Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 183/ШШ2019/00368

 

2019 оны 02 сарын 18 өдөр

   Дугаар 183/ШШ2019/00368

         Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.О даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Залуучуудын өргөн чөлөө, Соёлын төв өргөө, В корпус хаягт байрлах, С ХХК ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, ... тоот хаягт байрлах, Н ХХК -д холбогдох,

 

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 133 306 500 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Гнар оролцов.                  

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

С ХХК болон Н ХХК нар харилцан тохиролцсоны үндсэн дээр 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Шатахуун дараа төлбөрт нөхцлөөр худалдах, худалдан авах гэрээ, Барьцааны гэрээ тус тус байгуулан хамтран ажилласан. Манай компанийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ цаг тухайд нь биелүүлж Н ХХК-нд нийт 88 871 000 төгрөгийн шатахууныг бөөний үнээр зээлээр нийлүүлсэн болно. Гэтэл Н ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ эс биелүүлж зээлээр авсан шатахууны төлбөрийг хугацаандаа төлөхгүй өнөөдрийг хүрлээ. Манай компанийн зүгээс Н ХХК-ийг зээлээр авсан шатахууны төлбөр болон төлбөрөө хугацаандаа төлөөгүйн алдангийг төлөхийг удаа дараа шаардсан боловч төлбөрөө төлөхгүй байсаар байна. Талуудын хооронд байгуулсан шатахуун дараа төлбөрт нөхцлөөр худалдах, худалдан авах гэрээний 3.3 дахь заалтад шатахууны төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алдангийг С ХХК-д төлөхөөр заасан. Тус заалтын дагуу Н ХХК-ийн манай компанид төлөх алдангийн хэмжээ 44 435 500 төгрөг болсон. /алданги нь үнийн дүнгийн 50 хувиас хэтрээгүй болно./ Иймд Н ХХК-иас зээлээр авсан шатахууны төлбөр 88 870 000 төгрөг, гэрээний дагуу шатахууний төлбөрөө хугацаандаа төлөөгүйн алданги болох 44 435 500 төгрөг, нийт 133 306 500 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 824 483 төгрөгийн хамт гаргуулж манай компанийн хохиролыг барагдуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын тайлбартаа:

Талуудын хооронд байгуулсан 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Барьцааны гэрээний зүйл болох Улаанбаатар хот Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол /16051/ Сөүлийн гудамж, 79 дүгээр байр, 3 тоот 88 метр квадрат талбай бүхий 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлтэй байна. С ХХК болон Н ХХК нар харилцан тохиролцсоны үндсэн дээр 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр шатахуун дараа төлбөрт нөхцлөөр худалдах, худалдан авах гэрээ, барьцааны гэрээ тус тус байгуулан хамтран ажилласан. Манай компанийн зүгээс гэрээгээр үүргээ цаг тухайд нь биелүүлж Н ХХК-д нийт 88 871 000 төгрөгийн шатахууныг бөөний үнээр зээлээр нийлүүлсэн. Гэтэл Н ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ эс биелүүлж зээлээр авсан шатахууны төлбөрийг хугацаандаа төлөхгүй байгаа болно. Н ХХК-ийн манай компанид төлөх шатахууны төлбөр 88 871 000 төгрөг, гэрээний дагуу шатахууний төлбөрөө хугацаандаа төлөөгүйн алданги болох 44 435 500 төгрөг, нийт 133 306 500 төгрөг байгаа болно. Иймд Н ХХК нь дээрх төлбөрийг төлөхгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, /16051/ Сөүлийн гудамж, 79 дүгээр байр, 3 тоот 88 метр квадрат талбай бүхий 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

 

          Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад           

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

          Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Хариуцагч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүрэлцэн ирээгүйтэй холбоотой хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй, 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 8.30 цагт товлогдсон шүүх хуралдааны товтой танилцан гарын үсэг зурсан,  нэхэмжлэгч тал хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь заалтад “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж заасныг баримтлан хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.

 

          Хариуцагч “Н” ХХК-д холбогдуулан  нэхэмжлэгч “С” ХХК нь худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 133 306 500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж,түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй, мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т “худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байна. Хавтаст хэргийн 5-9 дүгээр талд “Шатахуун дараа төлбөрт нөхцлөөр худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдсан, гэрээ хуульд заасан нотлох баримтын шаардлагыг хангасан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигчид маргаагүй байх тул худалдах-худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

 

 Мөн хэргийн 18 дугаар талд авлагын дэлгэрэнгүй гүйлгээ, 26 дугаар талд 89 000 000 төгрөгийн түлш авсан, төлбөр төлөх хугацаа олгохыг хүссэн хариуцагчийн хүсэлт зэргээр  хариуцагч “Н” ХХК нь нэхэмжлэгч “С” ХХК-нд 88 871 000 төгрөгийн өглөгтэй болох нь нотлогдож  байна.

 

 Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, түүнчлэн 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус заасан ба талуудын хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т “... Худалдан авагч нь зээлээр худалдан авсан барааны тооцоог худалдан авсан өдрөөс хойш 30 хоногийн дараа төлбөрт нөхцлөөр худалдан авсан шатахууны төлбөрийг тухайн сардаа /30 хоног/ багтааж, төлбөрийг ... дансанд шилжүүлэх буюу касст бэлнээр төлнө” гэж заасан  байх тул гэрээний  үүрэг гүйцэтгэх хугацаа дууссан учраас хариуцагч төлбөр төлөх үүргээ зөрчжээ.

         

         Иргэний хуулийн дагуу гэрээнд заасан тохиолдолд худалдагч нь алданги авах эрхтэй, 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн “ Шатахуун дараа төлбөрт нөхцлөөр  худалдах, худалдан авах гэрээ”-ний 3.3-д  алданги авахаар талууд харилцан тохиролцжээ. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-иас хэтэрч болохгүй гэж заасны дагуу 88 871 000  төгрөгийн 50% болох 44 435 500 төгрөгийн алдангийг нэхэмжлэгч шаардах эрхтэй байх тул хариуцагч нь үндсэн төлбөр 88 871 000  төгрөг, алданги 44 435 500 төгрөг нийт 133 306 500 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.

 

  Зохигчид Худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар Иргэний хуулийн 165 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан барьцааны гэрээг байгуулсан байна. /х.х-ийн 10-16 дугаар тал/

 

  Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Гэрээг улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу бүртгүүлнэ” гэж, мөн 12.3-т “Улсын бүртгэлд бүртгүүлэх журмыг зөрчиж бүртгүүлсэн гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж зааснаас гадна Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д “Барьцааны гэрээг бичгээр байгуулна”, түүнчлэн 156.2-т “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх ...” гэж тус тус зааснаар ийнхүү барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд уг шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна.

 

  Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн  2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан  барьцааны гэрээ хуульд зааснаар улсын бүртгэлд бүртгүүлсэн ба гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байна.

 

   Барьцааны зүйл болох Баянгол дүүргийн 3-р хороо 79 дүгээр байр, 3 тоот, 88 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205037445 дугаартай, эд хөрөнгийн өмчлөгч нь Б овгийн Ё.Б/нэг иргэний/-ийн өмч болох нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /х.х-ийн 23 дугаар тал/

 

Хэрэгт авагдсан 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн итгэмжлэлд Ё.Б нь барьцааны гэрээний дагуу дээрх үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавих эрхийг “Н” ХХК-нд олгосноос, тухайн барьцааны гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулах, шүүхийн маргаанд оролцох эрхийг хариуцагчид олгоогүй, Ё.Б холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байх тул үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

 

Иймд хариуцагчаас худалдах худалдан авах гэрээний үүрэгт нийт 133 306 500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаа зөв тодорхойлон үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргах эрх нь уг шийдвэрээр хязгаарлагдахгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг тус тус баримтлан хариуцагч “Н” ХХК-иас худалдах худалдан авах гэрээний үүрэгт 133 306 500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “С” ХХК-нд олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 894 683 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 824 483 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай. 

           4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ШҮҮГЧ                                  Ц.О