Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2018/00649

 

Х.Т-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2017/02814 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 12 дүгээр сарын 22-ны өдрийн 2591 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч Х.Т-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч “Т” ХХК-д холбогдох,

Орон сууцны талбайн зөрүү 3 998 130 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбатын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянгасайхан, нарийн бичгийн даргаар Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

2011 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр “Т” ХХК-тай Орон сууц захиалгаар барих гэрээ байгуулж 42.80 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг 1 мкв-ыг нь 1 086 448 төгрөгөөр худалдаж авсан. 2014 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ­­“Тоонто гранд” ХХК-иар орон сууцныхаа мкв-ыг хэмжүүлэхэд 39.2 мкв талбайтай гэж хэмжсэн ба гэрээнд заасан мкв-аас 3.68 мкв-ын зөрүү гарсан. Стандарт хэмжээ нь гэрээнд ойст тэнхлэгээс 44.78 мкв, олгогдох талбай нь 42.80 мкв байна гэсэн бөгөөд энэ хоорондын хэмжээ нь хүлцэх алдаа байх ёстой гэсэн. Шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлтээр 39.09 мкв гэж гарсан.

Иргэний хуульд барилга байгууламжтай холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 6 жил гэж заасан. Хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул хариуцагч “Т” ХХК-иас 3.68 мкв талбайн үнэ 3 998 130 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн захирамжаар Х.Т-ын нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосон. Энэ үед нэхэмжлэлийн шаардлага нь 2 056 021 төгрөг гаргуулах гэж байсан бол одоо 1 мкв-ыг 1 086 448 төгрөг гэж тооцсон байна. 2011 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан гэрээнд MNS:60582009 гэсэн стандартын дагуу 42,8 мкв, ойст тэнхлэгээс 44.78 мкв байхаар тохиролцож, үүнийг тайлбарлан өгч нэхэмжлэгч Х.Т-аар гарын үсэг зуруулсан. 2011 оны 07 дугаар сарын 25-нд нэхэмжлэгч орон сууцыг хүлээж авсан. Өмчлөх эрх 2012 оны 01 дүгээр сарын 03-нд шилжсэн бөгөөд байрны гэрчилгээнд анх гэрээнд байсан мкв буюу 42.8 мкв гэсэн талбайг оруулж өмчлөгчөөр тодорхойлсон. Дээрх гэрээний аль нь ч байгуулагдсан байсан гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байгаа. Ажил гүйцэтгэх гэрээгээр бол ажил хүлээж авсан буюу 2011 оны 07 дугаар сарын 25-наас хойш 6 сарын дотор доголдлыг илрүүлж “Т” ХХК-д мэдэгдэх хугацаа дууссан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2017/02814 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.1-д зааснаар хариуцагч “Т” ХХК-д холбогдох орон сууцны талбайн бодит хэмжээ болон гэрээнд заасан хэмжээ хоорондын зөрүү 3.68 метр квадратын үнэ 3 998 130 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Х.Т-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78 920 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар хариуцагч “Т” ХХК-иас 129 000 төгрөг гаргуулж “Уран Асар” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 12 дүгээр сарын 22-ны өдрийн 2591 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2017/02814 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.1” гэснийг “243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.4” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсэг, заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79 820 төгрөгийг улсын орлогод үлдээжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзэж, зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж тодорхойлсон. Үүнээс үзэхэд зохигчдын хооронд үүссэн харилцааны маргааны асуудлыг Иргэний хуулийн худалдах, худалдан авах гэрээнд холбогдох заалтуудыг хэрэглэхээр байна.

...Мөн Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4 дэх хэсэгт “худалдан авагч энэ хуулийн 254.3-т заасан эд хөрөнгийг хүлээн авсан бол худалдагч нь гэрээний үнэд хувь тэнцүүлэн дутуу эд хөрөнгийн үнийг буцааж төлнө” гэж заасан байна. Хэдийгээр гэрээнд 42,80 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг 46 500 000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон боловч Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4 дэх хэсэгт заасны дагуу худалдан авч буй эд хөрөнгийн хэмжээ тодорхой байх учраас нийт үнийн дүнд хувь тэнцүүлэн дутуу эд хөрөнгийн үнийг тодорхойлох бүрэн боломжтой юм. Өөрөөр хэлбэл 42,80 мкв байрыг 46 500 000 төгрөгөөр тооцож байгаа бол 46 500 000 төгрөгийг 42.80 мкв талбайд харьцуулахад 1 мкв талбайд ногдох үнийг олж болно. Ийм байхад шүүх Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4 дэх хэсгийн заалтыг буруу тайлбарлаж, хууль бус шийдвэр гаргасан байна.

Шүүх шийдвэр гаргахдаа хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэсэн байна. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан нь оновчтой болжээ.

Нэхэмжлэгч Х.Т-а нь хариуцагч “Т” ХХК-д холбогдуулан орон сууцны талбайн зөрүүд 3 998 130 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэлийг татгалзсан байна.

Зохигчийн 2011 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан орон сууц захиалгын гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан худалдах-худалдан авах гэрээ гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Дээрх гэрээ нь орон сууц захиалгын гэх нэртэй боловч гэрээ байгуулсан огноо,  барилга ашиглалтад орох хугацаа, талуудын тохиролцоо, гэрээний зүйл зэрэг нөхцлүүдийг шүүх харьцуулан үзэж, худалдах-худалдан авах гэрээний шинжийг илүүтэй агуулсан гэж дүгнэжээ. Тухайлбал, гэрээ байгуулагдсанаас хойш 3 сарын дотор орон сууцыг захиалгаар барих боломжгүй учир талуудын хооронд бэлэн болж буй орон сууцыг худалдах-худалдан авах харилцаа үүссэн гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй байна. Түүнчлэн, талууд гэрээгээр ажил гүйцэтгэх гэрээний хөлсийн талаар бус харин тодорхой орон сууцны үнийн талаар тохиролцсон байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг байна.

Худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчид шилжүүлэх үүрэгтэй ба нэхэмжлэгч Х.Т-а нь худалдан авсан орон сууцны талбайг бага гэж үзсэнийг эд хөрөнгийн хэмжээний талаар гомдол гаргасан гэж үзнэ.

 Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.3.-т зааснаар хуулийн 251.3-т зааснаас бусад тохиолдолд худалдагч нь гэрээнд заасан тоо, хэмжээнээс дутуу эд хөрөнгө илгээсэн бол худалдан авагч уг эд хөрөнгийг хүлээн авахаас татгалзах эрхтэй байна. Харин хуулийн 251 дүгээр зүйлийн 251.3.-т үүргийн гүйцэтгэлд ноцтой нөлөө үзүүлэхээргүй бол эд хөрөнгийн зарим хэсгийг дутуу буюу гэрээнд зааснаас өөр барааг бага хэмжээгээр шилжүүлсэн, эсхүл эд хөрөнгийн нэг хэсэг нь доголдолтой байсан ч түүнийг бүхэлд нь доголдолтой гэж үздэггүй байна.

 

Нэхэмжлэгч Х.Т-а орон сууцыг 2012 онд хүлээн авахдаа талбайн талаар маргаагүй, хэмжээг тодорхойлох талаар тухайн үед гомдол гаргаагүй, хэмжилт хийлгээгүй байна. Талууд гэрээндээ орон сууцын үнийг талбайн хэмжээгээр буюу мкв-ын үнэлгээгээр тохиролцоогүй байна.  

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4.-т зааснаар худалдан авагч энэ хуулийн 254.3-т заасан эд хөрөнгийг хүлээн авсан бол худалдагч нь гэрээний үнэд хувь тэнцүүлэн дутуу эд хөрөнгийн үнийг буцаан шаардах боломжтой боловч мөн хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1.-д зааснаар худалдан авагч нь эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алддаг байна.

Давж заалдах шатны шүүх зохигчийг орон сууцны үнийг талбайн хэмжээгээр буюу мкв-ын үнэлгээгээр тохиролцоогүй учир талбайн зөрүү үнийг буцаан шаардах эрхгүй гэж үзсэнийг буруутгах боломжгүй байна.

Шүүх хууль хэрэглээний алдаа гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дүгээр сарын 22-ны өдрийн 2591 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78 920 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН