Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 44

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 207/МА2018/00044

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

хариуцагч *******д холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 142/ШШ2018/00157 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******д холбогдох,

Худалдах худалдан авах гэрээний үүрэг 16.500.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч Б.Хулан, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* би өөрийн өмчлөлийн Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2 дугаар бичил хороолол 23 дугаар байр 67 тоот 4 өрөө орон сууцаа 2014.01.10-ны өдөр иргэн *******, Х.Одбаяр нарт 135.000.000 төгрөгөөр зарсан. Байр худалдах худалдан авах гэрээн дээрээ орон сууцны үнийг 135.000.000 төгрөг гэж бичих гэсэн чинь худалдан авагч талын хүсэлтээр 112.800.000 төгрөг гэж бичсэн. Яагаад гэвэл банкнаас авах зээлээсээ шалтгаалж байна гэсэн. Байрыг маань худалдаж авснаасаа хойш нийт 118.500.000 төгрөгийн тооцоог хийж үлдэх 17.000.000 төгрөгөө 2014.07.20-ны дотор төлж дуусгана гэж тохирсон боловч өнөөдрийг хүртэл тооцоо хийхгүй хохироосоор байна. Худалдан авагч ******* 2016.07.02-ны өдөр 17.000.000 төгрөгийг нэг жилийн дотор төлж барагдуулна гэсэн утга бүхий тодорхойлолт гаргаж өгөөд 2017.01.20-ны өдөр эхнэр О.Эрдэнэчимэгийн ХААН банкин дахь 5094397873 дугаартай дансанд 500.000 төгрөг нэг удаа хийгээд түүнээс хойш дахиж тооцоо хийсэнгүй. Иймд: *******гаас орон сууцны үнийн үлдэгдэл 16.500.000 төгрөгийг гаргуулан ******* надад олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Нэхэмжлэгч хариуцагч нар 2014.01.10-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2 дугаар бичил хороолол 23 дугаар байр 67 тоот 4 өрөө сууцыг 140.000.000 төгрөгөөс ярилцаад 135.000.000 төгрөгөөр өгч авалцахаар тохиролцсон боловч хариуцагчийн хүсэлтээр буюу Орхон аймаг дахь Голомт банкны салбарын зээлийн төвөөс зээл авахаар нэг зуун арваад саяар үнэлэх юм байна тиймээс гэрээгээ 112.800.000 төгрөгөөр хийе гээд гэрээгээ хийгээд үлдэх 22.200.000 төгрөгийг банкнаас зээлээ авахаараа өгнө гэж тохирсон гэдэг. Тохирсон ёсоороо үлдэх 22.200.000 төгрөгөөсөө 5.200.000 төгрөгийг нь өгөөд 17.000.000 төгрөгөө өгөхгүй байсан учир хамтран өмчлөгч Х.Одбаяр 2014.07.03-нд гаргаж өгсөн баталгаандаа 2014.07.20-ны дотор бүрэн барагдуулна гэж бичиж өгсөн боловч тооцоо хийгээгүй байна. Хариуцагч ******* 2014.01.10-ны өдрөөс хойш өнөө маргааш төлнө гэж явсаар байгаад эцэст нь буюу 2016.07.02-ны өдөр баталгаа гаргаж өгөхдөө хугацаа нэг жилээс хэтрэхгүй гэж бичиж өгөөд 2017.01.20-нд хариуцагч ******* өөрийнхөө 99351820 дугаарын утаснаасаа 500.000 төгрөгийг нэхэмжлэгчийн 5094397873 дугаартай дансанд шилжүүлсэн байна. Дээрх байр нь байрлал сайтай 4 өрөөтэй, 100 гаруй м2 талбайтай, 00 банны өрөө тусдаа, 00 өрөөндөө угаалтууртай, 5 цонхнууд нь вакум, З тал руугаа харсан, коридор, гал тогооны өрөө том, үүднээсээ 2 метр орчим газарт бүргэд хаалга суулгасан байр юм байна. Бусдын орон сууцыг үзэж шалгаж авчихаад эцэст нь төлбөр тооцоогоо бүрэн хийхгүй он удаан жил хохироох ёсгүй шүү дээ.

Хариуцагч ******* 2014.01.08-ны өдөр нэхэмжлэгчийн дансанд "орон сууцны зээлийн урьдчилгаа гээд 34.000.000 төгрөг хийсэн болох нь "ЭСКРОУ" дансны өглөг гэсэн гүйлгээгээр нотлогдох юм.

Орон сууц худалдах худалдан авах гэрээг 112.800.000 төгрөгөөр хийснээр нэхэмжлэгч *******д үнийн зөрүү 135.000.000-112.800.000=22.200.000 төгрөг, татварын зөрүү 135.000.000*2%=2.700.000 төгрөг, 112.800.000*2%=2.256.000 төгрөг болж байгаа юм. Энэ хоёрын зөрүү нь ердөө 444.000 төгрөг болж байна. Энэ хоёр тооны зөрүүгээс харахад 112.800.000 төгрөгөөр орон сууц худалдах худалдан авах гэрээг хийснээр нэхэмжлэгчид 22.200.000 төгрөгийн алдагдалд орж байна. Хэн нэгэн 444.000 төгрөг хэмнээд 22.200.000 төгрөгийн алдагдалд орохыг хэзээ ч хүсэхгүй шүү дээ.

Нэхэмжлэгч хариуцагч нар 2014.01.10-ны өдөр орон сууц худалдах-худалдан авах гэрээг хийсэн байдаг бөгөөд гэрээ хийхээс хоёр хоногийн өмнө буюу 2014.01.08-ны өдөр орон сууцны зээлийн урьдчилгаа гэж 34.000.000 төгрөг байршуулсан байдаг бөгөөд Монгол банкны ерөнхийлөгчийн 2013.06.14-ний өдрийн А-122 дугаартай тушаалаар батлагдсан Орон сууцны ипотекийн санхүүжилтын журмын 3-ын 1.2-т Орон сууцны ипотекийн зээлийн жилийн хүү 8%, дээрх журмын 3.1.3-т: Урьдчилгаа төлбөр нь 30%-иас доошгүй. ЗҮХ нь 70%-иас дээшгүй байх" гэжээ. Эндээс харахад 112.800.000 төгрөгийн 30% нь 33.800.000 төгрөг, 135.000.000 төгрөгийн 30% нь 56.200.000 төгрөг болж байна. Зөвхөн урьдчилгаа 30%-ийн зөрүү 56.200.000-33.800.000=23.000.000 төгрөгийн зөрүү гарч байна. Дээрх баримтуудаас харахад хариуцагч ******* орон сууцны урьчилгаа төлбөр төлөөд зээлд хамрагдахын тулд 56.200.000 төлөх учиртай байтал 33.800.000 төгрөг /34,0 сая/ төгрөг төлж 22.200.000 төгрөгийг төлөөд зээлд хамрагдахаас чөлөөлөгдөж худалдагч талтай зөрүү 22 200 000 төгрөгийн төлөлтөн дээрээ тохирсон боловч өнөөдрийг хүртэл амалсан төлбөрөө төлөхгүй хохироож явна. Иймд *******гаас 16.500.000 төгрөг гаргуулан *******д олгохоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

М. Энхжаргалан би иргэн *******гийн эзэмшиж байсан 2-23-67 тоот байрыг 2014 оны 1 дүгээр сард орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу 112.800.000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд дараа нь 5.700.000 төгрөг нэмж төлсөн. Энэ орон сууц нь хуучнаараа байсан ба бид энэ байранд 20.000.000 төгрөгний засварын ажил хийж орсон юм. Бид энэ байрыг өөрийн үнэнээсээ илүү өртөг өндөртэй, зах зээлийн ханшнаас давсан үнээр худалдаж авах гэж байснаа сүүлд ойлгосон. Бид банкнаас байрны зээл авахдаа гэрээн дээрээ 112.800.000 төгрөг гэж хэлж бичүүлээгүй. ******* нар нь өөрсдөө орлогын албан татвар бага төлөх гэж ингэж бичүүлсэн байх. Гэрээнд заасан үнийн дүнгээ бүрэн төлсөн тул *******гийн нэхэмжлээд байгаа үлдэгдэл гэх 16.500.000 төгрөгийг төлөхөөс татгалзаж байна. Харин би илүү төлсөн 5.700.000 төгрөгөө *******гаас буцааж гаргуулж авах хүсэлт тавьж байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 142/ШШ2018/00157 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан *******гаас 16.500.000 төгрөг гаргуулах *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 240.450 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа давж заалдсан гомдолдоо:

