Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2017/02723

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Отгонтуяаг суулган, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ... нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ...-д холбогдох,

Авто зогсоол худалдах, худалдан авах гэрээний дагуу урьдчилгаанд төлсөн 11,500,000 /арван нэгэн сая таван зуун мянган/ төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.... оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие ... ХХК-ийн захирал А....тэй Баянгол дүүргийн .... байрны доор байрлах авто зогсоолыг 25,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр урьдчилгаа төлбөрт нийт 11,500,000 төгрөгийг төлсөн. Гэтэл 2016 оны 3 дугаар сард 37 дугаар байрыг барьсан гүйцэтгэгч гэх ... ХХК-ийн захирал С.... гэгч уг зогсоолд тавьдаг бүх машиныг хөөн гаргаж, тус зогсоолыг дахин ашиглах боломжгүй болсон. Энэ тухай А....өд мэдэгдэж, хууль хяналтын байгууллагад хандахыг удаа дараа сануулж байсан ч ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Ингээд 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст хандаж, хохирлоо барагдуулахаар гомдол гаргасан боловч дүүргийн Прокурорын газраас тухайн асуудлыг гэмт хэргийн шинжгүй, эд хөрөнгийн маргаантай асуудал гэж үзэн Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Уг асуудлаар дээд шатны прокурорт гомдол гаргасан боловч гомдлыг хүлээн авахаас татгалзсан хариуг өгсөн. Үүнээс хойш А.... нь хохирлоо барагдуулах буюу барагдуулахаа илэрхийлсэн ямар нэгэн бодит үйлдэл хийгээгүй бөгөөд 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 12/17 дугаар албан бичгээр уг зогсоолын асуудлаар хамтарсан компанитай маргаан үүсгэсэн тул уг маргааныг шийдвэрлэх хүртэл түр хугацаанд хүлээнэ үү. Маргаан шийдэгдсэний дараа урьдчилж төлсөн төлбөрөө буцаан авах, эсвэл тус байрны доор байрлах зогсоолыг үлдэгдэл 13,500,000 төгрөгийг төлж авах эрхтэй болно гэсэн хариуг өгсөн боловч одоог хүртэл уг төлбөрийг төлж барагдуулаагүй бөгөөд, миний хувьд 37 дугаар байранд ямар нэгэн зогсоол ашиглаагүй байна. Тиймээс ... ХХК-иас урьдчилгаа төлбөрт төлсөн нийт үнэ болох 11,500,000 төгрөгийг нөхөн төлүүлэхээр шаардлага гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.... шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Талууд хоорондоо тохиролцсон боловч хариуцагч нь тухайн авто зогсоолыг барьсан барилгын өмчлөгч бус, харин тухайн барилгыг барьж байсан компанийн туслан гүйцэтгэгч байсан гэдгийг нь сүүлд мэдсэн бөгөөд тухайн байрны жинхэнэ өмчлөгч буюу эзэмшигч болох ... ХХК нь нэхэмжлэгчийг болон бусад бүх хүмүүсийг машин тавьж болохгүй гээд, бүх машинуудыг албадан гаргасан байдаг. Нэхэмжлэгчийн хувьд уг авто зогсоолыг огт ашиглаагүй. Улмаар М.... нь хариуцагч компанийн захиралд холбогдуулан эрүүгийн журмаар гомдол гаргаж, залилан хийсэн гэж шалгуулахад эрүүгийн хэрэг үүсгээгүй, харин иргэд хоорондын эд хөрөнгийн маргаантай асуудал байна гэж үзсэн. Нэгэнт тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч этгээд байсаар байхад бусдад худалдахаар харилцан тохиролцож, мөнгө авсан байгаа нь хуульд харшилсан хэлцэл хийсэн буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзээд М....ийн өгсөн 11,500,000 төгрөгийг ... ХХК-иас гаргуулахаар шаардаж байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.... нь хариуцагч ... ХХК-д холбогдуулан, автомашин худалдан авахаар тохиролцсоны урьдчилгаа төлбөрт төлсөн 11,500,000 /арван нэгэн сая таван зуун мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч ... ХХК-ийн захирал А.... нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч шүүхээс заасан хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй бөгөөд, түүнд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийн эзгүйд хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч М.... нь Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 37 дугаар байрны доор байрлах авто зогсоолыг хариуцагч ... ХХК-иас 25,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож, М.... нь урьдчилгаа 11,500,000 төгрөгийг ... ХХК-д төлсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан хариуцагч байгууллагын 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 12/17 тоот Тодорхойлолт гаргах тухай албан бичиг, Баянгол дүүргийн прокурорын газрын 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 5183 дугаар Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай Прокурорын тогтоол, Баянгол дүүргийн прокурорын газрын 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 564 тоот Хариу мэдэгдэх хуудас зэрэг баримтуудаар тогтоогдсон байна. /хх 6-9/

Маргааны зүйл болох авто зогсоол нь хариуцагч ... ХХК-ийн өмчлөлийнх бус, эрхийн доголдолтой болох нь тогтоогдсоны улмаас нэхэмжлэгч М.... урьдчилгаа төлбөрт төлсөн 11,500,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсан бөгөөд уг төлбөрийг 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төлсөн байх бөгөөд, талуудын хооронд үүссэн гэрээний үүргийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй байна.

Тодруулбал: Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар Худалдах-худалдан авах гэрээний үндсэн шинж нь ...худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх... гэх шаардлагыг хангаагүй бөгөөд, тухайн авто зогсоолын өмчлөгч биш байхдаа бусдад худалдахаар тохиролцож төлбөр авсан байна.

Түүнчлэн, Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасны дагуу бүртгэл хийгдээгүй, нэхэмжлэгч М.... авто зогсоолыг өмчлөлдөө шилжүүлэн аваагүй байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэмж хэмжээнд харшилсан хэлцэл гэж үзэхээр байна.

Иймд дээрхийг үндэслэн, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ... ХХК-иас М....ийн төлсөн 11,500,000 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ... ХХК-иас 11,500,000 /арван нэгэн сая таван зуун мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М....ид олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 198,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 198,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ А.САРАНТУЯА