Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 142/ШШ2018/00420

 

 

 

 

 

     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г.М-ын  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Ө-т холбогдох,

Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н, хариуцагч Б.ө , хариуцагчийн өмгөөлөгч Х.О-Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.анар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.М шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Г.М миний үеэл ах Б.Б Эрдэнэт үйлдвэр-ийн тооцоолон бодох цехэд ажилладаг байсан бөгөөд 2012-08-22-ны өдөр гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч болох Цагаанчулуут багийн 50-р гудамж 01 тоот хашаа газрыг маань өөрийн төрсөн хүү Б.ө төө бэлэглэлийн гэрээгээр шилжүүлүүлээд оронд нь миний бага хүү одоо 28 настай Б.Шинэбаярыг Эрдэнэт үйлдвэр-т ажилд оруулж өгнө гээд авсан. Гэтэл Б.Б ах, хүүг маань ажилд оруулахгүй байсаар тэтгэвэртээ гараад өөрийн хүүгээ үйлдвэрт ажилд оруулсан боловч намайг хүлээж бай гэсээр өнөөдрийг хүрлээ. Би саяхан ажил бүтэхгүй бол хашаа газраа авьяа гэсэн чинь 2 өрөө байрны үнэтэй газраа чамд өгөхгүй чи оронд нь 8*10 хэмжээтэй өвөл зуны палкаар барьж тоосгоор өнгөлсөн 3 өрөө сууцыг ав гэж намайг доромжиллоо. Би дээрх хашаа газраа хүнд алдаад арай гэж шүүхээр явж байж авсан. Энэ үедээ би надаас хашаа газрыг авсан гээд шүүхдэж байсан хүнд 1 500 000 төгрөгийн өрийг миний өмнөөс төлсөн учир би хүүгээ ажилтай болгож байвал яасан ч яах вэ гээд Б.Б ахын үгэнд итгээд хашаа газраа түүний хүүгийн нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж өгсөн юм. Бэлэг хүлээн авагч Б.ө тэй уулзсан чинь намайг хэл амаар доромжилж хашаандаа байгаа байшинг буулгаж аваад зайл гэх мэтээр доромжиллоо. Тэгээд ч бэлэглэлийн гэрээ хариу төлбөргүй байхад надад хашаа газрын үнэ гэж хэдэн төгрөг өгсөн бөгөөд хашаан дотор байгаа байшингаа намайг ав гэж байна. Иймд 2012-08-22-ны өдрийн Б.ө Г.М бид хоёрын хооронд хийсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү. ...Миний өмчлөлийн Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 50-р тудамж 1 тоот хашаа газрыг Орхон аймгаас хувьчлахгүй гээд байсан учир 2008 оны 4-р сард иргэн Ж.М надаас 3 500 000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон боловч надад 1 500 000 төгрөг өгчихөөд 2001 онд надад хашаа газраа зарсан Ц.Б -абичиг авч газрыг маань хувьчлаад авсан байсан учир би 2010-07-22-ны өдрийн 866 дугаартай шийдвэрээр өөрийн шаардлагаа хангуулж УДШ-ийн хяналтын шатны иргэний хэргийн танхимын 2010-11-30-ны өдрийн 917 дугаартай тогтоолоор шийдвэрийг хэвээр үлдээснээр би хашаа газрынхаа өмчлөгч болсон. Ж.М нотариатын үйлдэл хүчин төгөлдөр бусд тооцуулж дээрх хашаа газрын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлагыг гаргаснаар Г.М би бие дааж шаардлага гарган 50-р гудамж 1 тоот хашаа газрын эзэмшигч мөн болохыг тогтоолгохоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо өөрийн өмгөөлөгчөөр Д.О-ийг авч Ж.Мөнхбаяраас авсан 1 500 000 төгрөгийг өмгөөлөгч Д.Оюунчимэгт 2008-9-23-нд Ж.м өгнө гэхээр нь өгсөн. Энэ 1 500 000 төгрөгийг үеэл ах Б.Батдээжээс аваад өгсөн нь үнэн юм. Гэтэл хариуцагчийн төлөөлөгч Б.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: шүүхийн шийдвэр гарснаас хойш намайг өрнөөс гаргахын тулд сайхан сэтгэл гарган 1 500 000 төгрөгийг Ж.м өгсөн гэжээ. 2008-09-23-ны өдөр Д.Оюунчимэгт 1 500 000 төгрөг өгсөн болох нь түүний надаас мөнгө авсан баримтаар нотлогдоно. Миний хүсэлтээр Ж.Мөнхбаяраас байшинг нь худалдаж авсан гэжээ. Б.Б өөрөө л байшинг худалдаж аваад өнөөдрийг хүртэл бусдад түрээслүүлж ашиг олж байгаа шүү дээ. Ж.М-ын хашаанд маань өөрийн дураараа барьсан тэр байшин надад ямарч хамаагүй болох нь 2010-07-22-ны өдрийн 866 дугаартай шийдвэр, УДШ-ийн 2010-11-30-ны өдрийн 917 дугаартай тогтоолуудаар нотлогдох юм. Хариуцагчийн төлөөлөгч Д.Б анхнаасаа миний хашаа газрыг авах гэсэн санаа зорилго агуулж шүүхээр маргаан 2008 онд явж байх үед буюу 2008-09-23-ны өдөр Ж.м гэж 1 500 000 төгрөгийг надад өгч байсан юм билээ. Миний хүү Б.Шинэбаяр ажилгүй байсан учир хүүг маань Эрдэнэт үйлдвэр-т талбайн үйлчлэгчээр оруулж өгнө гээд мөнгө их хэрэг болно хашаа газраа надад шилжүүлээд өгчих гээд үгэлсээр байгаад Ж.М бид хоёрын маргаантай асуудал шийдэгдсэнээс хойш 2 сарын дараа хашаа газраа намайг шилжүүлсэн гэж тайлбарласан нь худлаа бөгөөд шийдвэр гарснаас хойш нэг жил 9 сарын дараа шилжүүлж авсан юм. Хүүг маань ажилд оруулж өгөхгүй болохоор нь 2014 оноос хойш би Б.Батдээжтэй уулзаж хашаа газраа буцааж авах тухай саналаа хэлэхээр байж бай хүүд чинь машин авч өгнө, ажилд ортлоо таксинд яв, одоохон ажил бүтэх гэж байна гэсээр 2014-04-23-нд 300 000 төгрөг, 2014-07-24-нд 100 000 төгрөг нэг удаа нийт 400 000 төгрөг өгөөд хүүг маань ажилд оруулж өгөөчгүй машин ч авч өгөөгүй өнөөдрийг хүрсэн. Эцэст нь намайг хэл амаар доромжлон наад байшингаа ачаад яв өөр өгөх юм байхгүй гээд байхаар нь аргаа бараад шүүхэд хандсан юм. Б.Б хүүг маань ажилд оруулж өгч чадахгүй болохоор нь би хамаатан болох У.Энхбаярт 2004 онд хүүгээ мөн л Эрдэнэт үйлдвэр-т ажилд оруулуулахаар 6 260 000 төгрөг өгөөд хууртагдсан болохоо мэдэж шүүхээр явж байж мөнгөө 2016 онд буцааж авсан. Үүнийг нотолсон баримтуудаа мөн хавсаргав. Би 2008-09-23-ны өдөр Б.Батдээжээс 1 500 000 төгрөг авчихсан болохоороо түүний үгэнд итгэж явсаар эцэст нь өөрийн төрөөс үнэ төлбөргүй хувьчилж өгсөн ганц хөрөнгөө залилуулчихаад гудамжинд бараг гарчихаад явж байна. Хариуцагч Б.Батдээжийнх 3 хүүхэдтэй хүүхдүүд нь бүгд ажил албатай, 6-5-97 тоот 2 өрөө тохилог орон сууцанд амьдардаг. Бага хүү Б.ө ийгөө Эрдэнэт үйлдвэр-т 2016 онд Холбоо мэдээлэлийн цехэд цахилгаанчинаар оруулсан тэнд ажиллаж өндөр цалин орлоготой хүн миний муу хашаагаар тутахгүй шүү дээ. Хариуцагч Б.Б 2008 оноос Цагаанчулуут баг 50-р гудамж 1 тоот хашаа газрыг маань хувьчилж эхэлснээр газарт маань шунаж надад тусалсан дүр эсгэн явсаар 4 жилийн дараа миний эмзэг асуудал болох ажилгүй хүүг маань ажилд оруулах нэрээр хашаа газрыг маань залилан авсан байж намайг нохой зан гаргаж нохойтлоо гээд яах билээ. Бэлэглэлийн гэрээ гэж хариу төлбөргүй байх учиртай байтал 2008-09-23-нд 1 500 000 төгрөг, 2014 онд 400 000 төгрөг, 7 700 000 төгрөгийн үнэ бүхий хувийн сууц зэргүүдийг төлбөр болгон өгч байгаагаа юу гэж тайлбарлах болоо. Би өрх толгойлсон, хэдэн хүүхдээ амьдралд нь хүрэлцэх цалин орлоготой болгох гэж хамаатан садангууддаа итгэн нэхсэн мөнгө болон үл хөдлөх хөрөнгөө өгч өөрийгөө хохироосоор явна. Би ахдаа итгээд л хүүг маань ажилд оруулчихвал болоо гэж бодоод түүний хүсэлтээр хашаа газраа хүүгийнх нь нэр дээр болгосон. Би хүнд байгаа ганц хөрөнгөө бэлэглээд байх баян хүн биш, өнөө маргаашаа өнгөрөөж хоёр идэж хоосон хонохгүй л амьдарч явна. Иймд 2012-08-22-ны өдөр хийгдсэн бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хүүг маань ажилд оруулна гэж хахууль авсан, 56.1.3-т заасан Үл хөдлөх хөрөнгийг худалдах-худалдан авах гэрээ-г халхавчлан хийсэн зэрэг үндэслэлүүдээр хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ... 2014 онд хүүг маань ажилд оруулж чадахгүй бол хашаа газраа авъя гэхээр хүлээж бай гээд Б.Б Г.Мягмарсүрэнгийн ХААН банкан дахь дансанд нь 400 000 төгрөг хийсэн. 2018 оны 2-р сарын эхээр хүүг нь ажилд оруулахгүй болсон нь тодорхой болсон учир хашаагаа суллаж өгөхийг хүсэхэд нь энэ байшинг аваад яв гэж хэлсэнээр шүүхэд хандсан байна. 2012-08-22-ний өдрийн 2 талын гэрээг хийхдээ Иргэий хуулийн 276-р зүйлийн 276.1, 276.2 дахь хэсгийн заалтуудыг үндэслэсэн байна. Иргэний хуулийн 276.1-д Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ гэжээ.Гэтэл бэлэглэгч Г.М бэлэг хүлээн авагч Б.ө тэй энэ талаар огт ярилцаагүй болох нь нотлогддог. Иргэний хуулийн 276-р зүйлийн 276.2-т Эд хөрөнгө шилжүүлснээр бэлэглэлийн гэрээг байгуулсанд тооцно гэжээ. Г.М Б.ө т бус Б.Батдээжид шилжүүлсэн болох нь төлбөр төлсөн баимтуудаар нотлогдож байна. Бэлэглэлийн гэрээ өөрөө хариу төлбөргүй байх учиртай байтал Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хүүг нь ажилд оруулахын шан харамж гэж, мөн 56.1.3-т заасанчлан худалдах-худалдан авах гэрээг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл болох нь тодорхой байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.ө ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г.М нь миний хүү Б.ө т холбогдуулж өргөдөл гаргажээ. Энэ нь намайг хүүхдийг нь ажилд оруулж өгөөд хашаа газрыг хүүхэддээ бэлэглэлийн гэрээгээр шилжүүлүүлсэн гэжээ. Бид уг нь үеэлүүд юм. Би Эрдэнэт үйлдвэр-т ажиллаж байгаад тэтгэвэртээ гарахдаа орондоо өөрийн хүү ө ийг ажилд оруулсан. Энэ бол Эрдэнэт үйлдвэр-ийн хамтын гэрээнд заасны дагуу зөвхөн өөрийн хүүхдийг ажилд оруулах зохицуулалтаар болсон явдал. Өөр хүний хүүхдийг оруулах боломжгүй тул Мягмарсүрэнгийн хүүхдийг ажилд оруулж өгнө гэж хэлээд хашаа газрыг авсан гэдэг нь худлаа. Г.М нь хэдэн жилийн өмнө энэ хашаа газраа М гэдэг хүнд зарчихаад шүүхээр заргалдаж байгаад газраа буцааж аваад тэр хүнээс авсан мөнгөө буцааж өгөх гэсэн боловч мөнгийг нь үрчихсэн гээд өгч чадахгүй надаас мөнгө гуйгаад би түүнд тусалж 1 500 000 төгрөг өгч өрнөөс гаргасан юм. Өөрөө ч үүнийг хүлээн зөвшөөрсөн байна. Тэгээд шүүхээр заргалдаад хашаа газраа авахаар шийдвэр гарсан ч нөгөө худалдаж авсан хүнд хашаан дотор барьсан байшингийнх нь үнэ бил үү нүүлгэх зардал ч бил үү хэдэн төгрөг өгөхөөр болсон гээд л яваад байдаг байсан. Тэгээд та энэ хүний байшинг авчих. Надад мөнгө байхгүй. Би таньд хашаа газраа өгье гэхээр нь ярьж байгаад дутуу барьсан байшинг нь 7 700 000 төгрөгөөр Мөнхбаяраас худалдаж авсан юм. Ингээд М нь өр ширнээс гаргалаа гэж баярласан сэтгэлээр хашаа газраа миний хүү ө ийг ав гэсэн. Тэгж хэлчихээд М нэг хэсэг манайхаар орж гарахаа больсон. Бид нар ч хашаа газрыг нэр дээрээ яаж шилжүүлж авах ёстойг ч мэдэхгүй, юу ч бодсон юмгүй, нөгөө дутуу байшингаа нөхөж гүйцээж байтал 2 сар гаран болсны дараа гэнэт хүрч ирээд Байшингаа сайхан болгочихож, одоо хашаа, газраа шилжүүлж өгөхөөс өөр аргагүй боллоо доо гээд инээж хөхрөөд л нотариат орж бэлэглэлээр шилжүүлдэг юм гээд хүүг дагуулж яваад бэлэглэлийн гэрээ хийсэн. Бид нар ч баяртай л байсан. Хүүгээ өмч хөрөнгөтэй болголоо гээд. Манай эхнэр ёс төр болоод л 100 000 төгрөг хадагтай хүүдээ өгөөд Мягмарсүрэнд өгүүлж байсан. Хариу бэлэг барь гэж өгч байгаа нь тэр юм. Түүнээс хойш зүв зүгээр сайхан харьцаатай явж байснаа 6-7 жилийн дараа гэнэт надтай биш хүүтэй уулзаад Одоо энэ газар үнэд орлоо. Би ядарсан хүн, газраа авна гэх зэргээр маргаан үүсгээд сүүлдээ шүүхээр заргалдаж авна гээд салсаны дараа үнэхээр шүүхэд өргөдөл гаргажээ. Манай энэ дүү үнэхээр муу хүн юм байна. Тэр М гэдэг хүнд хашаа газраа зарчихаад эргэж нохойтсоор байгаад буцааж авсан. Тэгээд тэр хүнд төлөх ёстой мөнгөө төлж чадахгүй, надаар байшинг нь худалдаж авахуулчихаад одоо намайг худал ярьж хашаа газрыг нь авсан мэтээр гүжирдэж бэлэглэсэн бэлгээ буцааж авах гэж байдаг маш зальтай. Ингэж яваад сурсан хүн байна. Тэрээр өргөдөлдөө намайг хэдэн төгрөг өгсөн гэжээ. Миний хүүд өөрөө хүсэж хашаа газраа бэлэглэхээс өмнө би түүнд 1 500 000 төгрөгөөр тусалсан. Ядарсан үеэл дүүдээ л тус болсон хэрэг шүү дээ. Бэлэглэлийн гэрээ хийгээд гэрчилгээ хүүгийн нэр дээр гарсны дараа түүнийг гэртээ дуудаж дайлж цайлаад бэлэгний хариу бэлэг болгож өгсөн 100 000 төгрөгийг хашаа газрын үнэ гэж байгаа бололтой. Монгол хүн хүний өгсөн бэлгийн хариуд бэлэг барьдаг заншлаар л тэгсэн юм даа. Хожим ингэнэ гэж санасангүй. Бид ийм бэлгийг бэлэглэлийн гэрээ хийдэг гэж мэддэггүйгээсээ болоод өдий хүртэл зүгээр л яваад байх байсан байж ч магадгүй. Хэрэв тэгсэн бол хэлэх үггүй энэ хашаа газрыг буцааж өгөх байсан байна. Азаар тэр үед М эрх биш ахыгаа бодож хууль номын дагуу хийсэн байгаад олзуурхаж байна. Өөрөө хүсэж хүүг минь дагуулж гүйж бэлэглэлийн гэрээ хийчихээд одоо хүчин төгөлдөр бусад тооцуулна гэдгийг уншаад үнэхээр гайхаж байна. Тэр үед хүү маань дөнгөж 22-хон настай байсан ч өмч хөрөнгөтэй боллоо гээд л ах дүү нартаа яриад л баярлаад л байсан даг. М ч гэсэн бас баяр хөөртэй л байсан ш дээ. Хожим ийм юм хийнэ дээ гэж дотроо бодож явсныг даан ч мэдсэнгүй. Энэ бэлэглэлийн гэрээг яагаад хүчин төгөлдөр бусд тооцуулах гээд байгааг ойлгохгүй байна. Хууль номын дагуу Мягмарсүрэнгийн өөрийнх нь хүслээр хийгдсэн гэрээ шүү дээ. Тийм учраас энэ өргөдөлийг зөвшөөрөхгүй. ...Г.Мягмарсүрэнгийн өмнөөс Ж.Н гэдэг хүн 2018-04-05-нд Г.Мягмарсүрэнгийн дээрхи нэхэмжлэлийг дэмжиж тайлбар гаргасан байна. Ж.Н гэдэг хүн Г.Мягмарсүрэнгийн өмнөх нэхэмжлэлд дурьдсан зүйлээс огт өөр зүйл бичсэн байх тул би дахин тайлбар хийхэд хүрлээ. Г.М бэлэглэлийн гэрээгээр хашааны газраа шилжүүлж өгсөн тохиролцоо нь намайг 7 500 000 төгрөг Г.Мягмарсүрэнд өгөх, хүү Б.Шинэбаярыг нь Эрдэнэт үйлдвэр ХХК-д ажилд оруулах байсан гэжээ. Үүнд тус бүрт нь хариулт өгъе. Энэ бол огт худлаа. Надад гэр хороололд хашаа, газар дутуу барьсан байшинг 15 000 000 орчим төгрөгөөр худалдаж авах шаардлага огт байгаагүй. Г.М өөрөө М гэдэг хүнд наймаа буцсаны төлбөр гэж мөнгө өгөх шүүхийн шийдвэр гараад түүнийгээ төлж чадахгүй тэр хүний дутуу барьсан байшинг аваач гэж гуйсан. Өөрөө надад биш хүү ө т маань хашааны газраа бэлэглье гээд бэлэглэсэн. Хүү маань баярлаад зөвшөөрсөн. Хоосон хашааны газар тухайн үед тийм их үнэ хүрэх ч үгүй. Тийм тохироо байхгүй хийгээгүй. Би Эрдэнэт үйлдвэр-т олон жил ажиллаад 2015 оны 10 дугаар сарын 12-нд өндөр насны тэтгэвэртээ гарсан Түүнээс хойш 2015-2016 онд Эрдэнэт үйлдвэр ХХК, ҮЭХолбооны хооронд байгуулагдсан хамтын гэрээний 2 дугаар зүйлийн 2.5-д заасны дагуу хүү ө ажилд орсон. Би Г.Мягмарсүрэнгийн хүүг ажилд оруулж өгдөг эрх мэдэлтэй хүн биш, Хамтын гэрээнд заасны дагуу хүүгээ л ажилд оруулах эрхтэй. Энэ бол худлаа. Г.Мягмарсүрэнгийн амьдрал нь тийм ч сайн биш. Би байнга тусалж дэмжиж байсан. Байсхийгээд л ахаа мөнгө байна уу гээд л хүрээд ирнэ эсвэл утсаар ярина. 2014 онд 400 000 дансанд хийсэн нь хашаа газрын үнэнд өгсөн маягийн юм бичсэн байна. Байнгын шинжтэй тусламжийн нэг хэсэг. Заримдаа буцааж өгнө. Заримдаа өгөхгүй. Ах дүүгийн ёсоор л тусалж явсан. Надаас Г.М мөн ч олон удаа их багаар мөнгө авч байсан даа. Гэтэл шилжүүлсэн энэ мөнгийг баримтаар ө биш Батдээжид хашаа байшинг шилжүүлсэн нь нотлогдож байна гэжээ. Бэлгэлсэнээс хойш 2 жилийн дараа шилжүүлсэн энэ 400 000 төгрөг хашааны үнэ биш. Түүний надаас зээлсэн мөнгө. Г.М өөрөө сайн дураараа ө т хашааны газраа бэлэглэсэн. Хүү зөвшөөрсөн. Зөвшөөрсөн гэдэг нь хүү маань түүний ярихыг сонсоод маш их баярласан. Тухайн үед эцэг эхтэйгээ амьдардаг хүүхдэд хашаа газар зүгээр өгөхөд баярлана шүү дээ. Баярлалаа Мягаа эгчээ гээд л талархаад байсан. Зальтай хүн гэдгийг би мэдэхгүй явж. Дүү минь хүнд мэхлүүлээд яваа юм байна гэж бодож явсан чинь үгүй юм байна гэжээ.

Хариуцагч Б.ө шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...аав хүүхдийг нь ажилд оруулж өгнө гээгүй. Эрдэнэт үйлдвэр-ийн дотоод журамд эцэг эхийнхээ оронд ажилд орохоор байдаг. Манай аав хүнийг ажилд оруулж өгдөг албан тушаалтан биш. Газраа надад л бэлэглэсэн. Байшинг нүүлгэж чадахгүй, ө төө бэлэглэнэ гээд л бэлэглэсэн.... гэсэн.

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.М нь Б.ө т холбогдуулан 2012 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 50 дугаар гудамжны 01 тоот нэгж талбарын 18429432044795 дугаартай, улсын бүртгэлийн Г-2101009088 дугаарт бүртгэгдсэн гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 626 м2 газрын бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ... Б.Б нь Эрдэнэт үйлдвэр-ийн тооцоолон бодох цехэд ажилладаг байсан бөгөөд 2012-08-22-ны өдөр гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч болох Цагаанчулуут багийн 50-р гудамж 01 тоот хашаа газрыг маань өөрийн төрсөн хүү Б.ө төө бэлэглэлийн гэрээгээр шилжүүлүүлээд, оронд нь миний бага хүү Б.Шинэбаярыг Эрдэнэт үйлдвэр-т ажилд оруулж өгнө гээд авсан. Гэтэл Б.Б ах, хүүг маань ажилд оруулахгүй байсаар тэтгэвэртээ гараад өөрийн хүүгээ үйлдвэрт ажилд оруулсан боловч намайг хүлээж бай гэсээр өнөөдрийг хүрлээ. ...Б.Б ахын үгэнд итгээд хашаа газраа түүний хүүгийн нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж өгсөн юм. Бэлэглэлийн гэрээ хариу төлбөргүй байхад надад хашаа газрын үнэ гэж хэдэн төгрөг өгсөн бөгөөд хашаан дотор байгаа байшингаа намайг ав гэж байна. Иймд 2012-08-22-ны өдрийн Б.ө Г.М бид хоёрын хооронд хийсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү... гэсэн.

2012 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Г.Мягмарсүрэнгээс Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут баг 50-01 тоот өмчлөлийн газрыг бэлэглэлийн гэрээгээр Б.ө т шилжүүлжээ.

Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ, 276.2-д эд хөрөнгө шилжүүлснээр бэлэглэлийн гэрээг байгуулсанд тооцно, 276.3-д хуулиар тогтоосон хэлбэрээр гэрээ хийснээр өмчлөх эрх үүсдэг хөрөнгийн хувьд бэлэглэлийн гэрээг тухайн хэлбэрээр хийнэ гэж тус тус заажээ.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д заасан бэлэглэлийн гэрээний харилцаа үүссэн байх ба, гэрээ нь хуулиар тогтоосон журмын дагуу хийгдсэн байна.

Иргэний хуулийн 279 дүгээр зүйлийн 279.1-д ямар нэгэн болзол хангасан, эсхүл тодорхой зорилгод хүрсэн нөхцөлд бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр болохоор талууд тохиролцож болохыг заажээ. Өөрөөр хэлбэл гэрээний талууд болзол буюу зорилгоос хамаарч гэрээ хүчин төгөлдөр болох, биелүүлээгүй бол бэлэглэгч гэрээнээс татгалзах талаар тохирч, энэ байдал гэрээний нөхцөл болсон байх учиртай.

Нэхэмжлэгч Г.Мягмарсүрэн, Б.ө нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээнд, Г.Мягмарсүрэнгийн хүү Б.Шинэбаярыг, Б.ө ийн аав Б.Б ажилд оруулж өгөх, энэ нөхцөл нь гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөх эсэх нь тодорхойгүй байх ба, энэ талаар тохирсон болох нь нотлогдохгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, бэлэглэлийн гэрээ өөрөө хариу төлбөргүй байх учиртай байтал Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хүүг нь ажилд оруулахын шан харамж гэж, мөн 56.1.3-т заасанчлан худалдах худалдан авах гэрээг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэж тайлбарласан.

Иргэний хуулийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн гэж хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг хэлнэ. Мөн хуулийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэдгийг тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан, халхавчилж болон халхавчлуулж буй хоёр хэлцэл хийгдсэнээр бий болдог хэлцлийг ойлгоно.

Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзэхэд Г.Мягмарсүрэн, Б.ө нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээ нь хууль зөрчиж болон нэхэмжлэгчийн тайлбарласан худалдах худалдан авах гэрээг халхавчлах зорилгоор хийсэн гэж үзэх үндэслэлүүд нотлогдохгүй байна.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 143 000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээхээр заав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3-т заасныг тус тус баримтлан Г.М Б.ө нарын хооронд байгуулагдсан 2012 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 50 дугаар гудамжны 01 тоот нэгж талбарын 18429432044795 дугаартай, улсын бүртгэлийн Г-2101009088 дугаарт бүртгэгдсэн гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 626 м2 газрын бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах Г.Мягмарсүрэнгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 143 000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА