Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2020/00037

 

Д.Б-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 181/ШШ2019/00177 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 601 дугаар магадлалтай,

Д.Б-ы нэхэмжлэлтэй,

А-Э ББСБ ХХК-д холбогдох

Үүргийн гүйцэтгэлийг хангуулах БГ-2015133 дугаар Фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Б, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Б-ы шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ... Миний бие А-Э ББСБ ХХК-тай 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдөр ЗГ-2015133 дугаар зээлийн гэрээ байгуулж, 40 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэйгээр 6 сарын хугацаатай зээлсэн. Мөн өдөр дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар БГ-2015133 дугаар фидуцийн гэрээг байгуулсан. Миний хувьд зээлийн гэрээ байгуулах зорилготой байсан. Гэтэл А-Э ББСБ ХХК нь дээрх фидуцийн гэрээг байгуулсан тохиолдолд зээл олгоно гэсэн нөхцөл тавьсан учраас би фидуцийн гэрээг байгуулсан. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. Мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй, 453.2 дахь хэсэгт Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлийг үл маргах журмаар зээлдүүлэгчид шилжүүлэхээр гэрээнд заасан бол тухайн барьцааны зүйлийг гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн зээлдүүлэгч захиран зарцуулах эрхтэй. Энэ заалт зөвхөн хөдлөх эд хөрөнгөнд хамаарна. Улсын дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаар тогтоолын 2.6-д Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2 дахь хэсэгт заасан барьцааны зүйлийг үл маргах журмаар зээлдүүлэгчид шилжүүлэхээр гэрээнд заасан бол тухайн барьцааны зүйлийг гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн зээлдүүлэгч захиран зарцуулах эрхтэй гэдэг заалтыг дараах байдлаар ойлгож хэрэглэнэ. а/. Барьцааны зүйлийг үл маргах журмаар зээлдүүлэгчид шилжүүлэхээр гэрээнд заасан гэдэг нь зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд хөдлөх эд хөрөнгийн барьцааны зүйлийг барьцааны гэрээнд заасан үнэ ханшаар зээлдүүлэгчид шилжүүлэхээр тохиролцсон байхыг хэлнэ. б/. Барьцааны зүйлийг гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн зээлдүүлэгч захиран зарцуулах эрхтэй гэдэгт зээлдэгч нь авсан зээлээ буцаан төлөх гэрээгээр тохиролцсон хугацаа дууссан өдрөөс эхлэн гэрээнд заасан нөхцөлийг үндэслэн Иргэний хуулийн 158, 163 дугаар зүйлд заасан журмын дагуу барьцааны зүйлийг захиран зарцуулж, төлбөрөө барагдуулахыг ойлгоно. Иргэний хуулийн 158 дугаар зүйл Барьцаалагчийн шаардлагыг хангах гэсэн агуулгатай байна. Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох харилцаа үүссэн. Фидуцийн гэрээ гэж Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт зааснаар Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болдог. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах эрхтэй тул Фидуцийн гэрээ Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох харилцаанд хамааралгүй бөгөөд зөвхөн эд хөрөнгийг барьцаалан зээл олгох эрхтэй гэж үзэж байна. Иймд А-Э ББСБ ХХК-тай байгуулсан Үүргийн гүйцэтгэлийг хангуулах БГ-2015133 дугаар фидуцийн гэрээг Иргэний хуулийн 56.1.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Д.Б- нь 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдөр ЗГ-2015133 дугаартай зээлийн гэрээ байгуулж 40 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай зээлсэн. Улмаар зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг Иргэний хуулийн 231.1.6-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ байгуулах арга замаар шийдвэрлэхээр тохиролцож Иргэний хуулийн 235 дугаар зүйлд заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх тухай БГ-2015133 дугаартай гэрээг байгуулсан. Д.Б- нь зээлийн гэрээнд заасан үүргийг гэрээгээр тохирсон хугацаанд гэрээнд заасан нөхцөл журмын дагуу биелүүлээгүй бөгөөд А-Э ББСБ ХХК-д хандаж 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр, 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр, 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрүүдэд тус тус хүсэлт гаргаж зээлийн гэрээнд заасан төлбөрийг төлөх хугацааг хойшлуулахыг хүсэж байгаа бөгөөд А-Э ББСБ ХХК-аас түүний хүсэлтийн дагуу төлбөр төлөх хугацааг хойшлуулж байсан юм. Улмаар төлбөрийг төлөхгүй байсан тул БГ-2015133 дугаартай гэрээгээр тохиролцсоны дагуу түүний автомашиныг хүлээн авсан болно. Дээрх гэрээнүүд нь талуудын хүсэлтээр хийгдсэн аливаа хууль зөрчөөгүй гэрээнүүд болно. Иргэний хуулийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн гэдэг нь хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэлүүд хамаарахыг Улсын дээд шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаартай тогтоолоор тайлбарласан байна. Иймд Д.Б-ы гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 181/ШШ2019/00177 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хариуцагч А-Э ББСБ ХХК-д холбогдох, 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн БГ-2015133 тоот Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /Фидуци/-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай, нэхэмжлэгч Д.Б-ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 357.950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 601 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 181/ШШ2019/00177 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357.950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргалын хяналтын журмаар гаргасан гомдолд ...Нэхэмжлэгч Д.Б- нь А-Э ББСБ ХХК-тай 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдөр ЗГ-2015133 дугаар зээлийн гэрээ байгуулж 40.000.000 төгрөг зээлсэн. Ингэж зээлэхдээ БГ-2015133 дугаар фидуцийн гэрээ байгуулж өөрийн өмчлөлийн “Тоёота Ланд Круйзер 200” маркийн 90-90 УБЭ улсын дугаартай автомашиныг хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн. Дээрх фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Эрх зүйн харилцааны тухайд “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээлийн гэрээгээр зээл олгох харилцаа үүссэн. Уг харилцаагаар Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд зээл олгох гэрээгээр эд хөрөнгийг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалах буюу барьцааны гэрээ байгуулж барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах эрхтэй. Улсын дээд шүүхийн 2006 оны 53 дугаар тогтоолоор Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2 дахь заалтыг “Барьцааны зүйлийг үл маргах журмаар зээлдүүлэгчид шилжүүлэхээр гэрээнд заасан” гэдэг нь зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд хөдлөх эд хөрөнгийн барьцааны зүйлийг барьцааны гэрээнд заасан үнэ ханшаар зээлдүүлэгчид шилжүүлэхээр тохиролцсон байхыг хэлнэ. Барьцааны зүйлийг гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн зээлдүүлэгч “захиран зарцуулах эрхтэй” гэдэгт зээлдэгч нь авсан зээлээ буцаан төлөх гэрээгээр тохиролцсон хугацаа дууссан өдрөөс эхлэн гэрээнд заасан нөхцлийг үндэслэн Иргэний хуулийн 158, 163 дугаар зүйлд заасан журмын дагуу барьцааны зүйлийг захиран зарцуулж, төлбөрөө барагдуулахыг ойлгоно гэж тайлбарласан байдаг. Магадлалд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ нь Иргэний хуулийн 231 дүгээр зүйлд заасан үүргийн гүйцэтгэлийн хангах аргуудын нэг бөгөөд гэрээний агуулгыг талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар өөрсдөө тодорхойлж, үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг сонгож гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний эрх чөлөөний зарчимд нийцсэн, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан эрх бүхий этгээд буюу банк бус санхүүгийн байгууллага зээл олгохдоо үүргийн гүйцэтгэлийг хангуулахад ямар аргыг хэрэглэхийг хуулиар тухайлан хязгаарлалт заагаагүй гэж тус тус дүгнэсэн нь нэхэмжлэгчийн буюу хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ шаардлага, нөхцөл байдалд дүн шинжилгээ хийлгүйгээр хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэхээр байна. Учир нь Дээд шүүхийн дээрх тайлбараас харахад банк бус санхүүгийн байгууллага нь үүргийн гүйцэтгэлийг хангуулахдаа бусдын эд хөрөнгийг хэрхэн худалдан борлуулж захиран зарцуулахыг тусгайлан заасаар байхад хуулиар хязгаарлалт тогтоогоогүй гэж тайлбарласан нь хэт нэг талыг барьсан байна. Өөрөөр хэлбэл банк бус санхүүгийн байгууллага нь фидуцийн гэрээнд заасан шиг бусдын эд хөрөнгийг шууд өмчлөлдөө авах эрхгүй бөгөөд харин Иргэний хуулийн 158, 163 дугаар зүйлд заасны дагуу захиран зарцуулах эрхтэй буюу 159 дүгээр зүйлд заасны дагуу худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар хуульд тусгайлан заасан зөвшөөрөгдөөгүй байдал буюу хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл гэж үзэж байна. А-Э ББСБ ХХК-тай байгуулсан 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн БГ-2015133 дугаар гэрээ нь Улсын дээд шүүхийн 2010 оны 17 дугаар тогтоолоор “хууль зөрчсөн” гэж хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг хэлнэ гэсэн тайлбарт хамаарагдаж байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу дээрх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэлтэй байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Д.Б- А-Э ББСБ-д холбогдуулан зохигчийн хооронд 2015.07.30-ны өдөр байгуулсан БГ-2015133 тоот фидуцийн гэрээг ”хууль зөрчсөн” хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаж, хэвээр үлдээсэн байна.

Д.Б- 2015.07.30-ны өдөр А-Э ББСБ-с 40.000.000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж, үүргээ биелүүлээгүй бол Тоёото Ланд круйзер- 200 маркийн 90-90 УБЭ улсын дугаартай автомашинаар үүргийг хангуулахаар мөн өдөр талууд ЗГ-2015133 тоот зээлийн, БГ-2015133 тоот фидуцийн гэрээ байгуулжээ. Зээлдэгч зээлийн үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй, талууд гэрээний хугацааг сунгасан, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс зээлийн гэрээний үүргийг фидуцийн зүйлээр хангуулсан үйл баримтын талаар зохигч маргаагүй байна.

Нэхэмжлэгч Д.Б-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч зохигчийн хооронд байгуулагдсан фидуцийн гэрээг “хууль зөрчсөн“ гэж үзэхдээ банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зөвхөн барьцааны гэрээ байгуулахыг Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2-т заасан гэж  тайлбарласан байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан “Хууль зөрчсөн” хэлцэлд хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг ойлгоно.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэл болгож буй Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2-т заасан “зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлийг үл маргах журмаар зээлдүүлэгчид шилжүүлэхээр гэрээнд заасан бол тухайн барьцааны зүйлийг гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн зээлдүүлэгч захиран зарцуулах эрхтэй. Энэ заалт зөвхөн хөдлөх эд хөрөнгөд хамаарна” гэсэн нь банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний үүргийг хангуулахаар гэрээний талууд нэгдүгээрт, хөдлөх  эд хөрөнгө барьцаалж гэрээ байгуулсан бол, хоёрдугаарт, тухайн гэрээнд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй бол үл маргах журмаар гэрээний зүйлийг зээлдүүлэгчид шилжүүлэхээр гэрээндээ тохиролцсон нөхцөлд л барьцааны зүйлийг зээлдүүлэгч захиран зарцуулах эрхтэйг зохицуулснаас бус тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагаа явуулах этгээд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зөвхөн барьцааны гэрээ байгуулах агуулгыг тусгаагүй байна.

Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хуулиар хориглоогүй буюу хуульд шууд заагаагүй эрх, үүргийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж болохыг Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасан байна.

Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /фидуци/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.

Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд зээлийн гэрээний үүргийг хангуулахаар хөдлөх эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх буюу фидуцийн гэрээ байгуулахыг хуулиар хориглоогүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, зохигчийн хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 181/ШШ2019/00177 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 601 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 357.950 төгрөг төлснийг  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Х.СОНИНБАЯР

               ШҮҮГЧ                                                         Г.АЛТАНЧИМЭГ