Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2021/00276

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 сарын 04-ний өдрийн 102/ШШ2020/03300 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц.Б-гийн хариуцагч Э.Б-, С.Ц- нарт холбогдуулан гаргасан "Т" ХХК-ийн 2017 оны 10 сарын 20-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хойшлогдсон хурлыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баян-Өлзий, Ж.Амгалан, хариуцагч С.Ц-, Э.Б-, хариуцагч нарын өмгөөлөгч Т.Дарьсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: "Т" ХК-ийн хувьцаа эзэмшигч Э.Б-, С.Ц- нар нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулахаар 2017 оны 08 сарын 26-ны өдөр шийдвэр гаргаж, 2017 оны 10 сарын 05-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулсан байна. Тус хурал нь Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу ирц хүрээгүй тул тухайн хуралд оролцсон хувьцаа эзэмшигчид тус хурлыг хойшлуулж, 2017 оны 10 сарын 20-ны өдөр хуралдуулахаар шийдвэрлэжээ. Улмаар 2017 оны 10 сарын 20-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хойшлогдсон хурал 30.9 хувийн ирцтэй хуралдаж Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгосон байна. Гэтэл тус хурлыг Санхүүгийн зохицуулах хороо 2017 оны 12 сарын 01-ний өдрийн 09/2314 дугаар албан бичгээр хүчинтэйд тооцож, өөрт олгогдоогүй эрхийг эдэлж, компани, хувьцаа эзэмшигч, ТУЗ, гүйцэтгэх захирлын эрхийг зөрчсөн 09/3514 дугаар албан бичгийг Захиргааны хэргийн шүүх хүчингүй болгосон. Хариуцагч Э.Б-, С.Ц- нарын хуралдуулсан 2017 оны 10 сарын 20-ны өдрийн ээлжит бус хурал нь Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаагүй. Түүнчлэн, хариуцагч нар нь дээрх хурлын талаар хувьцаа эзэмшигч нарт хуульд заасан журмын дагуу мэдэгдээгүй, мөн ирц нь дүрэмд заасан шаардлагыг хангаагүй.

Иймд Э.Б-, С.Ц- нарын хуралдуулсан "Т" ХК-ийн 2017 оны 10 сарын 20-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хойшлогдсон хурал нь Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.3, 69.4 дүгээр зүйлийг зөрчиж хуралдсан байх тул тус хурлыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нар хариу тайлбартаа: Э.Б-, С.Ц- нар нь "Т" ХК-ийн нийт хувьцааны 27.29 хувийг эзэмшдэг. Тиймээс "Т" ХК-ийн хувьцаа эзэмшигчийн эрхийнхээ хүрээнд Компанийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасны дагуу "Т" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхэд хамаарах асуудлаар буюу төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг сонгох, бүрэн эрхийг нь хугацаанаас нь өмнө дуусгавар болгох, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн цалин, урамшууллын хэмжээг тогтоох асуудлыг ердийн гишүүн, тооллогын комисст нэр бүхий 6 хүний нэр дэвшүүлэх саналаа "Т" ХК-ийн өмнөх төлөөлөн удирдах зөвлөл болон гүйцэтгэх захиралд хүргүүлсэн. Гэвч энэхүү санал шаардлагыг нь биелээгүй тул Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан. Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс "Т" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулах тухай ТУЗ-ийн 2017 оны 02 сарын 24-ний өдрийн 8 дугаар тогтоол, хувьцаа эзэмшигчдийн хурлын мэдэгдэл нь хууль, журам зөрчсөн болохыг тогтоож, 2017 оны 04 сарын 14-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг тус тус хүчин төгөлдөр бусд тооцсон. Энэ тухайгаа Санхүүгийн зохицуулах хорооноос 2017 оны 12 сарын 01-ний өдрийн 9/3513 дугаар албан бичгээр "Т" ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Цагаанцоожид, 2017 оны 12 сарын 01-ний өдрийн 9/3514 дугаар албан бичгээр "Т" ХК-ийн хувьцаа эзэмшигч Э.Б-д тус тус мэдэгдсэн байдаг. "Т" ХК-ийн дээр дурдсан ТУЗ-ийн 2017 оны 02 сарын 24-ний өдрийн 8 дугаар тогтоол, 2017 оны 04 сарын 14-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал хүчин төгөлдөр бус болсон тул тус компанийн хувьцаа эзэмшигчид 2017 оны 10 сарын 20-ны өдөр "Т" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулсан бөгөөд уг хурлын 2 дугаар тогтоолоор тус компанийн Төлөөлөн Удирдах зөвлөлийг 9 гишүүнтэйгээр байгуулж, Төлөөлөн удирдах зөвлөл нь 2017 оны 10 сарын 20-ны өдөр хуралдаж Э.Б-г "Т" ХК-ийн гүйцэтгэх захирлаар томилсон. Захиргааны хэргийн шүүх Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны 12 сарын 01-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хойшлогдсон хурлын материал хянасан тухай 9/3514 дугаартай албан бичгийг хүчингүй болгож, харин 9/3513 дугаар албан бичгийг хүчингүй болгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрт “...2017 оны 10 сарын 20-ны өдөр хойшлогдсон хурлын ирцтэйгээр /хурал ирцийн хувьд хүчинтэйд тооцогддог/ ээлжит бус хурлыг хийсэн зэрэг нь тогтоогджээ” гэж дүгнэсэн. Иймд 2017 оны 10 сарын 20-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хойшлогдсон хурлыг хүчингүй болгох үндэслэлгүй. "Т" ХК-ийн 2013 оны 04 сарын 30-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 3 дугаар тогтоолоор баталсан гэх "Т" ХК-ийн дүрмийг 2017 оны 06 сард Улсын бүртгэлийн байгууллагаас дүрмийг бүртгэх асуудлыг хувьцаа эзэмшигчдийн хооронд үүссэн зөрчилдөөнтэй, маргаантай асуудал шийдвэрлэгдэх хүртэлх хугацаанд түдгэлзүүлсэн тул тухайн дүрэмд заасан ирц нь "Т" ХК-ийн 2017 оны 10 сарын 20-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хойшлогдсон хуралд хамааралгүй ба хуулийн хүчин төгөлдөр хурал болсон гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1, 69 дүгээр зүйлийн 69.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Б-, С.Ц- нарын зарлан хуралдуулсан "Т" ХК-ийн 2017 оны 10 сарын 20-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хойшлогдсон хурлыг хүчингүйд тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Э.Б- нь "Т" ХК-ийн 18.19 хувийн, С.Ц- нь 8.8 хувийн хувьцаа эзэмшигчид бөгөөд хувьцаа эзэмшигчийн бүрэн эрхийнхээ хүрээнд "Т" ХК-ийн 2017 оны 10 сарын 20-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хойшилсон хурлыг 30.9 хувийн ирцтэйгээр хуралдуулж, уг хурлын 2 дугаар тогтоолоор тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийг 9 гишүүнтэйгээр байгуулж, Төлөөлөн удирдах зөвлөл нь 2017 оны 10 сарын 20-ны өдөр хуралдаж Э.Б-г "Т" ХК-ийн гүйцэтгэх захирлаар томилсон юм. Гэтэл 2020 оны 08 сарын 21-ний өдөр тус компанийн хувьцаа эзэмшигч Ц.Б- нь Э.Б-, С.Ц- нарт холбогдуулан 2017 оны 10 сарын 20-ны өдрийн “Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хойшлогдсон хурлыг хүчингүй болгуулах”-аар гаргасан нэхэмжлэлийг шүүх бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь  анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн төдийгүй, нотлох баримтыг бүрэн дүүрэн үнэлээгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Учир нь, "Т" ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний ар талд компанийн дүрэм бүртгэсэн тэмдэглэгээ байх боловч Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн Хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа /1хх 102, 103/ Улсын бүртгэлд бүртгэсэн хэсэгт 1996 оны 04 сарын 16-ны шийдвэр, 2007 оны 04 сарын 19-ний шийдвэр бүртгэгдсэн байх ба, 2013 оны 04 сарын 30-ны өдрийн компанийн дүрэм бүртгэгдээгүй байгааг шүүх харгалзан үзээгүй юм. "Т" ХК-ийн 2013 оны 04 сарын 30-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 3 дугаар тогтоолоор батлагдсан гэх "Т" ХК-ийн энэхүү дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгэх асуудлыг хувьцаа эзэмшигчдийн хооронд үүссэн зөрчилдөөнтэй, маргаантай асуудал шийдвэрлэгдэх хүртэлх хугацаагаар Санхүүгийн зохицуулах хорооноос түдгэлзүүлсэн байдаг тул 2017 оны 10 сарын 20-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хойшлогдсон хуралд хамааралгүй учраас 2017 оны 10 сарын 20-ны өдрийн ээлжит бус хойшлогдсон хурал нь хуулийн хүчин төгөлдөр хурал байсан.

Мөн Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны 12 сарын 01-ны өдрийн 9/3513 албан тоот /1хх 49/, 2017 оны 03 сарын 29-ны өдрийн 9/1029 албан тоот /1хх 113, 114/, 2018 оны 01 сарын 08-ны өдрийн 9/54 тоотоор "Т" ХК-ийн өмнөх Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 02 сарын 24-ны өдрийн 8 дугаар тогтоол, зарлан хуралдуулсан 2017 оны 04 сарын 14-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг тус тус хүчин төгөлдөр бусд тооцсон байдаг. Гэтэл шүүх дээрх нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй төдийгүй, 2013 оны 04 сарын 30-ны өдрийн дүрмийг улсын бүртгэлд бүртгэгдсэн гэж шууд дүгнэлт хийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хойшилсон хурлын ирц нь тус дүрэмд нийцсэн байх учиртай гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Түүнчлэн "Т" ХК-ийн өмнөх Төлөөлөн төлөөлөн удирдах зөвлөлийн зарлан хуралдуулсан 2017 оны 04 сарын 14-ний өдрийн 2017 оны ээлжит хурал хүчин төгөлдөр бус болсон тул Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг төлөөлөн удирдах зөвлөл байхгүй бол гүйцэтгэх удирдлагын шийдвэрээр санхүүгийн жил дууссанаас хойш 4 сарын дотор зарлан хуралдуулна, тус хуулийн 59.5 дахь хэсэгт энэ хуулийн 59.4-т заасан хугацаанд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулаагүй тохиолдолд төлөөлөн удирдах зөвлөл байхгүй бол гүйцэтгэх удирдлагын хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болно гэж заасны дагуу "Т" ХК-ийн өмнөх Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрх дуусгавар болсон байсан. Мөн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудыг нэхэмжлэгч нарын зүгээс шүүхэд бүрдүүлж өгсөн атал, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу бүрэн дүүрэн үнэлж чадаагүй гэж үзэж байна.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 06 сарын 03-ны өдрийн 190 дугаар тогтоолд “...2017 оны 10 сарын 20-ны өдөр хойшлогдсон хурлын ирцтэйгээр /хурал ирцийн хувьд хүчинтэйд тооцогддог/ ээлжит бус хурлыг хийсэн зэрэг нь тогтоогджээ” гэж дүгнэсэн. 2017 оны 10 сарын 20-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хойшилсон хурал хуралдаж "Т" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийг байгуулж, мөн өдөр Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар Э.Б-г компанийн гүйцэтгэх захирлаар томилсны дагуу Э.Б- нь компанийн гүйцэтгэх захирлын хувиар Д.Цагаанцоожид холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд "Т" ХК-ийн УБМ00799 дугаартай тамга гаргуулах тухай” нэхэмжлэл гаргаж 2020 оны 09 сарын 04-ний өдрийн 184/ШШ2020/02679 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 сарын 06-ны өдрийн 2250 дугаар магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Ц.Б- нь хариуцагч Э.Б-, С.Ц- нарт холбогдуулан "Т" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2017 оны 10 сарын 20-ны өдрийн ээлжит бус хойшлогдсон хурлыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ, тухайн хурал нь тус компанийн дүрэм болон Компанийн тухай хуульд заасан ирцийн хэмжээнд нийцээгүй буюу 30.9 хувьтай хуралдаж, ТУЗ-ийн гишүүдийг сонгосон мөн хурлын талаар зохих журмын дагуу бүх хувьцаа эзэмшигч нарт мэдэгдээгүй, тус хурлыг хүчинтэйд тооцсон Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны 12 сарын 01-ний өдрийн 09/3514 тоот албан бичгийг Захиргааны хэргийн шүүх хүчингүй болгож шийдвэрлэсэн гэх агуулгаар тайлбарлажээ. /1хх 1-3/

 

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч “...компанийн 2013 оны 04 сарын 30-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолоор баталсан дүрмийг Улсын бүртгэлийн байгууллагаас түдгэлзүүлсэн тул тухайн дүрэмд заасан ирц нь 2017 оны 10 сарын 20-ны өдрийн ээлжит бус хойшлогдсон хуралд хамааралгүй, Захиргааны хэргийн шүүхээс Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны 12 сарын 01-ний өдрийн 09/3514 тоот албан бичгийг хүчингүй болгосон боловч “2017 оны 04 сарын 14-ний өдрийн ээлжит бус хурлыг хүчингүй болгосон” талаарх мөн өдрийн 09/3513 тоот албан бичиг хүчин төгөлдөр хэвээр байгаа...” гэх үндэслэлээр татгалзаа илэрхийлсэн байна. /1хх 19-20/

 

Хэрэгт цугларсан "Т" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2 дугаартай тэмдэглэл /1хх30-31/, 2007 оны 04 сарын 03-ны өдрийн Үнэт цаас эзэмшлийн 45 дугаартай тодорхойлолт /1хх197/, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /1хх102-103/, зохигчдын тайлбараас үзвэл, талууд нь "Т" ХК-ийн хувьцааны тодорхой хувийг эзэмшигч нар мөн байх бөгөөд маргаан бүхий 2017 оны 10 сарын 20-ны өдрийн ээлжит бус хойшлогдсон хурал нь 30.9 хувийн ирцтэй хуралдсан үйл баримтууд тогтоогдсон. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхийн талаар болон дээрх хурлын ирц нь компанийн дүрмээр тогтоосон хэмжээнд нийцээгүй гэж дүгнэснээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1, 69 дүгээр зүйлийн 69.3 дахь хэсэгт заасан хуулийн зохицуулалтыг хэргийн баримтад тулгуурлан зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

