Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 601

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Б-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 181/ШШ2019/00177 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Б-ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч “А-Э ББСБ-” ХХК-д холбогдох

 

Үүргийн гүйцэтгэлийг хангуулах БГ-2015133 дугаар Фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “А-Э ББСБ-” ХХК-тай 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдөр ЗГ-2015133 дугаар зээлийн гэрээ байгуулж, 40 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэйгээр 6 сарын хугацаатай зээлсэн. Мөн өдөр дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар БГ-2015133 дугаар фидуцийн гэрээг байгуулсан. Миний хувьд зээлийн гэрээ байгуулах зорилготой байсан. Гэтэл “А-Э ББСБ-” ХХК нь дээрх фидуцийн гэрээг байгуулсан тохиолдолд зээл олгоно гэсэн нөхцөл тавьсан учраас би фидуцийн гэрээг байгуулсан. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. Мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй, 453.2 дахь хэсэгт Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлийг үл маргах журмаар зээлдүүлэгчид шилжүүлэхээр гэрээнд заасан бол тухайн барьцааны зүйлийг гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн зээлдүүлэгч захиран зарцуулах эрхтэй. Энэ заалт зөвхөн хөдлөх эд хөрөнгөнд хамаарна. Улсын дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаар тогтоолын 2.6-д Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2 дахь хэсэгт заасан барьцааны зүйлийг үл маргах журмаар зээлдүүлэгчид шилжүүлэхээр гэрээнд заасан бол тухайн барьцааны зүйлийг гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн зээлдүүлэгч захиран зарцуулах эрхтэй гэдэг заалтыг дараах байдлаар ойлгож хэрэглэнэ. а/. Барьцааны зүйлийг үл маргах журмаар зээлдүүлэгчид шилжүүлэхээр гэрээнд заасан гэдэг нь зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд хөдлөх эд хөрөнгийн барьцааны зүйлийг барьцааны гэрээнд заасан үнэ ханшаар зээлдүүлэгчид шилжүүлэхээр тохиролцсон байхыг хэлнэ. б/. Барьцааны зүйлийг гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн зээлдүүлэгч захиран зарцуулах эрхтэй гэдэгт зээлдэгч нь авсан зээлээ буцаан төлөх гэрээгээр тохиролцсон хугацаа дууссан өдрөөс эхлэн гэрээнд заасан нөхцөлийг үндэслэн Иргэний хуулийн 158, 163 дугаар зүйлд заасан журмын дагуу барьцааны зүйлийг захиран зарцуулж, төлбөрөө барагдуулахыг ойлгоно. Иргэний хуулийн 158 дугаар зүйл Барьцаалагчийн шаардлагыг хангах гэсэн агуулгатай байна. Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох харилцаа үүссэн. Фидуцийн гэрээ гэж Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт зааснаар Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болдог. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах эрхтэй тул Фидуцийн гэрээ Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох харилцаанд хамааралгүй бөгөөд зөвхөн эд хөрөнгийг барьцаалан зээл олгох эрхтэй гэж үзэж байна. Иймд “А-Э ББСБ-” ХХК-тай байгуулсан Үүргийн гүйцэтгэлийг хангуулах БГ-2015133 дугаар фидуцийн гэрээг Иргэний хуулийн 56.1.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Д.Б- нь 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдөр ЗГ-2015133 дугаартай зээлийн гэрээ байгуулж 40 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай зээлсэн. Улмаар зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг Иргэний хуулийн 231.1.6-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ байгуулах арга замаар шийдвэрлэхээр тохиролцож Иргэний хуулийн 235 дугаар зүйлд заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх тухай БГ-2015133 дугаартай гэрээг байгуулсан. Д.Б- нь зээлийн гэрээнд заасан үүргийг гэрээгээр тохирсон хугацаанд гэрээнд заасан нөхцөл журмын дагуу биелүүлээгүй бөгөөд А-Э ББСБ- ХХК-д хандаж 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр, 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр, 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрүүдэд тус тус хүсэлт гаргаж зээлийн гэрээнд заасан төлбөрийг төлөх хугацааг хойшлуулахыг хүсэж байгаа бөгөөд “А-Э ББСБ-” ХХК-аас түүний хүсэлтийн дагуу төлбөр төлөх хугацааг хойшлуулж байсан юм. Улмаар төлбөрийг төлөхгүй байсан тул БГ-2015133 дугаартай гэрээгээр тохиролцсоны дагуу түүний автомашиныг хүлээн авсан болно. Дээрх гэрээнүүд нь талуудын хүсэлтээр хийгдсэн аливаа хууль зөрчөөгүй гэрээнүүд болно. Иргэний хуулийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн гэдэг нь хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэлүүд хамаарахыг Улсын дээд шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаартай тогтоолоор тайлбарласан байна. Иймд Д.Б-ы гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хариуцагч “А-Э ББСБ-” ХХК-д холбогдох, 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн БГ-2015133 тоот Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /Фидуци/-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай, нэхэмжлэгч Д.Б-ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 357 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шүүх Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдэд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ фидуцийг байгуулахыг хориглосон хуулийн зохицуулалт байхгүй учир нэхэмжлэгч Д.Б-ы нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн. Фидуцийн гэрээ гэж Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. Иргэний хуулийн 451, 452, 453 дугаар зүйлүүдээс харахад Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан мөнгөн хөрөнгийг зээлдэгчид олгох, барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй байхаар хуульчилсан тул Фидуцийн гэрээ нь Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох харилцаанд хамааралгүй байна. Мөн Иргэний хуулийн 168, 163 дугаар зүйлд барьцаа хөрөнгийг хэрхэн захиран зарцуулж төлбөрөө барагдуулахыг хуульчилсан байх бөгөөд хуулийн энэ зохицуулалт нь анхан шатны шүүхийн дүгнэснээр хэдийгээр хориглоогүй боловч бус зөвшөөрөгдөөгүй байдал болно. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлд заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

            Нэхэмжлэгч Д.Б- нь хариуцагч “А-Э ББСБ-” ХХК-д холбогдуулан, 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн БГ-2015133 тоот үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /Фидуци/-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ./хэргийн 1-2, 24 дүгээр тал/

 

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд буюу “А-Э ББСБ-” ХХК нь фидуцийн гэрээ байгуулах эрхгүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн хэлцэл болно” гэж тайлбарлажээ.

 

            Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар зохигчдын хооронд 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдөр ЗГ-2015133 тоот зээлийн гэрээ байгуулагдаж, 40 000 000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар зээлж, мөн өдөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар БГ-2015133 дугаар фидуцийн гэрээг байгуулж, гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд Тоёота Ланд Крузер 200 /Toyota Land Cruiser/ маркийн, 2014 онд үйлдвэрлэгдсэн, шаргал өнгийн, 90-90 УБЭ улсын дугаартай автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцжээ. Улмаар нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тул зээлийн гэрээний хугацааг 2 сараар сунгаж, 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр №НГ-01-00-2016007 дугаартай нэмэлт зээлийн гэрээг байгуулсан байна./хэргийн 5-9 дүгээр тал/

 

            Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ нь Иргэний хуулийн 231 дүгээр зүйлд заасан үүргийн гүйцэтгэлийг хангах аргуудын нэг бөгөөд гэрээний агуулгыг талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар өөрсдөө тодорхойлж, үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг сонгож гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний эрх чөлөөний зарчимд нийцсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

            Талууд 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ/фидуци/-ээр зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд хөрөнгийг үл маргах журмаар, бодитоор шилжүүлэн өгөхөөр тохиролцсон юм. /хэргийн 7 дугаар тал/

 

            Зохигчдын хооронд байгуулагдсан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болсон болох нь хэрэгт авагдсан Д.Б-аас “А-Э ББСБ-” ХХК-д 2016 оны 3 дугаар сарын 22, 2016 оны 4 дүгээр сарын 01, 07-ны өдрүүдэд гаргасан өргөдөл, зээлийн дансны хуулга, 2016 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн автомашин хүлээлцсэн акт зэрэг баримтаар тогтоогдож байна./хэргийн 11, 13, 26-28 дугаар тал/

 

            Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт “Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно.” гэж заасан. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан эрх бүхий этгээд буюу банк бус санхүүгийн байгууллага зээл олгохдоо үүргийн гүйцэтгэлийг хангуулахад ямар аргыг хэрэглэхийг хуулиар тухайлан хязгаарлалт заагаагүй. Ийм учраас дээрх хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж үзэх боломжгүй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 181/ШШ2019/00177 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                             ШҮҮГЧИД                             Ш.ОЮУНХАНД

 

                                                                                           С.ЭНХТӨР