Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 140

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е,

Орчуулагч, хэлмэрч А.Е,

Улсын яллагч, хяналтын прокурор М.Ф,

Шүүгдэгчийн өмгөөлөгчид С.Н, Х.З,

Хохирогчийн өмгөөлөгч С.А

Хохирогч Ж.С,

Гэрч М.Т,

Шүүгдэгч Б.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У-ш овогт Б-ын Жт холбогдох 1913000150040 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын харьяат, 1982 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймаг, Алтанцөгц сумын 2 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, У-ш овогт Б-ын Ж, ББ.................

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Б.Ж нь Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын нийгмийн даатгалын байцаагчаар ажилладаг бөгөөд 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр тус сумын 4 дүгээр багийн Хөндий гэх газарт оршин суух иргэн Ж.Сийн гэрт очиж таны группийн хугацаа дуусаж байгаа юм байна, би сунгаад өгье, та нар сум орох шаардлагагүй, эмчид үзүүлэх хэрэггүй, эмч нартай ярьсан чинь өвчний группийн хугацааг сунгахгүй, хасаж байгаа юм байна, сунгуулахыг хүсвэл 380.000 төгрөг өг гэж албан тушаалын байдлаа ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, маргааш нь буюу 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 380.000 төгрөгийг залилж авсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/.

 

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Цагдаагийн байгууллагад Ж.Сээс 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр бусдад 380.000 төгрөг өгч залилуулсан гэмт хэргийн талаар гомдол гаргаж, 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 1913000150040 дугаартай прокурорын тогтоолоор “хохирогч Ж.С, гэрч М.Т, гэрч Н.С нарын мэдүүлэг, шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 18 дугаар дүгнэлт, Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн 134 дугаар албан бичиг зэрэг нотлох баримтуудаар Б.Ж нь “Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын нийгмийн даатгалын байцаагчаар ажилладаг бөгөөд 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр тус сумын 4 дүгээр багийн Хөндий гэх газарт оршин суух иргэн Ж.Сийн гэрт очиж таны группийн хугацаа дуусаж байгаа юм байна, би сунгаад өгье, та нар сум орох шаардлагагүй, эмчид үзүүлэх хэрэггүй, эмч нартай ярьсан чинь өвчний группийн хугацааг сунгахгүй, хасаж байгаа юм байна, сунгуулахыг хүсвэл 380.000 төгрөг өг гэж албан тушаалын байдлаа ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, маргааш нь буюу 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 380.000 төгрөгийг залилж авсан” гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, Б.Жийг яллагдагчаар татжээ. 

Ингэхдээ яллах дүгнэлтийн үндэслэл болгож, хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар хэлэлцүүллээ. Үүнд:

- Хохирогч Ж.Сийн гаргасан гэмт хэргийн талаарх гомдол /хх-ийн 7-р хуудас/,

- Хохирогч Ж.Сээс гаргаж өгсөн баримтууд /хх-ийн 17-20-р хуудас/,

- Хохирогч Ж.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “....намайг группт гаргаж өгнө гэж гээд надаас 380.000 төгрөг, өвчний картыг өөрийнхөө ажлын өрөөндөө буюу ЗДТГ-ын нэгдүгээр давхарт байдаг өрөөндөө ганцаараа сууж байхад нөхөр М.Т бид хоёр оруулж өгсөн юм. Энэ явдлаас хойш 1 жил бид нарт худлаа ярьж бүр сүүлд нь миний өвчний карт өгөөч гэхэд намайг өрөөнөөс гар, зайл гээд хэл амаар доромжилж хөөсөн. Тэгээд би аймагт очиж цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм. Миний бие одоо гарсан групп ч байхгүй, өгсөн мөнгө ч байхгүй хохироод байна. 2019 оны 01 дүгээр сарын 28-ний өдөр иргэн Б.Ж надаас авсан 380.000 төгрөг болон өвчний картыг авч ирж өгсөн...” гэх мэдүүлэг. /хх-ийн 24-26-р хуудас/. Тэгээд маргааш нь Б.Жийн өрөөнд нь орж нөхөр Такен бид хоёр бэлнээр 380.000 төгрөгийг өгөөд амбулаториор эмчлүүлэгчийн картаа өгсөн Түүнээс хойш Б.Жтэй таарч асуух болгонд болоогүй байна гээд л байдаг байсан. Тэгээд сүүлдээ ядаж миний өвчний картыг өгөөч гэж өрөөнд нь орохоор зайл гэж хөөдөг болсон, тэгээд цагдаад хандсан юм...” гэх /хх-ийн 29-30-р хуудас/,

- Хохирогч Ж.Сийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн үед 380.000 төгрөгийг манай нөхөр М.Тий хамт 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Засаг даргын Тамгын газарт байдаг Б.Жийн албаны өрөөнд аваачиж өгсөн. Ингэхдээ Б.Жт өгсөн 380.000 төгрөгийг та группийг минь сунгуулж өгөөрэй гэж өөрөө гуйж байгаад өгсөн. Б.Ж надад 380.000 төгрөг өгөөрэй гэж асуугаагүй. Б.Ж манай гэрт хэдэн сарын хэдний өдөр очсоныг санахгүй байна...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

- Гэрч М.Ты мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай сумын нийгмийн даатгалын байцаагч Б.Ж 2018 оны 02 дугаар сард манай гэрт ганцаараа ирээд эхнэрийн группийн хугацаа дуусч байгаа юм байна. Та нар группийнхээ хугацаагаа сунгахыг хүсвэл надад 380 000 төгрөг өгчих.би сунгаад өгье, надад таньдаг эмч байгаа байгаа гэсэн.Тэгэхээр нь за тийм бол маргааш сумын төв ороод мөнгийг чинь өгье гэж тохиролцсон юм.Тэгээд маргааш нь эхнэр бид хоёр сумын төв ороод Б.Жийн өрөөнд орж бэлнээр Б.Жт 380.000 төгрөгийг өгөөд эхнэрийн өвчний картыг өгсөн юм.Түүнээс хойш нэг жил гаруй болсны дараа сумын нийгмийн даатгалын байцаагч Б.Жтэй таарч асуух болгонд болоогүй байна гээд л байдаг байсан. Эхнэр бид хоёр Б.Жийн араас гүйж группийг сунгаад өг гэж гуйж байсан удаа огт байхгүй. Б.Ж өөрөө манай гэрт ирээд эхнэр Ж.Сд хандаж таны группийн хугацаа дуусч байгаа юм байна, надад таньдаг эмч бэлэн байгаа гээд сунгахыг хүсвэл 380.000 мянган төгрөг өг гэж ирсэн. Тэгэхээр нь эхнэр бид хоёр Б.Жийг сумын нийгмийн даатгалын байцаагч хүн худал хэлэхгүй байх гэж итгээд, мөн надтай нэг ургийн хүн болохоор нь итгээд за маргааш нь сумын төв ороод өгье гээд маргааш нь эхнэр бид хоёр Б.Жийн өрөөнд бэлнээр тохирсон ёсоор 380.000 төгрөг өгсөн. Б.Жээс болж манай эхнэр групптээ гарч чадаагүйгээс болж хэрэгцээтэй эм тариагаа хүртэл авч чадсангүй. Иймд Б.Жт хуулийн дагуу арга хэмжээ авч өгөхийг хүсэж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 118-р хуудас/,

- Гэрч М.Тий шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Б.Ж 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр манай гэрт ирээгүй. Бид нар өөрсдөө 380 000 төгрөг болон картаа албаны өрөөнд нь аваачиж өгсөн. Тэгэхэд 380 000 төгрөгийг Б.Жийн албаны өрөөнд аваачиж өгөхөд ямар ч байсан эмч нартай ярилцаж үзье гэж авсан. Миний эхнэрийн толгойн буюу мэдрэлийн талын өвчтэй. Эхнэр маань надад мөнгийг аваачиж өг гэж шаардсан учраас аваачиж өгсөн. Эхнэр маань гэрт байхад татаж унадаг. Заримдаа намайг цохиж, зоддог. Миний өнөөдрийн өгч байгаа мэдүүлэг үнэн болно...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

- Гэрч Н.С-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....2018 оны 12 дугаар сарын эхээр Алтанцөгц сумын нийгмийн даатгалын байцаагч Б.Ж иргэн Ж.Сийг өөрийг нь дагуулаад өвчний картыг нь бариад манай өрөөнд орж ирэхээр нь би уг өвчний картыг хянаж үзээд Ж.Сд та оношоо баталгаажуулаад ороод ирээрэй одоо бол сунгах боломжгүй гэж хэлээд Б.Ж, Ж.С хоёрыг гаргаад явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 110-р хуудас/,

- Шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 18 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн шинжлэгдэж буй гар аргаар бичигдсэн баримтууд нь шинжилгээнд тэнцэнэ. Гар аргаар бичигдсэн баримтууд нь Б.Жээс авсан бичгийн чөлөөт, туршилтын загвартай тохирч байна...” гэх дүгнэлт. /хх-ийн 34-35-р хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн 134 дугаартай албан бичиг, Ж.Сд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа тогтоосон акт. /хх-ийн 120-121-р хуудас/,

- Шүүгдэгч Б.Жийг Алтанцөгц сумын нийгмийн даатгалын байцаагчаар томилсон тушаал, ажлын байрны тодорхойлолт. /хх-ийн 120-127-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон гэжээ.

 

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлаад шүүгдэгч Б.Жийн дээрх үйлдэл нь “албан тушаалын байдлаа ашиглаж залилан мэхлэх” гэмт хэргийн шинжгүй байна гэж үзлээ. Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Б.Ж нь Ж.Сийг группт гаргаж өгнө гэж, 380.000 төгрөгийг залилан мэхэлж авсан болох нь тогтоогдоогүй байна.

Шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө “албан тушаалын байдлаа ашиглан бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ” гэсэн санаа зорилго, сэдэлтээр хохирогчийг хуурч, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж бүрэн хангагддаг.

Уг үйл явдлын ганц гэрч болох М.Тий мөрдөн шалгах ажиллагаанд “...манай сумын нийгмийн даатгалын байцаагч Б.Ж 2018 оны 02 дугаар сард манай гэрт ганцаараа ирээд эхнэрийн группийн хугацаа дуусч байгаа юм байна. Та нар группийнхээ хугацаагаа сунгахыг хүсвэл надад 380 000 төгрөг өгчих.би сунгаад өгье, надад таньдаг эмч байгаа байгаа гэсэн.Тэгэхээр нь за тийм бол маргааш сумын төв ороод мөнгийг чинь өгье гэж тохиролцсон юм.Тэгээд маргааш нь эхнэр бид хоёр сумын төв ороод Б.Жийн өрөөнд орж бэлнээр Б.Жт 380.000 төгрөгийг өгөөд эхнэрийн өвчний картыг өгсөн юм.Түүнээс хойш нэг жил гаруй болсны дараа сумын нийгмийн даатгалын байцаагч Б.Жтэй таарч асуух болгонд болоогүй байна гээд л байдаг байсан. Эхнэр бид хоёр Б.Жийн араас гүйж группийг сунгаад өг гэж гуйж байсан удаа огт байхгүй. Б.Ж өөрөө манай гэрт ирээд эхнэр Ж.Сд хандаж таны группийн хугацаа дуусч байгаа юм байна, надад таньдаг эмч бэлэн байгаа гээд сунгахыг хүсвэл 380,000 мянган төгрөг өг гэж ирсэн. Тэгэхээр нь эхнэр бид хоёр Б.Жийг сумын нийгмийн даатгалын байцаагч хүн худал хэлэхгүй байх гэж итгээд, мөн надтай нэг ургийн хүн болохоор нь итгээд за маргааш нь сумын төв ороод өгье гээд маргааш нь эхнэр бид хоёр Б.Жийн өрөөнд бэлнээр тохирсон ёсоор 380 000 төгрөг өгсөн” гэж мэдүүлэг өгсөн мөртлөө шүүхийн хэлэлцүүлэгт: “...манай сумын нийгмийн даатгалын байцаагч Б.Ж 2018 оны 02 дугаар сард манай гэрт ирээгүй, эхнэр бид хоёр сумын төв ороод Б.Жийн өрөөнд орж бэлнээр Б.Жт 380,000 төгрөг болон карт өгч эхнэр Ж.Сийн группийн хугацааг сунгахад туслаач гэж хэлж байсан. Өнөөдөр шүүх хуралд миний өгч байгаа мэдүүлэг үнэн болно” гэсэн агуулгатай  мэдүүлгүүд нь зөрүүтэй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бусад нотлох баримтуудтай харьцуулан, бодит байдалд нийцсэн гэж үзэж үнэлэх боломжгүй байна.

Харин ч уг хэргийн гэрч болох Н.Сий “...2018 оны 12 дугаар сарын эхээр Алтанцөгц сумын нийгмийн даатгалын байцаагч Б.Ж иргэн Ж.Сийг өөрийг нь дагуулаад өвчний картыг нь бариад манай өрөөнд орж ирэхээр нь би уг өвчний картыг хянаж үзээд Ж.Сд та оношоо баталгаажуулаад ороод ирээрэй одоо бол сунгах боломжгүй гэж хэлээд Б.Ж, Ж.С хоёрыг гаргаад явуулсан...” /хх-ийн 110-р хуудас/ гэх мэдүүлгээс үзэхэд Б.Ж нь хохирогч Ж.Сд туслахыг хүсэж үйлдлээ хэрэгжүүлсэн байна.

Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Сийг “группт гаргаж өгнө” гэж 380,000 төгрөгийг авсан үйл баримт тогтоогдсон боловч шүүхийн хэлэлцүүлэгт прокурорын хүсэлтээр оролцсон хохирогч Ж.С, гэрч М.Т нарын мэдүүлгээр шүүгдэгч Б.Ж нь уг мөнгийг өөртөө хууль бусаар олж авахын тулд Ж.Сийг дээрх сэдэлт, зорилгоор, үгээр буюу үйлдлээр хуурч, эсхүл нэр төр, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж авсан, залилсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3.-т зааснаар гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдлуудын нэг болгон хуульчилжээ.

Хохирогч Ж.С, гэрч М.Таке нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээсээ зөрүүтэй байна.

Мөн прокуророос энэ хэргийн нотлох баримтаар үнэлж ирүүлсэн нотлох баримтууд болох шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 18 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн шинжлэгдэж буй гар аргаар бичигдсэн баримтууд нь шинжилгээнд тэнцэнэ. Гар аргаар бичигдсэн баримтууд нь Б.Жээс авсан бичгийн чөлөөт, туршилтын загвартай тохирч байна...” гэх дүгнэлт. /хх-ийн 34-35-р хуудас/, Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн 134 дугаартай албан бичиг, Ж.Сд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа тогтоосон акт. /хх-ийн 120-121-р хуудас/, шүүгдэгч Б.Жийг Алтанцөгц сумын нийгмийн даатгалын байцаагчаар томилсон тушаал, ажлын байрны тодорхойлолт. /хх-ийн 120-127-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шүүгдэгч Б.Жийг залилан мэхлэх гэмт хэргийг үйлдсэнийг нотлох баримтууд гэж шүүхээс үнэлэх  боломжгүй байна.

Шүүгдэгч Б.Жийг 2019 оны 01 дүгээр сарын 28-ний өдөр хохирогч гэх М.Ж.Сд түүний өвчний түүх /карт/ болон 380,000 төгрөгийг буцааж өгч, өөрийн гараар баримт үйлдэж өгч байсан гэх үндэслэлээр түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар буруутах үндэслэлгүй юм.

Шүүгдэгч Б.Ж нь бусдын эд хөрөнгийг олж авах санаа зорилгыг агуулж, хохирогч Ж.Сийн мөнгийг авсны дараа мөнгө буюу эд зүйлийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн сэдэлт агуулаагүй байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх хангалттай үндэслэл тогтоогдоогүй болно.

Прокуророос шүүгдэгчийг албан тушаалын байдлаа ашиглан залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэж хүндрүүлж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч хэрэгт авагдсан Б.Жийн эрхэлдэг ажил байдлын тодорхойлолтоос үзэхэд шүүгдэгч Б.Ж нь холбогдох хууль тогтоомж, журамд зааснаар нийгмийн даатгалын байгууллагын дэргэдэх “хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоох” эрх бүхий албан тушаалтан биш байна. Өөрөөр хэлбэл уг хэргийн үйлдэл ба үр дагаврын хооронд шууд шалтгаант холбоо байхгүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тэдгээрийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй гэж прокуророос ирүүлсэн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэх шаардлагагүй байна.

Иймд шүүгдэгч Б.Жийн үйлдэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Шүүгдэгчийн холбогдсон үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн шинжгүй...бол шүүх цагаатгах тогтоол гаргана” гэсний дагуу шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэв.

Харин хохирогч М.Ж.Сийн тахир дутуугийн группт гарах зорилгоор 380,000 төгрөгийг бусдаар дамжуулан хахуульд өгөх санаа зорилго байгаа эсэхийг шалгах шаардлагатай.

Энэхүү хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэргийн хамт шүүгдэгчийн хувийн бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Жт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэв.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэг,  36.6, 36.9, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   

1. Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Жт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, Б.Жийг цагаатгасугай.

2. Б.Жт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

4. Цагаатгах тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            А.ДАУРЕНБЕК