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо:"...хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн тайлбар, гэрчийн мэдүүлгээр маргааны зүйл болсон Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-23-67 тоот 4 өрөө орон сууцыг зохигчид 135.0 сая төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон гэсэн нөхцөл байдал нотлогдохгүй байна гэжээ" Шүүхийн энэ дүгнэлтийг дараах нотлох баримтуудаар үгүйсгэж байна. Үүнд:1.Хариуцагч ******* 2-23-67 тоот 4 өрөө бүхий 55.5м2 талбай бүхий орон сууцыг нэхэмжлэгч *******гаас худалдаж авахдаа: Монголбанкны ерөнхийлөгчийн 2013-06- 14-ний өдрийн А-122 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан "ОРОН СУУЦНЫ ИПОТЕКИЙН САНХҮҮЖИЛТИЙН ЖУРАМ"-ын 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсгийн "Урьдчилгаа төлбөр нь 30 хувиас доошгүй, зээл үнэлгээний харьцаа нь 70 хувиас дээшгүй байхаар заасанчлан хариуцагч ******* Орхон аймаг дахь Голомт банкны салбарынхантай уулзаж өөрт байсан урьдчилгаа төлбөрийнхөө хэмжээгээр нэхэмжлэгч *******тай тохиролцон орон сууц худалдах, худалдан авах гэрээний үнийг 112.800.000 төгрөгөөр хийсэн болох нь дараах баримтуудаар нотлогдож байхад шүүх үндэслэл бүхий дүгнэлтийг хиисэнгүй. Үүнд: Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам, шүүх хуралд оролцсон гэрчийн мэдүүлэг, 2014-01-08-ны өдөр ЭСКРОУ дансны өглөг хэсэгт Энхжаргалангаас орон сууцны зээлийн урьдчилгаа гэж 34.0 сая төгрөгийн гүйлгээ, 2014-01-10-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ, илүү төлсөн 5.700.000 төгрөг/ орон сууцны үнэ гэж хариуцагч ******* 118.500.000 төгрөг төлсөн/ хамтран худалдан авагч буюу өмчлөгч Х.Одбаярын 2014-07-03-ны өдрийн Хүдрээ овогтой Одбаяр би Товуучийд байрны үлдэгдэл 17.000.000 төгрөгний үлдэгдлийг 2014-07-20-нд бүрэн төлж дуусгахаар тохиролцов гэсэн утга бүхий бичвэр, хариуцагч *******гийн 2016-07-02-ны өдөр өөрийн гараар бичсэн бичвэртээ: "Иргэн ******* би Ж.Товуучид өгөх ёстой үлдэгдэл 17.0 сая төгрөгийг боломжийнхоо хэрээр төлөх болно, энэ өрийг барагдуулах хугацаа нэг жилээс хэтрэхгүй" гэсэн утга бүхий бичвэр, 2017-01-20-ны өдөр нэхэмжлэгчийн эхнэр О.Эрдэнэчимэгийн ХААН банкин дахь 5094397873 дугаартай дансанд *******гаас гээд 500.000 төгрөг тушаагдсан гүйлгээний баримт зэргүүдээр давхар давхар нотлогдож байна.

Дээрх журмын 2-9-д:"Энэ журмын 2.8-д нөхцөл байдлыг үнэлэх зорилгоор банкны зээлээр санхүүжүүлсэн орон сууцны талаарх мэдээлэл/өрхийн сарын орлого,орон сууцны м2-ын үнэ,талбайн хэмжээ гэх мэт/-ийг банкнаас гаргуулан авна" гэжээ. Маргаан бүхий орон сууцанд тухайн банкны санхүүжилтийг ямар журмаар яаж хийсэн тухай болон банкнаас олгох санхүүжилтийн дээд хэмжээ хэдэн төгрөг байх болон банк ямар журмаар яаж бодож тухайн худалдан авч байгаа орон сууцны м2-ыг бодсон талаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлээ дэмжин тайлбарлаж байгаа тайлбар болон хэрэгт цугларсан дээр дурьдсан нотлох баримтууд ,гэрчийн мэдүүлгүүдээр 78.960.000 төгрөгөөс илүү санхүүжилт хийгдэхгүй болох нь нотлогдсон болохыг дараах үндэслэлүүдээр тайлбарлаж байна.

Үүнд: Тухайн маргаан бүхий худалдагдсан орон сууц нь хуучин байсан бөгөөд банк дотоод журмандаа заасны дагуу мөн "Эрдэнэт үйлдвэр" ХХК-д зээлдэгч ******* нь ажилладаг зэрэг байдлуудыг харгалзан үзэж 1м2-ын үнийг 1.600.000 төгрөгөөр тооцоод 55.5м2 дээр 15 м2-ыг нэмээд нийт 70.5 м2-ыг /55.5м.кв+15м.кв=70.5мкв 70.5*1.600.000=112.800.000 төгрөг үүний 112.800.000*70%=78.960.000 төгрөг/ зээлийн дээд хязгаарыг тогтоосон болох нь нотлогдсон. Орон сууц худалдах-худалдан авах гэрээг 112.800.000 төгрөгөөр хийснээр нэхэмжлэгч *******д орон сууцны үнийн зөрүү /135.000.000-112.800.000=22.200.000/22.200.000 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгө борлуулсаны татварын зөрүү /(135.000.000*2%)-(112.800.000*2%)=444.000 төгрөг байгаа юм. 135.000.000 төгрөгөөр орон сууц худалдах-худалдан авах гэрээгээ хийлгүй 112.800.000 төгрөгөөр орон сууц худалдах-худалдан авах гэрээг хийснээр нэхэмжлэгчид орон сууцны худалдсан үнийн зөрүүд 22.200.000 төгрөгийн алдагдалд орж байгаагаас харахад хэн ч 444.000 төгрөг хэмнээд 22.200.000 төгрөгийн алдагдалд орохыг хүсэхгүй шүү дээ. Хэрвээ тухайн орон сууцыг худалдах-худалдан авах гэрээн дээрээ 135.000.000-аар үнэлээд бичсэн бол банкнаас хариуцагчид олгох зээлийн дээд хэмжээ 78.960.000 төгрөг учир урьдчилгаа төлбөрт нь /135.000.000-78,960,000=56.040.000/ 56.040.000 төгрөг төлөх юм. Ийм учраас л хариуцагчийн /гуйж гувшсан/ хүсэлтээр гэрээний үнийг 112.800.000 төгрөгөөр бичсэн байна. Дээрх баримтуудаас харахад хариуцагч ******* орон сууцны урьчилгаа төлбөр төлөөд зээлд хамрагдахын тулд 56.040.000 төгрөг төлөх учиртай байтал 33.800.000 төгрөг /34.0 сая/ төгрөг төлж 22.200.000 төгрөгийг төлөөд зээлд хамрагдахаас чөлөөлөгдөж худалдагч талтай зөрүү 22.200.000 төгрөгийн төлөлтөн дээрээ тохирсон боловч өнөөдрийг хүртэл төлбөр тооцоогоо тохирсон ёсоороо бүрэн төлж дуусгахгүй нэхэмжлэгчийг хохироосоор байгаа хариуцагчийг гайхаж байна.

Шүүх ИХШХШТХ-ийн 40-р зүйлийн 40.1-д Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр ноглох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэжээ. Гэтэл шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг яаж үнэлсэн болохоо шийдвэртээ огт тусгаагүй байна. Шүүхэд гэрчээр Капитал банкны салбарын захирал Эрдэнэбат шүүх хуралд гэрчээр оролцоод хариуцагчид ипотекийн зээл олгосон тухайгаа,санхүүжилтийг ямар журмаар хийсэн тухайгаа дэлгэрэнгүй тайлбарласан байхад шүүх яаж дүгнэснээ ч шийдвэртээ огт дурьдаагүй орхижээ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******гаас худалдах худалдан авах гэрээний үүрэг 16.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч ******* нь Орхон аймаг Баян-Өндөр сум, Оюут багийн 2-23-67 тоот 4 өрөө байрыг 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ******* Х.Одбаяр нарт 135.000.000 төгрөгөөр худалдсан, гэрээн дээрх үнийг 135.000.000 төгрөгөөр бичих гэхэд худалдан авагчийн хүсэлтээр банкнаас авах зээлээс шалтгаалж 112.800.000 төгрөг гэж бичсэн гэж тайлбар гарган мэтгэлцсэн байна.

Зохигчдын хооронд 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 2-23-67 тоот 4 өрөө байрыг 112.800.000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ байгуулагдаж 112.500.000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар /зохигчдын тайлбар, гэрээ, үндэсний татварын албаны татварын тайлан, орон сууцны зээлийн гэрээ, ипотекийн гэрээ/ зэргээр тогтоогдсон байна.

Шүүх нэхэмжлэгч гэрээнийхээ үнийг 135.000.000 төгрөгөөр тохирсон гэж тайлбарлаж байх боловч хэрэгт цугларсан нотлох баримтуудад, хариуцагчийн тайлбар гэрчийн мэдүүлгээр маргааны зүйл болох Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг 2-23-67 тоот 4 өрөө орон сууцыг 135.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон гэсэн нөхцөл байдал нотлогдохгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан Зохигч гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага татгалзлын үндэслэл болж буй байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэсэн үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хэргийн 4,5 дугаар хуудсанд авагдсан үлдэгдэл 17.000.000 төгрөгийг төлөх талаар бичиж өгсөн гэх бичвэрийг худалдах худалдан авах гэрээнд уг 4 өрөө байрыг 135.000.000 төгрөгөөр үнэлж авсан гэдгийг нотолсон баримт гэж үзэх боломжгүй.

Хариуцагч Х.Одбаяр нь хэргийг хянан шийдвэрлэх үед Солонгос улс руу явсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй тул уг бичвэрийг түүнийг тухайн үед бичиж өгсөн гэдгийг тогтоох боломжгүй юм.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 142/ШШ2018/00157 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч *******гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 240.450 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Б.БАТТӨР

 

С.УРАНЧИМЭГ