Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 142/ШШ2018/00557

 

 

 

 

 

 

     

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Ч-т холбогдох

Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, газар худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж 21 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.г , хариуцагч Б.ч , хариуцагчийн өмгөөлөгч О.с , гэрч Г.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.а нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.б нь 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр иргэн Б.ч аас Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд 36-4 тоот хаягт байрлах хашаа байшинг худалдан авсан. Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ, газар худалдах худалдан авах гэрээг нотариатаар гэрчлүүлсэн. Тус үл хөдлөх хөрөнгийг 21 000 000 сая төгрөгөөр худалдан авсан боловч худалдах худалдан авах гэрээг хариуцагч талын хүсэлтээр 11 000 000 төгрөгөөр болгон байгуулсан. 20 000 000 төгрөгийг нь хариуцагчийн дансаар шилжүүлж, 1 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн. Нөгөө талаас хууль болон гэрээнд зааснаар худалдагч нь худалдаж байгаа эд хөрөнгийн үнэн зөв бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч нь уг үүргээ биелүүлээгүй. Тодруулбал миний бие маргаан бүхий хашаа байшингийн хажууд 6000 вольтын цахилгаан станцтай болохыг саяхан олж мэдсэн. Хариуцагч нь надад анх гэрээ байгуулахдаа 3800 вольтын станц хэмээн худал мэдээлэл өгсөн. Гэрээ байгуулсаны дараа Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх станц ТӨХК нь тус газрын айлуудыг 45 хоногийн дотор нүүх шаардлага тавьсан, хэрвээ нүүхгүй бол ямар нэгэн эрсдэл гарвал манай байгууллага хариуцлага хүлээхгүй болохыг илэрхийлсэн баримтанд гарын үсэг зуруулж авсан болохыг мэдэж авлаа. Б.ч т энэ талаар уулзахад мэдэж байсан болохоо хүлээн зөвшөөрч өөр хүнд зарчихгүй юу гэсэн хариуг өгсөн. Иймээс үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, газар худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж 21 000 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.б шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа Хариуцагч Б.ч ын хариу тайлбартай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Хариуцагчийн хариу тайлбарт: худалдах, худалдан авах гэрээг хуулийн шаардлагын дагуу бичгээр хийж, улсын бүртгэлд бүртгүүлсэн гэсэн байна. 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хариуцагч Б.ч гэнэт бичиг баримт хөөцөлдөнө мөнгө төгрөг хэрэгтэй байна гээд бэлнээр 1 сая төгрөг аваад тэр өдрөө 20 000 000 төгрөгийг дансаар нь шилжүүлж өгсөн. Хариуцагчийн энэ үйлдэл нь намайг яаруулж, шаардаж худалдах, худалдан авах гэрээ хийсэн үйлдэл юм. Учир нь тэдний гэр бүл тухайн хашаа байшинд амьдарч байсан. Тэднийх 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр нүүхэд нь би нөхрийн хамт очоод тухайн байшинг шалгахад гал тогооны өрөөний шалыг дутуу цутгаад, түүн дээрээ мод тавьсан байсан нь ялзарчихсан байсан. Үүнийг нь бид өөрсдөө янзалсан. Мөн байшингийн хундааманд нуралт үүссэн ба ч тухайн үед хашаа байшингаа манайд зарахдаа тэр хэсэгт өнгөлөн далдалт хийсэн байсныг нь мэдээгүй. Одоо энэ нь хуураад нураад унаад байгаа. Цонхны дээд доод хэсэгт нь ан цав үүсчихсэн байна. Ингээд дурдаад байвал тухайн байшинд доголдол их байна. Иймд үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, газар худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, 21 000 000 төгрөгөө буцаан гаргуулах хүсэлтэй байна. 6000 вт-ын цахилгаан станц нь манай хашаан дотор биш, гадна нь байгаа бөгөөд энэ нь хэнд ч ил тод харагдаж байгаа. Би уг цахилгаан станцыг юмаар хааж халхалсан зүйл байхгүй. Мөн би 6000 вт станц зараагүй. Харин хашаа байшингийн эргэн тойронд харагдаж буй цахилгаан станцыг өөрөө сайн судлаад шийдвэрээ гаргах эрх өөрт нь байгаа гэсэн байна. Би тухайн үедээ энэ станцын талаар асуухад 380 вт гэж Б.ч худал хэлсэн. Би эндээс цахилгаан авч блок хийдэг байсан гэж хэлж байсан. Гэтэл худалдаж авсны дараа буюу 2018 оны 03 дугаар сарын эхээр манай паар халахаа байгаад арын айлын хүн манай сантехникийг янзалж өгч байсан гэдгийг тэр ахаас сонсоод оруулж ирж, паараа янзлуулахдаа би энэ станц 380 вт-ын станц юм байна гэхэд нь тэр ах үгүй ээ энэ чинь 6000 вт-ын станц байгаа юм, ЭБЦТС-аас ирж энэ хавийн айлыг Мэдэгдэх хуудас-нд гарын үсэг зуруулсан гэж хэлсэн байна. Мөн манай байшингийн дээгүүр цахилгааны утас явсан байсан ба тэр нь яндангийн утаанд түлэгдчихсэн, дахиад цааш нь манай нөхөр лавлаад үзэхэд байшингийн дээврийн ирмэгт байсан цахилгааны утсыг даавуугаар боочихсон байсныг мэдсэн. Тэгээд энэ талаар ЭБЦТС-аас асуухад манайхаас наад утсыг чинь боогоогүй гэж хэлсэн. Ингээд ЭБЦТС-аас Б.ч ын тухайн мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурсан байсныг мэдээд хуулбарлан авахад тэр мэдэгдэх хуудсан дээр хариуцагч Б.ч тухайн цахилгаан утсыг чангалуулах хүсэлтийг 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр гаргаж байсныг мэдсэн. Ингээд 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр би нөхрийн хамт харицагч Б.ч ынд очиж уулзахад тэр 6000 вт-ын станц мөн. Хэрвээ ямар нэгэн байгалийн эрсдэл болоход хааш хааш 25 м-ийн зайнд байгаа бүх хүн амьтан эрсдэнэ гэж өөрөө хожим нь хэлж байсан. Ингэж хэлж байсныг нь манай нөхөр болон хариуцагчийн эхнэр гэрчилнэ. Мөн Б.ч наад хашаа байшингаа өөр хүнд зарчихгүй юу эсвэл банкны барьцаанд тавьчихгүй юу? гэж байсан. Энэ асуудлыг мэдснээс хойш манайх тухайн хашаа байшинд амьдрахгүй, хуучин байсан хашаа байшиндаа буюу Орхон аймаг Баян-Өндөр сум Шандын Ундаргын 19-25 тоот амьдарч байгаа. Гэтэл 380 вт-ын станц мэтээр ойлгуулчихаад өмгөөлөгчөөс зөвлөгөө аван худал тайлбар өгчээ. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т Хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдлыг хэлцэл хийгч нэг тал нь нуун дарагдуулсныг нөгөө тал хожим мэдсэн бол хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй." гэж заасан байна. Хариуцагч Б.ч дээр дурдсан үйлдлийг гаргаснаар би худалдах худалдан авах гэрээг байгуулсан. Учир нь хариуцагч Б.ч нь 6000 вт станц мөн буюу бодит нөхцөл байдлыг мэдсээр байж надад буруу ойлголт төрүүлсэн. Би хариуцагчаас маргаан бүхий хашаа байшинг 21 000 000 сая төгрөгөөр худалдаж авсан байхад хариуцагч дээрх хэлцлийг халхавчлах зорилгоор, дүр үзүүлэн байшинг 8 000 000 төгрөг, хашаа газрыг 3 000 000 төгрөгөөр зарсан мэтээр худалдах худалдан авах гэрээ байгуулсан юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна гэжээ.

Хариуцагч Б.ч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Д.б нь үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах гэрээ, газар худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож 21,0 сая төгрөг гаргуулж өгнө үү гэжээ. Миний бие Б.ч нь Орхон аймаг БӨ сум Шанд 36-4 тоот хашаа байшин, газраа зарахаар хашаандаа зар тавьсан байсан ба уг зарын дагуу Д.б 2-З удаа ирж уулзан үзэж байгаад худалдан авахаар болж бид үнэ хөлсөө тохирч 2 талын хүсэл зоригоо илэрхийлэн худалдах худалдан авах гэрээг хуулийн шаардлагын дагуу бичгээр хийж, улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн. Гэрээний дагуу би өмчлөлд нь хашаа байшингаа шилжүүлж, б надад мөнгө төгрөгөө төлсөн болно. Худалдсан үнэ дээр ямар нэгэн маргаан байхгүй ба 20 000 000 төгрөг дансаар харин 1 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн. 21 сая төгрөг гаргуулах, гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлээ намайг худалдаж буй эд хөрөнгийн үнэн зөв бүрэн мэдээллийг өгөөгүй энэ нь хашаа байшингийн хажууд 6000 вт-ийн цахилгаан станцтай болохыг сая олж мэдлээ. Надад анх 380 вт цахилгаан станц гэж худал мэдээлэл өгсөн гэжээ. б уг хашаа байшинг 2-З удаа ирж үзсэн ба цахилгаан станц нь манай хашаан дотор биш, гадна нь байгаа бөгөөд энэ нь хэнд ч ил тод харагдаж байгаа. Би уг цахилгаан станцыг юмаар хааж халхалсан зүйл надад байхгүй, тэгэх ч боломжгүй юм. Худалдаж авахдаа замын ойролцоо таалагдаж байна гэж яриад л авах болсон. Би заавал ав гэж шахаж шаардаагүй. Харин хашааны гадаа байгаа цахилгаан станцын тухайд бол 380вт-ын хүчдэл авч ашиглаж блок хийж байсан тухайгаа хэлсэн. Гэтэл уг байдлыг гуйвуулан 6000 вт-ын цахилгаан станцыг 380 вт-ын цахилгаан станц гэж буруу ойлгуулсан мэтээр бичсэнийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Ер нь бол би Шандын 36-4 тоот хаягт байх хашаа байшинг худалдсан болохоос биш 6000 вт-ын цахилгаан станц зараагүй. Харин уг хашаа байшингийн эргэн тойрон, ойр орчимд харагдаж буй цахилгаан станцыг өөрөө сайн судлаад шийдвэрээ гаргах эрх нь өөрт нь байгаа гэж үзэж байна. Гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох хуулийн үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.б нь Б.ч т холбогдуулан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, газар худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж 21 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Д.б Б.ч нарын хооронд 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум 9 дүгээр баг Шандын 36-4 тоот хашаа байшинг худалдах худалдан авахаар гэрээ байгуулагдаж, нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлж нэхэмжлэгч Д.б нь хариуцагч Б.ч т хашаа байшингийн үнэ 21,0 сая төгрөгийг шилжүүлэн өгсөн үйл баримтын талаар талууд маргахгүй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үнэдсэлэлээ: ...Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т Хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдлыг хэлцэл хийгч нэг тал нь нуун дарагдуулсныг нөгөө тал хожим мэдсэн бол хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй" гэж заасан, хариуцагч Б.ч нь 6000 вт станцын талаар 380 вт гэж буруу ойлголт төрүүлсэн. Хашаа байшинг хувийн сууцны зориулалтаар ашиглах боломжгүй байна. Хариуцагчаас маргаан бүхий хашаа байшинг 21 000 000 төгрөгөөр худалдаж авсан байхад хариуцагч дээрх хэлцлийг халхавчлах зорилгоор, дүр үзүүлэн байшинг 8 000 000 төгрөг, хашаа газрыг 3 000 000 төгрөгөөр зарсан мэтээр худалдах худалдан авах гэрээ байгуулж төрийн байгууллагыг хууран мэхэлсэн. Иймд нэхэмжлэлээ дэмжиж байна... гэж тайлбарласан.

Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана гэж заажээ.

Хашаа байшинг худалдах худалдан авах гэрээ байгуулагдах үед хашааны гадна 6000 вт станц байсан бөгөөд, уг станцын хүчин чадлын талаар үнэн зөв мэдээлэл өгөөгүй нь гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл болохгүй, хариуцагч Б.ч 380вт станц гэж буруу мэдээлэл өгөөгүй болох нь гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна.

Нэхэмжлэгч тал, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл, 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж мэтгэлцэж байгаа. Дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг, харин өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл нь тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан, халхавчилж болон халхавчлуулж буй хоёр хэлцэл хийгдсэн байдаг. Талууд хүсэл зоригоо илэрхийлэн худалдах худалдан авах гэрээ байгуулж эд хөрөнгө худалдан авагчид шилжсэн байх ба, худалдах худалдан авах гэрээгээр өөр ямар нэг хэлцлийг халхавчилсан гэж үзэх, мөн Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т заасан хуурч мэхэлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй гэсэн байх ба, нэхэмжлэгч тал төрийн байгууллагыг хуурсан гэж тайлбарласан. Хэрэв төрийн байгууллагыг мэхэлсэн гэж үзэж байгаа бол нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 59.1-д зааснаар шаардах эрхгүй гэж үзнэ.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэжээ. Худалдах худалдан авах гэрээ 2017.09.26-ны өдөр байгуулагдаж өмчлөх эрх шилжсэн байх ба, шүүхэд нэхэмжлэлийг 2018.03.27-ны өдөр гаргасан байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 262 950 төгрөгийг төрийн санд үлдээхээр заав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасныг баримтлан 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Д.б нь Б.ч нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, газар худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 21 000 000 төгрөг гаргуулах Д.б ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 262 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА