Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/01

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч А.Дауренбек даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,

Орчуулагч, хэлмэрч Б.А,

Улсын яллагч, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор  М.Ф,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А,

Шүүгдэгч С.Ж- нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Ж-эд холбогдох 2013003830262 дугаартай эрүүгийн хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, яс үндэс Казах, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 5 дугаар багт оршин суудаг, ам бүл 4, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэлгүй, И овогт С-ын Ж-, регистрийн дугаар: БЛ...........

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч С.Ж- нь 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 19 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хэрүүл маргааны улмаас тус багийн иргэн А.К-ийн цээж болон толгой руу гараараа хэд хэдэн удаа зодсоноос түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Ж- мэдүүлэхдээ: “Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү.”  гэв.

Эрүүгийн 2013003830262 дугаартай хэргээс: /Гэмт хэргийн талаарх нотолсон баримтууд/

1. Хохирогч А.К-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: “ С.Ж- нударгаараа эхлээд цээжин тус газар 2 удаа дараа нь миний хамрын тус газарт, толгой, тархи руу хэд хэдэн удаа цохисон. Тухайн үед миний хамарнаас их хэмжээгээр цус гарсан байсан ба би сумын эмнэлгийн эмчид үзүүлж тодорхойлолт аваад аймгийн төвд очиж үзүүлсэн. Тухайн үед аймгийн нэгдсэн эмнэлэгт нэг эмч хамрын яс хугарсан байна гэж хэлсэн. Би өнөөдөр хүртэл гарсан 200.000 төгрөгийн хохирлыг С.Ж-ээс төлүүлж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 12-16, 27-рх/,

2. Гэрч У.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: “...2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр зунжингаа хариулсан хуцаа сумын төвд аваачиж хүмүүст тарааж өгч байхад орой А.К- гэх хүн эхнэрийн хамт ирсэн. Тэгээд А.К-ийн нэг хуцаа үзэх гэж ирсэн байна. Тэр үед баз С.Ж- согтуу байсан ба А.К-т хуцаа үзүүлэхгүй гэсэн. Тэгээд А.К- энэ миний хуц мөн байна, та нар энэ үлдсэн хуц малаа хаашаа аваачих юм бэ гэхэд С.Ж- хуц малаа хаашаа ч явуулахгүй, чи хашаанаас гар гэж А.К-т хэлсэн. Тэгээд А.К-, С.Ж- нар хоорондоо маргалдсан бөгөөд тухайн үед А.К- зүв зүгээр харьцаж байсан бөгөөд С.Ж- тэр хүний үгийг ойлгохгүй очоод хэд хэдэн удаа цохиж авсан. А.К-ийн хамрын тус газар, толгой руу нь цохиж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18-21-рх/,

3. Гэрч М.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: “...тухайн үед манай нөхөр хашаан дотор орж өөрсдийн хуцаа үзэх үед С.Ж- манай нөхөрт: “хашаанаас гар” гэж хэлж байсан. Тэр үед С.Ж-ийн аав нь С- ороод ирсэн. Тэгээд манай нөхөр болсон явдлыг С-т тайлбарлаж хэлж байхад С.Ж- гүйж очоод шууд манай нөхрийн цээжин тус газар хэд хэдэн удаа цохисон. С.Ж- дахин гүйж ирээд миний нөхрийн хамар, нүүрэн тус газар хэд хэдэн удаа цохиж авсан. Тэр үед хамарнаас цус гарсан.” гэх мэдүүлэг/хх-ийн 23-24-рх/,

4. Шүүх шинжилгээний албаны шинжээч 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 474 дугаартай: “Иргэн А.К-ийн биед тархины доргилттой, хамрын нуруунд хавдартай, мурийлттай, хамрын зүүн талд, баруун талд шархтай, хамрын нуруунд хөх ягаан туяатай цус хуралттай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн болно. Иргэн А.К-ийн дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоолгох журмын 2,4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29-30-рх/,

5. Шүүгдэгч С.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: “...2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хуц малаа туугаад сумын төвд авч ирээд тарааж байсан. Тухайн өдөр миний бие хэдэн хүмүүсийн хамт архи уусан нэлээн согтуу байсан. Тэгж байтал манай хашаа руу А.К- эхнэрээ дагуулаад ирсэн ба хашаа руу орж хуц малаа үзсэн бөгөөд би А.К-т “та нөгөө хуц малаа авч ирээд наад өөрийнхөө хуцаа аваад яваарай” гэж хэлсэн. Тухайн үед А.К- нь надад: “би танай гэр лүү ирээд солигдсон хуцаа өөрийн хонин сүрэгт нийлүүлж аваад тууж очтол аваагүй биз дээ” гэж хэлсэн. Тухайн үед би: “хашаанаас гар” гэж А.К-т хэлээд бид хоёр хэрэлдсэн бөгөөд би түүн рүү очоод мөрөн тус газар хэд хэдэн удаа цохиж авсан. Тухайн үед миний аав орж ирээд А.К-т: “чи хашаанаас гар, ямар үг ойлгодоггүй юм бэ” гэж хэлсэн. Тэр үед А.К- хашаанаас гарахгүй байхаар нь би дахин очоод түүний хамран тус газар, нүүр хэсэг рүү нь хэд хэдэн удаа нударгаараа цохиж авсан. Тэгээд А.К-ийн хамарнаас цус гарсан байсан. Би өнөөдөр хүртэл гарсан гэж байгаа хохирол болох 200.000 төгрөгийг төлж өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41-рх/,

6. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар нотлох баримтууд:

- Шүүгдэгч С.Ж-ийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 46/,

- 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр олгосон РД:БЛ.........., овог:И, эцэг /эх/-ийн нэр:С-, нэр:Ж-, яс үндэс:Казах, хүйс:Эрэгтэй, төрсөн огноо: 1989/02/11, төрсөн газар:Баян-Өлгий, Цэнгэл, хаяг: Баян-Өлгий, Цэнгэл, 5-р баг, Бор бургас, бүртгэлийн дугаар:833739521771, хүчинтэй хугацаа:2034/02/11, хэд дэх:2” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 47/,

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нь өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй, хуульд заасан журмын дагуу явагдсан байна.

Шүүгдэгч С.Ж- нь 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 19 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хэрүүл маргааны улмаас тус багийн иргэн А.К-ийн цээж болон толгой руу гараараа хэд хэдэн удаа зодсоноос түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 - Хохирогч А.К-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: “...С.Ж- нударгаараа эхлээд цээжин тус газар 2 удаа дараа нь миний хамрын тус газарт, толгой, тархи руу хэд хэдэн удаа цохисон. Би өнөөдөр хүртэл гарсан 200.000 төгрөгийн хохирлыг С.Ж-ээс төлүүлж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 12-16, 27-рх/,

- Гэрч У.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: “...С.Ж- тэр хүний үгийг ойлгохгүй очоод хэд хэдэн удаа цохиж авсан. А.К-ийн хамрын тус газар, толгой руу нь цохиж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18-21-рх/,

- Гэрч М.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: “... С.Ж- дахин гүйж ирээд миний нөхрийн хамар, нүүрэн тус газар хэд хэдэн удаа цохиж авсан. Тэр үед хамарнаас цус гарсан.” гэх мэдүүлэг/хх-ийн 23-24-рх/,

- Шүүх шинжилгээний албаны шинжээч 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 474 дугаартай: “...Иргэн А.К-ийн дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоолгох журмын 2,4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29-30-рх/,

-  Шүүгдэгч С.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: “...Тэр үед А.К- хашаанаас гарахгүй байхаар нь би дахин очоод түүний хамран тус газар, нүүр хэсэг рүү нь хэд хэдэн удаа нударгаараа цохиж авсан. Тэгээд А.К-ийн хамарнаас цус гарсан байсан. Би өнөөдөр хүртэл гарсан гэж байгаа хохирол болох 200.000 төгрөгийг төлж өгсөн. Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү.” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41-рх, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч нь өөрийн гэмт үйлдлээ болгоомжгүй хэлбэрээр үйлдээгүй, цохиж зодохоо урьтал болгон хүсэж үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, дээрэлхэж дээрх гэмт хэргийг үйлджээ гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч А.К-ийн биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4 дэх заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 474 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Шүүгдэгч С.Ж-ийн дээрх зүй бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэхүү гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ.    

 

2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Уг гэмт хэргийн улмаас хохирогч А.К-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч А.К-ийн Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 3 дугаар багийн иргэн А.К- миний бие 2020 оны 10 дугаар сарын 30-ний өдөр тус сумын 5 дугаар багийн иргэн болох С- овогтой Ж-эд маргааны улмаас зодуулж, эрүүл мэнддээ хөнгөн хохирол учруулсан эрүүгийн 2013003830262 дугаартай хэрэгт хохирогчоор орсон билээ. Иймд А.К- миний бие С.Ж-ээс нэхэмжилсэн хүссэн 200,000 \хоёр зуун мянга\ төгрөг хохирлыг бүрэн барагдуулж өгч цаашид хамрын хагалгаанд ороход гарах зардлыг мөн төлж өгөхийг илэрхийлсэн тул би С.Ж-эд уучлалт өгсөн. С.Ж-эд холбогдох эрүүгийн 2013003830262 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү?.” гэх хүсэлт /хх-ийн 64/-г үндэслэн шүүгдэгч С.Ж-ийг хохирогч А.К-эд төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч А.К- нь цаашид эмчлүүлсэн тохиолдолд уг хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж байна.

Мөн түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч С.Ж-ийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Ж-эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч С.Ж- нь урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.

Иймд шүүгдэгч С.Ж-ийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эд хөрөнгө болон хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч С.Ж-ийн үйлдсэн энэхүү гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн 5.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  500 нэгж нь 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

     Харин шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

4.Бусад асуудлаар:

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч С.Ж- нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болохыг дурдаж байна.

Шүүгдэгч С.Ж-эд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар нэгэн байдлаар саад учруулахгүй байх зорилгоор, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч И овогт С-ын Ж-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Ж-ийг 500 “таван зуун тавь” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ж- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч С.Ж- нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний хувийн бичиг баримт ирээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-д заасаар хохирогч С.Ж- нь цаашид эмчлүүлсэн тохиолдолд уг хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд шүүгдэгч С.Ж-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг,  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    А.ДАУРЕНБЕК