Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2018/02731

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: МТ ХХК

 

Хариуцагч: НССДС

 

Гэрээний үүрэг 38.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр нар оролцов.

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

 

Нэхэмжлэгч МТ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С шүүх хуралдаанд тайлбарлахдаа: МТ ХХК, НССДСХХК-ийн хооронд 2015 оны 07 дугаар сарын 15-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Гэрээгээр 08 дугаар сарын 15-наас 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 15 хоногт ажлыг хийж гүйцэтгэх, нийт ажлын хөлс 62.249.923 төгрөгт тохиролцож гэрээг байгуулсан. Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж нэхэмжлэгч МТ ХХК нь гэрээгээр хүлээсэн үүрэг болох засварын ажлыг бүрэн гүйцэт хүлээлгэж өгсөн. Хариуцагч тал шүүхэд нэхэмжлэл гаргасан цагаас хойш хариу тайлбарыг ирүүлж, тайлбартаа 1 болон 3 дугаар давхарт их засвар хийлгэсэнг хүлээн зөвшөөрч, 3 дугаар давхарын 7 анги, үүдний хэсэг, 00 өрөө, 1 дүгээр давхарын 1 анги, багш нарын өрөө, үүдний хэсэг, 2 болон 3 дугаар давхарын компьютер, лабораторийн өрөө, 1 болон 3 давхарын шатны хонгил зэрэг 17 обьектэд ажил гүйцэтгэх буюу засварын ажил хийхээр талууд тохиролцсонг хүлээн зөвшөөрдөг. Ямар нэг байдлаар ажил доголдолтой талаар гомдлын шаардлага гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэж үзэж байгаа. Нэхэмжлэгч гэрээнд заасан ажлыг гүйцэтгэж 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр барилгын засварын ажлыг актаар хүлээлгэж өгсөн. Ажлын хөлс 62.249.923 төгрөгнөөс НССДСажлын хөлс төлөх үүргээ зөрчиж 38.000.000 төгрөг төлөлгүй өнөөдрийг хүрсэн. Хариуцагч гэрээгээр тохирсон ажлыг актаар хүлээж аваагүй гэдэг боловч гэрээний хугацаа, гэрээ дууссанаас хойш үр дүнгийн талаар ямар нэг гомдлын шаардлага гаргаагүй байдаг нь гэрээний ажлыг ямар нэг байдлаар хүлээж авсан гэдгийг харуулж байна. Ажил гүйцэтгэх гэрээнд захирал Ч.Б гарын үсэг зурж, сургуулийн тамга дарагдсан. Иймд Нийгэм сэтгэл судлалын дээд сургуулиас гэрээний үлдэгдэл төлбөр 38.000.000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч НССДСХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай сургууль 2015 оны 07 дугаар сарын 15-ны өдөр МТ компанитай ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулан сургуулийн хичээлийн байрны 1, 3 дугаар давхарт их засвар хийлгэн засварын төлбөрийг бүрэн барагдуулаагүй нь үнэн. Засвар хийсэн компанийн шүүхэд хандсан нэхэмжлэлтэй танилцаад эвлэрлийн гэрээ байгуулан төлбөрийг барагдуулах хүсэлтээ утсаар нэхэмжлэгч компаний төлөөлөгчид хоёр удаа тайлбарлан хэлсэн болно. Хоёр талын хооронд эвлэрлийн гэрээ байгуулах процесс явагдаж байгаа гэж манай тал үзэж байгаа гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч гэрээний үүрэг гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Хэрэгт авагдсан нотлох баримт нь баримтын шаардлага хангахгүй. Нэхэмжлэгч нотариатчтай нийлээд нотлох баримтыг үндсэндээ хуурамчаар үйлдээд үнэн зөв эсэх нь мэдэгдэхгүй баримтыг хэрэгт өгсөн. Гэрээ байгуулагдсан гэдэгт миний зүгээс маргаантай. Тухайн үед Ч.Б гэрээ байгуулах эрх бүхий этгээд биш байсан. Ажил хүлээлцсэн актыг огт хийгээгүй. Ажил хүлээлцэх актад хэнээр гарын үсэг зуруулсан гэдгээ МТ ХХК өөрсдөө тайлбарлах байх. Өнөөдөр гарах шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй гэж харж байна. Ажил гүйцэтгэх гэрээ нотлох баримтын шаардлага хангахгүй баримт учир хуульд заасны дагуу үнэлэх боломжгүй, энэ шаардлага нотлогдох боломжгүй гэдэг тайлбар хэлмээр байна. Д.Д гэж хүний асуудлыг шийдвэрлэсний дараа энэ асуудлыг шийдвэрлэх ёстой байсан. Та миний гаргасан хүсэлтийг нотлогдохгүй байна гэж хэлсэн. Иргэний хэрэг үүсгэсэн захирамж бичгээр гараагүй байгаа нь шүүхийн асуудал. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлага маань нотлогдох боломжгүй, өгсөн баримтыг үнэлэх боломжгүй байна. Энэ баримтыг үндэслэсэн шүүхийн шийдвэр ямар байх нь ойлгомжтой гэв.

 

 

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

 

Нэхэмжлэгч МТ ХХК нь хариуцагч НССДСХХК-нд холбогдох гэрээний үүрэг 38.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

 

МТ ХХК нь шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлээ хариуцагч Эьд холбогдуулан гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийг НССДСХХК-иар сольж гэрээний үүргийг шаардсан, Эь нь оноосон нэрээ өөрчилж НССДСХХК болсныг 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр улсын бүртгэлд бүртгэсэн байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

 

Эь нь 2015 оны 07 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгч МТ ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээгээр захиалагч нь гэрээний хавсралтад заасан нийт 3 давхарын 7 анги, коридор, 00 өрөө, 1 давхарын 1 анги, багш нарын өрөө, үүдний коридор 1, үүдний өрөө, үүдний коридор 2, 2 дугаар давхарын компьютерийн лабораторийн өрөө, 1-3 давхарын шатны хонгилын ажил зэрэг нийт 17 объект буюу 718.91 мкв талбайд их засварын ажил гүйцэтгүүлэх, гүйцэтгэгч нь гэрээгээр тохиролцсон үндэслэл бүхий ажлыг өөрийн хөрөнгөөр заасан хугацаанд чанартай гүйцэтгэж захиалагчид хүлээлгэн өгөх эрх үүрэг, хариуцлагыг хүлээсэн байна.

 

Талууд засварын ажлыг 2015 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хийж, нийт ажлын хөлс 62.249.923 төгрөгнөөс эхний төлөлтийг 2015 оны 09 сараас 12 дугаар сарын 31-нийг хүртэл төлбөрийн 50 хувь, дараагийн төлөлтийг 2016 оны 01 дүгээр сарын 01-нээс 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэл үлдсэн төлбөрийг тус тус төлөхөөр тохирч гэрээг байгуулжээ.

 

Зохигчийн байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гэрээ байгуулагдсан гэдэгт өөрийн зүгээс маргаантай, гэрээнд компаний захирал Ч.Б гарын үсэг зураагүй, актаар хүлээлцээгүй гэж тайлбарласан боловч НССДСХХК-ийн захирал Ч.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, сургуулийн хичээлийн байрны 1, 3 дугаар давхарт их засвар хийлгэсэн болохыг зөвшөөрсөн байх тул зохигчийн хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр хэлцэлд тооцсон, гэрээнд захиалагчийг төлөөлж захирал Ч.Б гарын үсэг зурж, байгууллагын тамга дарж баталгаажуулсан, захиалагчаас гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн талаар хууль болон гэрээнд заасан эрхийнхээ дагуу ажил гүйцэтгэгчид шаардлага гаргаагүй, захиалагч гэрээний 3.4-т зааснаар ажлыг хөлсийг төлөх үүрэгтэй тул тайлбар нь үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбартаа ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж хичээлийн байрны 1, 3 дугаар давхарт их засвар хийлгэн засварын төлбөрийг бүрэн барагдуулаагүй нь үнэн, нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулж төлбөрийг барагдуулах хүсэлтээ уламжилсан талаар нотолсон тул зохигчийг гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний үлдэгдэл хөлс 38.000.000 төгрөгийн үнийн дүнд маргаагүй гэж дүгнэв.

 

Хариуцагч НССДСХХК нь гэрээний 3.2, 3.4 Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т зааснаар ажлын хөлсийг тогтоосон хугацаанд, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй буруутай тул нэхэмжлэгч МТ ХХК нь гэрээний 4.5, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар гэрээний үүргийг шаардах эрхтэй байна.

 

Иймд хариуцагч НССДСХХК-наас 38.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч МТ ХХК-нд олгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

 

Хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангаж буй үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

 

 

ТОГТООХ нь:

 

 

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч НССДСХХК-наас 38.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч МТ ХХК-нд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 347.950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч НССДСХХК-наас 347.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч МТ ХХК-нд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА