Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 142/ШШ2018/00440

 

 

 

 

 

 

     

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Г.Д-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ОА И ХХК /регистрийн дугаар /-нд холбогдох,

А И- ХХК-ийн захирлын 2018.01.10-ны өдрийн 18/21 дугаартай тушаалыг хүчингүйд тооцуулж, сэрээт ачигчийн операторын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 2 700 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.д , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.э , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, гэрч С.н , Б. т, Г.П , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.а нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Г.д А И- ХХК-д 2011 оны 09 сард дагалдан оператороор ажилд орсон бөгөөд 7 дахь жилдээ сэрээт ачигчийн оператороор ажиллаж байсан юм. Ажиллаж байх хугацаандаа ямар нэг сахилгын зөрчил, алдаа дутагдал гаргаж байгаагүй бөгөөд ажлаа сайн хийж гүйцэтгэж байсан болно. А И- ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018.01.10-ны өдрийн 18/21 дугаартай тушаалаар намайг үндэслэлгүйгээр ажлаас халсныг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Тус ажлаас халсан тушаалыг 2018.01.23-ны өдөр хүлээн авсан болно. Уг тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь эмнэлгийн хуудас хуурамчаар бүрдүүлсэн, сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.2, 40.1.4, 131.1.3, Компаний дүрмийн 11.14, Хөдөлмөрийн дотоод журмын 5.5, 5.6, 7.36, 10.1, 10.10, 10.13, 10.13.7, 10.13.11-д заасан үндэслэлээр ажлаас халсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би 2017.12.04-ний өдрөөс 2017.12.15-ны өдрийг хүртэл эмнэлгийн чөлөөтэй байсан юм. Би ажилдаа 2017.12.18-ны өдөр очих ёстой байтал 2017.12.19-ний өдөр очсон болно. 2017.12.18-ны ажлын 1 өдөр тасалсан юм. Гэтэл тушаалдаа 10 хоногийн ажил тасалсан гэдэг нь үндэслэлгүй учраас шүүхэд хандаж байгаа юм. Иймд А И- ХХК-ийн захирлын 2018.01.10-ны өдрийн 18/21 дугаартай тушаалыг хүчингүйд тооцож, ажилд маань эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны 2 сарын цалин 1 350 000*2 сар=2 700 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ачит-Ихт ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д би Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн Баянталын 2-42 тоотод оршин суугч Гүндсамба овогтой д оос Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд А И- ХХК-ийн Орхон аймаг дахь салбар үйлдвэрийн сэрээт ачигчийн операторийн ажлаас үндэслэлгүй халагдсан учир эрхэлж байсан ажилдаа эргүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны хоёр сарын цалин 2 700 000 төгрөгийг А И- ХХК-аас гаргуулах талаар гаргасан нэхэмжлэлтэй уншиж танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд: Г.д нь А И- ХХК-ийн Орхон аймаг дахь катодын зэс боловсруулах салбар үйлдвэрт 2011 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн захиргааны хэлтэст сэрээт ачигчийн оператороор томилогдон ажиллаж байсан. Г.д нь ажиллаж байх хугацаандаа шалтгаангүйгээр ажил тасалсан үйлдэлдээ 2013, 2016 онд тус тус сахилгын шийтгэл хүлээж байсан байна. Сэрээт ачигчийн оператор Г.д нь 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс ажилдаа ирэхгүй хайчсан нь мэдэгдэхгүй хэл сураггүй алга болж байгаад ажлын 11 хоногийн дараа буюу 12 дугаар сарын 19-ны өдөр ажилдаа ирэхдээ эмнэлгийн акт бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлж авч ирсэн юм. Манай үйлдвэр нь ажилчдын сахилга бат, ажлын хариуцлага, байгууллагын дотоод дэг журмыг сайжруулах зорилгоор ажилчид эмнэлэгт үзүүлэх шаардлага гарсан, өвчилсөн тохиолдолд эхлээд үйлдвэрийн эмчид үзүүлж зөвлөгөө авах, өөрөө ирж чадахгүй бол утсаар мэдэгдэж цаашид хэрхэх тухай асуудлыг шийдвэрлүүлж байх, хэрвээ эмнэлэгт хэвтэх гэрээр эмчлүүлэхээр болсон тохиолдолд нэн даруй мэдэгдэж байхыг нийт ажилтнуудад үүрэг болгосон салбар үйлдвэрийн үйл ажиллагаа эрхэлсэн захирлын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 3/124 тоот журам тогтоох тухай тушаалаар журамлаж мөрдөн ажиллаж байгаа болно. Гэтэл Г.д нь энэ журмыг зөрчин үйлдвэрийн эмчид болон шууд удирддаг тээвэр ложистик хариуцсан ажилтан, захиргааны хэлтсийн менежер нарт дээрхи ажил тасалсан бүтэн 11 хоногийн хугацаанд огт мэдэгдээгүй байна. Энэ хугацаанд үйлдвэрийн захиргааны зүгээс Г.д ийг эрэн сурвалжилж аймгийн прокурорын газрын ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан прокуророор дамжуулан эрүүлжүүлэх баривчлах байруудаар асууж лавлахад Г.д нь 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр эрхийн үнэмлэхгүйгээр согтуугаар 31-57 улсын дугаартай ниссан маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан зөрчил гаргасан болох нь дэслэгч М.э-ын зөрчлийн тухай тэмдэглэл, согтуурал шалгасан лавлагаа /2,09%/ зэргээр тогтоогдож материаллаг зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5-д зааснаар арга хэмжээ авахуулах саналтайгаар Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Замын цагдаагийн тасгаас ирүүлсэн энэ материалын дагуу Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар Г.д ид холбогдох зөрчлийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцээд шүүгчийн 706 тоот шийтгэвэрээр зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5-д зааснаар Г.д ийг 10 цагийн албадан сургалтанд хамруулж 7 /долоо/ хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан байна. Ажлаасаа чөлөө авч ажлаа зохицуулах хүсэлтэй байгаа тул оногдуулсан шийтгэвэрийг боломжит хугацаагаар хойшлуулж өгнө үү гэсэн Г.д ийн хүсэлтийн дагуу шүүх зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 8.2-т зааснаар 7 /долоо/ хоногоор баривчлах шийтгэлийг 6 /зургаа/ хоногоор хойшлуулсан байна. Энэ шийтгэвэрийн дагуу Г.д нь 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 11:50 цагаас 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 11:50 цаг хүртэл баривчлах байранд байж байгаад гарсан болон энэ хугацаанд биед нь харагдах ил шарх сорив бэртэл гэмтэлгүй, архаг хууч өвчингүй гэсэн баривчлах байрны эмч дэслэгч Даариймаа цагдаа дэд ахлагч Батбаяр нарын хийсэн тэмдэглэл баривчлах байранд Г.д ийг хүлээн авч хяналт тавьсан бүртгэл зэрэг нотлох баримтаар Г.д нь захиргааны зөрчил гаргаж баривчлах байранд долоо хоносон нь батлагдаж байгаа юм. Үүний хамтаар тус үйлдвэрийн цахим цагийн бүртгэл, хүний нөөцийн ажилтан С.н үйлдвэрийн эмч Ч.Пүрэвмаа нарын тайлбар тодорхойлолт Г.д ийн өөрийнх нь 2018 оны 01 дүгээр сарын 16-нд гаргасан тайлбар өргөдөл зэрэг нотлох баримтуудаар Г.д нь эмнэлгийн акт бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлсэн нь тогтоогдсон тул А И- ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 18/21 тоот тушаалаар Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.2, 40.1.4, 131.1.3 компанийн хөдөлмөрийн дотоод журмын 5.5, 5.6, 7.36, 10.1, 10.10, 10.13, 10.13.7 /бичиг баримт эмнэлгийн акт, магадалгаа хуурамчаар бүрдүүлсэн/ 10.13.11-дэх заалтуудыг тус тус үндэслэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болохыг тайлбарлая. Иймд нэхэмжлэгч Г.д ийн Орхон аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч биелүүлэх боломжгүй гэж үзэж байна. Г.д нь хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлсөн тухай компанийн Гүйцэтгэх захирлын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 18/21 тоот тушаалыг эх хувиар нь 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 16:00 цагт салбар үйлдвэрийн Хүний нөөцийн ажилтан С.н ээс хүлээн авч гарын үсэг зурсан бөгөөд тойрох хуудсаа 01 дүгээр сарын 11-нд хүлээн авч ахлах нягтлан бодогч, кассын нярав, агуулахын ажилтан, технологийн ажилтан, хүний нөөцийн ажилтан болон шууд удирддаг захиргааны менежер зэрэг холбогдох хүмүүсээр гарын үсэг зуруулж ажлын хувцас болон бусад тооцоо хийсэн бөгөөд өөрийн хариуцаж байсан техник сэрээт ачигчаа оператор М.Булгантамирт мөн өдөр хүлээлгэн өгч ажлын газрын үнэмлэхээ хүний нөөцөд хүлээлгэн өгч тооцоо дууссан талаархи баримт материалууд нь манайд байгаа юм. Иймд нэхэмжлэгч Г.д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ажлаас халсан тушаалыг 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авсан мөртлөө 2018 оны 01 дүгээр сарын 23-нд хүлээн авсан гэж бичсэн нь огт үндэслэлгүй бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаад 12 хоносны дараа буюу 2018 оны 01 дүгээр сарын 23-нд Орхон аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Иймд энэ баримтууд нь шүүх Г.д ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болж байгааг та бүхэн анхааралдаа авна гэдэгт итгэж байна гэжээ.

Зохигчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.д нь А И- ХХК-нд холбогдуулан тус компанийн захирлын 2018.01.10-ны өдрийн 18/21 дугаартай тушаалыг хүчингүйд тооцуулан, сэрээт ачигчийн операторын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2 700 000 төгрөг гаргуулах-аар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Г.д нь 2011 оны 9 дүгээр сараас эхлэн А И- ХХК-д сэрээт ачигчийн оператораар ажиллаж байгаад тус үйлдвэрийн захиралын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 18/21 дугаартай тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн болох нь талуудын тайлбар, ажлаас чөлөөлсөн тушаал /хх3/ зэргээр нотлогдож байна.

Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн 18/21 дугаартай тушаалд: Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.2, 40.1.4, 131.1.3, Компанийн дүрмийн 11.14, Хөдөлмөрийн дотоод журмын 5.5, 5.6, 7.36, 10.1, 10.10, 10.13, 10.13.7, 10.13.11-д заасныг үндэслэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар заажээ.

Хариуцагч нэхэмжлэлээс татгалзаж буй үндэслэлээ: ... Г.д нь 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс ажилдаа ирэхгүй хайчсан нь мэдэгдэхгүй хэл сураггүй алга болж байгаад ажлын 11 хоногийн дараа буюу 12 дугаар сарын 19-ны өдөр ажилдаа ирэхдээ эмнэлгийн акт бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлж авч ирсэн. Тус үйлдвэрийн үйл ажиллагаа эрхэлсэн захиралын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 3/124 тоот журам тогтоох тухай тушаалаар ажилчид эмнэлэгт үзүүлэх, өвчилсөн тохиолдолд эхлээд үйлдвэрийн эмчид үзүүлж зөвлөгөө авах, өөрөө ирж чадахгүй бол утсаар мэдэгдэж цаашид хэрхэх тухай асуудлыг шийдвэрлүүлж байх, хэрвээ эмнэлэгт хэвтэх гэрээр эмчлүүлэхээр болсон тохиолдолд нэн даруй мэдэгдэж байхыг нийт ажилтнуудад үүрэг болгосон байдаг. Гэтэл Г.д нь үйлдвэрийн эмч болон шууд удирддаг тээвэр ложистик хариуцсан ажилтан, захиргааны хэлтсийн менежер нарт 11 хоногийн хугацаанд огт мэдэгдээгүй. Энэ хугацаанд Г.д ийг эрэн сурвалжилахад 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр эрхийн үнэмлэхгүйгээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан зөрчил гаргаж, Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 706 тоот шийтгэвэрээр 10 цагийн албадан сургалтанд хамруулж 7 хоногийн баривчлах шийтгэл ногдуулж, уг шийтгэлийг Г.д ийн хүсэлтийн дагуу шүүх 6 хоногоор хойшлуулсан байсан. Г.д нь 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 11:50 цагаас 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 11:50 цаг хүртэл баривчлах байранд байж байгаад гарсан, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй... гэж тайлбарладаг.

А И- ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлд хөдөлмөрийн сахилга эд хөрөнгийн хариуцлагын талаар заасан байх ба 10.13-д хөдөлмөрийн гэрээнд заасан болон дараахь ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажилтныг ажлаас шууд халах эрхтэй, 10.13.7-д бичиг баримт, эмнэлгийн акт, магадлагаа хуурамчаар бүрдүүлсэн, үйлдсэн, засварласан бол ажлаас халахаар заасан байна.

Хэрэгт хөдөлмөрийн гэрээ ирээгүй бөгөөд талууд хөдөлмөрийн гэрээндээ юуг ноцтой зөрчил болохыг заасан болох нь тодорхойгүй, Компанийн дотоод журмын 10.13-д ноцтой зөрчил юу болохыг дурьджээ.

Хэдийгээр Г.д ид Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 706 тоот шийтгэвэрээр 10 цагийн албадан сургалтанд хамруулж 7 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулж Г.д ийн хүсэлтийн дагуу 7 хоногийн баривчлах шийтгэлийг 6 хоногоор хойшлуулж, Г.д нь 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 11:50 цагаас 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 11:50 цаг хүртэл баривчлах байранд байж байгаад гарсан болох нь баримтаар нотлогдож, энэ хугацаа нь Г.д ийн өвчтэй байх хугацаатай давхцаж байгаа ч түүнийг эмнэлгийн акт, магадлагааг хуурамчаар бүрдүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь Г.д нь 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр эмчид хандан үзүүлж 2017 оны 12 дугаар сарын 04-08-ны өдрүүдэд акт бичигдсэн, 2017 оны 12 дугаар сарын 09-15-ны өдрийг дуустал мөн акт олгосон нь амбулаториор эмчлүүлэгчдийн карт /хх6-7/, эмнэлгийн магадлагаа, эмнэлгийн хуудас /хх30/ зэргээр нотлогдсон.

Түүнчлэн Орхон аймгийн Прокурорын газрын 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 5/21 дугаартай тогтоолд: А И- ХХК-ийн гомдол мэдээллийн дагуу Үйлс бадрах өрхийн эмнэлгийн эмч Б.Лхагва-Эрдэнэ, Г.д нар нь 0981548 дугаартай эмнэлгийн хуудсанд хуурамч бичилт хийж, бичиг баримт хуурамчаар үйлдэж ашигласан нь тогтоогдоогүй гэж хэрэг бүртгэлтийн 182500029 дугаартай хэргийг хаасан байна.

Иймд Г.д ийг ажлаас халахдаа баримталсан эмнэлгийн акт бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэсэн үндэслэл нотлогдоогүй болно.

Хариуцагч тал Г.д ид ажлаас халсан тушаалыг 2018 оны 01 дүгээр сарын 11-ны өдөр цахимаар ирсэнийг нь танилцуулж гарын үсэг зуруулсан, эх хувиар нь 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гардуулсан гэж тайлбарласан бөгөөд Г.д ид эх хувиар нь гардуулсан нь нотлогдоогүй, гэрч Г.Пүрэвдож, Б. т нарын мэдүүлгүүд зөрүүтэй, тэдний мэдүүлгийг нотолсон баримтууд хэрэгт ирээгүй бөгөөд Г.д хүнээр дамжуулаад 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр авсан гэж тайлбарласан. Тиймээс цахимаар ирсэн тушаалыг танилцуулсан нь гардуулсан гэж үзэхгүй, 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр эх хувиар нь тушаалыг гардуулсан нь баримтаар нотлогдоогүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд Г.д ийг А И- ХХК-ийн сэрээт ачигчийн операторын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 2 700 000 төгрөгийг гаргуулан олгохоор шийдвэрлэв. Нөхөх олговорыг түүний нийгмийн даатгалын дэвтэр, Компанийн цалингийн тодорхойлолтыг үндэслэн гаргав.

Нэхэмжлэгчийн А И- ХХК-ийн захирлын 2018.01.10-ны өдрийн 18/21 дугаартай тушаалыг хүчингүйд тооцуулах гэсэн шаардлагыг нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж буй хэлбэр гэж үзэн шийдвэрийн тогтоох хэсэгт дурьдаагүй болно.

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээ буюу 2 700 000 төгрөгт ногдох 58 150 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар заав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ ннь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Г.д ийг А И- ХХК-ийн сэрээт ачигчийн операторын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 2 700 000 төгрөгийг А И- ХХК-с гаргуулан Г.д ид олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, А И- ХХК-с улсын тэмдэгтийн хураамжаар 58 150 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА