Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 142/шш2018/00157

 

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 142/ШШ2018/00157

Орхон аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ж.Т-ын  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М.Э д холбогдох

Худалдах худалдан авах гэрээний үүрэг 16 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.н , хариуцагч М.э, хариуцагчийн өмгөөлөгч Б.х , гэрч Я.э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.а нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.т би өөрийн өмчлөлийн Орхон аймаг Баян- Өндөр сум Оюут баг 2 дугаар бичил хороолол 23 дугаар байр 67 тоот 4 өрөө орон сууцаа 2014-01-10-ны өдөр иргэн М.э, Х.о нарт 135 000 000 төгрөгөөр зарсан. Байр худалдах худалдан авах гэрээн дээрээ орон сууцны үнийг 135,0 сая гэж бичих гэсэн чинь худалдан авагч талын хүсэлтээр 112 800 000 төгрөг гэж бичсэн. Яагаад гэвэл банкнаас авах зээлээсээ шалтгаалж байна гэсэн. Байрыг маань худалдаж авснаасаа хойш нийт 118 500 000 төгрөгийн тооцоог хийж үлдэх 17 000 000 төгрөгөө 2014-07-20-ны дотор төлж дуусгана гэж тохирсон боловч өнөөдрийг хүртэл тооцоо хийхгүй хохироосоор байна. Худалдан авагч М.э 2016-07-02-ны өдөр 17,0 сая төгрөгийг нэг жилийн дотор төлж барагдуулна гэсэн утга бүхий тодорхойлолт гаргаж өгөөд 2017-01-20-ны өдөр эхнэр О.э-ийн ХААН банкин дахь 5094397873 дугаартай дансанд 500 000 төгрөг нэг удаа хийгээд түүнээс хойш дахиж тооцоо хийсэнгүй. Иймд: М.эгаас орон сууцны үнийн үлдэгдэл 16 500 000 төгрөгийг гаргуулан Ж.т надад олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.н шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Ж.т гийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн тайлбартай танилцаад нэхэмжлэлийг нь дэмжиж дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч хариуцагч нар 2014-01-10-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2 дугаар бичил хороолол 23 дугаар байр 67 тоот 4 өрөө сууцыг 140 000 000-с ярилцаад 135 000 000 төгрөгөөр өгч авалцахаар тохиролцсон боловч хариуцагчийн хүсэлтээр буюу Орхон аймаг дахь Голомт банкны салбарын зээлийн төвөөс зээл авахаар нэг зуун арваад саяар үнэлэх юм байна тийм учраас гэрээгээ 112 800 000 төгрөгөөр хийе гээд гэрээгээ хийгээд үлдэх 22 200 000 төгрөгийг банкнаас зээлээ авахаараа өгнө гэж тохирсон гэдэг. Тохирсон ёсоороо үлдэх 22 200 000 төгрөгөөсөө 5 200 000 төгрөгийг нь өгөөд 17,0 сая төгрөгөө өгөхгүй байсан учир хамтран өмчлөгч Х.о 2014-07-03-нд гаргаж өгсөн баталгаандаа: 2014-07-20-ны дотор бүрэн барагдуулна гэж бичиж өгсөн боловч тооцоо хийгээгүй байна. Хариуцагч М.э 2014-01-10-ны өдрөөс хойш өнөө маргааш төлнө гэж явсаар байгаад эцэст нь буюу 2016-07-02-ны өдөр баталгаа гаргаж өгөхдөө хугацаа нэг жилээс хэтрэхгүй гэж бичиж өгөөд 2017-01-20-нд хариуцагч М.э өөрийнхөө 99351820 дугаарын утаснаасаа 500 000 төгрөгийг нэхэмжлэгчийн 5094397873 дугаартай дансанд шилжүүлсэн байна. Дээрх байр нь байрлал сайтай 4 өрөөтэй, 100 гаруй м2 талбайтай, 00 банны өрөө тусдаа, 00 өрөөндөө угаалтууртай, 5 цонхнууд нь вакум, З тал руугаа харсан, коридор, гал тогооны өрөө том, үүднээсээ 2 метр орчим газарт бүргэд хаалга суулгасан байр юм байна. Бусдын орон сууцыг үзэж шалгаж авчихаад эцэст нь төлбөр тооцоогоо бүрэн хийхгүй он удаан жил хохироох ёсгүй шүү дээ.

Ж.т иргэн М.эгаас орон сууцны үнийн зөрүү гэж 16 500 000 төгрөг гаргуулан авахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч М.э нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрдөггүй бөгөөд нэхэмжлэгч Ж.т г өөрөө татвараа бага төлөх гэж 135 000 000 төгрөгөөр биш 112 800 000 төгрөгөөр орон сууцаа үнэлэн орон сууц худалдах-худалдан авах гэрээг хийсэн гэдэг. Харин нэхэмжлэгч Ж.т хариуцагч М.эгийн хүсэлтээр орон сууц худалдах-худалдан авах гэрээний үнийг 112 800 000 төгрөгөөр хийсэн гэдэг тайлбар үндэслэлтэй болох талаар дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1. Хариуцагч М.э 2014-01-08-ны өдөр нэхэмжлэгчийн дансанд "орон сууцны зээлийн урьдчилгаа гээд 34 000 000 төгрөг хийсэн болох нь "э" дансны өглөг гэсэн гүйлгээгээр нотлогдох юм.

2. Орон сууц худалдах-худалдан авах гэрээг 112 800 000 төгрөгөөр хийснээр нэхэмжлэгч Ж.т д үнийн зөрүү 135 000 000-112 800 000=22 200 000 төгрөг, татварын зөрүү 135 000 000*2%=2 700 000 төгрөг, 112 800 000*2%=2 256 000 төгрөг болж байгаа юм. Энэ хоёрын зөрүү нь ердөө 444 000 төгрөг болж байна. Энэ хоёр тооны зөрүүгээс харахад 112 800 000 төгрөгөөр орон сууц худалдах-худалдан авах гэрээг хийснээр нэхэмжлэгчид 22 200 000 төгрөгийн алдагдалд орж байна. Хэн нэгэн 444 000 төгрөг хэмнээд 22 200 000 төгрөгийн алдагдалд орохыг хэзээ ч хүсэхгүй шүү дээ.

3. Нэхэмжлэгч хариуцагч нар 2014-01-10-ны өдөр орон сууц худалдах-худалдан авах гэрээг хийсэн байдаг бөгөөд гэрээ хийхээс хоёр хоногийн өмнө буюу 2014-01-08-ны өдөр орон сууцны зээлийн урьдчилгаа гэж 34,0 сая төгрөг байршуулсан байдаг бөгөөд Монгол банкны ерөнхийлөгчийн 2013-06-14-ний өдрийн А-122 дугаартай тушаалаар батлагдсан Орон сууцны ипотекийн санхүүжилтын журмын 3-ын 1.2-т: Орон сууцны ипотекийн зээлийн жилийн хүү 8%, дээрх журмын 3.1.3-т: Урьдчилгаа төлбөр нь 30%-иас доошгүй. ЗҮХ нь 70%-иас дээшгүй байх" гэжээ. Эндээс харахад 112 800 000 төгрөгийн 30% нь 33 800 000 төгрөг, 135,0 сая төгрөгийн 30% нь 56 200 000 төгрөг болж байна. Зөвхөн урьдчилгаа 30%-ийн зөрүү 56 200 000-33 800 000=23.0 сая төгрөгийн зөрүү гарч байна.

4. Дээрх баримтуудаас харахад хариуцагч М.э орон сууцны урьчилгаа төлбөр төлөөд зээлд хамрагдахын тулд 56 200 000 төлөх учиртай байтал 33 800 000 төгрөг /34,0 сая/ төгрөг төлж 22 200 000 төгрөгийг төлөөд зээлд хамрагдахаас чөлөөлөгдөж худалдагч талтай зөрүү 22 200 000 төгрөгийн төлөлтөн дээрээ тохирсон боловч өнөөдрийг хүртэл амалсан төлбөрөө төлөхгүй хохироож явна. Иймд М.эгаас 16 500 000 төгрөг гаргуулан Ж.т д олгохоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.э шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа М. э би иргэн Ж.т гийн эзэмшиж байсан 2-23-67 тоот байрыг 2014 оны 1 дүгээр сард орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу 112 800 000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд дараа нь 5 сая 700 мянган төгрөг нэмж төлсөн. Энэ орон сууц нь хуучнаараа байсан ба бид энэ байранд 20,0 сая төгрөгний засварын ажил хийж орсон юм. Бид энэ байрыг өөрийн үнэнээсээ илүү өртөг өндөртэй, зах зээлийн ханшнаас давсан үнээр худалдаж авах гэж байснаа сүүлд ойлгосон. Бид банкнаас байрны зээл авахдаа гэрээн дээрээ 112 800 000 төгрөг гэж хэлж бичүүлээгүй. Ж.т нар нь өөрсдөө орлогын албан татвар бага төлөх гэж ингэж бичүүлсэн байх. Гэрээнд заасан үнийн дүнгээ бүрэн төлсөн тул Ж. т гийн нэхэмжлээд байгаа үлдэгдэл гэх 16 500 000 төгрөгийг төлөхөөс татгалзаж байна. Харин би илүү төлсөн 5 сая 700 мянган төгрөгөө Ж.т гаас буцааж гаргуулж авах хүсэлт тавьж байна гэжээ.

Зохигчийн тайбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.т нь хариуцагч М.эд холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэг гэж 16 500 000 төгрөг гаргуулах-аар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

М.э нь Ж.т гаас 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут баг 2 дугаар бичил хороолол 23 дугаар байрны 67 тоот 4 өрөө орон сууцыг худалдаж авсан талаар талууд маргаагүй.

Нэхэмжлэгч дээрх орон сууцыг 135,0 сая төгрөгөөр худалдсан гэдэг, хариуцагч 112 800 000 төгрөгөөр худалдаж авсан гэж маргадаг.

Талуудын хооронд 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулагдаж, гэрээний үнийг 112 800 000 төгрөгөөр тохирсон байх ба энэ нь хэргийн 23-28 дугаар хуудас дахь эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, үл хөдлөх эд хөрөнгө борлуулсан иргэний орлогын албан татварын тайлан бусад баримтууд, хариуцагчийн тайлбараар нотлогдож байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ... анх байрыг 135 000 000 төгрөгөөр өгч авалцахаар тохиролцсон боловч хариуцагчийн хүсэлтээр Голомт банкнаас зээл авахаар нэг зуун арваад саяар үнэлэх юм байна, тийм учраас гэрээгээ 112 800 000 төгрөгөөр хийе гээд гэрээгээ хийгээд үлдэх 22 200 000 төгрөгийг банкнаас зээлээ авахаараа өгнө гэж тохирсон. Тохирсон ёсоороо үлдэх 22 200 000 төгрөгөөсөө 5 200 000 төгрөгийг нь өгөөд 17,0 сая төгрөгөө өгөхгүй байсан учир хамтран өмчлөгч Х.о 2014-07-03-нд гаргаж өгсөн баталгаандаа: 2014-07-20-ны дотор бүрэн барагдуулна гэж бичиж өгсөн боловч тооцоо хийгээгүй. Хариуцагч М.э 2014-01-10-ны өдрөөс хойш өнөө маргааш төлнө гэж явсаар байгаад эцэст нь буюу 2016-07-02-ны өдөр баталгаа гаргаж өгөхдөө хугацаа нэг жилээс хэтрэхгүй гэж бичиж өгөөд 2017-01-20-нд хариуцагч М.э өөрийнхөө 99351820 дугаарын утаснаасаа 500 000 төгрөгийг нэхэмжлэгчийн 5094397873 дугаартай дансанд шилжүүлсэн. ...э нь 2014-01-08-ны өдөр нэхэмжлэгчийн дансанд "орон сууцны зээлийн урьдчилгаа 34 000 000 төгрөг хийсэн болох нь "ЭСКРОУ" дансны өглөг гэсэн гүйлгээгээр нотлогдоно, 112 800 000 төгрөг, 135,0 сая төгрөгийг татварын зөрүү 444 000 төгрөг болж байгаа. Гэрээг 112 800 000 төгрөгөөр хийснээр нэхэмжлэгчид 22 200 000 төгрөгийн алдагдалд орно. Тиймээс 444 000 төгрөг хэмнээд 22 200 000 төгрөгийн алдагдалд орохыг хэн ч хүсэхгүй. Орон сууцны ипотекийн санхүүжилтын журмын 3-ын 1.2-т: Орон сууцны ипотекийн зээлийн жилийн хүү 8%, дээрх журмын 3.1.3-т: Урьдчилгаа төлбөр нь 30%-иас доошгүй. ЗҮХ нь 70%-иас дээшгүй байх" гэжээ. Эндээс харахад 112 800 000 төгрөгийн 30% нь 33 800 000 төгрөг, 135,0 сая төгрөгийн 30% нь 56 200 000 төгрөг болж байна. М.э орон сууцны урьчилгаа төлбөр төлөөд зээлд хамрагдахын тулд 56 200 000 төлөх учиртай байтал 33 800 000 төгрөг /34,0 сая/ төгрөг төлж 22 200 000 төгрөгийг төлөөд зээлд хамрагдахаас чөлөөлөгдөж худалдагч талтай зөрүү 22 200 000 төгрөгийн төлөлтөн дээрээ тохирсон... гэж тайлбарладаг.

Нэхэмжлэгч хэдийгээр худалдах худалдан авах гэрээнийхээ үнийг 135 000 000 төгрөгөөр тохирсон гэж дээрх байдлаар тайлбарлаж байх боловч, хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн тайлбар, гэрчийн мэдүүлгээр маргааны зүйл болсон Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут баг 2 дугаар бичил хороолол 23 дугаар байрны 67 тоот 4 өрөө орон сууцыг зохигчид 135,0 сая төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон гэсэн нөхцөл байдал нотлогдохгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэсэн үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлага нотлогдоогүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 240 450 төгрөгийг төрийн санд үлдээхээр заав.  

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан М.эгаас 16 500 000 /арван зургаан сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах Ж.т гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 240 450 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА