Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2017/02814

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

 Нэхэмжлэгч: Х.Т    

 

Хариуцагч: Т ХХК

 

3.998.130 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянгасайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов.

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

 

   Нэхэмжлэгч Х.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2011 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Т ХХК-тай Орон сууц захиалгаар барих гэрээ байгуулж 42.80 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг худалдаж авсан. 1 мкв нь 1.086.448 төгрөг. 2014 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Тоонто гранд ХХК-иар орон сууцныхаа м.кв-ыг хэмжүүлэхэд 39.2 мкв талбайтай гэж хэмжсэн ба гэрээнд заасан мкв-аас 3.68 мкв-ын зөрүү гарсан. Стандарт хэмжээ нь гэрээнд ойст тэнхлэгээс 44.78 мкв, олгогдох талбай нь 42.80 мкв байна гэсэн бөгөөд энэ хоорондын хэмжээ нь хүлцэх алдаа байх ёстой гэсэн. Шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлтээр 39.09 мкв гэж гарсан. Иргэний хуульд барилга байгууламжтай холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 6 жил гэж заасан. Хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул хариуцагч Т ХХК-иас 3.68 м.кв талбайн үнэ 3.998.130 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

 

 

Хариуцагч Т ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянгасайхан шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн захирамжаар Х.Тын нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосон. Энэ үедээ шүүхэд нэхэмжлэлийн шаардлага нь 2.056.021 төгрөг гаргуулах гэж байсан бол одоо нэхэмжлэл гаргах үедээ 1 мкв-ыг 1.086.448 төгрөг гэж тооцсон байна. Сая нэхэмжлэгч худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэлээ. Худалдах, худалдан авах гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ аль нь бай нэгж үнийг тодорхойлохдоо 2 өөрөөр тодорхойлсон байна. 2011 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан гэрээнд MNS:60582009 гэсэн стандартын дагуу 42,8 м/кв, ойст тэнхлэгээс 44,78 м/кв байхаар тохиролцож, үүнийг тайлбарлан өгч нэхэмжлэгч Х.Хар гарын үсэг зуруулсан. 2011 оны 07 дугаар сарын 25-нд нэхэмжлэгч орон сууцыг хүлээж авсан. Өмчлөх эрх 2012 оны 01 дүгээр сарын 03-нд шилжсэн. Өмчлөх эрх шилжихдээ байрны гэрчилгээнд анх гэрээнд байсан м/кв буюу 42,8 м/кв байна гэсэн талбайг оруулж өмчлөгчөөр тодорхойлсон. Дээрх гэрээний аль нь ч байгуулагдсан байсан гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байгаа. Ажил гүйцэтгэх гэрээгээр бол ажил хүлээж авсан буюу 2011 оны 07 сарын 25-наас хойш 6 сарын дотор доголдлыг илрүүлж “Т” ХХК-д мэдэгдэх хугацаа дууссан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад           

 

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

 

Нэхэмжлэгч Х.Х нь хариуцагч Т ХХК-нд холбогдох орон сууцны талбайн бодит хэмжээ болон гэрээнд заасан хэмжээ хоорондын зөрүү 3.68 метр квадратын үнэ 3.998.130 төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийг гаргажээ.

 

Нэхэмжлэгч Х.Х нь Т ХХК-тай 2011 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Орон сууц захиалгаар барих гэрээ байгуулж Баянгол дүүрэг 1 дүгээр хороо ..2 өрөө 42.80 мкв талбайтай орон сууцыг 1 мкв талбайн үнэ 1.086.448 төгрөг нийт үнэ 46.500.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, захиалагч гэрээний 2.1-т зааснаар орон сууцыг нийт үнийн 10 хувьтай тэнцэх урьдчилгаа 6.500.000 төгрөгийг 2011 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр төлж, 90 хувьтай тэнцэх үлдэгдэл төлбөр 40.000.000 төгрөгийг 4000 айл орон сууцны зээлээр төлөх, 3.1-д зааснаар гүйцэтгэгч нь захиалагчид орон сууцыг 2011 оны 2 дугаар улиралд багтаан түлхүүр олгох үүргийг хүлээж гэрээ байгуулжээ.

 

Гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэгч Х.Х, Т ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан бөгөөд зохигч гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, харин хүлээлгэн өгсөн орон сууцны талбайн хэмжээ гэрээнд тохирсон 42.80 мкв-аас бага байгаа гэж маргажээ. Гүйцэтгэгч Т ХХК нь сууцыг 2011 оны 07 дугаар сарын 25-ны өдөр захиалагчид актаар шилжүүлэн өгсөн байна.

 

Ажил гүйцэтгэгч нь ажлын үр дүнгийн доголдолтой буюу сууцны талбайн хэмжээ гэрээний 1.1-д зааснаар MNS 6058:2009 стандартаар 42.80 мкв талбай бүхий сууцыг захиалагчид шилжүүлэхээс 39.12 мкв бүхий 3.68 мкв дутуу буюу сууцны талбайн хэмжээний талаар захиалагч маргажээ.

 

Нэхэмжлэгч, хариуцагч нь гэрээ байгуулахдаа сууцны нийт талбайг 44.78 мкв, Монгол улсад мөрдөгдөж байгаа MNS 6058:2009 стандартын Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлалаар тооцож 42.80 мкв байхаар тохирсон байна.

 

Захиалагч нь ажил гүйцэтгэх гэрээний үр дүнтэй, доголдолтой холбоотой шаардлага гаргасан боловч гомдлын шаардлага гаргах хугацааг Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-т ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш 6 сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш 1 жилийн дотор гаргана. Барилга байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш 3 жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно гэж заажээ.

 

Хэдийгээр орон сууцны талбайн хэмжээ нь мэргэжлийн тусгай зөвшөөрөл бүхий этгээд хэмжилт хийсний үр дүнд тогтоогдох нөхцөл байдал учраас орон сууцны талбайтай холбоотой доголдлыг шууд хараад мэдэх боломжгүй боловч ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш 1 жилийн дотор гомдлын шаардлага гаргахаар дээрх хуульд заасан тул нэхэмжлэгчийн гомдлын шаардлага гаргах хугацаа 2012 оны 07 дугаар сарын 25-ны өдөр дууссан байна.

 

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т гомдлын шаардлага гаргах хугацаа дууссанаас хойш хөөн хэлэлцэх хугацааг тоолж эхлэхээр, мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байхаар зохицуулсан боловч нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснээс хойш 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан тул хөөн хэлэлцэх хугацаа дуусан гэж үзэв.

 

Иймд Т ХХК-нд холбогдох орон сууцны талбайн бодит хэмжээ болон гэрээнд заасан хэмжээ хоорондын зөрүү 3.68 метр квадратын үнэ  3.998.130 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Х.Тын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 78.920 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь маргаан бүхий орон сууцны талбайн хэмжилт хийсэн Тоонто гранд ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй гэж тайлбарласнаар шүүх Уран асар ХХК-ийг дүгнэлт гаргах шинжээчээр томилсон бөгөөд шинжээчийн ажлын хөлс 129.000 төгрөгийг хариуцагч Т ХХК-иас гаргуулж Уран асар ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

 

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

 

 

ТОГТООХ нь:

 

 

 

          1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.1-д зааснаар хариуцагч Т ХХК-д холбогдох орон сууцны талбайн бодит хэмжээ болон гэрээнд заасан хэмжээ хоорондын зөрүү 3.68 метр квадратын үнэ  3.998.130 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Х.Тын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78.920 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

 

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар хариуцагч Т ХХК-иас 129.000 төгрөг гаргуулж Уран Асар ХХК-д олгосугай.

 

 

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь  шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.                     

 

            

 

        

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ж.КУЛЬДАНА