Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2021/ДШМ/02

 

Х.С-т холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ШЗ/384 дүгээр шүүгчийн захирамжтай, Х.С-т холбогдох эрүүгийн 2013000000211 дугаартай хэргийг яллагдагчийн өмгөөлөгч А.Серикжаны гаргасан давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Хундыз, тус аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Т.Батсүх, яллагдагч Х.С-, түүний өмгөөлөгч А.Серикжан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Г, түүний өмгөөлөгч С.Алтай, иргэний нэхэмжлэгч М.Б, орчуулагч Б.Арманбек нар оролцов.

 

Х.С нь 2020 оны 9 дүгээр сарын 03-ны шөнө 23 цагийн үед Улаанхус сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэр, “Улаан эрэг” гэх газарт хохирогч М.Ж-ыг өөрт нь хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлсний улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас ТОЗ-8 маркийн буугаар буудаж амь насыг нь хохироосон буюу Эрүүгийн хуулийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ШЗ/384 дүгээр шүүгчийн захирамжаар Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.С-т холбогдох эрүүгийн 2013000000211 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Баян-Өлгий аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

           

Яллагдагчийн өмгөөлөгчийн гомдолд: “Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч өөрийн санаачилгаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийж, улмаар тус эрүүгийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна. Шүүхээс ингэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэхдээ хэргийн зүйлчлэлийн талаар “...Баян-Өлгий аймгийн ерөнхий прокурорын 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 5/36 тоот тогтоолоор яллагдагч Х.С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар зүйлчилж, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, ял сонсгосныг Эрүүгийн хуулийн 10.2 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна гэж шүүх үзлээ. ...бодит факт буюу хэргийн үйл баримтаас үзвэл яллагдагч Х.С- нь “гэнэтийн цочролд орсон, сэтгэцийн хэвийн байдал нь алдагдсан” үедээ хариу үйлдэл хийж, М.Ж-ын амь насыг хохироосон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ. ...дээрх яллагдагч Х.С-ийн сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг, мөн гэрч Н.А-, Д.Т-, Х.Н-, Х.М-нарын мэдүүлгийг харьцуулан дүгнэж үзэхэд Х.С- нь амь хохирогч М.Ж-ын зүй бус үйлдлийн улмаас түүнийг морьтойгоо гол дагаад давхиж байхад нь араас нь чиглүүлэн буудсан нөхцөл байдал тогтоогдож байна. ...гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн зүй бус буруутай үйлдэл нөлөөлсөн нь тогтоогдож байх ба түүний зүй бус үйлдлийн улмаас яллагдагч Х.С- айсан, сэтгэл түгшсэн байхыг үгүйсгэхгүй боловч тэрээр гэнэтийн цочролд автаж, сэтгэцийн байдал нь түр сарнисан болох нь тогтоогдохгүй байна. ...М.Ж-ыг буудаж амь насыг нь хохироосон гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй... ” гэж дүгнэсэн байна. Үүнээс үзэхэд шүүх /эсхүл шүүгч/ тус хэргийг прокурорт буцааж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэснийг, мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй" гэснийг, мөн хуулийн 7.2 дугаар зүйлийн /Гэм буруутай эсэхийг урьдчилан тогтоохыг хориглох/ 1 дэх хэсэгт “Шүүгч, прокурор, өмгөөлөгч, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, шинжээчид яллагдагчийн гэм буруугийн талаар хөдөлбөргүй үнэн гэж урьдчилан тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй”, мөн хуулийн 2 дахь хэсэгт “Шүүх гаргах гэж байгаа шийдвэр, яллагдагчийн гэм буруутай эсэх асуудлаар байр суурь, саналаа урьдчилан илэрхийлэх, шүүх, прокурор, өмгөөлөгч, мөрдөгч, шинжээч. мэргэжилтэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр гарах хүртэл яллагдагчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж олон нийтэд мэдээлэхийг хориглоно” гэж заасныг ноцтойгоор зөрчсөнөөс гадна Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт “...Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно... ” гэж заасныг маш ноцтойгоор зөрчсөн явдал болжээ. Шүүгч нь зохисгүй байдал гаргаж болохгүй бөгөөд ийнхүү ойлгогдохоос сэргийлэх, түүнчлэн холбогдох хуульд зааснаар шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдах учиртай. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ШЗ/384 дүгээр захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Прокурорын эсэргүүцэлд: “1. Шүүх яллагдагч Х.С-ийг хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал нь алдагдсаны улмаас өөрийгөө хянах, удирдан жолоодох чадваргүй болсон үедээ Ж-ыг буудаж амь насыг хохироосон гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байх тул хэргийн зүйлчлэлийг зөвтгөн өөрчлүүлэхээр хэргийг прокурорт буцаасан байна. Хэрэгт авагдсан яллагдагчийн мэдүүлэгт “...Буудсан шалтгаан маань яг тэр мөчөөс 2 орчим цагийн өмнө Ж- над руу хутгатай дайрсан, хутгатай явж байна гэж бодоод түүний айлгах зорилгоор буудсан байсан. Би тэгж нэг удаа агаарт буудах мөчид Ж- нь шууд морь руугаа очоод морио унаж аваад надад “чиний наад буу чинь надад сонин биш, би нэгэнт шоронд явахаар болсон, чамайг алчхаад явна” гэж зандарч, модны цаанаас над руу дайраад байсан.  Би тэр үед нь модны нөгөө талд гараад түүнийг ойртуулахгүйгээр Ж-ын эргэсэн талын эсрэг тал руу нь зугтаж байгаад түүнийг айлгахаар дахин нэг удаа буудсан. Учир нь тэр мөчид би түүнээс маш их айж, зүрх маань хүчтэй цохилж цочирдсон байсан. Хоёр дахь сумаа Ж- морь руугаа гүйж очоод унахын хооронд сумласан байх, гэхдээ хэрхэн яаж сумласнаа тухайн үед санахгүй байсан. Одоо харин бодоод сууж байхад тэр мөчид сумласан шиг санагдаж байна.... Яг хаашаагаа харсныг анзаарч хараагүй, Ж- нь морьтойгоо модны цаанаас хоёр тийш ээлжилж эргээд байсан дүр зураг л харагдаж байсан. Учир нь түүний эргэсэн талын эсрэг зүг рүү нь би зугтааж байсан. Тэгэхлээр сүүлийн буудлага үйлдэх үед тэр хаашаа харж байсныг би мэдэхгүй байна, гадаа нэлээн харанхуй байсан. Тэр үйл явц хоромхон зуур болж өнгөрсөн. Анх тэр мориноосоо бууж ирэх үеэс нь түүнд ингэж хутгалуулж үхэх юм байна гэж маш ихээр айсан. Тэр мориноосоо буугаад надад “үхэх газар чинь эндээ,толгойг чинь тастаж авъя, чи намайг шорондоо явуулахыг санаархсан байна, чамайг ална” гэж зандарч дайрах гэхэд нь айлгах гэж агаарт нэг удаа буудсан. Дараа нь морио унаж аваад “чиний буутай байгаа чинь сонин биш байна, алив хүрээд ир, чи ирэхгүй бол би очъё, би чамаас айна гэж бодсон уу, чамайг ална” гэж мөн зандарч модны цаанаас дайрсан. Тэр үед нь би үнэхээр Ж-т ингэж алуулах юм байна гэж маш ихээр айсан байсан..., ... Би Е- цагдаа руу утасдаж ярьж байгаад, Ж- нь миний байсан газрыг хараад над руу давхиж ирэх хооронд би утсаа салгаад халаасандаа хийгээд буугаа барьж авсан. Тэгэх хооронд Ж- нь миний байсан газарт морьтой хүрээд ирээд мориноосоо буух үед нь би буундаа эхний сумаа хийж, сумласан байснаа санаж байна. Харин хоёр дахь сумаа эхний сумаа тэнгэр лүү буудсаны дараа Ж- нь буцаж морио унаж ирэх хооронд сумласан юм шиг байна. Яг сайн санахгүй байгаа. Хоёр дахь буудлага үйлдэх мөчид өмнөхөөсөө маш ихээр айгаад, цочирдсон байсан.” гэснээс үзэхэд тэрээр талийгаачийн хууль бус үйлдлийн улмаас “өөрийгөө ингээд үхэх юм байна гэсэн” сэтгэл санааны хүчтэй айдаст автан цочролд орж 2 дахь удаа буудлага үйлдэж бусдыг алах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байна. Тэрээр хоёр дахь удаа буугаа хэрхэн сумласнаа санахгүй байгаа нь тухайн мөчид сэтгэл санааны гүн цочролд орсон байсныг илтгэж байна. Өөрийг нь хүн ална гээд дайрч довтолж байх тэр мөчид С- айж гүн цочролд орж хийсэн үйлдлийнхээ хор аюулыг тэрхэн үед ухамсарлах, нөхцөл байдлыг зөв үнэлэх боломжгүй болгосноос хоёр дахь удаагийн буудлага үйлдсэн байна. Хохирогч М.Ж-ын хууль бус үйлдлүүд нь тухайн цаг хугацаанд илэрснээс гадна удаан хугацааны туршид үргэлжилсэн бөгөөд Х.С-ийг сэтгэл зүйн эмгэг байдалд оруулж улмаар тодорхой цаг хугацаанд тэсэрч сэтгэл санааны хүчтэй цочролд орж хүнийг алахад хүргэсэн учраас Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээс ялгаатай юм.

2. Мөрдөгч Д.Нурбол 2020-09-04-ний өдрийн 21 цаг 15 минутад БК028779 дугаартай галт зэвсгийн гэрчилгээ, 5 ширхэг сум бүхий дайзыг хураан авсан байх ба галт зэвсгийн гэрчилгээг хуулбарлан хэрэгт хавсаргасан, сумны дайз хэрэгт нотлох баримтаар үнэлэх ач холбогдол багатай тул эд мөрийн баримтаар хураан авсныг хүчинтэйд тооцох эсэх талаар прокурор шийдвэр гаргаагүй. Уг гэрчилгээ, сумны дайзыг эзэнд нь хүлээлгэж өгөхийг мөрдөгчид чиглэл болгосон байсан боловч мөрдөгч нь “Тус аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар группийг хууль бусаар тогтоосон” гэх олон зуун хүн холбогдсон хэргийг АТГ, Цагдаагийн хамтарсан мөрдөн шалгах ажлын хэсэгт орж Ховд аймагт томилолтоор удаан хугацаагаар ажиллаж байснаас болж хүлээлгэж өгөөгүй байсан байна. Уг гэрчилгээ, сумны дайзыг эзэнд нь 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээлгэн өгсөн болно.

3. Яллагдагч Х.С- нь хэрэгт ач холбогдолтой байдлыг бодитой тусгаж зөв мэдүүлэг өгөх чадвартай бөгөөд энэ талаар эргэлзээтэй нөхцөл байдал байхгүй учраас сэтгэцийн шинжилгээ заавал хийлгэх хууль зүйн үндэслэлгүй юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д “бүх насаар хорих ял оногдуулж болох гэмт хэргийн яллагдагчийн сэтгэцийн байдлыг тодорхойлох” гэж заасан бол Х.С-т холбогдох хэргийн хувьд Эрүүгийн хуулийн 10.2 дугаар зүйл болон 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “бүх насаар хорих ял оногдуулах” заалт байхгүй юм. Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд 8-15 жилийн хорих ял оногдуулах заалттай байна. Иймээс заавал сэтгэцийн шинжилгээ хийлгэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 384 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамж нь хууль ёсны үндэслэлгүй, хэргийн бодит байдалд нийцээгүй, хуулийн зүйлийг буруу тайлбарласан байх тул хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг яллагдагчийн өмгөөлөгчийн гомдол болон прокурорын эсэргүүцлийг үндэслэн, гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

 

Прокурорын 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 2013000000211 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоолоор Х.С-ийн “2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн шөнийн 23 цагийн үед Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутаг дэвсгэрт орших Баатарын арал гэх газарт иргэн М.Ж-тай маргалдаж, улмаар түүнийг айлгах зорилгоор морьтойгоо цааш давхиж байхад нь араас нь чиглүүлэн буудаж, амь насыг нь хохироосон” гэх үйлдэл холбогдлыг хүнийг алах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Х.С-ийн хувьд тухайн үед  хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас “сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсан” гэх нөхцөл байдлын тухай зөвхөн түүний яллагдагчаар өгсөн “тэр мөчид би түүнээс маш их айж, зүрх маань хүчтэй цохилж цочирсон байсан” гэсэн агуулгатай мэдүүлгээс өөр бусад нотолгооны хэрэгслүүдэд энэ талаар баримтат мэдээлэл тусгагдаагүй байхад гагцхүү яллагдагчийн энэ мэдүүлгийг үндэслэн прокурорын 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 5/36 дугаар тогтоолоор яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулж, хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх, бодит байдлыг тогтоох зарчмуудад нийцээгүй байна.

Прокуророос яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулж, яллах дүгнэлт үйлдэхдээ хэрэгт хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримтуудтай харьцуулах замаар шалгаж үнэлэх журмыг зөрчсөн байх тул хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон нөхцөл байдлуудыг дурдаж, прокуророос хийсэн дүгнэлтүүд нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Иймд хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжид “яллагдагч Х.С-эд сэтгэцийн эмгэг судлалын шинжилгээ хийлгэж, дүгнэлтийг хэргийн материалд хавсаргах” гэж зааснаас бусад, яллагдагчийн холбогдсон гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуульд зааснаар зөв зүйлчлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бусад зөрчлийг арилгуулах талаарх дүгнэлтүүд үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.2, 33.3 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад нийцсэн байна.

Харин хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжид “...Х.С-эд сэтгэцийн эмгэг судлалын шинжилгээ хийлгэж, дүгнэлтийг хэргийг материалд хавсаргаж ирүүлэх нь зүйтэй.гэж заасан ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар тухайн хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад явуулах хууль зүйн үндэслэлгүй гэх прокурорын эсэргүүцлийн заалтыг хүлээн авч, хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгох тухай яллагдагч Х.С-ийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ШЗ/384 дүгээр “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, яллагдагчийн өмгөөлөгч А.Серикжаны давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай. 

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн энэ шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон” гэсэн үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

                                

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.ӨМИРБЕК

 

                                    ШҮҮГЧИД                                                       Д.КӨБЕШ 

                                                                                                           

Н.ТУЯА