 

Тодруулбал, 2017 оны 06 сарын 07-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн "Т" ХК-ийн 2013 оны 04 сарын 30-ны өдрийн дүрмийн 6.7-д саналын эрхийн 40 буюу түүнээс дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хуралд оролцсоноор хойшлогдсон хувьцаа эзэмшигчдийн хурал хүчин төгөлдөр болохоор заасан. /1 хх42, 56/ Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.4 дэх хэсэгт компанийн дүрмээр илүү өндөр хувь тогтоогоогүй бол саналын эрхийн 20 буюу түүнээс дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хуралд оролцсоноор энэ хуулийн 69.3-т заасны дагуу хойшлогдсон хувьцаа эзэмшигчдийн хурал хүчин төгөлдөр болно гэж зохицуулсан.

 

Хариуцагч тал компанийн дээрх дүрмийн хүчин төгөлдөр байдлын талаар маргаж, давж заалдах гомдлын нэг үндэслэлээ “хэргийн 1 дэх хавтас 102-103 дахь талд авагдсан “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа”-нд 2013 оны 04 сарын 30-ны өдрийн дүрэм бүртгэгдээгүй, 1996 оны 04 сарын 16-ны өдрийн дүрэм бүртгэгдсэн” гэж тайлбарлах боловч хэрэгт авагдсан бусад баримтаар /1хх126, 130-145/ "Т" ХК-ийн ТУЗ нь 2017 оны 05 сарын 15-ны өдрийн хурлын 03 дугаар тогтоолоор дээрх дүрмийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхээр шийдвэрлэж, улсын бүртгэлийн байгууллага 2017 оны 06 сарын 02-ны өдөр бүртгэжээ. Улмаар уг дүрмийн 6.7 дахь заалтын талаарх маргаан үүссэнтэй холбогдуулан улсын бүртгэлийн байгууллага 2017 оны 10 сарын 10-ны өдөр "Т" ХК-ийн бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн шийдвэрээ 2019 оны 08 сарын 05-ны өдөр цуцалсан үйл баримт тогтоогдож байна.

 

Иймд анхан шатны шүүх дээрх 2013 оны 04 сарын 30-ны өдрийн ээлжит хурлын 3 дугаар тогтоолоор баталсан компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг улсын бүртгэлийн байгууллага бүртгэснээр хүчин төгөлдөр гэж үзсэн нь Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.9 дэх хэсэгт заасантай нийцсэн. Мөн хариуцагч талын давж заалдах гомдолд дурдсан 1996 оны 04 сарын 16-ны өдрийн дүрэм нь компанийн үүсгэн байгуулах дүрмийн хувьд бүртгэгдсэн байгааг дурдах нь зүйтэй.

 

Түүнчлэн, “..."Т" ХК-ийн ТУЗ-ийн зарлан хуралдуулсан 2017 оны 04 сарын 14-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал хүчин төгөлдөр бус болсон тул Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 59.5 дахь хэсэгт зааснаар өмнөх ТУЗ-ийн бүрэн эрх дуусгавар болсон тул 2013 оны 04 сарын 30-ны өдрийн дүрмийг улсын бүртгэлд бүртгэгдсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.... 2017 оны 10 сарын 20-ны өдрийн хойшлогдсон хурлаас томилогдсон гүйцэтгэх захирал Э.Б- нь Д.Цагаанцоожид холбогдуулан компанийн УБМ00799 дугаартай тамгыг гаргуулахаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийг анхан болон давж заалдах шатны шүүх хангаж шийдвэрлэснийг шүүх анхаараагүй...” гэх агуулгаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлын үндэслэл талуудын хооронд үүссэн 2017 оны 10 сарын 20-ны өдрийн хойшлогдсон хурлыг хүчингүй болгуулах тухай энэхүү маргаанд шууд хамааралтай биш байна.

 

Иймд "Т" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн оролцоог хууль болон компанийн дүрэмд заасны дагуу бүрэн хангаагүй 2017 оны 10 сарын 20-ны өдрийн ээлжит бус, хойшлогдсон хурлыг хүчингүй болгосноор хувьцаа эзэмшигчдийн компанийн үйл ажиллагаанд буюу хуралд оролцох эрх хангагдах үндэслэлтэй байх тул уг хурлыг хүчингүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн         167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 сарын 04-ний өдрийн 102/ШШ2020/03300 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                        ШҮҮГЧИД                              С.ЭНХТӨР

 

Д.НЯМБАЗАР