Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2018/02754

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ц.А.

 

Хариуцагч: НШШГГ.

 

Гуравдагч этгээд: Э ХХК

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 1/8, 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2/11 тоот Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолуудыг хүчингүй болгож, орон сууцыг дахин үнэлүүлэх тухай нэхэмжлэлийг 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Б, хариуцагчийн төлөөлөгч Б.Бу, гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Буя, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр нар оролцов.

 

 

 

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

 

Нэхэмжлэгч Ц.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Ц.А нь Б.Бд итгэмжлэл олгосны дагуу өөрийн өмчлөлийн .. тоот хаягт байрлах 65.28 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг Э ББСБ-д зээлийн барьцаанд тавсан боловч зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Баянгол дүүргийн шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн захирамжаар Б.Б, Ц.А нараас 60.860.000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө дээрх орон сууцаар хангуулахаар шийдвэрлэж, гүйцэтгэх баримт бичгийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Тус ажиллагаанд Ц.А өөрийн дүү Ц.Арт итгэмжлэл олгон төлөөлүүлэн оролцуулж байсан. Гэтэл шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тус орон сууцыг шинжээч томилон 110.976.000 төгрөгөөр үнэлж түүний 70 хувь буюу 77.683.200 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааг 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр оруулсан боловч дуудлага худалдаа явагдаагүй. Ийнхүү 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2/11 тоот Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолоор хоёр дахь дуудлага худалдаанд 55.488.000 төгрөгөөр 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр оруулахаар шийдвэрлэжээ. Төлөөлөгч Ц.Ар нь тухайн орон сууцны үнийн санал өгсөн, шинжээчийн гаргасан үнэлгээний талаарх мэдээллийг надад мэдэгдээгүй бөгөөд Ц.А нь өөрийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-.. дугаартай .. тоот хаягт байрлах орон сууцыг ийнхүү багаар үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тус орон сууц 2014 онд ашиглалтад орсон. Үүнээс ч өндрөөр үнэлэгдэх боломжтой. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад орон сууцыг үнэлсэн үнэлгээг зөвшөөрөхгүй. Учир нь шүүхээс томилсон хөрөнгийн үнэлгээний компани орон сууцыг 111.718.100 төгрөг гэж үнийг тогтоосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 1/8 тоот, 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2/11 тоот Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолыг хүчингүй болгож, орон сууцыг дахин үнэлүүлж өгнө үү гэв.

 

Хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бу шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2017/02105 дугаар захирамжаар Б.Б, Ц.А нараас 60.860.000 төгрөг гаргуулж Э ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Б.Б, Ц.А нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо 41 дүгээр байр 36б байрны 41 тоот 65.28 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр битүүмжилж, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хураан, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар дуудлага худалдааны санал болгох доод үнэд тохиролцоогүй тул хөндлөнгийн үнэлгээний Х ХХК-ийг 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 319 тоот шинжээч томилох тогтоолоор томилсон. Шинжээч 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хөрөнгийг 110.976.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайланг ирүүлснээр төлбөр төлөгчид 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 4/28553 тоот албан бичгээр үнэлгээний 70 хувь буюу 77.683.200 төгрөгөөр тооцон анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг Шүүхийн шийдвэр гүцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу мэдэгдсэн. Төлбөр төлөгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2-т заасны дагуу шийдвэрт зааснаас багагүй үнээр бие даан худалдан борлуулах тухай санал гаргаж уг саналыг хүлээн авч төлбөр төлөгчид нэг сарын хугацаа өгсөн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Төлбөр төлөгч хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо шүүхэд 7 хоногийн дотор гаргах байсан. Энэ хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Гуравдагч этгээд Э ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Буя шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай компани мөнгөө авч чадахгүй байгаа тул нэхэмжлэлийг шуурхай шийдвэрлэж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.А нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 1/8, 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2/11 тоот Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолуудыг хүчингүй болгож, орон сууцыг дахин үнэлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Тус шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Дугаар 102/ШШ2017/02105 Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар Э ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 60.860.000 төгрөгийг төлөхөөр зөвшөөрсөн хариуцагч Б.Б, Ц.А нарын зөвшөөрлийг баталж, барьцаа хөрөнгө ..тоот улсын бүртгэлийн Ү-.. дугаарын гэрчилгээтэй 2 өрөө орон сууцыг дуудлага худалдаагар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулааар шийдвэрлэж, шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Дугаар 102/ГХ2017/01112 гүйцэтгэх хуудас бичигдэж, хариуцагч нь 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Дугаар 17251123 Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж явуулсан байна.

 

Дээрх үйл баримт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон, зохигч маргаагүй байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т зааснаар Ц.А, Б.Б нар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд бүрэн төлөөлөх эрхийг Ц.Арт 2017 оны 07 дугаар сарын 01, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр итгэмжлэлээр олгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд эрхээ төлөөлөгчөөр дамжуулан хэрэгжүүлжээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага төлбөр төлөгчид шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл хүргүүлж, ..тоот дахь 65.28 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр битүүмжилж, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 17251123/4 эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураасан болох нь мэдэгдэл, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, Эд хөрөнгө хураах тухай тогтоол гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

 

Төлбөр төлөгч 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт орон сууцыг 200.000.000 төгрөгөөр үнэлж албадан дуудлага худалдаанд оруулах хүсэлт гаргасан боловч төлбөр авагч Э ХХК үнийг эс зөвшөөрч шинжээч томилуулах хүсэлт гаргасан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2-т зааснаар Х ХХК-ийг 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 319 дугаартай тогтоолоор томилж, тогтоолыг ахлах шийдвэр гүйцэтгэгчээр батлуулсан байна.

 

Шинжээчээр томилогдсон хөрөнгө үнэлэх тусгай зөвшөөрөл бүхий Х ХХК-ийн үнэлгээчин Ж.Уртнасан орон сууцанд очиж танилцан, чанар байдлыг фото зургаар бэхжүүлж, орон сууцны өнөөгийн зах зээлийн үнэ 110.976.000 төгрөг болохыг тогтоож, энэ тухай тайланг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ирүүлж, үнэлгээг төлбөр төлөгч Б.Б, Ц.А, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ар, төлбөр авагч Э ХХК ББСБ-д 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр мэдэгдэл хүргүүлснийг тус тус хүлээн авч, төлбөр төлөгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ар Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх газарт мөн өдрөө Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2-т зааснаар орон сууцыг сарын хугацаанд худалдан борлуулж төлбөрийг төлөх хүсэлтээ илэрхийлж хариуцагч нь энэ хугацааг төлбөр төлөгчид олгож мөн хуулийн 62.4-т зааснаар энэ тухай тэмдэглэлд гарын үсэг зуруулсан байна.

 

Төлбөр төлөгч энэ хуулийн 62.2-т заасан хугацаанд хөрөнгөө худалдан борлуулаагүй тул шийдвэр гүйцэтгэгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар анхны дуудлага худалдааг дээрх зах зээлийн хандлагын аргаар үнэлсэн үнэлгээний 70 хувь буюу 77.683.200 төгрөгөөр 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 10.00 цагт, мөн 2 дахь албадан дуудлага худалдааг 110.976.000 төгрөгийн 50 хувь 55.488.000 төгрөгөөр 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 10 цагт тус тус Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын байранд албадан дуудлага худалдаа болохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т зааснаар төлбөр төлөгч нарт мэдэгдэж, мэдэгдлийг хүлээлгэн өгч баталгаажуулжээ.

 

Дээрх үйл баримт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон, Шийдвэр гүйцэтгэлийн байгууллагаас шинжээч томилсон, шинжээч үнэлгээ тогтоосон ажиллагаа хууль зөрчөөгүй байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д талууд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо шинжээчийн дүгнэлтийг талуудад мэдэгдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болохоор заасан ба нэхэмжлэгчээс уг үнэлгээний талаар гомдол гаргах хугацаа дуусгавар болсон байна.

 

Гомдол гаргах хуульд заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд тогтоогдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг шинжээч томилж үнэлүүлсэн боловч нэхэмжлэгчийн шүүхэд гомдол гаргах хугацаа дууссан тул үнэлгээнд дүгнэлт өгөх шаардлагагүй болно.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

 

 

ТОГТООХ нь:

 

 

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 1/8, 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2/11 тоот Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолуудыг хүчингүй болгож, орон сууцыг дахин үнэлүүлэх тухай нэхэмжлэгч Ц.Аын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, гуравдагч этгээд нар нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА