуулийн хүчин төгөлдөр хурал болсон гэж үзэж байна. Иймд  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаадҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч Э.Б, С.Ц нарт холбогдуулан “Тавилга” ХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хойшлогдсон хурлыг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэн маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

“Т” ХК-ийн нийт хувьцааны 10.28 хувийг нэхэмжлэгч Ц.Б, 18.19 хувийг хариуцагч Э.Б, 8.8 хувийг хариуцагч С.Ц тус тус эзэмшдэг болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа зэргээр нотлогдож байхаас гадна талууд энэ талаар маргаагүй байна. Иймд нэхэмжлэгч нь хувьцаа эзэмшигчийн хувьд Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар хувьцаа эзэмшигчдийн хурал, түүний шийдвэрийн талаар шүүхэд гомдол гаргах эрхтэй, харин хариуцагч нар нь зохион байгуулсан хурлын маргаанд хувьцаа эзэмшигчийн хувьд хариуцвал зохих этгээд байна.

 

Хувьцаа эзэмшигч буюу хариуцагч Э.Б, С.Ц нар нь 2017 оны 8 дугаар сарын 26-ны өдөр “Тавилга” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг зохион байгуулж хуралдуулсан. Уг хурлаар “Тавилга” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хуралдуулах, ээлжит бус хурлаар компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох, төсвийг батлах асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэжээ.

 

Улмаар 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралдааныг ирц хүрээгүй үндэслэлээр 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр дахин хуралдуулахаар хойшлуулжээ.

 

Хойшлогдсон 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал нийт хувьцаа эзэмшигчдийн 30.9 хувийн ирцтэй хуралдаж, мөн өдрийн 1 дугаар тогтоолоор нэр бүхийн 6 хүнийг “Тавилга” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн, нэр бүхий 3 хүнийг хараат бус гишүүнээр тус тус сонгож шийдвэрлэсэн байх бөгөөд тухайн хуралд нэхэмжлэгч оролцоогүй байна.

 

Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.3, 69.4-т зааснаар компанийн саналын эрх бүхий хувьцааны 50-аас дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцсоноор тухайн хурал хүчин төгөлдөр болох бөгөөд хэрэв уг хувь хүрээгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурлыг хүчин төгөлдөр бус гэж үзэн тухайн хурлыг хойшлуулж, дахин хуралдах өдрийг төлөөлөн удирдах зөвлөл товлоно. Харин компанийн дүрмээр илүү өндөр хувь тогтоогоогүй бол саналын эрхийн 20 буюу түүнээс дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хуралд оролцсоноор мөн хуулийн 69.3-т заасны дагуу хойшлогдсон хувьцаа эзэмшигчдийн хурал хүчин төгөлдөр болно.

 

“Тавилга” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 3 дугаар тогтоолоор тус компанийн хувьцаа эзэмшигчдийн 2013 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн ээлжит хурлын 3 дугаар тогтоолоор баталсан компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг улсын бүртгэлд бүртгүүлэхээр шийдвэрлэсэн байх бөгөөд улсын бүртгэлийн байгууллага 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр уг дүрмийг улсын бүртгэлд бүртгэсэн байна.

 

 “Тавилга” ХК-ийн жижиг хувьцаа эзэмшигч нар улсын бүртгэлд бүртгэсэн компанийн дээрх 2013 оны дүрмийн 6.7-д “саналын эрхийн 40 буюу түүнээс дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хуралд оролцсоноор хойшлогдсон хувьцаа эзэмшигчдийн хурал хүчин төгөлдөр болно” гэсэн заалтын талаар Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан үндэслэлээр мөн хорооны 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 9/2906 дугаар мэдээллээр компанийн 2013 оны дүрмийг улсын бүртгэлд бүртгэх асуудлыг түдгэлзүүлэхийг улсын бүртгэлийн байгууллагад мэдэгдсэн байна. Улмаар улсын бүртгэлийн байгууллага дээрх мэдээллийг үндэслэн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр “Тавилга” ХК-ийн улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлж, 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр уг хоригийг цуцалсан байна /2хх 102-103, 126-127 дугаар тал/.

 

Дээрхээс үзвэл, Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.9-д “Компанийн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт, шинэчлэн найруулсан дүрэм нь улсын бүртгэлд бүртгэснээр хүчин төгөлдөр болно” гэж заасны дагуу “Тавилга” ХК-ийн 2013 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн ээлжит хурлын 3 дугаар тогтоолоор баталсан компанийн шинэчилсэн дүрмийг улсын бүртгэлийн байгууллага 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр улсын бүртгэлд бүртгэснээр тухайн дүрэм хүчин төгөлдөр болжээ.

 

Өөрөөр хэлбэл, тухайн дүрэм болон дүрмийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгоогүй нөхцөлд компанийн хувьд уг дүрэм хүчин төгөлдөр хэвээр байна. Харин улсын бүртгэлийн байгууллага “Тавилга” ХК-ийн улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлж байсан нь компанийн дүрмийг хүчингүй гэж үзэх, мөн бүхэлд нь үгүйсгэх, мөрдөхгүй байх үндэслэл болохгүй. Иймд хариуцагч нарын зохион байгуулсан 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хойшилсон хурал нь ирцийн хувьд дээрх дүрэмд нийцсэн байх учиртай.

 

Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.4-т зааснаар компанийн дүрмээр илүү өндөр хувь тогтоогоогүй бол саналын эрхийн 20 буюу түүнээс дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хуралд оролцсоноор хойшлогдсон хувьцаа эзэмшигчдийн хурал хүчин төгөлдөр болох бөгөөд компанийн 2013 оны дүрмийн 6.7-д саналын эрхийн 40 буюу түүнээс дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хуралд оролцсоноор хойшлогдсон хувьцаа эзэмшигчдийн хурал хүчин төгөлдөр байхаар заажээ.

 

Гэтэл хариуцагч нарын зохион байгуулсан “Т” ХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хойшлогдсон хурал нийт хувьцаа эзэмшигчдийн 30.9 хувийн ирцтэй хуралдсан нь тус компанийн дүрмийн 6.7 дахь заалт болон Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.4 дэх заалтад нийцээгүй байна. Учир нь, дээрх хурал нь компанийн дүрмийн 6.7-д заасан ирцийн талаарх 40 буюу түүнээс дээш хувьд хүрээгүй 30.9 хувийн ирцтэй хуралдсан нь үндэслэлгүй болжээ. Өөрөөр хэлбэл, компанийн дүрмээр илүү өндөр хувь тогтоогоогүй бол саналын эрхийн 20 буюу түүнээс дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хуралд оролцсоноор хойшлогдсон хувьцаа эзэмшигчдийн хурал хүчин төгөлдөр болох боловч дүрмээр дээрх хэмжээг 40 буюу түүнээс дээш байхаар тогтоосон байна. Иймд хариуцагч нарын “...хурлыг Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.4 дэх хэсэгт заасан 20 хувиас дээгүүр буюу 30.9 хувийн ирцтэй хуралдуулсан нь хуульд нийцсэн” гэх тайлбар нь үндэслэлгүй байна.

 

Нөгөөтээгүүр, Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 9/3514 дугаар “Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хойшлогдсон хурлын материалыг хянасан тухай” албан бичгээр “Тавилга” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн дээрх ээлжит бус хойшлогдсон 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хурлыг хүчин төгөлдөрт тооцож шийдвэрлэснийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 190 дугаар тогтоолоор уг албан бичгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байх бөгөөд шүүхийн шийдвэрийн 21-д 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хойшлогдсон хурлын талаар дүгнэсэн нь дээрх хурлыг компанийн дүрмийн 6.7 дахь заалт болон Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.4 дэх заалтад нийцсэн гэж үзэх буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч нарын зарлан хуралдуулсан “Тавилга” ХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хойшлогдсон хурлыг хүчингүйд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1, 69 дүгээр зүйлийн 69.3-т заасныг баримтланхариуцагч Э.Б, С.Ц нарын зарлан хуралдуулсан “Т” ХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хойшлогдсон хурлыг хүчингүйд тооцсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.БАЯСГАЛАН