Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2018/01795

 

Г.Дийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 142/ШШ2018/00440 дүгээр шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 81 дүгээр магадлалтай,

Г.Дийн нэхэмжлэлтэй

“А И”ХХК-д холбогдох

“А И”ХХК-ийн захирлын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 18/21 дугаартай тушаалыг хүчингүйд тооцуулж, сэрээт ачигчийн операторын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 2 700 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Г.Дийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Эрдэнэчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дашням, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Г.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Г.Д “А И”ХХК-д 2011 оны 09 сард дагалдан оператороор ажилд орсон бөгөөд 7 дахь жилдээ сэрээт ачигчийн оператороор ажиллаж байсан юм. Ажиллаж байх хугацаандаа ямар нэг сахилгын зөрчил, алдаа дутагдал гаргаж байгаагүй бөгөөд ажлаа сайн хийж гүйцэтгэж байсан болно. “А И”ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018.01.10-ны өдрийн 18/21 дугаартай тушаалаар намайг үндэслэлгүйгээр ажлаас халсныг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Тус ажлаас халсан тушаалыг 2018.01.23-ны өдөр хүлээн авсан болно. Уг тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь эмнэлгийн хуудас хуурамчаар бүрдүүлсэн, сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.2, 40.1.4, 131.1.3, Компаний дүрмийн 11.14, Хөдөлмөрийн дотоод журмын 5.5, 5.6, 7.36, 10.1, 10.10, 10.13, 10.13.7, 10.13.11-д заасан үндэслэлээр ажлаас халсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би 2017.12.04-ний өдрөөс 2017.12.15-ны өдрийг хүртэл эмнэлгийн чөлөөтэй байсан юм. Би ажилдаа 2017.12.18-ны өдөр очих ёстой байтал 2017.12.19-ний өдөр очсон болно. 2017.12.18-ны ажлын 1 өдөр тасалсан юм. Гэтэл тушаалдаа 10 хоногийн ажил тасалсан гэдэг нь үндэслэлгүй учраас шүүхэд хандаж байгаа юм. Иймд “А И”ХХК-ийн захирлын 2018.01.10-ны өдрийн 18/21 дугаартай тушаалыг хүчингүйд тооцож, ажилд маань эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны 2 сарын цалин 1 350 000*2 сар=2 700 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дашням шүүхэд гаргасан хариу тайлбатаа: Г.Д нь “А И”ХХК-ийн Орхон аймаг дахь катодын зэс боловсруулах салбар үйлдвэрт 2011 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн захиргааны хэлтэст сэрээт ачигчийн оператороор томилогдон ажиллаж байсан. Г.Д нь ажиллаж байх хугацаандаа шалтгаангүйгээр ажил тасалсан үйлдэлдээ 2013, 2016 онд тус тус сахилгын шийтгэл хүлээж байсан байна. Сэрээт ачигчийн оператор Г.Д нь 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс ажилдаа ирэхгүй хайчсан нь мэдэгдэхгүй хэл сураггүй алга болж байгаад ажлын 11 хоногийн дараа буюу 12 дугаар сарын 19-ны өдөр ажилдаа ирэхдээ эмнэлгийн акт бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлж авч ирсэн юм. Манай үйлдвэр нь ажилчдын сахилга бат, ажлын хариуцлага, байгууллагын дотоод дэг журмыг сайжруулах зорилгоор ажилчид эмнэлэгт үзүүлэх шаардлага гарсан, өвчилсөн тохиолдолд эхлээд үйлдвэрийн эмчид үзүүлж зөвлөгөө авах, өөрөө ирж чадахгүй бол утсаар мэдэгдэж цаашид хэрхэх тухай асуудлыг шийдвэрлүүлж байх, хэрвээ эмнэлэгт хэвтэх гэрээр эмчлүүлэхээр болсон тохиолдолд нэн даруй мэдэгдэж байхыг нийт ажилтнуудад үүрэг болгосон салбар үйлдвэрийн үйл ажиллагаа эрхэлсэн захирлын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 3/124 тоот журам тогтоох тухай тушаалаар журамлаж мөрдөн ажиллаж байгаа болно. Гэтэл Г.Д нь энэ журмыг зөрчин үйлдвэрийн эмчид болон шууд удирддаг тээвэр ложистик хариуцсан ажилтан, захиргааны хэлтсийн менежер нарт дээрхи ажил тасалсан бүтэн 11 хоногийн хугацаанд огт мэдэгдээгүй байна. Энэ хугацаанд үйлдвэрийн захиргааны зүгээс Г.Дийг эрэн сурвалжилж аймгийн прокурорын газрын ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан прокуророор дамжуулан эрүүлжүүлэх баривчлах байруудаар асууж лавлахад Г.Д нь 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр эрхийн үнэмлэхгүйгээр согтуугаар 31-57 улсын дугаартай ниссан маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан зөрчил гаргасан болох нь дэслэгч М.Эрдэнэбатын зөрчлийн тухай тэмдэглэл, согтуурал шалгасан лавлагаа /2,09%/ зэргээр тогтоогдож материаллаг зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5-д зааснаар арга хэмжээ авахуулах саналтайгаар Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Замын цагдаагийн тасгаас ирүүлсэн энэ материалын дагуу Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар Г.Дид холбогдох зөрчлийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцээд шүүгчийн 706 тоот шийтгэвэрээр зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5-д зааснаар Г.Дийг 10 цагийн албадан сургалтанд хамруулж 7 /долоо/ хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан байна. Ажлаасаа чөлөө авч ажлаа зохицуулах хүсэлтэй байгаа тул оногдуулсан шийтгэвэрийг боломжит хугацаагаар хойшлуулж өгнө үү гэсэн Г.Дийн хүсэлтийн дагуу шүүх зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 8.2-т зааснаар 7 /долоо/ хоногоор баривчлах шийтгэлийг 6 /зургаа/ хоногоор хойшлуулсан байна. Энэ шийтгэвэрийн дагуу Г.Д нь 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 11:50 цагаас 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 11:50 цаг хүртэл баривчлах байранд байж байгаад гарсан болон энэ хугацаанд биед нь харагдах ил шарх сорив бэртэл гэмтэлгүй, архаг хууч өвчингүй гэсэн баривчлах байрны эмч дэслэгч Даариймаа цагдаа дэд ахлагч Батбаяр нарын хийсэн тэмдэглэл баривчлах байранд Г.Дийг хүлээн авч хяналт тавьсан бүртгэл зэрэг нотлох баримтаар Г.Д нь захиргааны зөрчил гаргаж баривчлах байранд долоо хоносон нь батлагдаж байгаа юм. Үүний хамтаар тус үйлдвэрийн цахим цагийн бүртгэл, хүний нөөцийн ажилтан С.Наранцэцэг үйлдвэрийн эмч Ч.Пүрэвмаа нарын тайлбар тодорхойлолт Г.Дийн өөрийнх нь 2018 оны 01 дүгээр сарын 16-нд гаргасан тайлбар өргөдөл зэрэг нотлох баримтуудаар Г.Д нь эмнэлгийн акт бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлсэн нь тогтоогдсон тул “А И”ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 18/21 тоот тушаалаар Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.2, 40.1.4, 131.1.3 компанийн хөдөлмөрийн дотоод журмын 5.5, 5.6, 7.36, 10.1, 10.10, 10.13, 10.13.7 /бичиг баримт эмнэлгийн акт, магадалгаа хуурамчаар бүрдүүлсэн/ 10.13.11-дэх заалтуудыг тус тус үндэслэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болохыг тайлбарлая. Иймд нэхэмжлэгч Г.Дийн Орхон аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч биелүүлэх боломжгүй гэж үзэж байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 142/ШШ2018/00440 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Г.Дийг “А И”ХХК-ийн сэрээт ачигчийн операторын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 2 700 000 төгрөгийг “А И”ХХК-с гаргуулан Г.Дид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, “А И”ХХК-с улсын тэмдэгтийн хураамжаар 58 150 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 81 дүгээр магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 142/ШШ2018/00440 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, “А И”ХХК-ийн захирлын 2018.01.10-ны өдрийн 18/21 дугаартай тушаалыг хүчингүйд тооцуулж, сэрээт ачигчийн операторын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 2 700 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57.650 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Г.Д хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Хариуцагчийн гаргасан гомдлын шаардлага болох хуурамч бичиг баримт бүрдүүлж эмнэлэгийн акт бичүүлж, эмнэлэгийн магадлагааг хуурамчаар бүрдүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн атлаа эмнэлэгийн магадлагаа бичсэн эмчийн бичвэр эргэлзээтэй, гаргацгүй, өвчтэй байх хугацааны өдрүүд нь зөрүүтэй гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй юм. Хариуцагчийн гомдлын шаардлагад эмнэлэгийн актанд бичигдсэн эмчийн бичвэрийг гаргацгүй, өвчтэй өдрүүд зөрүүдтэй байна гэж дурьдаагүй ба анхан шатны шүүх хурал дээр ч энэ талаар ярьж хэлж байгаагүй. Миний амьдардаг газрын “Үйлс бадрах” өрхийн эмнэлэгийн эмч Б.Лхагва-Эрдэнэд миний нуруу татаад явж чадахгүй байсан учраас үзүүлж 2017.12.04-ий өдрөөс 2017.12.08-ны өдөр хүртэл, сунгалтаар 2017.12.11-ний өдрөөс 2017.12.15-ны өдрийг хүртэл эмнэлэгийн магадлагаар ажлаас чөлөөлөгдсөн юм. Магадлалд дурьдсан 12.04-12.08, 12.09-12.15 гэсэн  бичвэр зөрүүтэй гаргацгүй гэсэн нь үндэслэлгүй байна. ...Гаргацгүй гэж дүгнэсэн давж заалдах шатны шүүх эмчийн бичвэрийг дүгнэсэн нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын шаардлагатай огт хамааралгүй. ... Давж заалдах шатны шүүх 12-04-нөөс 12.15-ны өдөр хүртэл эмнэлэгийн магадлагаа олгосон бол 11 хоногоор олгогдсон гэж буруу тооцоолсон. Хагас бүтэнсайн өдрүүдийг хасахад 10 хоног байна. /12.04-нөөс 12.15 хүртэл/ 0981548 дугаарын эмнэлэгийн хуудас 12.04-нөөс олгогдсон бол 13 хоногоор лист бичигдсэн нь зөрүүтэй гэх боловч амралтын 4 өдрийг хасахад 11 хоног байна. Магадлалд дурьдсан эмнэлэгийн баримтуудаас харахад намайг өвчтэй байсан гэж үзэх боломжгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож  зөрчил гарган ажлаа тасалсан нь тогтоогдож байна гэсэн нь үндэслэлгүй юм. Давж заалдах шатны шүүх намайг өвдөөгүй байсан гэдгийг ямар үндэслэлээр тайлбарлаж байгаа нь тодорхойгүй. Миний нуруу татаж өвдөөд өрхийн эмнэлэг “Үйлс бадрах”-д үзүүлж байсан тухай өвчтөний амбулторийн картанд бичигдсэн эмчийн бичвэрээр нотлогдоно. ...2017.12.03-ны оройгоос миний нуруу татаж өвдөөд байсан бөгөөд манай хэсгийг хариуцсан Б.Түмэннастын 95091115 дугаартай гар утасруу “ миний нуруу татаад хөдөлж болохгүй байна, маргааш эмнэлэгээр явахгүй бол болохгүй байна гэж байгууллага руугаа мэдэгдсэн. /хх5/ Би өвчтэй байх хугацаандаа зөрчил гаргаж 2017.12.05-ны өдрийн 706 тоот шийтгэвээр 10 цагийн сургалтанд хамрагдаж, 7 хоногийн баривчлах шийтгэлийг 6 хоногоор хойшлуулж 2017.12.11-ийн өдрөөс 2017.12.18-ны өдрийн /11:50цаг/ хүртэл баривчлах байранд байсан юм. Магадлалд өвчтэй байсан бол энэ хугацаанд ямар нэгэн эмчилгээ хийлгэсэн нотлох баримт байхгүй, баривчлах байрны эмчид өөрийгөө өвчтэй байгаа талаар хэлж үзүүлж байгаагүй байна гэж бичсэн байх ба эмч намайг хэвтрийн дэглэм сахиж, шарлага хийлгэхийг зөвлөсөн юм. Энэ хугацаанд баривчлах байранд байсан тул эмчилгээ хийлгэх ямарч боломж байгаагүй юм. ...тухайн үед манайд хүн ирээд ойрхон чинь хүргээд өгөхөөс гээд ...тэр хүнийг хүргэж өгсөн юм. Тэгээд замын цагдаа тааралдаад зөрчил гаргасан ба ийм байдал үүсгэсэндээ маш их харамсаж байна. ...”А И”ХХК-ний хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлд хөдөлмөрийн сахилга, эд хөрөнгийн хариуцлагын талаар заасан байдаг ба 10.3-д хөдөлмөрийн гэрээнд заасан болон дараах ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажилтныг ажлаас шууд халах эрхтэй. 10.13.7-д бичиг баримт, эмнэлэгийн акт, магадлагаа хуурамчаар бүрдүүлсэн, үйлдсэн засварласан бол ажлаас халахаар заасан байгаа болно. Хэрэгт хөдөлмөрийн гэрээ хариуцагч тал гаргаж өгөөгүй бөгөөд хөдөлмөрийн гэрээнд юуг ноцтой зөрчил болохыг заасан болох нь тодорхойгүй. ...Орхон аймгийн прокурорын газрын 2018.02.05-ны өдрийн 5/21 дугаартай тогтоолоор Үйлс бадрах эмнэлэгийн эмч Б.Лхагвасүрэн, Г.Д нар нь 0981548 дугаартай эмнэлэгийн хуудсанд хуурамч бичилт хийж, бичиг баримт хуурамчаар үйлдэж ашигласан нь тогтоогдоогүй гэж хэрэг бүртгэлтийн 182500029 дугаартай хэргийг хааснаар нотлогдож байгаа. Давж заалдах шатны шүүх Г.Д өвчтэй байсан болох нь нотлогдоогүй, 12-04-нөөс 12.18-ны өдрийг хүртлэх хугацаанд ажлаа тасалсан гэж үзэх боломжтой гэж дүгнэсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бодит байдал нийцүүлж үнэлээгүй, хуулийг үндэслэлгүй буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Хэрэгт авагдсан эмнэлэгийн магадлагааг ...гаргацгүй гэж эмчийн бичсэн бичвэрийг шүүх үнэлсэн нь үндэслэлгүй байна. 4 болон 9 –ийн тоог эмчийн бичвэрээс харахад ойлгомжтой 9-ийн тоо засваргүй, ийм л хэлбэрээр бичдэг байх бөгөөд энэ талаар хариуцагч ямар нэгэн тайлбар, маргаан гомдолдоо ч гаргаж бичигдээгүй байхад давж заалдах шатны шүүх эмчийн бичвэрийг эргэлзээтэй мэтээр үнэлж дурьдаж байгаа нь шүүхэд эргэлзээ төрж байна. ...Эмчийн бичсэн бичвэрт шүүх үнэлэлт өгсөн нь бодит байдалд нийцэхгүй байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Г.Д нь “А И”ХХК-д холбогдуулан 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 18/21 дугаар тушаалыг хүчингүйд тооцуулах, сэрээт ачигчийн операторын ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт 2 700 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч зөвшөөрөхгүй, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх хэрэгт байгаа баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмын дагуу үнэлсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч магадлалын тогтоох хэсэгт хууль баримтлаагүй алдааг залруулах үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх үзэв.

Ажил олгогч нь 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 18/21 дугаар тушаалд  Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Компанийн дүрмийн 11.14, Хөдөлмөрийн дотоод журмын 5.5, 5.6, 7.36, 10.1, 10.10, 10.13, 10.13.7, 10.13.11-д заасныг баримталж, эмнэлгийн хуудас хуурамчаар бүрдүүлэн 10 хоног ажил тасалж сахилгын ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр Г.Дийг ажлаас нь халсан байна.

Г.Д нь 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүртэл эмнэлгийн акт, магадлагаатай байсан гэж баримт гаргаж өгсөн боловч эмнэлгийн хуудсан дах огноо зөрчилтэй, захиргааны арга хэмжээ авагдаж 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 18-ны хооронд баривчлах байранд саатуулагдсан байхад энэ хугацаанд өвчтэй байсан гэх эмнэлгийн магадлагаа эргэлзээтэй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэрэгт байгаа баримтад үндэслэгдсэн, уг дүгнэлтийг үгүйсгэх баримт байхгүй тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй байна.

Ажилтан ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон, ажил олгогчийн тушаал хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 69 дүгээр зүйлийн 69.1, 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт нийцсэн гэж үзнэ. Магадлалын тогтоох хэсэгт хууль баримтлаагүй алдааг зөвтгөх боломжтой юм.

 

  Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 81 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...хүчингүй болгож гэсний дараа Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг баримтлан...” гэж нэмж, өөрчлөн магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

               

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                        Х.СОНИНБАЯР

                           ШҮҮГЧ                                                  П.ЗОЛЗАЯА