Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2021/ДШМ/01     

 

Б.Ж-нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай  

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2020/ШЦТ/214 дүгээр шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Б.Ж-нарт холбогдох эрүүгийн 1913000150040 дугаартай хэргийг шүүгдэгч Б.Ж-, түүний өмгөөлөгч С.Нургайып, Х.Зулхаш нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Хундыз, тус аймгийн прокурорын газрын хяналтын прокурор *******, шүүгдэгч Б.Ж-, Ж.С-, шүүгдэгч Б.Ж-ийн өмгөөлөгч Н.Оюунчимэг, С.Нургайып, шүүгдэгч Ж.С-ийн өмгөөлөгч С.Алтай, хэлмэрч А.Еркегүл нар оролцов.    

 

1. Б.Ж нь 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Ж.С-ийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актын хугацааг сунгуулах зорилгоор түүнээс 380.000 төгрөг авч бусдад давуу байвал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бусдад хахууль өгөхийг амласан, санал болгож завдсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хамаарах гэмт хэрэгт,

 

2. Ж.С нь Б.Ж-ийн бусдад хахууль өгөхийг амласан, санал болгосон гэмт хэргийг үйлдэхэд хамтран оролцож, бусдад хахууль өгөхийг завдсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2020/ШЦТ/214 дүгээр шийтгэх тогтоолоор:

“1. Шүүгдэгч, нийтийн албан тушаалтан Б.Ж-ийг “бусдад буюу иргэн Ж.С-д давуу байдал бий болгох зорилгоор Баян-Өлгий аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын гишүүн, магадлагч эмч М.С-ы албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх /эд зүйл/-ийг амласан, санал болгосон гэмт хэрэгт завдсан гэм буруутайд,

-Шүүгдэгч Ж.С-ийг “Хахууль өгөх”-ийг завдах гэмт хэрэг үйлдэхэд урьдчилан амлаж, дэмжлэг үзүүлэн хамжигчаар оролцсон” гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Б.Ж-ийн нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж,  5000 нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 5.000.000 /таван сая/ төгрөгөөр торгох ялаар,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн  22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.С-ийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.С-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрх хасах ял, шүүгдэгч Б.Ж-эд оногдуулсан 3 /гурван/ жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг тэдгээрт торгох ял оногдуулсан үеэс эхлэн хугацааг тоолохыг тус тус  дурдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.С-д оногдуулсан 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш  2 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр, шүүгдэгч Б.Ж-нь торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хуулийн хугацаанд төлөх үүрэгтэйг тус тус дурдсугай” гэж шийдвэрлэсэн байна.

 

Шүүгдэгч Б.Ж-, түүний өмгөөлөгч Х.Зулхаш, С.Нургайып нарын давж заалдах гомдолд: “1. Монгол хэл, бичиг үсэг мэддэггүй шүүгдэгч Ж.С-, гэрч М.Т-нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд нь хоорондоо илт зөрүүтэй, эргэлзээтэй байсан бөгөөд шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч болон шүүгч, прокурорын шинэчилсэн байцаалтад хэргийн бодит байдлыг үнэн зөвөөр мэдүүлсэн, урьд нь шүүгдэгч Ж.С-ээс хууль сануулж, гэрчээр болон хохирогчоор удаа дараа мэдүүлгийг мөрдөн байцаалтын шатандаа болон шүүхийн шатандаа авч хуулийг ноцтой зөрчсөн атлаа түүний энэхүү хууль зөрчиж авсан мэдүүлгүүдийг үндэслэн Ж.С- болон Б.Ж-нарыг гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсон.

2. Шүүгдэгч Б.Ж-ийг бусдыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглан залилан мэхэлсэн гэж үзэж яллаж байсан боловч түүнийг залилан мэхлэх гэмт хэрэгт яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгохгүйгээр шууд ял өөрчлөн сонсгож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн. Эрүүгийн хуулийн 17.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт үндэслэлгүйгээр жил гаруй хугацаанд яллагдсан Б.Ж-ийн үндэслэлгүй тухайн гэмт хэрэгт яллагдсаны гэм хорыг шаардах эрхийг ял өөрчлөн сонсгох замаар хаасан. Мөн залилан мэхлэх гэмт хэргийн хохирогчоор тогтоогдсон хүнийг тухайн хохирсон үйлдэлтэй нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэргийн яллагдагчаар татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн.

3. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг нь ЭХХШТХ-ын 36.7 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй. Зөвхөн яллах талыг баримтлан шийтгэх тогтоол үйлдсэн. Тухайлбал, шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хэсэгт 36.7 дугаар зүйлийн 2.3-т зааснаар "шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл"-ийг тусгах ёстой байсан. Харин шийтгэх тогтоолд зөвхөн яллах талын шинжлэн судлуулсан нотлох баримтыг бичсэн байх ба цагаатгах талын шинжлүүлсэн нотлох баримтыг бичээгүй, цагаатгах талын өмгөөлөгчдийн саналын үндэслэл болгосон баримтуудыг хэрэгт хамааралгүй, тэдний саналыг үгүйсгэж, гэм буруутайд тооцсон үндэслэлээ тодорхой дурдаагүйд гомдолтой байна.

4. Б.Ж-ийг "бусдад буюу иргэн Ж.С-д давуу байдал бий болгох зорилгоор Баян-Өлгий аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын гишүүн, магадлагч эмч Н.С-ы албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх, эд зүйл амласан, санал болгосон гэмт хэрэгт завдсан гэм буруутайд тооцсон боловч магадлагч эмч Н.С-ы ажил байдлын тодорхойлолт, магадлах комиссын гишүүнээр томилсон эрх бүхий байгууллагын шийдвэр, түүнийг магадлагч эмчээс томилсон тушаал шийдвэр зэргийг хэрэгт тусгуулаагүй, магадлагч эмчийн албан тушаал нь нийтийн албан тушаал мөн эсэх, магадлагч эмч Н.С- нь группийн хугацааг дангаараа сунгаж чадах эсэх, магадлагч эмч группийн хугацаа сунгахад түүний оролцоо, эрх, чиг үүрэг, магадлах комиссын ажиллах журам, хугацаа сунгах журам зэргийг нь шалгаж тогтоохгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “Н.С- нь Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын дэргэдэх эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын гишүүнээр ажилладаг болох нь түүний өөрийнх нь мэдүүлэг, гэрч Т.Ө-, шүүгдэгч Б.Ж-нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан Ж.С-ийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоосон актад түүнийг "магадлагч эмч" гэж бичсэн байдлаар тус тус тогтоогдож байна" гэсэн ганцхан өгүүлбэр байгаа болохоос Н.С-ий "албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдал"-ыг нь тогтоохгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтад хахууль өгөх /эд зүйл/-ийг амласан, эсвэл санал болгосон эсэх нь тодорхойгүй болжээ. Тогтоох хэсэг нь тодорхой байх ёстой ба Б.Ж-ийг хахууль өгөхийг "санал болгосон" гэж гэм буруутайд тооцсон уу эсхүл "амласан" гэж гэм буруутайд тооцсон гэдэг нь тодорхойгүй болжээ.

5. Ж.С-ээс мөнгө авснаас хойш Б.Ж-нь түүний группийн хугацааг сунгуулж өгөөгүй тул тэрээр өөрийн өвчний түүх болон 380.000 төгрөгөө буцааж авахаар Б.Ж-ийн эсрэг цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар энэ гэмт хэрэг илэрсэн байна гэж шүүх буруу дүгнэлт хийжээ. Энэхүү авлигын гэмт хэргийг Б.Ж-илчилж, удаа дараа гомдол гаргасан боловч түүний гомдлыг прокурорын байгууллага хүлээн авч шалгаагүй байсан. Улмаар Б.Ж-нь энэхүү гэмт хэрэг нь залилангийн гэмт хэрэг биш Ж.С-,Т- нар нь надаар дамжуулан авлига өгөхийг завдсан, гэхдээ би авлигыг нь дамжуулж өгөөгүй гэх агуулгаар Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын шүүгчид гомдол гаргаж уг гомдлыг хяналтын журмаар хянан шийдвэрлэсэн УДШ-ийн тогтоолын тодорхойлох хэсэгт "...Ж.С- нь өөрийн группийн хугацаагаа сунгуулахаар шүүгдэгч Б.Ж-т 380.000 төгрөг өгсөн гэх үйлдлүүд нь бодитой нотлогдсон байх тул Б.Ж-, Ж.С- нарын санаа, зорилгын нэгдэл, оролцоог тус бүрд нь нарийвчлан шалгаж, тогтоох шаардлагатай" гэж хэргийг нэмэлт ажиллагаанд буцааж шалгаж энэхүү гэмт хэргийг илрүүлсэн. Хэрэв Б.Ж-нь удаа дараа эрх бүхий байгууллагуудад Ж.С-ийн хахууль өгөхийг завдсан үйлдлийн талаар мэдүүлээгүй байсан бол түүний гэмт хэрэг илрэхгүй байх байсан. Иймээс Б.Ж-нь Ж.С-, Т- нарын авлига өгөхийг завдсан үйлдлийг илчилсэн тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх ёстой байсан боловч шүүх буруу дүгнэлт хийсэн.

6. Ж.С-ийн 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн "...Тухайн үед 380.000 төгрөгийг манай нөхөр М.Т-ий хамт 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Засаг даргын Тамгын газарт байдаг Б.Ж-ийн албаны өрөөнд аваачиж өгсөн. Ингэхдээ Б.Ж-т өгсөн 380.000 төгрөгийг та группийг минь сунгуулж өгөөрэй гэж өөрөө гуйж байгаад өгсөн. Б.Ж-надад 380.000 төгрөг өгөөрэй гэж асуугаагүй. Б.Ж-манай гэрт хэдэн сарын хэдний өдөр очсоныг санахгүй байна..." гэх мэдүүлэг /2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл/, гэрч М.Т-ий 2019 оны 9 дүгээр сарын 19-ны өдрийн анхан шатны шүүхийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн "...Б.Ж-2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр манай гэрт ирээгүй. Бид нар өөрсдөө 380 000 төгрөг болон картаа албаны өрөөнд нь аваачиж өгсөн. Тэгэхэд 380 000 төгрөгийг Б.Ж-ийн албаны өрөөнд аваачиж өгөхөд ямар ч байсан эмч нартай ярилцаж үзье гэж авсан. Миний эхнэр толгойн буюу мэдрэлийн талын өвчтэй. Эхнэр маань надад мөнгийг аваачиж өг гэж шаардсан учраас аваачиж өгсөн. Эхнэр маань гэрт байхад татаж унадаг. Заримдаа намайг цохиж, зоддог. Миний өнөөдрийн өгч байгаа мэдүүлэг үнэн болно..." гэх мэдүүлэг /2019 оны 9 дүгээр сарын 19-ны өдрийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл/-үүдийг Ж.С-, М.Т-нарын мөрдөн байцаалтын шатанд егсөн мэдүүлгүүдтэй харьцуулан шинжлээгүй. Хэргийн бодит байдлыг тогтоогоогүйд гомдолтой байна.

7. Гэрч Н.С- нь урьд өмнө нь 2 удаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгч байсан. Тодруулбал 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр /хх-ийн 34- 35 дугаар хуудас/, 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр /хх-ийн 110 дугаар хуудас/ тус тус Н.С-д хууль сануулж гэрчийн мэдүүлэг авч байсан. Тэр үед болсон явдлын талаар яриулж, мөн нэмж асуулт асууж, нэмж хэлэх зүйл байгаа эсэхийг тодруулан мэдүүлэг авахад Б.Ж-нь ямар нэгэн эд зүйл амласан, хахууль санал болгосон талаар мэдүүлээгүй атлаа 2 жилийн дараа дахин мэдүүлэг өгөхдөө "Ж.С-ийн картыг гаргаж ирээд надад энэ миний эгч байгаа юм. Энэ хүний карт дээрх группийн хугацааг 1 жилээр сунгамаар байна. Та энэ асуудлыг шийдээд өгвөл би таны хэлсэн мөнгийг өгнө, шан харамж асуудалгүй" гэж хэлсэн гэж мэдүүлсэн нь эргэлзээтэй байна. Ганцхан энэхүү мэдүүлгээр Б.Ж-ийг гэм буруутайд тооцож байгаа нь үндэслэлгүй байна. Гэрчийн мэдүүлэг хөндлөнгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх ёстой боловч үүнийг нотлох өөр нотлох баримт байхгүй байхад шүүх ганцхан мэдүүлгийг үндэслэн гэм буруутайд тооцсон явдалд гомдолтой байна. Иймд шийтгэх тогтоолын Б.Ж-т холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү” гэжээ.        

                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг шүүгдэгч Б.Ж-болон түүний өмгөөлөгчдийн хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, гомдолд заасан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

 

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад прокурорын 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 5/26 дугаар “Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах” тухай тогтоол[1], 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 1913000150040 дугаар “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах” тухай тогтоол[2] болон 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 176 дугаар прокурорын яллах дүгнэлтэд (1) Б.Ж-ийн холбогдсон үйлдэл холбогдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар буруу зүйлчилсэн, Ж.С-ийн холбогдсон үйлдэл холбогдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зөв зүйлчилсэн боловч (2) мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийг журамлаж хуулийг буруу хэрэглэсэн байна.

            Түүнчлэн анхан шатны шүүх прокурорын шатанд гарсан хууль хэрэглээний алдаа, зөрчлийг арилгуулахгүйгээр яллах дүгнэлтэд заасан хүрээнд шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулахдаа (3) шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй, хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр мөн хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтаар хэргийг прокурорт буцаав.

 

Б.Ж-[3] болон Ж.С-ийн бичсэн баримтууд[4], Ж.С-ийн хохирогчоор өгсөн мэдүүлэг[5], гэрч М.Т-ийн мэдүүлэг[6], шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 18 дугаар дүгнэлт[7], Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 134 дүгээр албан бичиг[8], тус хэлтийн даргын 2007 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 08 дугаар тушаал[9], сумын нийгмийн даатгалын байцаагчийн ажлын байрны тодорхойлолт[10], Б.Ж-[11] болон Ж.С-[12] нарын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудад дурдагдсан баримтат мэдээллээр Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Нийгмийн даатгалын улсын байцаагчаар ажилладаг Б.Ж-нь 2018 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Ж.С-ийн гэрт нь очиж “Таны группийн хугацаа дуусаж байгаа юм байна, сунгуулахыг хүсвэл надад өвчний түүх болон 380.000.00 төгрөг өгчих, би сунгуулж өгье, надад таньдаг эмч байгаа” гэж санал болгосны дагуу Ж.С- маргааш нь 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Б.Ж-ийн тус сумын Засаг даргын Тамгын газарт байрлах албаны өрөөнд нь очиж өөрийн өвчний түүх болон 380.000.00 төгрөгийг “группээ сунгуулахын тулд” өгсөн, Б.Ж-нь Ж.С-ийн өвчний түүх болон 380.000.00 төгрөгийг түүний “групп” буюу хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актын хугацааг сунгуулж өгөхийн тулд авсан, улмаар хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Б.Ж-нь Ж.С-д өвчний түүх /карт/ болон 380.000.00 төгрөгийг буцааж өгсөн нөхцөл байдал тогтоогдсон, энэ тухай Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 156 дугаар тогтоолд заажээ.

 

Гэтэл прокуророос яллах дүгнэлт үйлдэхдээ Б.Ж-ийг бусдад хахууль өгөхийг завдсан гэж, Ж.С-ийг Б.Ж-ийн дээрх үйлдэлд урьдчилан амлаж, дэмжлэг үзүүлэн хамтран оролцсон, завдсан гэж, шийтгэх тогтоолд Б.Ж-ийг “Ж.С-д давуу байдал бий болгох зорилгоор магадлагч эмч М.Сы албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөхийг амласан, санал болгосон гэмт хэрэгт завдсан” гэж, Ж.С-ийг “Хахууль өгөхийг завдах гэмт хэрэг үйлдэхэд урьдчилан амлаж, дэмжлэг үзүүлэн хамжигчаар оролцсон” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

 

Иймээс хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Нийгмийн даатгалын улсын байцаагч Б.Ж-ийн Ж.С-ээс түүний өвчний түүх болон 380.000.00 төгрөг авсан үйлдэл хуулиар зөвшөөрөгдсөн эсэхийг, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд Ж.С-ээс 380.000.00 төгрөг авсан эсэхийг, уг үйлдэл холбогдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгаж тогтоосны дараа тус хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Ж-нь Ж.С-ээс 380.000.00 төгрөгийг түүний группийн хугацааг сунгаж өгөхөөр авсан, Ж.С- нь өөрийн группийн хугацааг сунгуулахаар Б.Ж-т 380.000.00 төгрөг өгсөн гэх нөхцөл байдал тогтоогдсон, харин Б.Ж-ийн бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл буюу мөнгө амласан, санал болгосон гэх үйлдэл нь түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас туйлдаа хүрээгүй буюу завдсан гэх, Ж.С- нь Б.Ж-ийн дээрх үйлдлийн талаар түүнд урьдчилан амлаж, дэмжлэг үзүүлсэн, эсхүл завдсан талаар тус тус нотлох баримт байхгүй байхад шүүх нотлох баримтад тулгуурлахгүйгээр шүүгдэгч Б.Ж-ийн хувьд Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг, шүүгдэгч Ж.С-ийн хувьд мөн хуулийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус хэргийн үйл баримтад буруу тайлбарлаж хэрэглэжээ.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буюу хэргийн зүйлчлэлийг зөвтгүүлэхээр  прокурорт буцааж шийдвэрлэв. Хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан тул шүүгдэгч Б.Ж-ийн өмгөөлөгч нартайгаа хамтран гаргасан шүүгдэгчийн гэм буруутай холбоотой буюу түүнийг цагаатгах тухай давж заалдах гомдолд урьдчилан дүгнэлт хийх хууль зүйн үндэслэлгүй байна. Хуульд зааснаар шүүгдэгч Б.Ж-, Ж.С- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэглэх нь зүйтэй.

           

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2020/ШЦТ/214 дүгээр шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж-, Ж.С- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэглэсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай. 

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн энэ шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон” гэсэн үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

                                

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.ӨМИРБЕК

                                    ШҮҮГЧИД                                                       Д.КӨБЕШ 

                                                                                                            Н.ТУЯА

 

 

[1] Хэргийн 2 дугаар хавтасны 100 дахь тал.

[2] Хэргийн 2 дугаар хавтасны 111 дэх тал.

[3] Хэргийн 1 дүгээр хавтасны 18, 20 дахь тал. Орчуулга нь тус баримтын арын нүүрт.

[4] Хэргийн 1 дүгээр хавтасны 19 дэх тал. Орчуулга нь тус баримтын арын нүүрт.

[5] Хэргийн 1 дүгээр хавтасны 24, 27, 28, 116 дахь тал, 2 дугаар хавтасны 75 дугаар тал.

[6] Хэргийн 1 дүгээр хавтасны 32, 2 дугаар хавтасны 78 дугаар тал.

[7] Хэргийн 1 дүгээр хавтасны 84 дэх тал.

[8] Хэргийн 1 дүгээр хавтасны 120 дахь тал.

[9] Хэргийн 1 дүгээр хавтасны 123 дахь тал.

[10] Хэргийн 1 дүгээр хавтасны 124 дэх тал.

[11] Хэргийн 2 дугаар хавтасны 105 дахь тал.

[12] Хэргийн 2 дугаар хавтасны 120 дахь тал.