Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 101/ШШ2022/02030

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2022 о     05 с       02ө

Дугаар       101/ШШ2022/02030

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хуралдсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: ...................-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .................................,

Хариуцагч: ..........................нарт холбогдох, 

5,407,450 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.          

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Галбадрах, хариуцагч нарын өмгөөлөгч Б.Түвшинтөгс, нарийн бичгийн дарга Б.Үүрийнцолмон нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Эшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Галбадрах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2019 оны 12-р сарын 27-ны өдөр иргэн Э, Б.М нартай №8366 тоот зээлийн гэрээ байгуулж, 6,969,600 төгрөгийг тус 2 иргэнд зээлдүүлж, Голомт банкны 2405143159 тоот Эийн дансанд 2019 оны 12-р сарын 26-ны өдөр шилжүүлсэн. Зээлийг жилийн 16% (сарын 1.333%)-н хүүтэйгээр, 2020 оны 12-р сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулахаар зээлдүүлсэн бөгөөд иргэн Э, Б.М нар үндсэн зээлээс 3,364,633.33 төгрөг, хүүгийн төлбөрт 445,366.67 төгрөг нийт 3,810,000 төгрөгийг төлсөн бөгөөд 2021 оны 7-р сарын 25-ны өдрөөс эхлэн үндсэн зээлийн үлдэгдэл 3,604,966.67 төгрөгийг гэрээнд заасан хуваарийн дагуу хүүгийн хамт төлөөгүй бөгөөд 2022 оны 02 сарын 20-ны өдөр хүртэл төлж барагдуулаагүй байна. Иргэн Б.М.Э нартай удаа дараа утсаар ярьж төлбөрийн үлдэгдлийг барагдуулахыг шаардсан боловч, шаардлагыг үл тоож, гэрээнд заасан үүрэг хариуцлагаа хүлээхээс татгалзсаар ирсэн. Иймд Э, Б.М нарт зээлдүүлсэн зээлийн үлдэгдэл 3,604,966.67 төгрөг, хүүний төлбөрт 956,056.91 төгрөг, алдангид 1,802,483.34 төгрөг, нийт 6,363,507 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Иргэн М, Г нараас зээлийн үлдэгдэл төлбөр 3,604,967 төгрөг, гэрээний 2.6-д зааснаар хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцож уг үнийн дүнгээс нийт төлөгдөөгүй үнийн дүнгийн 50 хувиар тооцоод 1,802,483 төгрөгөөр тооцож, нийт 5,407,450 төгрөгийг нэхэмжилж байна. Нэхэмжлэлд дурдсан уг хугацааны хүүд тооцсон 956,057 төгрөгөөс татгалзаж байна. Энхбат тодорхой хэмжээний мөнгийг бусдад зээл хэлбэрээр олгодог. Компанийн данс руу хийлгэж байгаа нь компанидаа хөрөнгө оруулах хэлбэрээр явж байсан. Энэ хүн одоо компанийн хувьцаа эзэмшигчээр явдаг, тухайн үедээ санхүү эрхэлсэн захирал байсан. Байрны мөнгө өгсөн хүмүүст болон бусад хүмүүст хувиасаа мөнгө зээлдэг байсан. Буцааж авах төлбөрөө компанид хөрөнгө оруулалт хэлбэрээр оруулаад түүндээ хувьцаа авсан...” гэв.

 

Хариуцагч Э, Б.М нар шүүхэд гаргасан тайлбартаа: “...Б.М, Э бид гэр бүлийн гишүүд ба 2019 оны 12 сард Ай Ди Си Реэл Стэйт ХХК-тай гэрээ гэрээ байгуулж ........... хоёр өрөө орон сууцыг 1м.кв талбайн төлбөрийг нь 1,800,000 төгрөгөөр тооцон нийт 93,528,000 төгрөгөөр худалдаж авахаар харилцан тохиролцож 2019 оны 12 сарын 13-ны өдөр 28,058,400 төгрөг, 2019 оны 12 сарын 19-ны өдөр 22,000,000 төгрөгийг төлж Голомт банкнаас 36,500,000 төгрөгийн зээл авч шууд хариуцагчид шилжүүлсэн ба нийт 86,558,400 төгрөг өгсөн. Тухайн үед орон сууцны м.кв талбай дутуу байгаа болохыг мэдэхгүйгээр үлдэгдэл төлбөр болох 6,969,600 төгрөгийг хариуцагч компанийн санхүүгийн захирал гэх Э-тай 2019.12.27-ны өдөр зээлийн гэрээ байгуулж компанид сар бүр 635,000 төгрөг төлж эхэлсэн ба нийтдээ 3,810,000 төгрөг төлсөн байсан. Энэ үед надад худалдсан орон сууцны м.кв талбайн хэмжээ дутуу /47,43/ болохыг мэдэж Э-тай хийсэн зээлийн гэрээний дагуу компанид төлж байсан төлбөрөө зогсоож Энхбат болоод компанид мэдэгдсэн. Маш энгийнээр хэлбэл 1м.кв талбайн төлбөрийг 1,800,000 төгрөгөөр бодон нийт 93,528,000 төгрөгийг худалдан авах байснаас урьдчилгаа төлбөрт нь 86,558,400 төгрөг төлж үлдэгдэл 6,969,600 төгрөгийг хувь лизингээр авсан ба энэ үлдэгдэл төлбөр дээрээ Э-тай зээл авсан мэт зээлийн гэрээ хийж компанид төлдөг байсан боловч надад худалдсан байр нь м.кв дутуу болохыг мэдсэн даруйд төлбөрийн төлөхөө больсон юм....” гэжээ.

 

Хариуцагч нарын өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед энэ байрыг нийт 93,528,000 төгрөгөөр худалдаж авахаар тохирсон, банкнаас 36,500,000 төгрөг гарахаар судлагдсан. Энэ хоёр хүнд нийт 50,000,000 төгрөг байсан, энэ бэлэн байсан мөнгө дээр банкнаас гарахаар судлагдсан үнийн дүнг нэмэхэд 6,969,000 төгрөг дутсан. Тэгээд манайхаас танай 6,969,000 төгрөгийг танайх руу шилжүүлье, банканд танайхаас гарах 36,500,000 төгрөгөөс бусад төлбөр бүрдсэн гэдэг байдлаар баримт бүрдүүлж эхэлсэн. Ингээд байр худалдсан гэж байгаа компанийн санхүү эрхэлсэн захирал, өнөөдрийн нэхэмжлэгчээр оролцож байгаа Энхбат гэх хүн Гийн зээл авч байгаа данс руу 6,969,600 төгрөгийг шилжүүлсэн, мөн тэр өдөр нь тэр мөнгийг нь байр зарж байгаа гэх компани руу шилжүүлсэн. Энэ баримтыг өнөөдөр шүүхэд гаргаж өгсөн. Үүнээс юу харагдах вэ гэхээр зээлсэн гэж байгаа мөнгө нь тэр өдрөө буцаагаад шилжсэн юм байна гэдэг нь харагдана. Энхбат болон энэ байр худалдсан гэж байгаа компаниуд нэг харилцаатай, нэг статустай хүмүүс. Сая манайхаас өгсөн баримт дотор орон сууц захиалгаар бариулан худалдах худалдан авах гэрээ байгаа. Зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй учраас хүү алданги бүхэлдээ яригдахгүй. Тухайн үедээ материал бүрдүүлж зээлээ аваад 6,969,600 төгрөгөө компанид төлөөд явах нөхцөл байдал үүссэн. Энэ нь дараах зүйлээр нотлогдоно. Зээлийн гэрээний хавсралтыг харвал зээлийн эргэн төлөлтийг Энхбат биш компани авахаар тохирсон байгаа. Үүнийг анхаарч үзэх ёстой. Мөн зээлийн гэрээний графикийн дагуу орон сууцны дутуу мөнгийг төлж байна гэж ойлгоод 635,000 төгрөгийг төлөөд явсан үйл баримт байгаа. Төлж явж байгаад яагаад гэнэт больсон гэхээр хэмжилт хийлгээд хэмжилтийн тайлан гараад худалдаж авах гэж байсан байр нь 4 м.кв-аар дутуу байсан учир хэмжилтийн тайлан гарсан үеэс зээлийн эргэн төлөлтийг зогсоосон. Миний ярьж байгаа бүх зүйл цаг хугацаа нь баримтаар таарна. 635,000 төгрөгөөр 6 удаа төлсөн баримтыг гаргаж өгсөн. Хамгийн сүүлд шинжээчийн дүгнэлт гарах хүртэл төлсөн. Өөрөөр хэлбэл энэ цаг хугацаанд 51 м.кв гэж зарчихаад 47 м.кв байсан юм байна гэдгийг мэдсэн байгаа. Дутуу м.кв байр өгсөн учир байрны хувь лизинг гэж өгсөн төлбөрийг цааш төлөх шаардлагагүй гэж үзээд төлөхөө зогсоосон. Зээл авчихаад зээлээ төлж явж байгаад зээлийн эргэн төлөлтийг төлөхөө зогсоосон асуудал биш. Бодит байдал дээр 51 м.кв талбайтай байр авах ёстойгоос 47 м.кв-ийг авсан, дутуу гэдгийг нь мэдэлгүй 4,000,000 төгрөг төлж хохирсон байгаа. Тэгэхээр талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаанд үндэслэл бүхий дүгнэлт хийж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                               

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Эхариуцагч Э, Б.М нарт холбогдуулан “үндсэн зээлд 3,604,967 төгрөг, хүүд 956,057 төгрөг, алдангид 1,802,483 төгрөг, нийт 6,363,507 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаандхүүд нэхэмжилсэн 956,057 төгрөгөөс татгалзаж, үндсэн зээлд 3,604,967 төгрөг, алдангид 1,802,483 төгрөг, нийт 5,407,450 төгрөг гаргуулах”-аар шаардаж байна.

 

Хариуцагч тал “худалдан авсан байрны метр квадрат дутуу байсан” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй маргаж байна.

 

Нэхэмжлэгч Э2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулж хариуцагч Э, Б.М нарт 6,969,600 төгрөгийг 12 сарын хугацаатай, жилийн 16 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд алдангийг 0,5%-иар тооцохоор тохиролцон зээлж, 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр бичгээр зээлийн гэрээ байгуулсан болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зээлийн гэрээний хавсралт зэргээр тогтоогдож байна.  /хх-4-6/

Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1, 282.4, 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

 

Зээлдүүлэгч Э-аас зээлдэгч Э-ийн Голомт банк дахь 2405143159 тоот дансанд бэлнээр 6,969,600 төгрөгийг орлогын мэдүүлгээр өгсөн болох нь Голомт банкны орлогын мэдүүлгээр тогтоогдож байна. /хх-6/

Зээлийн гэрээний хавсралтаар зээлийн төлбөрийг 12 удаагийн төлөлтөөр Ай ди си Реал стэйт ХХК-ийн Хаан банк дахь 5121041716 тоот дансанд төлөхөөр тохиролцсон байх ба хариуцагч нар зээлийн гэрээний үүрэгт 2020.01.22-нд 635,000 төгрөг, 2020.02.21-нд 635,000 төгрөг, 2020.03.25-нд 635,000 төгрөг, 2020.04.22-нд 635,000 төгрөг, 2020.05.25-нд 635,000 төгрөг, 2020.06.29-нд 635,000 төгрөг,  нийт 3,810,000 төгрөгийг төлсөн болох нь зохигчийн тайлбар, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл баримтаар тогтоогдож байх ба энэ талаар маргаагүй. /хх-70-72/

Э, Б.М нар хариуцагч Ай Ди Си реэл стэйт ХХК-тай 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулж, ажил гүйцэтгэгч Ай Ди Си реэл стэйт ХХК нь Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд байрлах, Тэлмү апартмент хотхоны 140 айлын орон сууцны 8 тоотод байрлах, 51.96 м.кв талбай бүхий орон сууцыг хүлээлгэн өгөх, захиалагч Э, Б.М нар 1 м.кв-ыг 1,800,000 төгрөгөөр тооцож, нийт 93,528,000 төгрөг төлөх үүргийг хүлээсэн, уг орон сууцыг авахдаа хариуцагч нар банкнаас 36,500,000 төгрөг зээлэн авсан, бэлнээр 28,058,400 төгрөгийг төлсөн, үлдэх 6,969,600 төгрөгийг  Э-аас авсан зээлээр төлсөн болох нь зохигчийн тайлбар, Эийн Голомт банкны 2405143159 тоот дансны хуулга зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 38-39, 69/

 

Э, Б.М нар Ай Ди Си реэл стэйт ХХК-д холбогдуулан орон сууц захиалгын гэрээний дагуу орон сууцны талбайн зөрүүд 4,379,500 төгрөг нэхэмжилсний дагуу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны 01 сарын 27-ны өдрийн 00337 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүхээс 00337 дугаартай шийдвэр хүчингүй болсон, анхан шатны шүүх хэргийг дахин хэлэлцээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, уг шийдвэрт зохигч гомдол гаргаагүй хүчин төгөлдөр болсон болох нь зохигчийн тайлбар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны 01 сарын 27-ны өдрийн 00337 дугаартай шийдвэр зэргээр тогтоогдож байх ба энэ талаар талууд маргаагүй.

Э, Б.М нар Ай Ди Си реэл стэйт ХХК-д орон сууцны үнэд төлөх 6,969,600 төгрөгийг Э-аасзээлэн авсан, уг зээлийг өөрийн дансаар хүлээн авсан, уг мөнгийг Ай Ди Си реэл стэйт ХХК-д орон сууцны төлбөрт тооцон өгсөн болох нь зохигчийн тайлбар, хэргийн үйл баримтаар тогтоогдож байна.

Зээлийн гэрээг бичгээр байгуулсан, мөнгө бодитоор Эийн дансанд шилжин орсон, Э авсан зээлээ өөрийн худалдан авсан орон сууцны төлбөрт зарцуулсан болох нь тогтоогдож байх тул хариуцагч талын ... Ай Ди Си реэл стэйт ХХК-д төлөх 6,969,600 төгрөгийг Эийн данс уруу шилжүүлээд буцаан авсан... гэж тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.

Зээлийн гэрээний хуваарийн дагуу хариуцагч нар 6 удаагийн төлөлтөд 3,810,000 төгрөг төлж, үлдэх 3,604,967 төгрөгийг төлөөгүй байх тул гаргуулах нь зүйтэй.

Алдангийг гэрээний хугацаа дууссан 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс нэхэмжлэл гаргасан 2022 оны 02 дугаар сарын 21-нийг хүртэл бодоход 7,570,428 төгрөг /3,604,967*0.5%х420 хоног/ болж байгаа тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т нийцүүлэн гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар тооцож 1,802,483 төгрөг гаргуулах үндэслэлтэй.

 

Иймд хариуцагч Э, Б.М нараас үндсэн зээлд 3,604,967 төгрөг, алдангид 1,802483 төгрөг, нийт 5,407,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******ад олгохоор шийдвэрлэв.

 

Хариуцагч нарын хүсэлтийг болон тэдний өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагч нарыг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э, Б.М нараас 5,407,450 /таван сая дөрвөн зуун долоон мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 116,767 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э, Б.М нараас улсын тэмдэгтийн хураамжид 101,469 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Д.БАТЦЭЦЭГ