Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 142/ШШ2018/00613

 

 

 

 

 

 

     

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: А.Б 

Нэхэмжлэгч: М.А/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: И Х Ц-нд холбогдох

2017.07.21-ний өдрийн орон сууц захиалан бариулах гэрээ, 2017.07.31-ний өдрийн орон сууц хөлслөх гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулж, 34 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.б , М.а , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х. о, хариуцагчийн төлөөлөгч Н.с , хариуцагчийн өмгөөлөгч Н.м , гэрч Ө.Дашдаваа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2017.07 сард Орхон аймгийн Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн 7А Евро эко төгөл орон сууцны 4-104 тоотыг худалдах худалдан авахаар тус орон сууцны өмчлөгч болох и х ц ХХК-тай тохиролцон 2017.07.21-ний өдөр орон сууц захиалан бариулах гэх гэрээг байгуулсан. Ингээд урьдчилгаа төлбөр болох 24 000 000 төгрөгийг шилжүүлэн, удалгүй Эрдэнэт үйлдвэр ХХК-иас хөнгөлөлт 8 000 000 төгрөгийг шилжүүлэн өгч нийт 32 000 000 төгрөгийг төлсөн. Энэ хугацаанд Орон сууцны ипотекийн зээлийн 8 хувийн зээлд хамрагдах зээлийн гэрээг хөөцөлдөхөд хугацаа орно гэх шалтгаан хэлж тухайн өдөр орон сууцыг түрээслэх гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу биднээс сар бүр түрээсийн төлбөр авах болсон. Түрээсийн төлбөр төлөх нь бидэнд хүндрэлтэй байсан учир хурдан Голомт банктай Орон сууцны ипотекийн зээлийн 8 хувийн зээлд хамрагдах зээлийн гэрээг хийх шаардлагыг удаа дараа тус компанид тавьсан ба тодорхой хариу өгөхгүй шийдэх гэж байна гэсээр удсан. Голомт банкны холбогдох ажилтантай очиж уулзахад Орон сууцны ипотекийн зээлийн 8 хувийн зээлд хамрагдахгүй , тус компани энэ тухай мэдэж байгаа, манай банктай 1 хувийн 18 сарын хугацаатай зээлд хамрагдах гэрээ тус компани байгуулсан өөр нөхцөлөөр тус компанитай тохиролцоогүй, 8 хувийн ипотекийн зээлд хамруулах асуудал байхгүй гэсэн. Ингээд тус компанид дээрх байдлыг хэлж, танай компанийн зүгээс тавьсан нөхцөл биелэгдэх боломжгүй байгаа талаар уулзахад тэгвэл гэрээгээ цуцал, гэрээний дагуу төлсөн мөнгөний 10 хувийг манайд үлдээвэл өнөөдөр бол өнөөдөр мөнгийг шилжүүлнэ эсвэл 1 хувийн 18 сарын хугацаатай Голомт банкны зээлд хамрагд гэсэн хариуг 2018.01 сард өгсөн ба түүнээс хойш гэрээ цуцална, Голомт банкны зээлд хамрагд гэж шахах болсон. Ингээд 2018.03.25-ны өдөр гэрээгээ цуцалж байна, гэрээнээс татгалзаж байна гэж амаар мэдэгдэж , хэрэглээний усыг маань хаасан. Ингэх эрх байхгүй, өдий болтол та нарын хүсэлтийн дагуу бид түрээс, цахилгаан усны мөнгийг төлсөн гэж маргахад бидэнд хамаагүй гэрээгээ цуцалсан гэсэн. Тэгвэл бидний төлсөн урьдчилгаа төлбөр болон түрээсийн гэрээний дагуу төлж байсан мөнгийг буцааж өг гэхэд төлөх боломжгүй, дараагийн худалдан авах хүн гарах хүртэл бид мөнгийг өгөхгүй гэх хариу өгч 7 хоногийн дараа тогийг таслахаа мэдэгдэж байна гэж ажилтан нь хэлсэн. Бидний урьдчилгаа төлбөрийг авсан, тэдний хүсэлтээр түрээсийн гэрээ байгуулсан байхад хууль бус шаардлага гаргаж, Голомт банкны өндөр хувийн хүүтэй зээлд хамрагд гэж шахалт дарамт үзүүлж сүүлдээ хэрэглээний усыг маань хааж эрх ашгийг маань хохироож байна. 2017.07.21-ний өдрийн орон сууц захиалан бариулах гэрээ, орон сууц хөлслөх гэрээ бидний эрх ашгийг хохироож анхнаасаа биелэгдэх боломжгүй хууль зөрчсөн, банкны 8 хувийн ипотекийн зээлд хамруулна гэх амлалт нь биелэгдэх боломжгүй байдлыг нуун дарагдуулж, хуурч хөлслөх гэрээ гэх нэрийн дор 250 000 төгрөгийг сар бүр биднээс авсан гэрээнүүд худалдах худалдан авах гэрээ гэж үзэх үндэслэлгүй тул 2017.07.21-ний өдрийн орон сууц захиалан бариулах гэрээ, орон сууц хөлслөх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, орон сууц худалдаж авахаар урьдчилгаанд төлсөн 32 000 000 төгрөг болон орон сууц хөлслөх гэрээний дагуу төлсөн сар бүрийн 250 000 төгрөг буюу 2 000 000 төгрөг нийт 34 000 000 төгрөгийг и х ц ХХК-с гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч и х ц ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд иргэн А.б , М.а нарын и х ц ХХК-д холбогдуулан Орон сууц захиалан бариулах тухай 89 тоот гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, төлсөн төлбөрөө бүтнээр нь буцаан авах болон орон сууц хөлслөх гэрээний төлбөрт төлсөн мөнгийг буцаан гаргуулах шаардлага гаргасан нэхэмжлэлтэй танилцан, нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. и х ц ХХК болон иргэн А.б , М.а нарын хооронд 2017 оны 07 сарын 21-ний өдөр Орон сууц захиалан бариулах тухай 89 тоот гэрээ байгуулагдсан. Энэхүү гэрээгээр А.б нар нь и х ц ХХК-ийн Орхон аймаг, Эрдэнэт хотод хэрэгжүүлж байгаа орон сууцны 7А хороолол Евро Эко Төгөл төслийн хүрээнд баригдсан 4-р байрны 1 дүгээр давхрын 104 тоот хаягт байрлах 64,9 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг захиалж, гэрээгээр тохиролцсон төлбөрийг гүйцэтгэгчид төлөхөөр тохирсон. Тус гэрээний 2.1 дэх хэсэгт зааснаар орон сууцыг 1мкв-ийг 1 700 000 төгрөгөөр тооцож, нийт үнэ нь 110 330 000 /зуун арван сая гурван зуун гучин мянган/ төгрөг байхаар заасан. Мөн гэрээний 1.2 дахь хэсэгт захиалагч нь гэрээний төлбөрийг хавсралт 2-т заасан хуваарийн дагуу төлөх үүрэг хүлээсэн бөгөөд хавсралт 2-т Нийт 100% дүн болох 110 330 000 төгрөгийн төлбөрийнхөө 30% дүнгийн 24 000 000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 9 099 000 төгрөгийн төлбөрийг 2017.10.05-нд төлнө. гээд үлдэгдэл 70 хувийг хэзээ хэрхэн төлөх нөхцөлийг тохироогүй боловч ипотекийн зээлд хамрагдан төлөхөө илэрхийлж байсан. Гэрээний төлбөрийн 21,7 хувь буюу 24 000 000 төгрөгийг 2017 оны 07 сарын 27-ны өдөр төлж, үлдэгдэл төлбөрөө хугацаанд нь төлөх мөн ипотекийн зээлээ яаралтай хөөцөлдөж, зээл гаргуулах тул захиалсан орон сууцандаа орж амьдрах хүсэлт гаргасны дагуу и х ц ХХК-аас зөвшөөрч, акт үйлдэн орон сууцыг хүлээлгэн өгсөн. Мөн и х ц ХХК-аас захиалагч нарыг урамшуулах зорилгоор 1 болон 9 давхарт орон сууц захиалан авч байгаа захиалагч нарт бүрэн автомат угаалгын машин, 43 инчийн зурагт зэргээс сонгуулж бэлэглэж байсан. А.б нар нь 4 дүгээр байрны 1-р давхрын 104 тоот орон сууцыг захиалан гэрээ байгуулсан тул дээрх эрхийг эдэлж бүрэн автомат угаалгын машин и х ц ХХК-аас бэлэглэснийг өнөөдрийг хүртэл хэрэглэж байгаа болно. Гэрээний хавсралт 2-т заасан урьдчилгаа 30% төлбөрийн үлдэгдэл 9 099 000 төгрөгийг 2017.10.05-нд төлнө хэмээн тохирсон боловч Эрдэнэт үйлдвэр-ээс 8 000 000 төгрөг нь 2018 оны 01 сарын 08-ны өдөр и х ц ХХК-д шилжүүлэгдсэн, үлдэгдэл 1 099 000 төгрөг болон нийт төлбөрийн 70% болох 77 231 000 төгрөг, нийт 78 330 000 төгрөгийн үлдэгдэл өнөөдрийг хүртэл төлөгдөөгүй байна. Гэрээний 3.3 дахь хэсэгт орон сууцыг 100% төлбөр хийсэн захиалагчид барилгыг улсын комисс хүлээн авсны дараа шилжүүлэн өгч, өмчлөх эрхийг нотлох холбогдох бичиг баримтыг шилжүүлнэ хэмээн заасан боловч захиалагчдын хүсэлтээр үлдэгдэл төлбөрөө хурдан хугацаанд төлөх, зээлийн материалаа бүрдүүлсэн байдал, судлуулж байгаа нөхцөл байдал зэргийг харгалзан орон сууцыг хүлээлгэн өгч байсан. и х ц ХХК-ийн ТУЗ-өөс 2017 оны 04 сарын 20-ны өдрийн 2017 тогтоолоор урьдчилгаа 30 хувийн төлбөрөө бүрэн төлөөгүй мөн ипотекийн зээлийн шийдвэрээ гаргуулаагүй өөрөөр хэлбэл орон сууц захиалан бариулах гэрээнд 100 төлбөрөө төлсний үндсэн дээр орон сууцаа хүлээж аваагүй байгаа атлаа и х ц ХХК-д хүсэлт гаргасны үндсэн дээр орон сууцаа хүлээн авсан захиалагч оршин суугчидтай тохиролцон төлбөрөө бүрэн төлөгдөх хүртлээ орон сууцыг чөлөөлж элэгдлийг багасгах эсвэл Орон сууц хөлслөх гэрээ байгуулахыг үүрэг болгосон. Учир нь орон сууцаа хүлээн авч, амьдарч эхэлсэн захиалагч иргэдийн дийлэнх нь үлдэгдэл төлбөр болон ипотекийн зээлээ хөөцөлдөж, гэрээний төлбөрөө төлөхийг яаравчлахаа больж байсан. Тиймээс и х ц ХХК-ийн өмчийн орон сууцанд үлдэгдэл төлбөрөө төлөөгүй атлаа үнэгүй амьдарч байгаа нь зүйд нийцэхгүй, төлбөрийн боломжгүй гэсэн шалтгаанаар гэрээ цуцлагдахад өмнө хүн амьдарч байсан орон сууцыг шинэ орон сууцны үнээр борлуулах боломжгүй болж гүйцэтгэгч компани хохирч байсан. А.б нартай ижил нөхцөлөөр орон сууцаа хүлээн авч амьдарч байгаа захиалагч иргэд энэхүү орон сууц хөлслөх гэрээг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан бөгөөд А.б , М.а нар ч мөн хүлээн зөвшөөрч 2017 оны 07 сарын 31-ний өдөр орон сууц хөлслөх 23 дугаартай гэрээг байгуулж, 2017 оны 08 сараас 2018 оны 02 дугаар сар хүртэл гэрээгээр тохирсон хөлсөө төлж байсан. Үлдэгдэл төлбөрөө гүйцээж төлөх, ипотекийн зээлээ яаралтай хөөцөлдөж зээлийн шийдвэрээ гаргуулахыг удаа дараа шаардсан боловч 8 хувийн ипотекийн зээл олгохгүй байна, санхүүжилтийг нь шийдээгүй гэнэ гэсэн шалтгаан хэлж цаг хугацаа алдуулж байсан. Гэтэл гэрээний үүргээ ухамсарлаж, ипотекийн зээлээ шаргуу хөөцөлдөн зээлийн шийдвэрээ гаргуулж, төлбөрөө төлсөн захиалагчид байгаа бөгөөд захиалагч нараас өөрсдөөс нь шалтгаалж байсан. Гэтэл А.б нар нь гэрээ байгуулагдсанаас хойш ипотекийн зээлд хамрагдах талаар ямар ч үйлдэл хийгээгүй. Монгол Улсын Сангийн сайдаас и х ц ХХК-нд ирүүлсэн 2018 оны 03 сарын 28-ний өдрийн 8-2/1574 тоот албан бичгээр ... 2017 болон 2018 онуудад ипотекийн зээлийн санхүүжилтийг банкуудад хуваарилан Монгол банкны Ерөнхийлөгчийн 2016 оны 10 сарын 25-ны өдрийн А-295 дугаартай тушаалаар батлагдсан Орон сууцны санхүүжилтийн журам-ын дагуу зээл олгогдож байгаа, Монгол Улсын Засгийн газар, Монгол банк ипотекийн зээлийн эх үүсвэрийг шийдвэрлээгүй гэх мэдээлэл нь буруу байна гэж мэдэгдсэн. Мөн гүйцэтгэгч и х ц ХХК нь Орон сууц захиалан бариулах гэрээний 4.1 Орон сууцны үнийг хавсралт 2-т заасан хуваарийн дагуу гүйцэтгэгчид төлнө. Банкны зээл авах зэргээр санхүүжилт олох шаардлагатай бол төлбөрийн хуваарийг мөрдөхөд шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээг урьдчилан авсан байх үүрэгтэй хэмээн заасан үүргийнхээ дагуу Хаан банк, Хас банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банкуудтай хэлэлцээ хийж Монгол банкнаас хуваарилагдсан 8 хувийн зээлээс тодорхой хэмжээгээр и х ц ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан иргэдэд олгуулахаар тохиролцсон. Мөн 2017 оны 06 сараас хойш Голомт банктай хэлэлцээр хийж и х ц ХХК-ийн хэрэгжүүлж байгаа төслийн орон сууцнаас захиалсан иргэдэд банкны өөрийн эх үүсвэрийн 18 хувийн хүүтэй зээл олгох, зээлийн хүүгийн 6 хувийг ' и х ц ХХК төлж, захиалагч иргэн 12 хувийн хүү төлөх, Монгол банкнаас ипотекийн санхүүжилт хуваарилагдсан нөхцөлд 8 хувь руу шилжүүлэх нөхцөлтэйгөөр Хамтран ажиллах гэрээ 2018 оны 01 сарын 30-ны өдөр байгуулсан. Дээрх гэрээ хэлэлцээрүүдийн дагуу 2017 оны 06 дугаар сараас 2018 оны 2 дугаар сар хүртэл хугацаанд и х ц ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан 6 иргэн дээрх банкуудаас ипотекийн зээл авах гэрээ байгуулж, зээлийн шийдвэрээ гаргуулсан. А.б нарын нэхэмжлэлд дурьдсан 8 хувийн зээлд хамруулж өгнө, өндөр хүүтэй зээл ав, түрээсийн гэрээ заавал байгуул гэж и х ц ХХК-аас шаардаж дарамталсан, биелэгдэх боломжгүй хууль зөрчсөн, 8 хувийн зээл хамруулах амлалтаа биелэгдэх боломжгүй байдлыг нуун дарагдуулж, хуурч хөлслөх гэрээ нэрийн дор 250 000 төгрөг сар бүр авсан.... гэх нь үндэслэлгүй бөгөөд Орон сууц захиалан бариулах гэрээнд зааснаар гүйцэтгэгч нь гэрээний 4.1 Орон сууцны үнийг хавсралт 2-т заасан хуваарийн дагуу гүйцэтгэгчид төлнө. Банкны зээл авах зэргээр санхүүжилт олох шаардлагатай бол төлбөрийн хуваарийг мөрдөхөд шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээг урьдчилан авсан байх үүрэгтэй, 5.7 Захиалагч орон сууцыг банкны зээлээр худалдан авч буй тохиолдолд Банк захиалагчтай тусгайлан гэрээ байгуулах бөгөөд банк, захиалагч, гүйцэтгэгчийн хоорондох 3 талт харилцааг энэхүү гэрээтэй уялдуулан зохицуулах талаар хамтран ажиллана. Орон сууцыг захиалагчийн мэдэлд хүлээлгэн өгсөн тохиолдолд тэрээр зээлийн өрийг төлж дуустал орон сууцыг захиран зарцуулах эрх эдлэхгүй, мөн Гэрээний 3.3 дахь хэсэгт орон сууцыг 100% төлбөр хийсэн захиалагчид барилгыг улсын комисс хүлээн авсны дараа шилжүүлэн өгч, өмчлөх эрхийг нотлох холбогдох бичиг баримтыг шилжүүлнэ, 5.4 захиалагч нь орон сууцны төлбөрийг гэрээний хавсралт 2-т заасан графикийн дагуу бүрэн гүйцэд төлснийг үндэслэн гүйцэтгэгч орон сууцыг хүлээлгэн өгөх акт үйлдэнэ хэмээн заасан. Гэрээний нөхцөлийг биелүүлж, компанийг хохиролгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлэх ТУЗ-ийн тогтоолын дагуу ажилласан. и х ц ХХК-аас төлбөрөө 100% бүрэн төлөөгүй, өөрсдөө хүсэлт гаргаад үлдэгдэл төлбөрөө яаралтай хөөцөлдөж төлөхөө амласан захиалагч нарт орон сууцыг нь хүлээлгэн өгсөн боловч төлбөрөө төлж чадах эсэх нь тодорхойгүй, зээлээ хөөцөлдөх, төлбөрөө төлж барагдуулах тал дээр үйлдэл гаргахгүй байгаа захиалагч нарт орон сууцаа гэрээний төлбөрөө 100% төлж дуусах хүртлээ чөлөөлөх, эсвэл орон сууц хөлслөх гэрээ байгуулж хөлс төлөх гэсэн 2 нөхцөлийг санал болгосны дагуу А.б нар нь Орон сууц хөлслөх гэрээ байгуулахыг зөвшөөрч гэрээ байгуулагдсан. Иймд гүйцэтгэгч и х ц ХХК-аас 6.1 Талууд харилцан тохиролцож хугацааг хойшлуулснаас бусад тохиолдолд захиалагч нь Орон сууцны төлбөр төлөх графикт хугацааг хэтрүүлсэн хоног тутам тухайн хугацаанд төлөх ёстой байсан үнийн дүнгийн 0,1%-тай тэнцэх хэмжээний алданги төлөх үүрэг хүлээнэ. хэмээн заасны дагуу нэхэмжлэгч нараас үлдэгдэл төлбөр 78 330 000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн алданги болон бүрэн автомат угаалгын машины үнийг нэхэмжлэх болно гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.б , М.а нар и х ц ХХК-нд холбогдуулан 2017.07.21-ний өдрийн орон сууц бариулах гэрээ, 2017.07.31-ний өдрийн орон сууц хөлслөх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 34 000 000 төгрөг гаргуулах-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

А.б , М.а нар нь и х ц ХХК-ийн Орхон аймаг 7А хороолол Евро эко төгөл төслийн хүрээнд баригдсан 4-р байрны 1 дүгээр давхрын 104 тоот хаягт байрлах 64,9 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдан авах хүсэлтээ илэрхийлж орон сууц захиалан бариулах гэрээг байгуулжээ. Ингээд нэхэмжлэгч нар орон сууцны ипотекийн зээлд хамрагдахын тулд байрны үнийн дүнгийн 30 хувийг бүрдүүлэх болж эхлээд 24,0 сая төгрөг, дараа нь 8,0 сая төгрөгийг компанийн дансанд шилжүүлж нийт 32,0 сая төгрөг, мөн орон сууц хөлслөх гэрээний дагуу 2,0 сая төгрөг, нийт 34,0 сая төгрөгийг хариуцагч байгууллагад өгсөн талаар талууд маргаагүй.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...0,8 хувийн зээлд хамрагдах боломжтой гэсэн зар сурталчилгааны дагуу, мөн 0,8 хувийн хүүтэй зээлд хамруулна гэсэн амлалт өгсний дагуу байрыг авахаар болсон. Энэ нь нэхэмжлэгчийг төөрөгдүүлсэн. Захиалан бариулах гэрээ гэсэн нь дүр эсгэн хийсэн гэрээ гэж үзэж байна. Иргэний хуулийн 109, 42.4-т заасныг зөрчсөн, мөн худалдах худалдан авах гэрээг халхавчилж хийсэн хэлцэл. Энэ гэрээ бол зээлээр худалдах худалдан авах гэрээ байсан... гэж тайлбарласан.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан.

Хэдийгээр орон сууц захиалан бариулах гэсэн нэртэй гэрээ байгуулагдсан боловч угтаа бол нэхэмжлэгч нар уг орон сууцыг худалдан авах хүсэл эрмэлзэлтэй гэрээг байгуулсан байна.

Орон сууцыг худалдан авахын тулд ипотекийн зээлд хамрагдах, үүний тулд байрны урьдчилгаа 30 хувийг нэхэмжлэгч нар хариуцагчид төлсөн байх ёстой бөгөөд энэ урьдчилгаа 30 хувийг төлөх асуудалд хариуцагч байгууллага ямар нэг үүрэг хүлээгээгүй байна. Хариуцагч и х ц ХХК нь нэхэмжлэгч нарыг банкны 0,8 хувийн хүүтэй ипотекийн зээлд хамруулна гэсэн амлалт өгсөн, хуурсан, тэдний өмнө үүрэг хүлээсэн байдал нотлогдоогүй.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байна гэжээ. Дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг. Харин Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байна гэж заасан бөгөөд энэ нь тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан, халхавчилж болон халхавчлуулж буй хоёр хэлцэл хийгдсэн байдаг.

Хариуцагч и х ц ХХК нь Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 61/2017 тогтоолын дагуу худалдан авах орон сууцандаа орох хүсэлтэй, ипотекийн зээлд хамрагдах иргэдтэй өөрсдийх нь хүсэлтийн дагуу орон сууц хөлслөх гэрээг байгуулан тухайн орон сууцанд нь оруулдаг байна. Үүний нэгэн адил А.б , М.а нар нь өөрсдийн худалдан авах гэж буй орон сууцандаа орох хүсэлт гаргаж, банкны зээлд хамрагдталаа орон сууц хөлслөх гэрээ байгуулан одоог хүртэл хөлсийг төлж амьдарч байгаа болох нь талуудын тайлбар, хөлс төлсөн баримт, орон сууц хөлслөх гэрээгээр нотлогдсон.

Тухайн орон сууц нь А.б , М.а нарын өмчлөлд албан ёсоор шилжээгүй байгаа тул орон сууц хөлслөх гэрээ байгуулан гэрээний дагуу орон сууцны хөлсийг төлсөн нь нэхэмжлэгч нарын эрхийг зөрчөөгүй, талуудын хүсэл зоригийн дагуу хийгдсэн байх ба, дүр үзүүлэн, түүнчлэн хууран мэхэлж гэрээг байгуулсан нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр 2017.07.21-ний өдрийн орон сууц бариулах гэрээ, 2017.07.31-ний өдрийн орон сууц хөлслөх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 34 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 327 950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээхээр заав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 59 дүгээр зүйлийн 59.2-д заасныг баримтлан и х ц ХХК-нд холбогдох 2017.07.21-ний өдрийн орон сууц бариулах гэрээ, 2017.07.31-ний өдрийн орон сууц хөлслөх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 34.000.000 төгрөг гаргуулах А.б , М.а нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 327 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА