Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 646

 

 

 

 

 

 

 

 

 

“СМГ”- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2019/00368 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “СМГ”- ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “НГФШ”- ХХК-д холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 133 306 500 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Я нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “СМГ”- ХХК болон “НГФШ”- ХХК нар харилцан тохиролцсоны үндсэн дээр 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Шатахуун дараа төлбөрт нөхцлөөр худалдах, худалдан авах гэрээ, Барьцааны гэрээ тус тус байгуулан хамтран ажилласан. Манай компанийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ цаг тухайд нь биелүүлж “НГФШ”- ХХК-д нийт 88 871 000 төгрөгийн шатахууныг бөөний үнээр зээлээр нийлүүлсэн болно. Гэтэл “НГФШ”- ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ эс биелүүлж зээлээр авсан шатахууны төлбөрийг хугацаандаа төлөхгүй өнөөдрийг хүрлээ. Манай компанийн зүгээс “НГФШ”- ХХК-ийг зээлээр авсан шатахууны төлбөр болон төлбөрөө хугацаандаа төлөөгүйн алдангийг төлөхийг удаа дараа шаардсан боловч төлбөрөө төлөхгүй байсаар байна. Талуудын хооронд байгуулсан шатахуун дараа төлбөрт нөхцлөөр худалдах, худалдан авах гэрээний 3.3 дахь заалтад шатахууны төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алдангийг “СМГ”- ХХК-д төлөхөөр заасан. Тус заалтын дагуу “НГФШ”- ХХК-ийн манай компанид төлөх алдангийн хэмжээ 44 435 500 төгрөг болсон. /алданги нь үнийн дүнгийн 50 хувиас хэтрээгүй болно./ Иймд “НГФШ”- ХХК-аас зээлээр авсан шатахууны төлбөр 88 870 000 төгрөг, гэрээний дагуу шатахууны төлбөрөө хугацаандаа төлөөгүйн алданги болох 44 435 500 төгрөг, нийт 133 306 500 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 824 483 төгрөгийн хамт гаргуулж манай компанийн хохирлыг барагдуулж өгнө үү. “НГФШ”- ХХК нь дээрх төлбөрийг төлөхгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, /16051/ Сөүлийн гудамж, 79 дүгээр байр, 3 тоот 88 метр квадрат талбай бүхий 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “НГФШ”- ХХК-аас худалдах худалдан авах гэрээний үүрэгт 133 306 500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “СМГ”- ХХК-д олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 894 683 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 824 483 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэсэгт өөрчлөлт оруулах, гомдлын үндэслэл нь шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...барьцааны гэрээний дагуу дээрх үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавих эрхийг “НГФШ”- ХХК-д олгосноос, тухайн барьцааны гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулах, шүүхийн маргаанд оролцох эрхийг хариуцагчид олгоогүй,  Ё.Б-д холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байх тул үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно”, “...хариуцагчаа зөв тодорхойлон үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргах эрх нь уг шийдвэрээр хязгаарлагдахгүй” гэдэг байдлаар тус тус дүгнэсэн байна. Иргэний хуульд зааснаар барьцаа нь үүргийн гүйцэтгэлийг хангах арга болохын хувьд үндсэн үүргээс салгаж болохгүй ойлголт юм. Тухайлбал, гэрээний үүргийг гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргах замаар зайлшгүй хамтад нь шүүхээр шийдвэрлүүлэх маргаан юм. Энэ утгаараа барьцааны гэрээний үүрэг нь үндсэн үүргээс салгаж болохгүй дангаараа шаардах эрх боломжгүй байдаг. Гэтэл дээрх байдлаар дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн болохыг харуулж байна. Хэрэв дараагийн дугаарт “барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах” нэхэмжлэл гаргасан тохиолдолд иргэний эрх зүйн үндсэн зарчим болох хамгаалалтын зарчим хэрэгжих боломжгүй нөхцөл байдал үүсэх ба үүрэг гүйцэтгүүлэгчийн хувьд зөрчигдсөн эрхийг буцаан сэргээх боломжгүй байхаар байна. Учир нь нэхэмжлэл гаргахын тулд шаардах эрх үүссэн байхыг шаарддаг бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь тодорхой байхаар зохицуулсан байдаг. Гэтэл шаардлага үндэслэл нь тодорхойгүй гэх үндэслэлээр эрхээ сэргээж чадахгүй болох үр дагавартай байна. Мөн шүүхийн зүгээс барьцаанд тавихыг зөвшөөрсөн харин үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрөөгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгосон нь үүрэг гүйцэтгүүлэгчийн эрхийг зөрчиж шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт “Барьцаалуулагч нь үүрэг гүйцэтгэгч, эсхүл гуравдагч этгээд байж болно” Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3 дахь хэсэгт “Барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болно”  гэж тус тус заасан байгаа нь бусдын өмчлөлийн эд хөрөнгийг барьцаалж болохыг харуулж байна. Гуравдагч этгээдийн хувьд өөрийн эд хөрөнгийг бусдын хүлээсэн үүргийг өөрийн өмчлөлийн эд хөрөнгөөр гүйцэтгүүлэхээр баталгаа гаргаж буй этгээд гэж үзэж болохоор байна. Учир нь Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.4-т “барьцаа” нь үүргийн гүйцэтгэлийг хангах арга байхаар хуульчилсан байна. Энэ үүднээс хэрвээ үүрэг гүйцэтгэгч бусдын өмнө хүлээсэн үүргээ шударгаар, зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд барьцаалуулагчийн эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахыг хүлээн зөвшөөрсөн этгээд гэдэг утгаар тайлбарлагдахаар байна. Гэтэл шүүхийн зүгээс дээрх байдлаар дүгнэж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна гэж үзэхээр байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хангах талаар хийвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн  боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, талуудын маргаанд хамааралтай Иргэний хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй байгааг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой байна.

 

            Нэхэмжлэгч “СМГ”- ХХК нь хариуцагч “НГФШ”- ХХК-д холбогдуулан шатахуун дараа төлбөрт нөхцлөөр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 133 306 500  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ./хэргийн 1, 32 дугаар тал/

 

            Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх ба хариуцагчийн төлөөлөгч нь 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэлийг гардаж авсан байна. Хариуцагч “НГФШ”- ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрх, үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

            Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар зохигчдын хооронд 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Шатахуун дараа төлбөрт нөхцлөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, мөн өдрийн барьцааны гэрээгээр Ё.Б-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205037445 дугаартай, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Сөүлийн гудамж, 79 дүгээр байр, 3 тоот, 88 м.кв талбайтай 3 өрөө байраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцжээ./хэргийн 5-16 дугаар тал/

 

 Мөн хариуцагч “НГФШ”- ХХК нь гэрээгээр тохиролцсон төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан “НГФШ”- ХХК-ийн 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн нэхэмжлэгч “СМГ”- ХХК-тай хамтран ажиллах тухай санал, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ, 2018 оны 9 дүгээр сарын 13, 26-ны өдрийн төлбөр барагдуулах тухай шаардлага, “НГФШ”- ХХК-ийн 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 89 000 000 төгрөгийн түлш авсан, төлбөр төлөх хугацаа олгохыг хүссэн хүсэлт зэргээр тогтоогдож байна./хэргийн 17-18, 25-27 дугаар тал/

 

            Талуудын хооронд байгуулагдсан Шатахуун дараа төлбөрт нөхцлөөр худалдах, худалдан авах гэрээний 3.3-т ...төлбөр төлөх хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож алданги төлөхөөр заажээ./хэргийн 6 дугаар тал/ Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож хариуцагчаас нийт 133 306 500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь зөв байна. 

 

Харин анхан шатны шүүхээс 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр барьцааны гэрээ бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байгаа нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн атлаа Ё.Б- нь барьцааны гэрээний дагуу дээрх үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавих эрхийг “НГФШ”- ХХК-д олгосноос, тухайн барьцааны гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулах, шүүхийн маргаанд оролцох эрхийг хариуцагчид олгоогүй, Ё.Б-д холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь буруу болжээ./хэргийн 24 дүгээр тал/ Шүүхээс харилцан зөрчилтэй дүгнэлт хийсэн байна.

 

Учир нь хэрэгт авагдсан Ё.Б-ээс хариуцагч “НГФШ”- ХХК-ийн төлөөлөгч Ж.Д-д олгосон итгэмжлэлд “СМГ”- ХХК-аас авах шатахууны зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрч байгаа тул холбогдох гэрээ хийх, зээлийн болон барьцааны гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, гэрээг холбогдох байгууллагад бүртгүүлэх, гэрчлүүлэх бүрэн эрхийг олгосон байна. Уг итгэмжлэл нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3 дахь хэсэгт нийцжээ./хэргийн 24 дүгээр тал/ Барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хариуцагч маргаагүй тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу Ё.Б-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205037445 дугаартай, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Сөүлийн гудамж, 79 дүгээр байр, 3 тоот, 88 м.кв талбайтай 3 өрөө байраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2019/00368 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “Ё.Б-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205037445 дугаартай, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Сөүлийн гудамж, 79 дүгээр байр, 3 тоот, 88 м.кв талбайтай 3 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.” гэж,

2 дахь заалтын “824 483 төгрөг” гэснийг “894 683 төгрөг” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   М.НАРАНЦЭЦЭГ

  

                                                 ШҮҮГЧИД                               Г.ДАВААДОРЖ  

                    

                                                                                                 С.ЭНХТӨР