Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2017/02374

 

 

 

 

 

 

 

 

 

МТ Петролиум ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо. даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2017/02583 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч МТ Петролиум ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Тэзү ХХК-д холбогдох

 

Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 102 888 996 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Оюунсувд

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Баярцэцэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч МТ Петролиум ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунсувд шүүх хуралдаанд тайлбартаа: Манай компани Тэзү ХХК-тай 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл хугацаатай 64/16 тоот газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т заасны дагуу худалдан авагч нь худалдан авсан барааны төлбөрийг бараа худалдан авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор МТ Петролиум ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк, Хаан банк дахь дансанд төлөх үүрэгтэй. Гэтэл тус компани нь 2016 оны 05 дугаар сард нийт 63 197 400 төгрөгийн шатахуун зээлээр авч өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна. Бид харилцагч компаниас удаа дараа төлбөр төлөхийг шаардсан боловч одоог хүртэл гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул гэрээний 3.3 дахь хэсэгт зааснаар гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр 63 197 400 төгрөгийг төлөөгүй хугацааны алданги 31 598 700 төгрөг, гэрээний 5.2-т заасан 2 хувийн хүү 10 сараар бодож 12 639 480 төгрөг, нийт 107 435 580 төгрөг болсон. Үүнээс тус компани нь 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр төлсөн 4 546 584 төгрөгийг хасаж үлдэгдэл 102 888 996 төгрөг болсон. Үүнийг хоёр тал баталгаажуулж 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр шатахууны тооцоо нийлсэн акт үйлдсэн. 4 546 584 төгрөгийг 10 111 584 төгрөгийн хүүгээс хасаж тооцсон. Тооцоо нийлээгүй бол алданги төлөхгүй гэсэн зохицуулалт гэрээнд алга байна. Гэрээний 3.2-д төлбөрийн талаар тодорхой зааж, гэрээний хариуцлага хэсэг дээр алдангийг заасан. Алданги 50 хувиас хэтэрсэн тул хуульд заасны дагуу нэхэмжилсэн. Иймд хариуцагч Тэзү ХХК-иас үндсэн төлбөр 63 197 400 төгрөг, тооцоо нийлсэн актаас хойшхи 2 сарын хүү 2 527 896 төгрөг дээр тооцоо нийлсэн актаар үлдсэн 5 565 000 төгрөгийг нэмж хүүнд 8 092 896 төгрөг, алданги 31 598 700 төгрөг, нийт 102 888 996 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ

Хариуцагч Тэзү ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдах авах гэрээ байгуулагдсан. Хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрсөн. Хоёр тал гэрээний дагуу үндсэн төлбөр, хүү тооцож 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдэж үндсэн төлбөр 63 197 400 төгрөг, хүү 10 111 584 төгрөг, нийт 73 308 984 төгрөг төлөхөөр тохирч тооцоо нийлсэн акт үйлдсэн. Энэ тооцооноос 09 дүгээр сард төлсөн 4 546 584 төгрөгийг үндсэн төлбөрөөс хасаж тооцсон. Энэ актаар зөвхөн хүүг тооцсон байдаг. Гэтэл нэхэмжлэгч энэ хугацааны алдангийг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Тооцоо нийлсэн актын хүрээнд 68 762 400 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө. Дээр нь актнаас хойших хугацааны алдангийг төлж болно. Хариуцагч 80 000 000 төгрөг дээр эвлэрэх хүсэлтэй байна. Гэрээний 3.1-д зээлээр авсан барааны үнэнд хүү тооцохгүй байхаар заасан. Иймээс нэхэмжилж байгаа 2 сарын хүүг зөвшөөрөхгүй. Давхардуулсан хариуцлага буюу хүү, алданги давхар тооцож болохгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.2.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Тэзү ХХК-иас 86 044 824 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч МТ Петролиум ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 16 844 172 төгрөгийн хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 672 395 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Тэзү ХХК-иас 588 174 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч МТ Петролиум ХХК-д олгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаас, хариуцагч гуравдагч этгээд татуулах хүсэлтээс тус тус татгалзсаныг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунсувд давж заалдах гомдолдоо: ...Нэхэмжлэгчийн хувьд шүүх нотлох баримтыг буруу үнэлж, Иргэний хуулийн холбогдох зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Хэрэгт авагдсан 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн тооцоо нийлсэн актыг үнэлэхдээ Тэзү ХХК-ийн нийт авсан шатахууны хэмжээ болон нийт хүүгийн дүнг, сарын хүүгийн хэмжээ, хугацаа, хүү бодсон үнийн дүнг тусгасан, шатахууны нийт үнэ, хүүгийн хэмжээ болон төлсөн мөнгө дүнг тус тус тусгасан болно. Талууд 2 дахь хүснэгтэд заасан хүүгийн хэмжээг 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр төлсөн төлбөр 4 546 584 төгрөгийг хүүгийн үнийн дүнгээс хасч тооцохоор тохиролцсон үндсэн төлбөрөөс хасахгүйгээр тооцоо нийлсэн байдаг. Өөрөөр хэлбэл талууд 09 дүгээр сард төлсөн дээрх төлбөрийг үндсэн дүнгээс хассан бол хүү тооцохдоо 06 дугаар сараас 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл 63 197 400 төгрөгөөр, 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 12 дугаар сар, 2017 оны 01 дүгээр сар хүртэл 58 650 816 төгрөгөөр бодож тооцоо нийлэх байсан. Гэтэл шүүх өөрийн санаачилгаар талуудын хооронд нийсэн акт, гэрээг үл харгалзан баримтыг илт буруу үнэлж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн үнийн дүнгээс хэрэгсэхгүй болгосон 16 844 172 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярцэцэг давж заалдах гомдолдоо: ...Гэрээний 3.1 дэх хэсэгт авсан барааны үнэнд хүү тооцохгүй гэж заасан байдаг бөгөөд харин гэрээний хариуцлагыг 5.1 дэх хэсэгт алданги, 5.2 дахь хэсэгт хүү төлөхөөр гэрээнд тусгаж гэрээнд хоёр хариуцлага давхардуулан тооцохоор тусгасан нь хуульд нийцээгүй. Гэрээний хугацаа дууссанаас хойш хоёр тал 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр харилцан тооцоо нийлж МТ петролиум ХХК-д Тэзү ХХК нь 68 762 400 төгрөгийн өглөгтэй тооцоо нийлсэн байдаг бөгөөд алданги төлөх тухай болон гэрээний үүргээ хэдийд биелүүлэхийг актанд дурдаагүй. Компани тооцоо нийлж акт үйлдэхдээ гэрээний хариуцлагад хүүг тооцсон байхад 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс нэхэмжлэл гаргах үе хүртэл буюу 03 дугаар сарын 28 хүртэл 52 хоногийн хүү 2 033 216 төгрөг, 52 хоногийн алданги 15 249 208 төгрөгийг гаргуулахаар гэрээний үүрэгт хоёр хариуцлага давхардуулан тооцож шийдвэрлэсэн нь хууль буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно.

Харин тооцоо нийлсэнээс хойш гэрээний үүргээ биелүүлээгүй байгаа тул гэрээний хариуцлагад нэхэмжлэл гаргах үе хүртэл хүүг төлөхөд татгалзах зүйлгүй байгаа болно. Өөрөөр хэлбэл тооцоо нийлсэн актаар гэрээний дагуу төлөх ёстой 68 762 400 төгрөгийг, мөн нэхэмжлэл гаргах үе хүртэлх үеийн хүүг төлөхөд татгалзах зүйлгүй байгаа бөгөөд харин 52 хоногийн алданги болох 15 249 208 төгрөгийг төлөхөөр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Иймд шүүхийн шийдвэрээс алданги 15 249 208 төгрөгийг хасч өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч МТ Петролиум ХХК нь хариуцагч Тэзү ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 102 888 996 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчид 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах нэртэй гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдан авагч нь зээлээр авсан барааны төлбөрийг 30 хоногийн дотор худалдагч компанийн дансанд шилжүүлэх, төлбөр төлөлт удааширсан тохиолдолд 2 хувийн хүү тооцон худалдагчид төлөх, төлбөрийг хугацаанд бүрэн төлөөгүй тохиолдолд 0.5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх 12-15/

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн баримт, нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхдээ хууль хэрэглээний болон тооцооллын алдаа гаргасныг дараах байдлаар өөрчилж зөвтгөх нь зүйтэй байна.

 

Зээлээр худалдах, худалдан авах гэрээнд үнийг хэсэгчлэн төлөх, мөн хүү төлөхөөр харилцан тохиролцдог бөгөөд зохигчдын хооронд 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр байгуулагдсан Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ-гээр талууд барааны үнийг тохиролцсон, гэрээний хариуцлага хэсэгт алданги болон хүүгийн талаар тохиролцсон, мөн гэрээний 3.1 дэх хэсэгт зээлээр авсан барааны үнэд хүү тооцохгүй гэсэн үндэслэлүүдийг заасан байх тул уг гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.

Хэргийн 26 дугаар талд авагдсан талуудын хоорондын худалдан авсан шатахууны тооцоо нийлсэн актад худалдагч тал 2016 оны 05 дугаар сард нийт 63 197 400 төгрөгийн барааг хүлээлгэн өгсөн, худалдан авагч нь сар бүр барааны үнийг төлөхөөр харилцан тохиролцож, нийт барааны үлдэгдэл төлбөр, алдангийн талаар талууд маргаагүй.

Хариуцагч Тэзү ХХК нь шатахууны үнийг төлөх гэрээнд заасан хугацаа өнгөрсөнөөс хойш 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 4 546 584 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн бөгөөд үүнээс өмнөх хугацааны төлбөл зохих үлдэгдэл төлбөр 63 197 400 төгрөг байсан, хариуцагчийн төлсөн дээрх 4 546 584 төлбөрийг үндсэн зээлээс хасч, шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны үлдэгдэл төлбөр 58 650 816 төгрөгт тус тус алданги тооцож үзэхэд нийт алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан алдангид 29 325 408 төгрөг, үндсэн төлбөр 58 650 816 төгрөг, нийт 87 976 224 төгрөгийг хариуцагч Тэзү ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч МТ Петролиум ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Дээрх гэрээний 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт ...гэрээний 3.2-т заасан хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хожимдуулсан хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлнө заасан байгаа нь худалдах, худалдан авах гэрээний үүрэгтэй холбоотой хариуцлагыг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийн хязгаарын дотор тохиролцож тодорхойлсон нь үндэслэлтэй байна.

Харин гэрээний 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт ...гэрээний 3.2-т заасан хугацаанаас төлбөр төлөлт удааширсан тохиолдолд худалдан авагч тал нь худалдагч талд сарын 2 хувийн хүү тооцон худалдагчид төлнө гэж заасан нь нэг зөрчилд хариуцлагыг давхардуулан оногдуулахгүй байх хуулийн зохицуулалтад нийцэхгүй байх тул энэ талаар нэхэмжлэгч шаардах эрхгүй юм

Иймд давж заалдах шатны шүүхээс дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2017/02583 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Тэзү ХХК-иас 87 976 224 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч МТ Петролиум ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14 912 772 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын ...588 174 төгрөг... гэснийг ...597 831 төгрөг... гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч МТ Петролиум ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242 171 төгрөг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярцэцэгийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234 200 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

Д.ЦОГТСАЙХАН