Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
Хэргийн индекс | 142/2017/00349/И |
Дугаар | 142/ШШ2018/00389 |
Огноо | 2018-04-12 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 142/ШШ2018/00389
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: З.Г-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.И холбогдох,
2101007139 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах, Орхон аймгийн Баян-Өндөр сум 6-20-45 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч Т.Д ногдох 67 хувь болох 34 229 940 төгрөгнөөс хууль ёсны өвлөгч З.Г-эд оногдох хэсгийг гаргуулах, мөн гуравдагч этгээдийн бие даасан шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. т, хариуцагч Д.И , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: З.Г миний бие Д.И тай өмч хуваах эрхийн дагуу Орхон аймгийн Баян-Өндөр сум 6 дугаар баг, Согоотын 20 дугаар байрны 45 тоот байрыг худалдаалах үнийн 50 хувийг эзэмших эрхийн дагуу 30 000 000 төгрөг авах нэхэмжлэл гаргаж байна.
3.Г би тус шүүхэд хянан хэлэлцэгдэж буй хариуцагч Д.И т холбогдох иргэний хэрэгт Б.Э-ынн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцохоор гаргасан хүсэлттэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Миний аав Т.Даш нь 2016 оны 1 дүгээр сарын 7 өдөр нас барсан бөгөөд тухайн үед оршуулгын ажиллагаанд аавын охин гэх Эрдэнэтуул нь хүрэлцэн ирж оролцож байсан болно. Миний аавын сүүлд суусан эхнэрийн хүүхдүүд болон миний төрсөн дүү нар гээд олон хүмүүс байдаг. Аав маань нас барахдаа гэрээслэл үлдээгээгүй бөгөөд нас барснаас хойш дүү Д.И бид хоёр хуулийн хугацаанд нь өв залгамжлах хүсэлтийг нотариатад гаргаж улмаар өвлөх эрхийн гэрчилгээ авсан билээ. Харин бусад нь ямар нэгэн хэлбэрээр өв залгамжлагчаар тогтоолгох болон хөрөнгө өвлөх талаар хүсэлт гаргаагүй болно. Д.Эрдэнэтуул нь аавыг нас барснаас хойш Иргэний хуулийн 528.2-д заасны дагуу өв хүлээн авах хүсэлтийг гаргаагүй байж 1 жил 5 сарын өмнө шүүхэд хандаж байгаа нь үндэслэлгүй хэмээн үзэж байна. Хэдий 2016 оны 10 дугаар сарын 17-нд шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Иргэний хуулийн 79.1-д заасан хуульд заасан үндэслэлээр шүүхэд хандсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх ба хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан хэмээн үзэх үндэслэлгүй юм. Мөн Иргэний хуулийн 3.7-д хууль мэдэхгүй байх нь хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй хэмээн заасан байдаг. Хэрэв Д.Эрдэнэтуул нь хуульд заасны дагуу өв хүлээн авах бичиг баримтыг бүрдүүлэн өв залгамжлалын гэрчилгээ авсан болон хууль ёсны өвлөгч нь үнэн тохиолдолд аав Т.Дашид оногдох эд хөрөнгөөс хуульд зааснаар өөрт оногдох хэсгийг өвлөн авахад нь татгалзах зүйлгүй гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. т бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Б-гийн нэхэмжлэлийн хариу тайлбарт: ...Нэхэмжлэгч 3.Г ийн аав Даш нь огэх эмэгтэйтэй гэр бүл болоход онь охин Баярмааг дагуулан ирж хамтран амьдарсан байдаг. Шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Баярмаа нь Д-н дагавар охин юм. Өөрөөр хэлбэл Отгонбаярыг Т.Даштай ханилан суух үед охин Баярмаа нь ээжээрээ овоглодог байсан болно. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар Хууль ёсны өвлөгч нь нас барагчийн нөхөр, эхнэр. төрүүлсөн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсөн болон үрчилсэн эцэг, эх байна хэмээн тодорхойлсон байдаг. Гэтэл Д.Баярмаа нь Т.Д-н дагавар охин тул талийгаачийн өв хөрөнгөөс өвлөх эрх үүсэхгүй хэмээн үзэж байна. Иймд шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Б-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. т нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. т би тус шүүхэд шүүгчийн 2017.09.29-ний өдрийн 142/шз2017/04525 тоот захирамжийн дагуу ирүүлсэн нотлох баримт болон 2017 оны 07 сарын 27-ны өдрийн Тольдох Оюуны Өгөөж ХХК-ийн шинжээчийн дүгнэлт зэрэгтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж байна. З.Г ийн аав Т.Даш нь Ц.Отгонбаяртай амьдарч байх хугацаандаа Д.И ыг 2-3 настай байхад өргөж авсан болно. Д.И ыг 16 настай байхад Т.Даш нь Ш.Лхагвасүрэнтэй гэрлэж хамтран амьдарч эхэлсэн. Д.И нь Ш.Лхагвасүрэнгийн дагавар хүүхэд юм. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар Т.Даш нь Ш.Лхагвасүрэнгийн цорын ганц өвлөгч болох нь тогтоогдож байна. Орхон аймаг Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1416 тоот хариу хүргүүлсэн баримтанд 2015 оны 03 сарын 20-ны өдөр 211 дугаартай Д.Энхжаргалын гэрчилж №27 тоот өвлөх гэрчилгээг үндэслэн өмчлөх эрх иргэн Т.Даш, Д.И нарт шилжсэнийг 2015.03.24-ний өдөр улсын бүртгэлд бүртгэж өмчлөх эрхийг 000359248 дугаартай гэрчилгээг олгосон байна хэмээн мэдүүлжээ. Иргэний хуулийн 520.1.1-д нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг эх нь хууль ёсны өвлөгч байна хэмээн заасан байдаг. Гэтэл Д.И нь Ш.Лхагвасүрэнгийн дагавар хүүхэд учир Ш.Лхагвасүрэнгийн өв хөрөнгөөс өвлөх эрх үүсэхгүй гэж үзэж байна. Иймд 2015 оны 03 сарын 24-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө өмчлөх 000359248 тоот эрхийн улсын гэрчилгээний Иргэний хуулийн 56.1.1, 56.1.8-д заасны дагуу хууль зөрчсөн хэмээн үзэж байх тул 2101007139 дугаартай бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү. Орхон аймгийн орон сууц өмчлөх товчооны 2000 оны 10-р сарын 19-ний өдрийн 38 тоот тогтоолоор Т.Даш, Ш.Лхагвасүрэн, Д.И нар нь Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-р хороолол 20-р байрны 45 тоот орон сууцыг хувьчилж өмчлөх эрхийн 0086849 ОРА дугаарын гэрчилгээтэй болох нь харагдаж байна. Д.И нь тус орон сууцны 33 хувийн өмчлөгч байх ба хуулийн дагуу Ш.Лхагвасүрэнгийн хууль ёсны өвлөгч З.Г ийн эцэг Т.Даш нь орон сууцны 67 хувийн өмчлөгч мөн хэмээн үзэж байна. 2017 оны 07 сарын 27-ны өдрийн Тольдох Оюуны өгөөж ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр маргаан бүхий орон сууцны зах зээлийн үнэлгээ нь 51 238 717 төгрөг хэмээн дүгнэжээ. Иймд тус орон сууцны хууль ёсны өмчлөгч Т.Дашид оногдох 67 хувь болох 34 329 940 төгрөгнөөс хууль ёсны өвлөгч З.Г эд оногдох хэсгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.И шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.И би иргэн З.Г ээс шүүхэд гаргасан Төрсөн эцэг Т.Д-н хөрөнгө болох орон сууцнаас өөрт оногдох хувийг гаргуулан авах тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Би 1979 төрсөн, өөрийн эцэг болох Т.Даш дээр өргөгдөн ирсэн ба аавыгаа насан эцэслэх хүртэл нь хамт амьдран, асран халамжилж байсан юм. Нэхэмжлэгч З.Г нь талийгаач аавын маань төрсөн хүү гэх боловч тухайн хүнийг би 18 настайгаасаа л анх харж байсан. З.Г ийг аав дээр маань анх ирэхэд нь аав маань өөрийн төрсөн хүү хэмээн хүлээн авч Уулын баяжуулах үйлдвэрийн Уулын хэсгийн Засварын цэхэд токарьчиноор ажилд оруулж, мөн 1 өрөө байр авч өгч байсан. Гэвч З.Г нь тус үйлдвэрт 7 жил ажиллаад хөдөлмөрийн гэрээ зөрчиж, хулгай хийсэн гэх асуудлаар ажлаас халагдаж, аавын минь авч өгч байсан 1 өрөө байрыг зараад хот шилжсэн юм. Ер нь З.Г ийг би сайн мэдэхгүй ба талийгаач эцэг болон надтай нэгэн дээвэр доор хамт амьдарч үзээгүй. Нэхэмжлэлийн тухайд аавыг маань амьд ахуйд яригдаж байсан ч талийгаач аав маань З.Г эд би чамд өгөх юм аа өгсөн, ажилтай болгож, байртай болгосон, одоо надад өгөх юм байхгүй гэж хэлж байсан ба намайг хүртэл З.Г аавд хэлээд өгөөч гэж гуйдаг байсан. Тэгээд тухайн үед З.Г нь аавыг минь бие нь муу байхад аавд болон бидэнд ямар ч тус үзүүлж байгаагүй ба эцэг маань хэвтэрт ороод утсаар аав нь бие муу байна аа, өнгөрөх нь байна шүү гэж хэлэхэд З.Г ийн эхнэр нь өөдөөс нь шоолж та үхэх болоогүй ээ, согтуу байгаа юм уу гэж хэлсэн гэж талийгаач эцэг минь маш их гомдсон ба хэвтэрт байх хугацаандаа дахин нэг ч удаа ярихыг хүсээгүй юм. Ийм учраас З.Г ээс гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Би Б.Эрдэнэтуул гэх эмэгтэйг хоёрхон удаа харсан ба миний бие энэ хүнтэй ямар ч эгч дүү хамаатан садангийн холбоо байхгүй ба талийгаач эцэг Т.Даш энэ хүний тухай бараг ярьдаггүй байсан. Б.Эрдэнэтуул одоо Орхон аймгийн шүүхэд гаргаж байгаа шаардлагатай нь бичсэний адил эцэг үрийн ойр дотны харьцаа бараг байгаагүй болно. Талийгаач эцэг маань ч энэ хүний тухай бараг ярьдаггүй байсан. Ер нь энэ эмэгтэй шаардлага гаргахдаа төрсөн охин гэдгээ юугаар баталсан юм бол гэдэг нь хүү надад их эргэлзээтэй байна гэжээ.
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Эрдэнэтуул шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Батсүх овогтой Эрдэнэтуул миний бие 1976 онд Улаанбаатар хотод төрсөн. Миний аав Т.Даш ээж Батсүх нар нь таарамж муутайн улмаас би ээжийнхээ асрамжинд өсч торнисон. Аав Т.Даштай охин аавын ойр дотно харьцаатай байсан. Аав минь намайг 10 настай байхад хүүхдийн тэтгэмж өгч байсан. Миний хувьд аавтайгаа ойр ойрхон уулзаж байхыг боддог ч хол учир бид хоёр утсаар холбогддог байсан. Аавын минь бие муудсаныг дуулж Хэнтий аймгаас Эрдэнэт орох замд аав минь нас барж бид хоёр уулзаж чадаагүй. 2016.01.06-ны өдөр аав минь хорвоог орхисон. Гэтэл ах Г , И хоёрын дунд аавын нэр дээрх байрны маргаан гарч миний эрх зөрчигдөж байсан тул тус шүүхэд хандаж яагаад би оролцох ёсгүй гэж бодож шүүхэд хандсан. 2017.04.10-нд садан төрлийн холбоотойг Хэнтийн аймгийн иргэний хэргийн шүүхээр охин аав гэдгийг тогтоосон. Иймд Г ийн нэхэмжлэлтэй, И т холбогдох Д.Д-н өв хөрөнгийн маргаанд миний эрх зөрчигдөж байгаа тул бие даасан гуравдагч этгээдээр татан оруулж, миний биед оногдох хувийг гаргуулж өгөхийг хүсье. Баярмаа гэх эмэгтэй гуравдагч этгээдээр бие даасан шаардлага гаргаж нэхэмжлэл гаргасан байна. Миний бие үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний аав Д-г амьд сэрүүн үед нь удаа дараа доромжилж овогоо сольж өг гэж хуулийн дагуу эцэг охиноо больж явсан. Яагаад нас барсных нь дараа нэхэмжлэл гаргаж байгааг нь ойлгохгүй байна. Нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж шүүхэд хэлмээр байна. Иймд хуулийн дагуу нэхэмжлэл гаргах үндэслэлийг тогтоож өгнө үү гэжээ.
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Баярмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д-н Баярмаа би иргэн Зинагийн Г ийн нэхэмжлэлтэй Д-н И т хариуцагдах иргэний хэрэгт бие даасан шаардлага гаргаж, гуравдагч этгээдээр оролцох шаардлагатай буюу миний эцгээс үлдсэн эд хөрөнгө өвлөх эрх хөндөгдөж байна гэж үзэж байна. Ийм учраас 51,238,717 төгрөгөөр үнэлэгдэж байгаа хөрөнгийн тэн хагасыг нь И хууль ёсоор эзэмших эрхтэй учраас бидэнд өвлөгдөх 25,619,358 төгрөгний 1 буюу 6,404,840 төгрөгийг надад гаргуулж өгнө үү. Д.Баярмаа миний бие З.Г ийн нэхэмжлэлтэй Д.И ын хариуцагчаар татагдсан Орхон аймаг, Баян-Өндөр сум, Согоот багийн 6-20-45 тоот үл хөдлөх хөрөнгийн өвийн маргаантай шүүх хурал нь хоёр талын эвлэрэл буюу З.Г эд тус үл хөдлөх хөрөнгийн 50 хувь буюу 25 сая төгрөгийг 1 жилийн хугацаатай төлөхөөр тохиролцон эвлэрч байгаа тул Д.Баярмаа миний бие тус шүүхэд гуравдагч этгээдээр оролцох бүхий нэхэмжлэлээ буцаан авч байна. Мөн миний биеийг 2018.04.12-нд болох шүүх хуралд байлцуулахгүйгээр шийдэж өгнө үү гэжээ..
Нэхэмжлэгч З.Г болон хариуцагч Д.И нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч З.Г би тус шүүхэд хянан хэлэлцэгдэж буй З.Г ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.И т холбогдох өв залгамжлалаар оногдох эд хөрөнгийн 67 хувь болох 34 329 940 төгрөгийг гаргуулах иргэний хэрэгт хариуцагч Д.И нь нэхэмжлэлийн шаардлагаас 25 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч 2019 оны 03 сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч надад төлж барагдуулахаар тохиролцсонтой холбогдуулан энэхүү эвлэрлийн гэрээг байгуулж байна. Талууд харилцан тохиролцсон байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.1-д заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү. З.Г эд 2019 оны 03 сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд 25 000 000 төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцож энэхүү эвлэрлийн гэрээг байгуулав гэжээ.
Зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч З.Г нь хариуцагч Д.И т холбогдуулан 2101007139 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах, 6-20-45 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч Т.Дашид ногдох 67 хувь болох 34 229 940 төгрөгнөөс хууль ёсны өвлөгч З.Г эд оногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Эрдэнэтуул, Д.Баярмаа нар нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцож, тус тус өөрт ногдох хэсгээ гаргуулахаар шаардсан бөгөөд, Д.Баярмаа нь бие даасан шаардлагаасаа, мөн нэхэмжлэгч нь 2101007139 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлагаасаа тус тус татгалзсан болно.
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Эрдэнэтуулд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд өөрийгөө байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул түүний эзгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч болон хариуцагч нар шүүх хуралдаан дээр эвлэрч байгаа тухайгаа тайлбарлаж, Д.И нь 25,0 сая төгрөгийг нэг жилийн хугацаанд буюу 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн дотор өгөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн байна.
Харин гуравдагч этгээд Б.Эрдэнэтуулд ногдох хэсгийг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж нэхэмжлэгч, хариуцагч тал тайлбарласан.
Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 5201-д дор дурдсан этгээдийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй, 520.1.1-д нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эхийг хууль ёсны өвлөгч гэж заажээ.
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Эрдэнэтуул нь өөрийгөө талийгаач Т.Д-н охин гэсэн боловч өөр овогтой, түүнийг Т.Д-н хүүхэд мөн болохыг тогтоосон баримт хэрэгт авагдаагүй байна. Б.Эрдэнэтуул нь 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 156/ШШ2017/00230 дугаартай Хэнтий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг нотлох баримтаар ирүүлсэн, уг шийдвэрээр Буриад овогтой Батсүхийн Эрдэнэтуул нь Түдэв овогтой Даштай садан төрлийн холбоотой болохыг тогтоожээ. Дээрх шийдвэрээр Б.Эрдэнэтуулыг Т.Д-н хүүхэд мөн гэдгийг тогтоосон асуудал биш, садан төрлийн холбоотой л гэсэн. Ямар садан төрлийн холбоотой болох нь тодорхойгүй байна.
Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ, 528.2-д энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ, 528.3-д энэ хуулийн 528.1, 528.2-т заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ гэжээ.
Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзэхэд гуравдагч этгээд Б.Энхтуул нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т заасан хугацаанд холбогдох байгууллага, этгээдэд хандан өв хүлээн авах хүсэлтээ гаргасан нь нотлогдоогүй, энэ талаарх баримт хэрэгт ирээгүй, Монголын нотариатчдын танхимаас ирүүлсэн 2017.09.25-ны өдрийн 640 дугаартай албан бичигт дурьдсанаар Т.Д-н өвтэй холбоотой, З.Г ээс өөр этгээд өв хүлээн авах болон өв хүлээн авахаас татгалзсан хүсэлтээ ирүүлээгүй гэсэн тул Б.Эрдэнэтуулыг Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3-д зааснаар өвлөхөөс татгалзсан гэж үзэхээр байна.
Гуравдагч этгээд Б.Эрдэнэтуулыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.
Иймд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Э-ынн Т.Д-н өвлөгдөх хөрөнгөөс ногдох хэсгээ гаргуулах шаардлага үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 392 820 төгрөг, гуравдагч этгээд Д.Б-гийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөг, гуравдагч этгээд Б.Э-ынн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 257 950 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.И аас улсын тэмдэгтийн хураамжаар 282 950 төгрөг гаргуулан З.Г эд олгохоор заав.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нэхэмжлэгч З.Г нь хариуцагч Д.И аас эцэг Т.Д-н өвлөгдөх хөрөнгөөс 34 329 940 төгрөг гаргуулах шаардлагад Д.И нь 25,0 /хорин таван/ сая төгрөгийг 2019.03.28-ны дотор З.Г эд төлөхөөр эвлэрсэн болохыг дурдсугай.
2. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Баярмаа нь өвлөгдөх хөрөнгөөс өөрт ногдох хэсгээ гаргуулах шаардлагаасаа, нэхэмжлэгч нь 2101007139 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай.
3. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.3-т заасныг баримтлан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Эрдэнэтуулын, Т.Д-н өвлөгдөх хөрөнгөөс өөрт ногдох хэсгээ гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 392 820 төгрөг, гуравдагч этгээд Д.Б-гийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөг, гуравдагч этгээд Б.Э-ынн улсын тэмдэгтийн хуаамжинд төлсөн 257 950 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.И аас улсын тэмдэгтийн хураамжаар 282 950 төгрөг гаргуулан З.Г эд олгосугай.
5. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА