Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2022/01334

 

 

 

 

2022 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2022/01334

 

 

 

 

                                        Б.Э-ын нэхэмжлэлтэй

                                            иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч М.Баясгалан, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2022/02030 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Э-ын хариуцагч Б.М, Б.Г нарт холбогдуулан гаргасан 5,407,450 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын өмгөөлөгчийн гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Галбадрах, хариуцагч нарын өмгөөлөгч Б.Түвшинтөгс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Б.Г, Б.М нар 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 6,969,600 төгрөг зээлдэн авсан. Зээлийн мөнгөн хөрөнгийг Б.Гийн Голомт банкны ................... тоот дансанд 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр шилжүүлсэн. Жилийн 16% (сарын 1.333%)-ийн хүүтэй, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон. Хариуцагч нар зээлд 3,364,633.33 төгрөг, зээлийн хүүд 445,366.67 төгрөг, нийт 3,810,000 төгрөг төлсөн бөгөөд 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн үндсэн зээлийн үлдэгдэл 3,604,966.67 төгрөг, зээлийн хүү төлөөгүй. Хариуцагч нартай удаа дараа утсаар ярьж төлбөрийн үлдэгдлийг барагдуулахыг шаардсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй. Иймд Б.Г, Б.М нараас зээлийн үлдэгдэл 3,604,966.67 төгрөг, зээлийн хүү 956,056.91 төгрөг, алданги 1,802,483.34 төгрөг, нийт 6,363,507 төгрөг гаргуулна. Гэрээний 2.6-д зааснаар хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцож, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцоход 1,802,483 төгрөг, нийт 5,407,450 төгрөг гаргуулна. Нэхэмжлэлд дурдсан хугацааны хүүд тооцсон 956,057 төгрөгөөс татгалзаж байна. Б.Э нь одоо компанийн хувьцаа эзэмшигч бөгөөд тухайн үед санхүү эрхэлсэн захирал байсан гэжээ.

2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулга: Б.М, Б.Г нар гэр бүлийн гишүүд бөгөөд 2019 оны 12 сард “АДСРС” ХХК-тай гэрээ байгуулж ................... хаягт байршилтай 51.96 м.кв хоёр өрөө орон сууцыг 1 м.кв-ыг 1,800,000 төгрөгөөр тооцон нийт 93,528,000 төгрөгөөр худалдаж авахаар харилцан тохиролцсон. 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 28,058,400 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 22,000,000 төгрөг төлсөн, Голомт банкнаас 36,500,000 төгрөгийн зээл авч хариуцагчид шилжүүлсэн ба нийт 86,558,400 төгрөг өгсөн. Тухайн үед орон сууцны талбай дутуу байсныг мэдэхгүйгээр үлдэгдэл төлбөр 6,969,600 төгрөгийг хариуцагч компанийн санхүүгийн захирал гэх Б.Этай 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулж компанид сар бүр 635,000 төгрөг, нийт 3,810,000 төгрөг төлсөн. Энэ үед худалдсан орон сууцны талбайн хэмжээ дутуу болохыг мэдэж Б.Этай хийсэн зээлийн гэрээний дагуу компанид төлж байсан төлбөрөө зогсоож Б.Э болон компанид мэдэгдсэн. 1 м.кв талбайн төлбөр 1,800,000 төгрөг,  нийт 93,528,000 төгрөгөөр худалдан авах байснаас урьдчилгаа төлбөрт 86,558,400 төгрөг төлж үлдэгдэл 6,969,600 төгрөгийг хувь лизингээр авсан. Уг үлдэгдэл төлбөр дээрээ Б.Этай зээл авсан мэт зээлийн гэрээ байгуулж компанид төлдөг байсан боловч худалдсан байрны талбайн хэмжээ дутуу болохыг мэдсэн даруйд төлбөр төлөхөө больсон. Тухайн үед хариуцагч нарт нийт 50,000,000 төгрөг байсан ба уг мөнгөн дээр банкнаас гарахаар судлагдсан үнийн дүнг нэмэхэд 6,969,000 төгрөг дутсан. Нэхэмжлэгч нь 6,969,000 төгрөгийг танайх руу шилжүүлье, банканд танайхаас гарах 36,500,000 төгрөгөөс бусад төлбөр бүрдсэн гэдэг байдлаар баримт бүрдүүлж эхэлсэн. Зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй учраас хүү, алданги шаардах эрхгүй. Зээлийн гэрээний хавсралтад зээлийн эргэн төлөлтийг Б.Э биш компани авахаар тохирсон байгааг анхаарч үзэх ёстой. Зээлийн гэрээний графикийн дагуу орон сууцны дутуу мөнгийг төлж байна гэж ойлгон 635,000 төгрөгийг төлж байсан. 51 м.кв талбайтай орон сууц худалдсан гэсэн боловч бодит байдал дээр талбайн хэмжээ нь 47 м.кв байсан. Зээл авч, зээлээ төлж байгаад төлөхөө зогсоосон асуудал биш. Орон сууцны талбайн хэмжээ дутуу гэдгийг мэдэлгүй 4,000,000 төгрөг төлж хохирсон. Талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаанд үндэслэл бүхий дүгнэлт хийж өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Г, Б.М нараас 5,407,450 /таван сая дөрвөн зуун долоон мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Эад олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 116,767 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Г, Б.М нараас улсын тэмдэгтийн хураамжид 101,469 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Эад олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч нарын өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: 4.1. Талуудын хооронд эрх зүйн харилцаа үүссэн эсэх үйл баримтад дүгнэлт хийж чадаагүй. Б.Эаас Б.Гийн данс руу орсон гэх мөнгө зээл байсан уу, эсвэл банкнаас зээл авахын тулд түр оруулаад гаргасан мөнгө байсан эсэх үйл баримтад дүгнэлт хийгээгүй.

4.2. Нотлох баримтыг тал бүрээс нь үнэлэх зарчмыг алдагдуулсан. Зээлийн гэрээ байгуулаад зээл өгсөн мэт харагдах боловч орон сууц худалдсан гэх компанийг төлөөлж санхүү эрхэлсэн захирал Б.Э гэрээ байгуулсан. Орон сууц худалдсан гэх компани, зээл олгосон гэх Б.Э нар нь нэг этгээд бөгөөд “АДСРС” ХХК-тай гэрээ байгуулж 51.96 м.кв хоёр өрөө орон сууцыг 1 м.кв-ыг 1,800,000 төгрөгөөр тооцон нийт 93,528,000 төгрөгөөр худалдаж авахаар харилцан тохиролцож 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 28,058,400 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 22,000,000 төгрөг төлж Голомт банкнаас 36,500,000 төгрөгийн зээл авч шууд хариуцагчид шилжүүлж нийт 86,558,400 төгрөг төлсөн. Зээлийн гэрээ байгуулах болсон гол шалтгаан нь банк материал судлаад 36,500,000 төгрөгийн зээл гарах боломжтой гэсэн тул тухайн үед орон сууцны нийт үнэ болох 93,528,000 төгрөг бүрдсэн гэсэн ойлголтыг банканд өгөх зорилгоор нэхэмжлэгч нар зээлийн гэрээ хийж тэр өдрөө мөнгө шилжүүлж буцаагаад авсан. Хэн үнэн, хэн худал ярьж байгааг ялгах, нотлох баримтыг үнэлэх зохицуулалтыг зөрчсөнд гомдолтой байна. Хууль хэрэглээний хувьд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийг хэрэглэсэн нь буруу.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Талууд зээлийн гэрээ байгуулсан. Хариуцагч авсан зээлээ хэрхэн зарцуулахаа өөрөө шийэх бөгөөд зээлийг хэрхэн яаж зарцуулсныг нэхэмжлэгч мэдэхгүй. Б.М, Б.Г нар орон сууцыг худалдан авахад төлбөр дутсан учир нэхэмжлэгч хувийн мөнгөнөөсөө зээл олгосон. Б.М, Б.Г нар орон сууцны үлдэгдэл төлбөрийг зээлсэн мөнгөөрөө төлсөн. Орон сууцны төлбөр дуусч, зөвхөн зээл буцааж төлөх харилцаа үүссэн. Б.Э компанийн захирлын албан тушаал хашиж байсан нь бусдад зээл олгож болохгүй гэх ойлголт биш гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагч нарын өмгөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянаад шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Б.Э, хариуцагч Б.М, Б.Г нарт холбогдуулан зээл 3,604,967 төгрөг, алданги 1,802,483 төгрөг, нийт 5,407,450 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Хэрэгт 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хариуцагч Б.М, Б.Г нар нэхэмжлэгч Б.Эаас 6,969,600 төгрөгийг жилийн 16 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдэн авах, зээлийг эргүүлэн төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөх тухай зээлийн гэрээ авагдсан байна. Улмаар нэхэмжлэгч нь хариуцагч Б.Гийн ................... тоот дансанд 6,969,600 төгрөг шилжүүлсэн, хариуцагч мөнгийг хүлээн авсан талаар маргаагүй болно. /хх4/

4. Хариуцагчийн татгалзал үндэслэлгүй бөгөөд “АДСРС” ХХК-тай байгуулсан үүргийн биелэлт зээлийн гэрээний үүрэгтэй шууд хамааралтай гэж үзэхээргүй байна.

Хариуцагч нар 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр “АДСРС” ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 22-р хорооны нутаг дэвсгэрт байрлалтай Тэлмү апартмэнт хотхоны 140 айлын орон сууцны барилгаас 51,96 м.кв талбайтай орон сууцыг 93,528,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон, орон сууцны төлбөрт бэлнээр 28,058,400 төгрөг, “Голомт банк” ХХК-ийн зээлээр 36,500,000 төгрөгийг, үлдэгдэл 6,969,600 төгрөгийг Б.Эаас зээл авч төлж барагдуулсан болох нь хэрэгт авагдсан орон сууц захиалгын гэрээ, хариуцагчийн дансны хуулга, орон сууцны зээлийн болон ипотекийн гэрээ, талуудын тайлбараар тогтоогджээ. /хх38, 41-50/

Анхан шатны шүүх Б.Э, Б.Г, Б.М нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч нь зээлийг гэрээгээр хүлээсэн хариуцлагын хамт шаардах эрхтэй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй. 

5. Хариуцагч нь зээлийн гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу нийт 3,810,000 төгрөг төлсөн, үлдэгдэл 3,604,967 төгрөг болох талаар талууд маргадаггүй. /хх5/

Гэрээний 2.6-д “зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцно” гэж заасан. Шүүх алдангийг хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг болох 3,604,967 төгрөгийн 50 хувиар тооцож 1,802,483 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцсэн байна. Хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүрэг зээл 3,604,967 төгрөг, алданги 1,802,483 төгрөг, нийт 5,407,450 төгрөг болохыг анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

6. Хариуцагч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Хэргийн 6, 38 дугаар тал дахь Голомт банкны орлогын мэдүүлэг, хариуцагч Б.Гийн “Голомт банк” ХХК-ийн ................... тоот дансны хуулгаас үзэхэд нэхэмжлэгч Б.Э нь 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 6,969,600 төгрөгийг “зээл олгов” гэх утгаар шилжүүлсэн, мөн өдөр хариуцагч Б.Гийн данснаас 6,969,600 төгрөгийн зарлага “4 давхар 8 тоот Б.Г, Б.Мгаас” гэх утгаар гарсан байна. Үүнээс харахад хариуцагч нь өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр Б.Эаас зээлдэн авсан 6,969,600 төгрөгийг орон сууцны төлбөрт “АДСРС” ХХК-д шилжүүлсэн байх ба хариуцагчийн зөвшөөрөлгүй түүний данснаас зарлагын гүйлгээ гаргасан гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй.

Орон сууцны захиалгын гэрээний үүрэгтэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон, уг шийдвэрээр хариуцагчийн орон сууцны талбайн зөрүү үнэ 4,994,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх53-57, 84-85/ Орон сууцны талбайн хэмжээ дутуу байсан нь хариуцагч нарыг нэхэмжлэгчтэй байгуулсан зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

Дээрх үндэслэлээр хариуцагч нарын өмгөөлөгчийн гаргасан “шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг тал бүрээс нь үнэлээгүй” гэх гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2022/02030 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101,500 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.ЦОГТСАЙХАН

                                           ШҮҮГЧИД                                  М.БАЯСГАЛАН

                                                                                              А.МӨНХЗУЛ