Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2017/02583

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: МТП ХХК

 

     Хариуцагч: Т ХХК

 

            Гэрээний үүрэгт 102.888.996 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Б.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

 

Нэхэмжлэгч МТП ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай компани Т ХХК-тай 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл хугацаатай 64/16 тоот газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т заасны дагуу худалдан авагч нь худалдан авсан барааны төлбөрийг бараа худалдан авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор МТП ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк, Хаан банк дахь дансанд төлөх үүрэгтэй. Гэтэл тус компани нь 2016 оны 05 дугаар сард нийт 63.197.400 төгрөгийн шатахуун зээлээр авч өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна. Бид харилцагч компаниас удаа дараа төлбөр төлөхийг шаардсан боловч одоог хүртэл гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул гэрээний 3.3 дахь хэсэгт зааснаар гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр 63.197.400 төгрөгийг төлөөгүй хугацааны алданги 31.598.700 төгрөг, гэрээний 5.2-т заасан 2 хувийн хүү 10 сараар бодож 12.639.480 төгрөг нийт 107.435.580 төгрөг болсон. Үүнээс тус компани нь 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр төлсөн 4.546.584 төгрөгийг хасаж үлдэгдэл 102.888.996 төгрөг болсон. Үүнийг хоёр тал баталгаажуулж 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр шатахууны тооцоо нийлсэн акт үйлдсэн. 4.546.584 төгрөгийг 10.111.584 төгрөгний хүүгээс хасаж тооцсон. Тооцоо нийлээгүй бол алданги төлөхгүй гэсэн зохицуулалт гэрээнд алга байна. Гэрээний 3.2-д төлбөрийн талаар тодорхой зааж, гэрээний хариуцлага хэсэг дээр алдангийг заасан. Алданги 50 хувиас хэтэрсэн тул хуульд заасны дагуу нэхэмжилсэн. Иймд хариуцагч Т ХХК-иас  үндсэн төлбөр 63.197.400 төгрөг, тооцоо нийлсэн актаас хойших 2 сарын хүү 2.527.896 төгрөг дээр тооцоо нийлсэн актаар үлдсэн 5.565.000 төгрөгийг нэмж хүүнд 8.092.896 төгрөг, алданги 31.598.700 төгрөг нийт 102.888.996 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.  

 

 

 

Хариуцагч Т ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Талуудын хооронд Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдах авах гэрээ байгуулагдсан. Хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрсөн. Хоёр тал гэрээний дагуу үндсэн төлбөр, хүү тооцож 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдэж үндсэн төлбөр 63.197.400 төгрөг, хүү 10.111.584 төгрөг нийт 73.308.984 төгрөг  төлөхөөр тохирч тооцоо нийлсэн акт үйлдсэн. Энэ тооцооноос 09 дүгээр сард төлсөн 4.546.584 төгрөгийг үндсэн төлбөрөөс хасаж тооцсон. Энэ актаар зөвхөн хүүг тооцсон байдаг. Гэтэл нэхэмжлэгч энэ хугацааны алдангийг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Тооцоо нийлсэн актын хүрээнд 68.762.400 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө. Дээр нь актнаас хойших хугацааны алдангийг төлж болно. Хариуцагч 80.000.000 төгрөг дээр эвлэрэх хүсэлтэй байна. Гэрээний 3.1-д зээлээр авсан барааны үнэнд хүү тооцохгүй байхаар заасан. Иймээс нэхэмжилж байгаа 2 сарын хүүг зөвшөөрхгүй. Давхардуулсан хариуцлага буюу хүү, алданги давхар тооцож болохгүй гэв.

 

 

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад             

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

 

Нэхэмжлэгч МТП ХХК хариуцагч Т ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 102.888.996 гаргуулахыг шаарджээ.

 

Хариуцагч Т ХХК нь 2016 оны  04 дүгээр сарын 29-ний өдөр Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээгээр худалдан авагч нь    зээлээр авсан барааны төлбөрийг 30 хоногийн дотор худалдагч компанийн дансанд шилжүүлэх, төлбөр төлөлт удааширсан тохиолдолд 2 хувийн хүү тооцон худалдагчид төлөх, төлбөрийг хугацаанд бүрэн төлөөгүй тохиолдолд 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцжээ.

 

Гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1, 263 дугаар зүйлийн 263.1, 263.2.3-т заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Шүүх хуралдаанд хариуцагч нь “тооцоо нийлсэн актаар үндсэн төлбөр, хүүг тооцож төлөхөөр тохиролцсон тул энэ хугацааны алдангийг хариуцагч шаардах эрхгүй. Хүү, алданги гэсэн хоёр хариуцлагыг давхардуулан тооцож болохгүй” гэж тайлбарлан маргасан боловч талууд гэрээний 3.2-т заасан төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд худалдагч 4.1.3-т зааснаар алданги төлөхийг шаардах, худалдагч 4.2.2-т зааснаар хугацаа хэтрүүлсэн тохиолдолд 3.3-т заасан алдангийг төлөх үүрэгтэй, Гэрээний хариуцлага хэсэгт буюу 5.1-д зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөх, 5.2-т зааснаар 3.2-т заасан хугацаанаас төлбөр төлөлт удааширсан тохиолдолд худалдан авагч тал нь сарын 2 хувийн хүү тооцон худалдагчид төлөх үүрэг тус тус хүлээсэн, зохигч талууд  2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Худалдан авсан шатахууны тооцоо нийлсэн актаар шатахууны үндсэн төлбөр 63.197.400 төгрөг, алданги 10.111.584 төгрөг нийт дүн 73.308.984 төгрөг төлөх, үүнээс үндсэн төлбөр 63.197.400 төгрөгөөс 09 дүгээр сарын 15-ны өдөр төлсөн 4.546.584 төгрөгийг хасаж эцсийн үлдэгдэл 68.762.400 төгрөг төлөхөөр нэг бүрчлэн нийлж харилцан баталж тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан тул хариуцагчийн дээрх тайлбар үндэслэлгүй байна.

 

Хариуцагч тал Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-т заасан үүргийг хууль буюу гэрээнд заасан хуагцаанд гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй, тул нэхэмжлэгч нь гэрээгээр тохирсон хүү, алдангийг шаардах эрхтэй байна.

 

Зохигч гэрээгээр гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээр алдангийг тооцохоор тохирсон боловч 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн тооцоо нийлсэн актаар талууд өнгөрсөн хугацааны алдангийг тооцохгүйгээр гэрээний хариуцлагаас хүү тооцох хариуцлагыг сонгож, үндсэн төлбөрийг хүүгийн хамт төлөхөөр тохирсон тул нэхэмжлэгч энэ хугацааны алдангийг нөхөн шаардах эрхгүй байна.

 

Харин актаар тохирсон хугацаанаас хойших хэтрүүлсэн хоногийн алданги, хүүг хариуцагч нь гэрээ, хуульд зааснаар төлөх үүрэгтэй.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч тооцоо нийлсэн актаар хүү 10.111.584 төгрөгөөс 9 сарын 15-ны өдөр төлсөн төлбөр 4.546.584 төгрөгийг хасаж хүүний үлдэгдэл 5.565.000 төгрөг үлдсэн гэж тайлбарлан хүү, алдангийг үндсэн төлбөр 63.197.400 төгрөгөөс тооцож нэхэмжилсэн боловч актаар

 

 

 

Тушаах ёстой төлбөр

 

Тушаасан төлбөр

 

Огноо

 

Төлбөр

 

Огноо

 

Төлбөр

 

           11-Jun

 

63,197,400

 

          15-Sep

 

4,546,584

 

            Хүү

 

10,111,584

 

 

 

 

 

            Дүн

 

73,308,984

 

дүн

 

4,546,584

 

 

 

09 дүгээр сарын 15-ны өдөр төлсөн төлбөр 4.546.584 төгрөгийг үндсэн төлбөр 63.197.400 төгрөгөөс хасаж /63.197.400-4.546.584=58.650.816/ үндсэн төлбөр 58.650.816 төгрөг дээр хүү 10.111.584 төгрөгийг нэмж эцсийн үлдэгдэл 68.762.400 төгрөг төлөхөөр тохирсон тул хүү, алдангийг 58.650.816 төгрөгөөс тооцож 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 52 хоногийн хүү 2.033.216 төгрөг, алданги 15.249.208 төгрөг, актаар тохиролцсон хүү 10.111.584 төгрөг нийт 86.044.824 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.

 

Иймд хариуцагч Т ХХК-наас 86.044.824 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч МТП ХХК-нд олгож, үлдэх 16.844.172 төгрөгний шаардлагыг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангаж буй үнийн дүнгийн хэмжээгээр тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 

Хэрэгт нэхэмжлэгчээс Т ХХК нь Магнай трейд ХХК-ийн худалдаа марктенг албанд хүргүүлсэн хамтран ажиллах тухай, хүсэлт хүргүүлэх тухай албан бичгийг баримтаар ирүүлсэн нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй тул дүгнэлт өгөх шаардлагагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаас, хариуцагч  гуравдагч этгээд татуулах хүсэлтээс тус тус татгалзсан болохыг дурьдав.

 

    

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

 

 

ТОГТООХ нь:

 

 

 

            1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.2.3, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Т ХХК-иас 86.044.824 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч МТП ХХК-д олгож, үлдэх 16.844.172 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 672.395 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Т ХХК-иас 588.174 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч МТП ХХК-д олгосугай.

 

 

 

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаас, хариуцагч  гуравдагч этгээд татуулах хүсэлтээс тус тус татгалзсаныг дурдсугай.

 

 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш  14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                                                              

 

               

 

 

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ж.КУЛЬДАНА